2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2026/01478

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2026/01478

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа  би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: **** дүүрэг, **** дүгээр хороо, ***** гудамж, ******, *******давхарт байрлах “*****” ХК /РД:******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********** /РД:********/,

 Хариуцагч: ************* /РД:********* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 199,890,879 төгрөг 28 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********,

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч ***********р,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “***********” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Зээлдэгч **********р, “*******” ХХК нар нь “***********” ХК-тай 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ********2 дугаартай зээлийн гэрээ, ******** дугаартай фидуцийн гэрээг тус тус байгуулж, 229,257,000 /Хоёр зуун хорин есөн сая хоёр зуун тавин долоон мянган/ төгрөгийг, сарын 2,7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, машин, механизм худалдан авах зориулалтаар зээлсэн. Уг зээлийн барьцаанд:

1*******************  

2. ******** арлын дугаартай, *********, ********** маркийн холбогч гар; 

3. 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад орж ирсэн, ****** *** улсын дугаартай, ********* арлын дугаартай, *******, ******* маркийн тавцант чиргүүл;

4. 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд ******* Улсад орж ирсэн, ******* улсын дугаартай, ************ арлын дугаартай, *********,****** маркийн тавцант чиргүүлийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2.1 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгч ********, "*********" ХХК нарын "***********" ХК-тай байгуулсан ********* тоот зээлийн нийт өр, төлбөр 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 162,992,373.29 төгрөг, төлөх ёстой хүү 35,685,555.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,191,950.48 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг, нийт 199,890,879.28 төгрөг байна.

Иймд хариуцагч ********* "*********” ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт 199,890,879 төгрөг 28  мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “***********" ХК-д олгож өгнө үү гэв.

2.Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч *********р нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:   

******* овогтой *** миний бие анх 2023 оны 06-р сарын 09-ний өдөр “Инвескор ББСБ” ХК В17023060902 тоот зээлийн гэрээ, ******** тоот фидуцийн гэрээ байгуулан Машин механизм худалдан авах зорилгоор /нүүрс тээврийн зориулалттай *******/ маркийн тээврийн хэрэгсэл худалдан авсан билээ. Тус худалдан авсан тээврийн хэрэгслээ Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлах Ханги хилийн боомт дээр улс хоорондын ачаа тээвэр буюу богинын тээвэрт явуулж эхэлсэн.

Тухайн 2023 онд улс орны хэмжээнд нүүрс тээврийн ажил бүх боомт дээр маш сайн явж байсан бөгөөд тээврийн үнэ ханш ч маш сайн байлаа. Бид тухайн онд ******* ХХК-тай уул уурхайн бүтээгдэхүүн зөөх гэрээ хийж 1тонн ачааг 50 юаниар бодож авдаг байлаа. Гэвч 2025 он гарснаас хойш улс төрийн тогтворгүй байдал, төмөр замын хил холболттой холбоотой улсын хэмжээнд нүүрс тээврийн салбарт бүх боомтод, уртын болон богинын тээврийн ханш эрс муудаж тээвэр явахгүй хэмжээнд хүрсэн билээ. Ханги хилийн боомт дээр өнөөдрийн байдлаар 1 тонн ачаа 13 юань болтлоо унаад байна. Энэ тээврийн хүндрэлтэй байдлыг тухай цаг бүрд нь *********-ын зээлийн мэргэжилтэнд мэдээлж байсан ба хилээр гарсан, орсон мэдээллийг хүртэл давхар хүргүүлж байлаа. 2025 онд бид тээврийн гэрээ хийж чадалгүй 0 зогсолт руу шилжиж тээврийн компани маань цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж бүх үйл ажиллагаагаа зогсоогоод байна. ******** ХХК-аас анх би зээл авахдаа урьдчилгаанд нь 100,000,000 төгрөг төлж өнөөдрийн байдлаар үндсэн зээл болох 67,388,665 төгрөг, зээлийн хүү болох 103,662,351 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 856,746 төгрөг, нийт 271,907,762 төгрөгийг төлсөн байна. Тээврийн үйл ажиллагаа хэвийн, ханш өндөр байх үед зээлийн эргэн төлөлт цаг тухай бүрд нь асуудалгүй төлөгддөг байсныг онцлон хэлье. Одоо тус тээврийн хэрэгсэл Ханги хилийн боомт дээр байгаа бөгөөд фидуцын гэрээний 1.2-т заасны дагуу харилцан тохиролцсон үнэ болох нийт 229,257,000 төгрөгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахад миний зүгээс татгалзах зүйлгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгч нь итгэмжлэл /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/ нотариатын төлбөр тушаасан баримт /хх-5/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-6/, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-7-9/, зээлийн гэрээний хуулбар /хх-10-12/, фидуцийн гэрээний хуулбар /хх-13-15/, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар /хх-16-19/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-20/, шаардах хуудсын хуулбар /хх-21/, зээлийн дансны хуулга, хүүгийн тооцоолол /хх-22/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

4.  Хариуцагч нь нотлох баримтыг өгөөгүй байна.

 

Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*********” ХК нь хариуцагч******* “***********” ХХК нарт холбогдуулан 199,890,879 төгрөг 28 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

2.1 ...хариуцагч нартай 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ******* дугаартай зээлийн гэрээг байгуулж, 229,257,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр фидуцийн гэрээ байгуулж,  4 төрлийн машин, механизм барьцаалсан.

2.2 Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг ноцтой зөрчиж, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс татгалзаж,  2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл болох 199,890,879.28 төгрөгийг буцаан шаардаж байна гэх агуулгаар тайлбарласан.

3. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.  Үүнд:

3.1 ...нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулж, 229,257,000 төгрөгийг машин механизм худалдан авах зорилгоор /нүүрс тээврийн зориулалттай Shacman Х3000/ зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд худалдан авсан машин механизмийг барьцаалж, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.

3.2 Барьцааны зүйл болох ********* аймгийн ******** суманд байрлах ******* хилийн боомт дээр байгаа фидуцийн гэрээний зүйлээр зээлийн гэрээний үүргийг хангуулах хүсэлтэй байна гэх агуулгаар тайлбарлаж байна.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

3.1 Зохигчийн хооронд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр В17023060902 дугаартай  зээлийн гэрээ байгуулагдаж, 229,257,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар хариуцагч нарт зээлүүлэхээр, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр  нэхэмжлэгч нь хариуцагч *******тай “Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ” байгуулж, хариуцагчийн өмчлөлийн:

-2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад орж ирсэн, ********** улсын дугаартай, ******** арлын дугаартай, *******, *4 маркийн з********үтгүүр; 

- *********** арлын дугаартай, *******, ******С маркийн холбогч гар; 

-2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад орж ирсэн, ***** улсын дугаартай, ****** арлын дугаартай, *********** маркийн тавцант чиргүүл;

-2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад орж ирсэн, ******* улсын дугаартай, LJRP143G5P2009828 арлын дугаартай, ********* маркийн тавцант чиргүүлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцжээ. 

3.2 Дээрх гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 229,257,000 төгрөгийг шилжүүлж, хариуцагч нь өөрийн өмчлөлийн дээрх машин механизмийг  нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байна. 

4. Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нийт үүрэг  2025 оны 09 дүгээр сарын сарын 24-ний өдрийн байдлаар 199,890,879 төгрөг 28 мөнгө байгаа талаар маргаагүй.

5. Дээрх үйл баримтаас дүгнэвэл:

Талууд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан эсэх болон түүний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин эд хөрөнгө өмчлөлд шижүүлэх гэрээний зүйл болох машин механизмаар зээлийн гэрээний үүргийг хангуулах эсэх талаар маргаж байна. 

Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ болон Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байхаас гадна уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан байна. 

Нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний зүйл болох машин механизмыг 2023 онд худалдаж авсан, нүүрс тээвэрлэж ашиглаж байсан тул одоогийн үнэлгээ нь  зээлийн гэрээний нийт үүргийг хангуулахад хүрэлцэхгүй гэх агуулгаар тайлбарласан.

6.Иргэний хуулийн  235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заажээ.

7.Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас фидуцийн гэрээний зүйл болох машин механизмийг бодитойгоор гаргуулан авахаар шаардах, энэхүү шаардлагыг хариуцагч эс зөвшөөрсөн тохиолдолд зээлийн гэрээний үүргийг шаардах эрх үүснэ гэж үзэв.

8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “******” ХК-д хариуцагч*****, “**********” ХХК нараас талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг шаардах  эрх үүсээгүй байх тул нэхэмжлэгч “**********” ХК-ийн хариуцагч ********р, “Т**********” ХХК нарт холбогдуулан гаргасан 199,890,879 төгрөг 28 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйл 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, “Т**********” ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт 199,890,879 төгрөг 28 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэгч “**********” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “************” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,157,405 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ЭНХЗАЯА