Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар  2025/ДШМ/1189

 

 

    2025           10             07                                        2025/ДШМ/1189

 

М.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

шүүгдэгч М.Г,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/1889 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Г, хохирогч Г.М нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Гад холбогдох 2508018170929 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М.Г, 1979 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, “00 тээвэрлэлт, үйлчилгээний хэлтсийн нийтийн тээврийн автобусны жолоочоор ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 42-р гудамж, 9 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

Шүүгдэгч М.Г нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 00 дүүргийн 00 дугаар хороо, 00 гудамжны 00 тоотод хамтран амьдрагч Г.М-тай “хүүхэд загналаа” гэх асуудлаас маргалдаж улмаар түүний зүүн нүд хэсэгт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхинд тархмал цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: М.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 01 хоног хорих ялаар тооцож, солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-аас 49.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн ерөнхий газрын дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.М давж заалдах гомдолдоо: “...М.Г-аас тусдаа амьдарч байгаа. ...М.Г нь байнга утсаар дарамталж, ажил хийлгэхгүй байх тул гомдолтой байна. ...Иймд М.Г-д тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч М.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Одоогоор ам бүл 5-уулаа амьдардаг ба эхнэр Г.М нь эрхэлсэн тодорхой ажилгүй, сургуулийн болон бага насны 2 охины хамт амьдардаг. Г.М-тай утсаар маргалдсан зүйл байгаа. Эвлэрье  гэхээр эвлэрэхгүй, мөнгө шилжүүлэхээр их, бага байна гэж голж, хүүхэдтэй уулзуулахгүй байгаа. Би “00” баазад жолоочоор ажилладаг. Энэхүү байдлыг харгалзан үзэж, улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Энхням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол, хор уршиг зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч М.Г нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 00 дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод хамтран амьдрагч Г.М-тай “хүүхэд загналаа” гэх асуудлаас маргалдаж улмаар түүний зүүн нүд хэсэгт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхинд тархмал цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Дуудлага лавлагааны хуудас /хх 05/,

хохирогч Г.М: “...2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хадам ээжээ унтуулсангүй гэх шалтгаанаас болж М.Г баруун гараараа миний зүүн нүд рүү цохиж, цохисны дараа хавдаад хөхөрсөн. ..Мөн М.Г нь миний дагавар 13 настай охин н.М-г дарамтлаад гичий нохойгоор дуудаад хааяа зүгээр байхад нь ганц нэг удаа цохиж байсан. ... Би өмнө нь цагдаагийн байгууллагад зөндөө хандаж байсан. Энэ удаад эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна. Өмнө нь зөрчлийн хэргээр шалгагдаад 7 хоног, 10 хоног, 10 хоног, 10 хоног, нийт 4 удаа баривчилгаанд явж, 3 удаа торгуулж байсан. ..М.Г намайг зарж, боол мэт харж харьцдаг, намайг байнга дорд үздэг. ..Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 07-08, 80-81/,

хохирогч Г.М-ын биед хийсэн 2025.03.30-ны өдрийн ЕГ0725/4834 дугаартай: “...Г.Мын биед зүүн дээд, доод зовхинд тархмал цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” гэх дүгнэлт /хх 19-20/,

шүүгдэгч М.Г-ын өмнө үйлдэж байсан зөрчлийн талаарх асап сангийн: 2022.02.27-ны өдөр эхнэрээ зодсон. 2022.03.05-ны өдөр: агсам согтуу тавьж, , сартай хүүхдээ аваад явсан, 2022.10.11-ний өдөр “эхнэр Г.М-ыг зодсон, 2023.06.06-ны өдөр “хохирогчийн охин М.М: “...манай ээж Г.М-ыг нэг эрэгтэй хүн хутга бариад алах гээд байна, 2023.09.24-ний өдөр “хамтран амьдрагч М.Г нь гэрт ирээд эд зүйл эвдээд намайг дээрэлхээд байна. ...” гэх мэдээлэл /хх 58-62/,

шүүгдэгч М.Г яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоол болон өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. ...Би 2025.03.16-ны өдөр гэртээ согтуу орсон чинь эхнэр Г.М нь намайг “цалингаа ээждээ өгдөг” гэж гүтгэхээр нь “ээжийг байнга доромжиллоо” гэж уурлан баруун гараараа 1 удаа цохисон. ..Маргааш нь харахад Г.М-ын зүүн нүд хөхрөөд, хавдчихсан байсан. ...хх 71-72

насанд хүрээгүй гэрч М.М /хохирогчийн охин/: “...Манай хойд аав М.Г надад дургүй, заримдаа элдэв хараалын үгээр хараадаг. ...Бас өшиглөж байсан. ...Гутлынхаа цахилгааныг дээшээ хэт их татлаа гэх шалтгаанаар толгой руу гараараа 1 удаа цохисон. ...Мөн гар утсан дээр нь зураг, бичлэг хийлээ гэж толгой руу цохиж байсан ....2025.03.19-ний өдөр аав намайг дүүдээ “сүү хийгээд ир” гэхээр нь би дүүгийнхээ ууж байсан сүүн дээр сүү нэмж хийгээд аавд өгсөн. ..Тэгэхэд намайг “хүйтэн сүү хийлгээ” гэж загнаад савтай сүүг шидсэн. ..Тэгээд ээж босож ирээд аавтай хэрэлдээд аав ээжийн нүд рүү гараараа цохиход ээжийн зүүн нүд хавдаад хөхөрсөн. ...” гэх мэдүүлэг /хх 77-78/,

хохирогч Г.М-ын 2025.03.24-ний өдөр 49.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан тухай эрүүл мэндийн тодорхойлолт /хх 96/,

иргэний нэхэмжлэгч С.С: “...хохирогчоор тогтоогдсон Г.М нь 49.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх тул М.Г-аас дээрх мөнгийг гаргуулж Төрийн санд нөхөн төлүүлж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх 97/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.

2.  Шүүгдэгч М.Г нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 00 дүүргийн 00 дугаар хороо, 00 гудамжны 00 тоотод хамтран амьдрагч Г.М-тай “хүүхэд загналаа” гэх асуудлаас маргалдаж улмаар түүний зүүн нүд хэсэгт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхинд тархмал цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг зөвтгөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийдэл нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

3. Шүүгдэгч М.Г нь “прокурорын гаргасан торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан ба уг гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах зарчмуудыг удирдлага болгодог.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ба шударга ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуульд нийцэж гарсан болохыг илэрхийлсэн “хуульд захирагдах” зарчмын үндсэн шалгууруудын нэг бөгөөд хуульд заасан ялын төрлүүдээс тухайлан сонгосон үндэслэл, тусгай ангид заасан интервалаас ямар хэмжээг сонгон авсан шалтгаанаа заавал тайлбарлахыг шаарддаг.

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн биед удаа дараа халдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хохирогч гомдолтой зэргийг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах талаарх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн аваагүй талаараа шийтгэх тогтоолд тодорхой дүгнэсэн байна.

Түүнчлэн, шүүгдэгч нь бага насны хохирогчийг урьд зодож байсан талаар насанд хүрээгүй хохирогч, мөн энэ хэргийн хохирогч нар мэдүүлсэн байна.

Хэдийгээр тухайн үед дээрх асуудал нь эрх бүхий байгууллагаар шалгагдан шийдвэрлэгдээгүй боловч энэ хэрэг нь бага насны хохирогчийн биед халдсан, мөн хохирогч Г.М-ын биед халдсан анхны тохиолдол биш гэж үзэхээр байх тул шүүгдэгчийн энэхүү хууль бус үйлдэлд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод илүү нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд, шүүгдэгчийн зүгээс гаргасан “прокурорын торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Харин, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжийг хэт ерөнхийлөн бичсэн, зарим үгийн үсгийг дутуу бичсэн, хохирогчийн нэрийг зөрүүтэй бичсэн зэрэг алдаа зөрчлийг гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц ноцтой биш алдаа байх тул магадлалаар зөвтгөж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/1889 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “Шүүгдэгч М.Г-ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “....Шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

3 дахь заалтыг “...шүүгдэг. ...” гэснийг “...шүүгдэгч. ...” гэж,

“...нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 01 хоног хорих ялаар тооцож, солихыг мэдэгдсүгэй ...” гэснийг “...нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. ..” гэж,

6 дахь заалтыг “...хохирогч Б.Э. ...” гэснийг “...хохирогч Г.М. ...” гэж тус тус өөрчилж, 6 дахь заалтын бусад хэсэг болон шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч М.Гын гаргасан “...прокурорын гаргасан торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БААСАНБАТ

ШҮҮГЧ                                                               Н.БАЯРМАА

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ