Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2018/0622/Э |
Дугаар | 635 |
Огноо | 2018-07-25 |
Зүйл хэсэг | 17.2.1., |
Улсын яллагч | Х.Цэвээнжав |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 635
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Х.Цэвээнжав,
шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.О-д холбогдох 1808020010657 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.О нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 22-23 цагийн үед иргэн О.Н-гийн Самсунг маркийн 138.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.О нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 22-23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Н-гийн Самсунг маркийн 138.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч О.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2018 оны 04 дүгээр сарын 09-ний орой 22-23 цагийн үед байх найзтайгаа утсаар яриад явж байтал үл таних нэг залуу ярьж байсан утсыг маань гарнаас булаагаад зугатаасан. Тэгээд би араас нь орилоод гүйцэхгүй болохоор орхисон ба утас булааж зугтсан залуу жижиг биетэй хүн байсан. Маргааш өдөр нь Цагдаагаас манай охины утас руу залгаж миний утсыг олсон талаар хэлсэн. Тэр хүн надад хүч хэрэглээгүй, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, гарнаас утсыг булааж авсан. Миний алдагдсан утас цагаан өнгөтэй Самсунг маркийн одоогоос жилийн өмнө 50.000 төгрөгөөр худалдаж авсан утас байсан. Би утсаа буцаан авсан болохоор одоо надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-10/
- эд зүйлийн үнэлгээ /хх-18-19/
- гэрч М.Т-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “би тухайн өдөр танилцаад цуг архи хувааж уусан нэрийг нь санахгүй байна нэг эрэгтэйгийн хамтаар явж байгаад 23 цагийн үед байх нилээд согтуу нэг эмэгтэй шээгээд сууж байсан. Тэр эмэгтэй цагаан өнгийн гар утсаар ярьж байтал уг эрэгтэй тэр эмэгтэйн гар утсыг булааж аваад зугатаасан. Би араас нь явж байхад тэр залууг 2 цагдаа барьсан. Тэгээд намайг цуг явж байсан гэж Цагдаагийн хэлтэс дээр авч ирээд тэр залуугаас утсыг нь буцаагаад авсан ба намайг явуулсан...гэх мэдүүлэг /хх-15/
- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/
- шүүгдэгч Г.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тухайн өдөр Т гэдэг хүнтэй танилцаж нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд би бие засах гээд явж байхад баарны гадна нэг согтуу эмэгтэй шээгээд сууж байсан. Би хажууд нь газарт байсан цагаан өнгийн Самсунг маркийн гар утас байхаар нь уг гар утсыг аваад зугтаасан. Тэгээд утсаа зарах гэж яваад цагдаад баригдсан...гэх мэдүүлэг /хх-27/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.О-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй. Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй нь тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нотлогдсон байна.
Шүүгдэгч нь хохирогчид утсыг нь буцаан өгсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн /хх-39/ байх тул бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Бусад асуудал
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон бимтүүлжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.О-г “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдахыг шүүгдэгч Г.О-д үүрэг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР