| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2405 03815 0761 |
| Дугаар | 2025/ДШМ/1282 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/1282
2025 11 12 2025/ДШМ/1282
Б.А-эд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Билгүүтэй,
шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Э.Уянга,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянгын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн Б.А-эд холбогдох 2405 03815 0761 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г- овгийн Б-гийн А-, ............/;
Шүүгдэгч Б.А- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн уруудах замд согтуугаар “Тоёота приус” маркийн .... УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүнд оногдуулсан 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А- нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон гэж дүгнэхдээ өмгөөлөгчийн мэтгэлцсэн “...эрх бүхий албан хаагч нь тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсныг нотлох эрх бүхий албаны даргын томилгоо хийсэн баримт байхгүй, хэрэг илрүүлсэн гэх цаг хугацаа тодорхойгүй зөрүүтэй, эрх бүхий алба хаагч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №А/273 “301. Гэрэл зураг, дуу, авиа, дүрс бичлэг хийх ашиглах”, мөн №А/274 журамд зааснаар үүрэг гүйцэтгэж, гэмт хэргийн гол нотолгоог бэхжүүлээгүй...” гэсэн тайлбарыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй. Энэ гэмт хэргийн гол шинж болох зайлсхийх идэвхтэй үйлдлийг нотолж байгаа бичлэг нь нэг өрөөнд хэн нь мэдэгдэхгүй, хэзээ хийсэн нь мэдэгдэхгүй бичлэг байх ба энэ бичлэг нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 цаг 45 минутад олдсон, хэрэг гарах цаг хугацаанд үйлдсэн болохыг нотлоогүй. Хууль ёсны эх сурвалж тодорхой бичлэг нь эрх бүхий албан хаагч цагдаагийн байгууллагын дотоод үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх код:300 Цагдаагийн эргүүл харуулын дүрмийг хэрэгжүүлэх журмын 301.5.1 “Цагдаагийн алба хаагч дуу, дуу-дүрсний техник хэрэгсэл /энгэрийн камер, гар утас бусад төхөөрөмж гэх мэт/ ашиглахтай холбоотой харилцааг “Цагдаагийн эргүүл, харуулын дүрмийг хэрэгжүүлэх /код 400/ журам”-д зааснаар зохицуулна гэж, код:400 журмын 400.5.1-н е-д “эргүүл, хамгаалалт хариуцсан албан тушаалтан алба хаагчийн энгэрийн камер буюу дуу, дүрсний техник хэрэгсэлд хадгалагдсан дүрс бичлэгийг үүрэг гүйцэтгэж дууссаны дараа алба хаагчийн нэр, үүрэг гүйцэтгэсэн чиглэл маршрут, огноог бүрэн тэмдэглэж, серверт хадгалах ба нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах нэгжийн дарга хяналт тавина” гэх журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан бичлэг нь энэ журмын дагуу хийгдээгүй, бэхжүүлэгдээгүй байхад ямар үндэслэлээр нотолгооны ач холбогдолтой эргэлзээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн гэж үнэлсэн болохыг ойлгохгүй байна. Иймд хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэргийн шинжийг хөдөлбөргүй нотолсон эсэх, нотлох баримтын эргэлзээгүй, хууль ёсны эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж өгнө үү.
Цагдаагийн албан хаагч 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэсэн. Эрх бүхий албан тушаалтан 21 цагт үүрэг гүйцэтгэсэн, тандагч багажаар шүүгдэгчийг шалгахад, шүүгдэгч зайлсхийсэн. Хэрэгт эрх бүхий албан тушаалтны “энгэрийн камерын бичлэг авагдсан” гэж мэдүүлдэг. Гэтэл хэрэгт цагдаагийн энгэрийн камерын бичлэг авагдаагүй.” гэв.
Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд гэмт хэргийг илрүүлж, иргэдийн гомдлоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч “цагдаагийн албан хаагчийн дотоод үйл ажиллагааны журам” байдаг талаар тайлбарлаж байна. Зөвхөн цагдаагийн албан хаагчид тухайн код журмыг хэрэгжүүлдэг. Мөн нийтээр дагаж мөрдөх журам биш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг Монгол улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүн бүр дагаж мөрдөх учиртай. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчөөс санал гаргасныг прокуророос 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 56 дугаар тогтоолоор хүчинтэйд тооцсон. Тухайн эрх бүхий албан тушаалтны бичлэгийг хүчинтэйд тооцсон. Камерын бичлэг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хийгдчихээд, 01 дүгээр сарын 30-ны өдөр яагаад гэнэт гараад ирсэн талаарх асуудлыг шүүгдэгчийн өмгөөлөгч дурдаж байна. Цагдаагийн байгууллагын дотоод журамд энгэрийн камерын бичлэгийг хадгалах талаар журамд заасны дагуу цагдаагийн байгууллагын серверт бүх албан тушаалтны хийсэн бичлэг байсан учраас мөрдөгч авч хүчинтэйд тооцуулах санал гаргаж, прокурор хүчинтэйд тооцсон. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч “хэрэг гарсан цаг хугацааг тогтоогоогүй талаар тайлбарлаж” байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан шүүгдэгчийн согтуурлын зэрэглэлийг шалгахад шүүгдэгч зайлсхийсэн талаарх 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэл байдаг. Шүүгдэгч Б.А- эрх бүхий албан тушаалтын энгэрийн камерын бичлэгт тайлбар өгөхдөө “би тээврийн хэрэгслийг 2 километр барьсан, битгий хүний мууг үзээч” гэх яриа тухайн камерын бичлэгт авагдсан. Энэ нөхцөл байдлаас үзэхэд тухайн гэмт хэрэг нотлогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан. Шүүгдэгч Б.А- Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхээс шийтгүүлэхдээ согтуурсан, мансуурсан эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн үйлдлээр шийтгүүлсэн үйл баримт тогтоогддог. Шүүгдэгч Б.А-ийг мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос удаа дараа дуудаж, шүүхэд албадан ирүүлэх хүсэлтийг гаргаж байсан. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй, “миний эгч өмгөөлөгч, та нар дээр очихгүй” гэх байдлаар хандаж байсан. Харин прокуророос хэрэгт заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүхэд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.А-эд хорих ялын санал гаргасан. Прокурор эсэргүүцэл бичээгүй, шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг, гэм буруудаа гэмшээгүй. Прокуророос шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлүүлэх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Б.А-эд холбогдох эрүүгийн 2405 03815 0761 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
1. Шүүгдэгч Б.А- нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/129 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, торгох шийтгэл авсан атлаа 4 сар орчмын дараа буюу 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн уруудах замд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота приус” маркийн .... УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хөтлөөс гэмтэл хүртэл 2 км замд жолоодон замын хөдөлгөөнд оролцсон ба эрх бүхий албан хаагчид согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйл баримт болох нь:
гэрч Ж.Э-ийн “...Би 2024 оны 06 дугаар сарын 26-ны оройн 21 цагийн орчимд УЛЗ-16 чиглэлд хоногийн ээлжийн үүрэг гүйцэтгэж байх үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл уруудах замд “Toyota prius” маркийн .... УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тандагч багаж үлээлгэж шалгахад улаан сигнал өгсөн ба тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь драггер багаж үлээхээс татгалзаж, овог, нэрээ хэлэхээс татгалзсан. Тэгээд би журмын хашаа руу залгаж “Toyota prius” маркийн .... УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг та юу уусан бэ гэж асуухад би найзуудын хамт пиво уусан Хөтлөөс гэмтэл хүртэл 2 километр тээврийн хэрэгсэл жолоодсон гэж хэлсэн би “Toyota prius” маркийн .... УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэст авч ирээд драггер багаж үлээлгэх гэхэд үлээхээс татгалзсан. Жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Би тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг зогсоож шалгахад энгэрийн камер бичлэг хийсэн...” гэх мэдүүлэг /хх 29-30/,
эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн “...Цагдаа: Жолоочоо та драггер багаж үлээх үү? Согтолтын зэргээ шалгуулах уу? Иргэн: Би архи уугаагүй шүү дээ би. Цагдаа: За архи уугаагүй юм бол ийшээ согтолтын зэргээ шалгуулчих. Иргэн: Болиоч дээ битгий ингэлдээ гуйж байна шүү дээ. Цагдаа: Согтолтын зэргээ шалгуулчих та. Иргэн: Нэг нэгнийхээ мууг үзэх гэж байгаа биш дээ. Цагдаа: Та согтолтын зэргээ шалгуулчих. Драггер багаж үлээж согтолтын зэргээ шалгуулахгүй юм уу та? Татгалзсан гэж ойлгож болох уу? Иргэн: Үгүй, үгүй тэгж болохгүй. Цагдаа: Хаанаас хаа хүртэл тээврийн хэрэгсэл жолоодсон бэ? Айн? Иргэн: Айн? Цагдаа: Хаанаас хаа хүртэл тээврийн хэрэгсэл жолоодсон бэ? Иргэн: Хөтлөөс 10 хүртэл /Цэнхэр өнгийн гэртэй гар утсаа чихэндээ барив./ Цагдаа: Ойролцоогоор хэдэн километр барьсан бэ? Иргэн: 2 км. Битгий ингэлдээ гуйж байна шүү дээ. Цагдаа: Хаана юу уусан бэ? Иргэн: Үгүй тэнд тэгээд найзуудтайгаа 1 лааз пиво л уусан. Цагдаа: Та яагаад надаа овог, нэр, регистрийн дугаараа хэлэхгүй байгаа юм? Иргэн: Битгий ингэлдээ гуйж байна шүү дээ. Цагдаа: Овог нэр регистрийн дугаараа хэлэх юм уу? Иргэн: Хэлнээ хэлнэ. Цагдаа: Тэгээд хэлэлдээ та. Согтуурлын зэргээ шалгуулах уу? За би таныг үлээхээс татгалзсан гэж ойлголоо шүү. Таны хэлж ярьж байгаа шүүхийн өмнө очно шүү за. Иргэн: За. гээд бичлэг дуусав...” гэх тэмдэглэл /хх 31-32/,
эрх бүхий албан тушаалтны жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад татгалзсан... найзуудтайгаа пиво уусан... Хөтлөөс Гэмтэл хүртэл 2 км барьсан гэх тэмдэглэл /хх 26/,
зөрчлийн хэрэг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаах тухай прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19 дугаартай тогтоол /хх 49-50/,
Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл “...Сэлэнгэ, Сүхбаатар, зөрчлийн тухай хууль 14.7.5.1, 2024.02.16, 2025.02.16, 1 жил...” /хх 34/,
эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх 51-52/,
компакт дискийг эд мөрийн баримтаар тооцуулах тухай мөрдөгчийн санал /хх 61/,
мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2025 оны 01 дүгээр сарын тушаал 31-ний өдрийн 56 дугаартай прокурорын тогтоол /хх 62/,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/129 дугаартай “...Б.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тухай...” шийтгэврийн хуулбар /хх 81-84/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
2. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Б.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянга “...гэмт хэрэг хэзээ болсон нь тодорхойгүй, хэргийн үйл баримтыг хөтөлбөргүй тогтоогоогүй, цаг зөрүүтэй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх нь тодорхойгүй, энгэрийн камераар хийсэн бичлэгийг хэрэг гарах цаг хугацаанд үйлдсэн болохыг нотлоогүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” эсхүл “согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” бол Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхээр заасан ба дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх урьдач хоёр нөхцөлийг тус тус тухайн зүйл ангид тодорхой заасан байх бөгөөд анхан шатны шүүхээс Б.А-ийн үйлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийжээ.
Хэргийг судлан үзэхэд, хэдийгээр хэрэг болсон цагийг “02:10, 06:09, 21:00” гэж бичсэн байх боловч гэрч Ж.Э-ийн “...Би 2024 оны 06 дугаар сарын 26-ны ...УЛЗ-16 чиглэлд хоногийн ээлжийн үүрэг гүйцэтгэж байх үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл уруудах замд “Toyota prius” маркийн .... УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тандагч багаж үлээлгэж шалгахад улаан сигнал өгсөн ба тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь драггер багаж үлээхээс татгалзаж, овог, нэрээ хэлэхээс татгалзсан. Тэгээд би журмын хашаа руу залгаж “Toyota prius” маркийн .... УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг та юу уусан бэ гэж асуухад би найзуудын хамт пиво уусан Хөтлөөс гэмтэл хүртэл 2 километр тээврийн хэрэгсэл жолоодсон гэж хэлсэн би “Toyota prius” маркийн .... УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэст авч ирээд драггер багаж үлээлгэх гэхэд үлээхээс татгалзсан. Жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Би тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг зогсоож шалгахад энгэрийн камер бичлэг хийсэн...” гэх мэдүүлэг /хх 29-30/, эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэл /хх 31-32/, эрх бүхий албан тушаалтны жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад “татгалзсан... найзуудтайгаа пиво уусан... Хөтлөөс Гэмтэл хүртэл 2 км барьсан” гэх тэмдэглэл /хх 26/ зэрэг баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдож байх бөгөөд Б.А- нь согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгахаар үүрэг хүлээсэн эрх бүхий албан тушаалтны шаардлагыг үл биелүүлж, зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байх тул “гэмт хэрэг хэзээ болсон нь тодорхойгүй, хэргийн үйл баримтыг хөтөлбөргүй тогтоогоогүй, цаг зөрүүтэй” гэх давж заалдах гомдлын үндэслэл няцаагдаж байна.
Өөрөөр хэлбэл, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шөнийн 02:10 минутын орчим Б.А- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, эрх бүхий албан тушаалтан тээврийн хэрэгслийг зогсоож, драггер багаж үлээлгэж шалгах гэсэн байх боловч тэрээр татгалзаж, түүнийг Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэст авч ирээд 06:09 минутын үед эрх бүхий албан тушаалтан энгэрийн камер ашиглан согтуурлын зэргийг шалгахаар дахин асуухад тэрээр шалгуулахаас зайлсхийсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Харин гэмт хэрэг гарсан цагийг “21:00 цагийн орчимд” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг цаашид анхаарвал зохино.
Түүнчлэн, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр энгэрийн камераар хийсэн бичлэгт 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр эрх бүхий албан тушаалтан үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн нь хуульд нийцэхгүй, хэргийн үйл баримтыг нотлохгүй, мөрдөн шалгах ажиллагаа нь хууль зөрчсөн, хэрэг гарах цаг хугацаанд тухайн бичлэгийг үйлдсэн болохыг нотлоогүй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2105 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ