| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0614/Э |
| Дугаар | 625 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 625
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Н.Ундрах,
Шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө овогт Л.А-д холбогдох 1808028570754 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.А нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны орой гэртээ “архи уусан гэж ээжид хэлсэн” гэх шалтгааны улмаас хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч О.А-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чихний арын төвгөр, баруун нүдний зовхи, амны хажуу, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Л.А нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны орой “архи уусан гэж ээжид хэлсэн” гэх шалтгааны улмаас хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч О.А-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чихний арын төвгөр, баруун нүдний зовхи, амны хажуу, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч О.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн орой 20 цагийн үед ажлаа тараад иртэл нөхөр А хүүхдийн хамт хоёулаа байж байсан. Нөхөр А нилээн согтуу байдалтай байсан. Тэгтэл А “чи ээжид намайг согтуу гэж хэлсэн байна, хэлэх ёсгүй” байсан гэж уурласан. Тэгэхээр нь би өөдөөс нь “байгаа бодит байдлыг чинь хэлсэн” гэтэл над руу тулж ирээд дайраад зодох гээд байхаар нь би “2 настай охиноо аваад нойлын өрөөнд ортол хаалга хөлөөрөө жийж орж ирээд миний үснээс чирээд нойлын өрөөнөөс гаргаж хоолой боосон”. Би “цагдаа дуудлаа гээд утсаараа ярих гэтэл миний утсыг аваад шидсэн”, утас ажиллагаагүй болсон, тусламж дуудах гээд гэрээс гарах гээд зүтгэтэл баруун нүдэнд гараараа 1 удаа цохичихоод А охиноо аваад гэрээс гараад явчихсан. Би араас нь гараад орцонд явж байсан хүүхдийн утсаар цагдаад дуудлага өгсөн. Намайг ээжид ховолсон байна гээд уурлаж байгаад намайг үснээс зулгаан чирж, хоолой боож нүд рүү гараараа 1 удаа цохисон. А нилээн согтуу байдалтай байсан. Урьд өмнө хэрүүл маргаан хийх үед 1 удаа зодож байсан, яг хэдэн сарын хэдэнд гэдгийг мэдэхгүй байна. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж шүүх эмнэлэгт үзүүлж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-8-11/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №7229 дугаартай:...О.А-гийн биед тархи доргилт, зүүн чихний арын төвгөр баруун нүдний зовхи, амны хажуу, баруун, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно...гэх дүгнэлт /хх-21/
- гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-33, 41-43/
- шүүгдэгч Л.А-ын нмөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ахынхаа гэрт очоод нэг хундага уучихаад ээжийнхээ гэрээс очиж охиноо аваад гэртээ харьсан. Эхнэр А 20 цагийн үед ажлаа тараад ирсэн. Гэртээ бид 3 байж байтал хадам ээж хөдөөнөөс ярихад А намайг “архи уучихсан байна” гэж хэлсэн. Яриад дуусахаар нь би “нөхрийгөө өмөөрч, хамгаалдаг байхад” гэтэл өөдөөс танай ээж хүртэл архи уудаг биздээ гээд охиноо аваад гарах гэхээр нь би “үснээс нь зулгааж байгаад нүүрэнд нь нэг удаа алгадаад охиноо аваад гэрээсээ гарсан”. Урьд нь эхнэрээ цохиж зодож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-29-32/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн ммэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна
Иймд шүүгдэгч Л.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-90/ гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч Л.А нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримт зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.А-ад оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.А нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР