| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0624/Э |
| Дугаар | 637 |
| Огноо | 2018-07-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Цэвээнжав |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 637
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Х.Цэвээнжав,
Хохирогч Н.Ж,
Шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ч.А-д холбогдох 1808020560677 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ч.А нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороооны нутаг дэвсгэрт байрлах “Лаурус” нэртэй зочид буудлын 10 тоот буудлын өрөөнд иргэн Н.Ж-ы Хаан банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч картнаас нь 700.000 төгрөг авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ч.А нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороооны нутаг дэвсгэрт байрлах “Лаурус” нэртэй зочид буудлын 10 тоот буудлын өрөөнд иргэн Н.Ж-ы Хаан банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч картнаас нь 700.000 төгрөг авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2-3/
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлэт /хх-15-17/
- хохирогч Н.Ж-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би хөдөө ажлаар явж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод орж ирээд хамт ирсэн залуучууд ганц шил архи уучихаад салцгаая гээд хамт 1 шил архи ууцгаагаад Драгон дээрээс салсан. Би Б түүний эхнэр А гэдэг хүүхэн 2-той буудалд ороод дахиад нэмж уугаад би ахыгаа битгий орхиорой, би нилээн согтчихлоо гэж тэр хоёрт захиж байсан. Тэгээд оройхон сэрж ирээд утсаа харахад миний Хаан банкны картнаас 700.000 төгрөг гарсан байсан. Миний халааснаас картыг авсан байна. Тэгээд би найз Батчулууныг дуудаад гэр лүүгээ хүргүүлсэн. Цагдаа дуудаад Б руу яриад Аг олуулж ирсэн. Тэгээд А надаас уучлалт гуйгаад 150.000 төгрөг өгөөд, дараа нь үлдсэн мөнгийг тань олж өгнө гээд дахиад уулзаагүй. Би одоо А гэдэг хүнээс 550.000 төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-7-8/,
- депозит дансны хуулга /хх-18/
- гэрч Д.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хамт ажилладаг Ж ах, таньдаг А гэдэг хүүхэнтэй хамт архи уухаар буудалд орсон. Тэгээд бид нар тэнд хэсэг суугаад тал шил архи уучихаад би гараад найз А-ийг дагуулаад нөгөө буудалд очсон. Тэр буудалд Ж ах орондоо ороод унтчихсан. Надтай хамт явж байсан А унтаагүй нэг өрөөнд байсан. А бид 2 дахиад хугас архи уучихаад буцаад гараад би эхнэр лүүгээ утсаар яриад такси бариад харьсан. Өглөө нь Ж ах над руу яриад миний картнаас мөнгө алга болчихсон байна гэсэн. Тэгээд Агаас өөр хэн авах юм бэ гээд А-гаас асуухад би авчихсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-11-12/,
- шүүгдэгч Ч.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Б-ыг Драгон автовокзал дээрээс очиж тоссон. Намайг очиход Б хөдөө хамж ажилладаг найзуудтайгаа ирсэн байсан. Бид нар Драгоны хажуу талын бааранд ороод 2 шил архи хувааж ууцгаагаад тэндээсээ буудалд орсон. Тэд нарын авчирсан архийг бид хамт ууцгаасан. Буудалд Б, Ж бас нэг залуу бид нар хамт орсон. Бид нар хэсэг архи уугаад Б нэлээд согтоод бид хоёр хоорондоо маргалдаад, Б намайг нэг алгадаад гараад явчихсан. Би тэнд уйлаад Ж ахын хажууд үлдсэн. Ж ах унтаад, би хажууд нь орон дээр нь унтсан. Би 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө Ж ахтай ярилцаад сууж байгаад хамт дэлгүүр гарч ууж идэх зүйл аваад буцаж буудалд ороод хамт архи уусан. Ж ах нэлээд согтоод, би ч нэлээд согтоод дахиад унтаад сэрсэн. Ж ах намайг гараад картнаас мөнгө аваад ир гэхээр би картыг нь аваад нэг мөнгөний машинаас 200.000 1 удаа, 500.000 төгрөг 1 удаа авсан. Би согтуу байсан болохоор тэр мөнгийг хаана яаж зарцуулснаа мэдэхгүй байна. Би аль банкны мөнгөний машинаас мөнгө авснаа ч санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-24-26/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.А-г хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирогчид гэмт хэргийн улмаас 700.000 төгрөгийг хохирол учирснаас шүүгдэгч 150.000 төгрөг /хх-26/ төлсөн үлдэх 550.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул уг хохирлыг 5 сарын хугацаанд шүүгдэгчид төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Бусад асуудал
Шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.А-г бусдын 700.000 төгрөгийг хууль бусаар, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-гаас 550.000 төгрөгийг 5 сарын хугацаанд гаргуулж, хохирогчид олгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР