| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2406 07521 1105 |
| Дугаар | 2025/ДШМ/1283 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/1283
2025 11 12 2025/ДШМ/1283
О.Г-ад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
иргэний хариуцагч “А-” ХХК-ийн төлөөлөгч Э.А-ын өмгөөлөгч Ч.Мөнхбаяр,
шүүгдэгч О.Г-ын өмгөөлөгч М.Төмөрцэцэг,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1477 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч “А-” ХХК-ийн төлөөлөгч Э.А-ын өмгөөлөгч Ч.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн О.Г-ад холбогдох 2406 07521 1105 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С- овгийн О-ийн Г-, .........../,
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан.
Шүүгдэгч О.Г- нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Нямьянжугийн гудамж “Central mall” төвийн баруун замд 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 23 цаг 55 минутын орчимд “Toyota prius” маркийн .... УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. 1.3. /үргэлжилсэн хос шугам/ дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана; мөн дүрмийн 10.9. уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж мотоциклтой мөргөлдөж мотоциклийн жолооч Б.Б-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: О.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч О.Г-аас нийт 15.701.260 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б-ийн Б-д 8.580.000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 7.121.260 төгрөгийг тус тус, иргэний хариуцагч Э.А-аас 7.077.500 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б-ийн Б-д 5.270.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б-ын Т-од 1.807.500 төгрөгийг тус тус олгуулж, хохирогч Б Б- нь нотлох баримтаа бүрдүүлэн гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг, иргэний хариуцагч Э.А- нь 7.077.500 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.Г-аас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч “А-” ХХК-ийн төлөөлөгч Э.А-ын өмгөөлөгч Ч.Мөнхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Г- нь “А-” ХХК-ийн үндсэн ажилтан биш дадлагажих хугацаандаа зам тээврийн осол гаргаж бусдад учруулсан хохирлыг манай байгууллага хариуцан барагдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. О.Г- нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манай байгууллагад ажлын анкет бөглөж, 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр цагийн ажилтны хөдөлмөрийн гэрээг байгуулсан ба тус гэрээний 10 дугаар зүйл “замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөж ажиллах”, 13 дугаар зүйл “Шинэ ажилтан маш анхаарал болгоомжтой ажиллах, эрсдэл учирсан тохиолдолд шууд удирдлагад заавал мэдэгдэх, өөрийн буруугаас болсон эрсдэл учруулсан эрсдэлийг өөрөө 100% бүрэн хариуцахаар” тохиролцсон тул зам тээврийн ослын улмаас хохирогчид учирсан хохирлыг хариуцан төлөх боломжгүй байна. О.Г- нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлаа орхиод алга болсон нь иргэний хариуцагчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн мөрдөгчийн иргэний хариуцагчаар татсан тогтоол нь тодорхойгүй буюу “А-" ХХК-ийг татсан эсхүл иргэн Э.А-ыг татсан нь тодорхойгүй. эргэлзээтэй байгаа нь бодитой байдалтай нийцэхгүй байна. Мөн шүүх, прокурорын байгууллагаас хавтаст хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэхгүйгээр хийж хохирогчид учирсан хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1477 дугаартай шийтгэх тогтоолын иргэний хариуцагч “А-” ХХК-д холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, тус хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч О.Г-ын өмгөөлөгч М.Төмөрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжихгүй. Шүүхээс иргэний хариуцагчид удаа дараа шүүх хуралдааны товыг мэдэгдэж байсан. Өөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ирээгүй, хавтаст хэргийн 182 дугаар талд иргэний хариуцагч Э.А- “гэрээ байгуулсан, ажлын анкет бөглөсөн” гэж мэдүүлсэн. Иргэний хуулийн 498 дугаар талд байгууллагын албан тушаалтан бусдад гэм хор учруулсан нөхцөлд хариуцлага хүлээхээр хуульчилсан учраас анхан шатны шүүх хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Иймд иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Г- нь тухайн байгууллагын ажилтан гэдгийг хөдөлмөрийн гэрээ, бусад бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан дагуу иргэний хариуцагчаар “А-” ХХК-д хохирлын зарим хэсгийг гаргуулахаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дурдсан, хууль зүйн үндэслэлтэй. “А-” ХХК-ийн иргэний хариуцагчаар Э.А-ыг тогтоож, мэдүүлэг авсан хууль зөрчсөн үйл баримт байхгүй, хэргийн материалыг иргэний хариуцагчид танилцуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн иргэний хариуцагч “А-” ХХК-ийн төлөөлөгч Э.А-ын өмгөөлөгч Ч.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх О.Г-ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч О.Г- нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Нямьянжугийн гудамж “Central mall” төвийн баруун замд 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 23 цаг 55 минутын орчимд “Toyota prius” маркийн .... УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. 1.3. /үргэлжилсэн хос шугам/ дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана; мөн дүрмийн 10.9. уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж мотоциклтой мөргөлдөж мотоциклийн жолооч Б.Б-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч О.Г-ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Г-аас хохирлыг гаргуулахдаа сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосны дагуу 8.580.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж заасныг зөрчжээ.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж өөрчлөн найруулснаар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн төдийгүй Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой энэ хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан байх бөгөөд энэхүү зохицуулалт нь эрх олгосон бус үүрэг болгосон заалт байна.
Тиймээс дээрх зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн 2023 оны 07 дугаар зүйлийн 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.1.1-ээс 2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөн журмын 2.2-т зааснаар шүүх шинжилгээний байгууллага тогтоохоор заасан тул сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн хэмжээг хэрхэн тогтоосон талаар дүгнэлт хийлгүй 8.580.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн дээрх алдаа зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул иргэний хариуцагч “А-” ХХК-ийн төлөөлөгч Э.А-ын өмгөөлөгч Ч.Мөнхбаярын давж заалдах гомдлын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1477 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч О.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ