Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 636

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

            Улсын яллагч А.Мөнхзул,

            Хохирогч Ж.Г,

            Гэрч Ж.Э,

            Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ц.А-т холбогдох эрүүгийн 18080188020625 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан иргэн Ж.Г-ийн эрүүн тус газар нь хөлөөрөө өшиглөж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь доод эрүүний баруун үений сэртэнгийн далд хугарал, баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

         Шүүгдэгч Ц.А нь иргэн Ж.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:   

- хохирогч Ж.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө Сонгинохайрхан дүүргийн нутагт Баянхошууны орчим хадмынхаа гэрт байхад манай найз О над руу залгаад хадмын чинь гадаа ирчихсэн байна гэхээр нь гараад очтол О, А бас А-ийн эхнэр Э, А-ийн дүү Т нар ирчихсэн байсан ба машинд ннь орж суугаад архи уугаад сууж байтал манай эхнэр Н гарч ирж хамт суугаад, А-ийн машинтай бид хэд эмнэлэг явж эхнэрийн ахад хоол хүргэж өгсөн. Тэгээд нийт 3 шил архи уугаад агаарт гаръя гээд баруун салаа явахад А-ийн дүү Т машин барьж, А хажууд нь суугаад хойно нь би, манай эхнэр, О, А-ийн эхнэр суусан ба замд О, А 2 унтчихсан бөгөөд О сэрээд А-ийг сэрээх гэж хацар луу нь алгадахад А сэрээд уурлаад чи яагаад намайг алгадаад байгаа юм бэ гээд тэр 2 муудахад нь би А-т хандаж чи одоо боль л доо гэхэд өөдөөс чамд хамаагүй гээд Тийгээ машинаа зогсоо гэж зогсоолгоод А машинаас буухад “би дагаж буух гэтэл битгий буу” гэхээр нь хаалгаар толгойгоо унжуутал А миний зүүн нүдний хөмсөг рүү хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн. Тэгтэл О, А-ийн эхнэр 2 А-ийг хойш татаж холдуулсан бөгөөд намайг машинаас буутал Т миний 2 гарнаас боль гээд бариад авсан. Тэгэхээр нь би Тийг эрүү рүү нь 1 удаа мөргөсөн. Тэгээд шууд А-тай барилцаж аваад нүүр, нүүр рүүгээ цохилцсон. Зодолдож байхдаа бие биенийгээ доош нь дараад тонгойчихсон байтал нэг нь эрүү рүү өшиглөөд, тэгээд Аийн эхнэр нь салгасан. Нүүрээ дараад сууж байтал бид хэдийг орхиод явсан. Тэгээд бид 3 замаа дагаад уруудсан бөгөөд Баянхошууны тойрог дээр нүүрс түлээ авдаг газар нөгөө 3-ыг байж байхаар нь би очоод А-тай хэсэг маргалдаад тэр хэдтэй хоорондоо эвлэрээд миний эрүүг эмчлүүлж өгнө гээд тэр үедээ 607.000 төгрөг өгөөд дахиж эмчлүүлж өгөөгүй. А О хоёрыг боль гэтэл надад хамаагүй гээд маргалдсан. Би хэн нь өшиглөснийг мэдэхгүй. А Т хоёрын нэг нь л өшиглөсөн. Би бас А-ийг цохисон. Миний эрүү хугарсан. Т-ийг боль гэхээр нь нэг мөргөсөн, Би эмчилгээний зардлаа төлүүлмээр байна... гэх мэдүүлэг /хх-7-8/,

- гэрч Ж.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байхад А-ийн найз О согтуу ирээд А, О бид 3 Г-ийн гадаа очиход Г эхнэртэйгээ гарч ирээд хамт эмнэлэг явахдаа Х, А, О 3 пиво уусан. Г-ийн эхнэр эмнэлэг орж ирээд хамт Хархорин зах ороод явсан. Замд А О 2 унтаад О сэрээд А-ийг босооч гэж дуудтал хоорондоо муудаад, Г, О-ийг өмөөрөөд А-тай муудсан. А, Г 2 машинаас буутал дүү нь боль гээд Гийн урдуур ортол шууд Г мөргөчихсөн. А уурлаад цохих шиг болсон ба Гийг тонгойчихсон байхад нь 1 удаа өшиглөсөн. Г шүд гээд эрүүгээ бариад байсан. А Т бид 3 тэгээд явсан. Т Г-ийг цохиогүй. Г-ийг А тонгойлгож байгаад өшиглөж байсан... гэх мэдүүлэг /хх-13-14/

- гэрч Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... О А-аас түрүүлж сэрээд Аийг бос гээд алгадтал А сэрээд пизда чинь давраад байгаарай гэсэн. Тэгтэл Г хажуунаас нь хөөе А-аа чи яагаад байгаа юм бэ, гэж хэлтэл А, Г-ийг чамд ямар хамаатай юм бэ, пизда чинь буугаад ир гээд машинаа зогсоогоод А машинаас бууж, хойд талын хаалгыг онгойлгож Г-ийг татсан бөгөөд малгайнаас нь татаж байгаад гараараа цээж рүү нь цохисон. Би тухайн үед Гийг буулгахгүй гээд тэвэрчихсэн. Тэгээд А буцаад явсан ба Г хойноос нь бууна гэж дайрсаар байгаад буусан. Тэгтэл Аийн дүү нь гэх Т нь Г-ийг ахаа боль гэтэл Г шууд Т-ийг мөргөчихсөн. Тэгтэл А ирээд Г-тай барилцаж аваад Г-ийг цохиод эхэлсэн...гэх мэдүүлэг. /хх-15-16/

- гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Г-ийн эрүүг цохиод гэмтээчихсэн гэж А надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-18/

- насанд хүрээгүй гэрч Ц.Т-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... О найз нь ахыг сэрээрэй гээд хацар руу нь алгадтал ах сэрчихээд яагаад хүн алгадаад байгаа юм бэ гэтэл Х гэгч нь чи юу гээд байгаа юм бэ гээд ах руу уурлаад тэр 2 хоорондоо маргалдсан. Тэгээд тэр 2 машинаас буухаар нь би болиулах гээд машинаас бууж очтол Г намайг шууд мөргөсөн. Тэгээд би холдсон. Г, А 2 барьцалдаж аваад бие биенээ гараараа нүүр рүү нь цохиод байсан. А ах Г-ийг доош нь тонгойлгоод дарчихсан байсан бөгөөд 1 удаа өшиглөсөн. Гийн амнаас цус гарчихсан аваад нүүр рүү нь гараараа цохисон. Гэхдээ хэдэн удаа гэдгийг мэдэхгүй байна. Бас доош нь тонгойлгож байгаад нэг удаа өшиглөчихсөн...гэх мэдүүлэг /хх-53-54/

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4767 дугаартай шинжээчийн:... Ж.Г-ийн биед доод эрүүний баруун үений сэртэнгийн далд хугарал, баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон газар гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвартай тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-20/,

- шүүгдэгч Ц.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 31-ний орой Цамбагаравт найз О, Г нартай уулзсан ба Гийн эхнэр нь байсан. Тэгээд бид нар караокед сууж байгаад орой нь жоохон гадуур явья гэтэл 00 цаг өнгөрчихсөн, дэлгүүр хаачихсан байсан болохоор тухайн оройноо салаад гэртээ харьцгаасан. Маргааш нь буюу хэрэг гардаг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо зээлийн 17-18 тоот гэртээ байхад манай найз О гэрт ирээд “хэдүүлээ өнөөдөр уулзаж салхинд гарья” гэхээр нь “би тэгье, өнөөдөр би амарч байна, гэж хэлээд манай гэрт О бид 2, лаазтай пиво 1-ийг уугаад” тэгээд О Гийн гэрт нь очье гэхээр нь би яахын бэ, гэж хэлтэл О очьё гээд манай гэрээс би, О, бас манай дүү болох Т, эхнэр Э бид нар гараад Гийн хадмынх нь гэрийн гадаа очоод Г-ийг дуудсан. Г болон Г-ийн эхнэр Н нар машинд суугаад Г-ийн ах нь эмнэлэгт хэвтсэн гээд эхлээд эмнэлэг явсан. Тэгээд эмнэлэг явах замдаа архи уугаад бас пиво уусан. Бид нар Баруун салааруу явцгаая гэж яриад би эмнэлгийн гадаа байхдаа унтчихсан. Тухайн үед машиныг манай дүү Т нь барьж байсан. Харин би жолоочийн хажуу талын суудал дээр, хойд талын суудал дээр Г, Н, О, Э нар суучихсан байсан. Би унтаж байтал намайг хүн алгадсан ба би сэртэл О намайг сэрээрэй гээд хацар луу алгадаж байсан. Би О-ийг зүгээр байгаа ч дээ писда чинь гэхэд Г хажуунаас нь чи муу писда чинь яаж яриад байгаа юм бэ, ингэж ярьдаг болчихсон юм уу, гээд над руу уурлаад бид 2 хоорондоо маргалдсан. Тэгээд манай дүү тухайн үед машинаа зогсоочихсон байсан ба би машинаас түрүүлж буугаад Гийг Г машинаас манай дүү Тий нүүр лүү нь нэг удаа мөргөсөн. Би явж очоод Гтай барилцаж аваад бид 2 хоорондоо зодолдоод, би Гийг тонгойлгож дараад эрүү рүү нь 1 удаа өшиглөсөн. Дүү Т, эхнэр Э, Гийн эхнэр Н нар нь салгасан. Дүү явья гээд эхнэр бид 3 машиндаа суугаад явсан. О, Н, Г 3 үлдсэн. Хэсэг явж байгаад одоо уур нь гарчихсан байх гээд буцаад Г дээр яваад очтол, тэд нар байхгүй явчихсан байсан. Би Г-ийг дагуулж эмнэлгээр яваад үзүүлсэн. Би Г-т дараа нь хагалгааны мөнгө гэж 507.000 төгрөг, дараа нь дахиж 100.000 төгрөг өгсөн. Дараа нь дахиж 600.000 мянган төгрөгийн эмчилгээний зардал нэмж өгсөн...гэх мэдүүлэг болон шүүххийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч Ц.А-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

            Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн нотлогджээ.

Шүүгдэгч Ц.А нь хохирогч Ж.Гийн эрүүл мэндийн хохирол, төлбөр гэж түүнд 1.200.000 төгрөг төлсөн болох нь мөнгө хүлээлгэж өгсөн баримт /хх-39/-аар тогтоогдсон бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.  

Бусад асуудал 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдах нь зүйтэй.

     

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц.А-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ийг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь шүүхээс оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

 

            5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            6. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Г.ГАНБААТАР