| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 2530002500221 |
| Дугаар | 2025/ДШМ/34 |
| Огноо | 2025-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/34
2025 11 14 2025/ДШМ/34
*******д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр,
прокурор Д.Дашням,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
хохирогч Б.Даваадорж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор Д.Дашнямын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг нарын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2530002500221 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцлээ.
1.Монгол Улсын иргэн, 1982 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн “Хонгор булаг” гудамжны ******* тоотод оршин суух үндсэн хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт, “Цэлмэг” хотхоны ******* тоотод оршин суудаг, урьд Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* / рд: *******/,
2.Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээх газрын гадна талд иргэн ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайд цөмөрсөн хугарал, хамар ясанд зөрүүтэй хугарал, хамрын таславч зөрүүтэй хугарал, зүүн тийш мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, баруун чамархайд зулгаралт, дух, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Хяналтын прокурор Д.Дашням нь шүүгдэгч *******н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 сарын хугацаагаар Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 13 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 9 сар 13 хоногоор тогтоож, Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж, шүүгдэгчээс 5,650,200 төгрөг гаргуулж хохирогч Б.Даваадоржид олгож, хохирогч Б.Даваадорж нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор энэ тогтоолоор гаргуулснаас бусад өөрт учирсан хохирол, сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч Б.Даваадорж гомдолгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор Д.Дашням эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахдаа тухайн зүйл, хэсэгт заасан үндсэн ялын хэмжээнээс их ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл шүүх тухайн зүйл, хэсэгт зааснаар нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх байтал *******д 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ял дээр Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 13 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 сар 13 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд “Хууль ёсны зарчим” тусгагдсан бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “... нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх” гэж тодорхой заасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс ял оногдуулахдаа үндсэн болон нэмэгдэл ялыг тухайн зүйл, хэсэгт заасан ялын дээд болон доод хэмжээний хүрээнд шударга ёсны болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцүүлэн оногдуулах учиртай. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив.
6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан. Гэтэл шүүх дээрх заалтуудыг зөрчиж, *******д хуулиар тогтоосноос илүү буюу 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр боллоо. ******* өмнө нь Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхлээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн үйл баримт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичгээр нотлогдож байхад шүүх “ял дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн” хэмээн дүгнэж Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан ялыг нэмж нэгтгэсэн нь үндэслэлгүй, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгөж өгнө үү гэжээ.
7. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй гэв.
8. Хохирогч Б.Даваадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс надад 5,600,000 төгрөгийн хохирол төлөхөөр тогтоосон. ******* хохирлоо төлөөгүй, надтай нэг ч удаа холбогдоогүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
10.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
11.Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээх газрын гадна талд иргэн ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайд цөмөрсөн хугарал, хамар ясанд зөрүүтэй хугарал, хамрын таславч зөрүүтэй хугарал, зүүн тийш мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, баруун чамархайд зулгаралт, дух, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, хэргийн бодит байдалд нийцжээ. Үүнд:
11.1.Яллагдагч : ““Петровис” шатахуун түгээх газраас бензин авч байх үедээ Б.Даваадорж гэх хүнтэй тухайн үед үүссэн, үл ойлголцлын улмаас маргалдсан. Б.Даваадорж нь миний ар талаас гараараа 2-3 удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь гараараа цохисон. Тэгээд Б.Даваадорж нь ухаан балартаж газарт унасан...” гэх мэдүүлэг (Хэргийн 51-53 дугаар хуудас),
11.2.Хохирогч : “Би 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр "Петровис" ШТС-аас шатахуун авах гэж байхдаа миний өмнөх жолооч төлбөрөө төлөхгүй удаад байхаар нь *******д хандаж "Хурдлаач, мөнгө, төгрөгөө өгөхгүй үхсэнээ хийгээд удаад байгаа юм" гэхэд тэр хүн "Мөнххааныхан ийм овгор байдаг юм уу" гэж уурлаад бид хоёр маргалдсан. Тэгэхэд ******* хажуу талаас миний толгой руу цохисон. Би ухаан алдаад нүүрэн хэсгээрээ цементэн шалан дээр унасан. Сэрэхэд миний хажууд цагдаа, эмч нар ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг (Хэргийн 11-13 дугаар хуудас),
11.3.Гэрч : “Би 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчимд “Петровис” ШТС-д түгээгчээр гарч байх үед “Lexus HS250” маркийн машины жолооч ******* гэх хүн бензинийхээ тооцоог хийхдээ удаж, араасаа дараалал үүсгээд бараг 20 минут болсон. Түүний ард зогсож байсан “Приус-10” маркийн тээврийн хэрэгслээс Б.Даваадорж гэх хүн бууж ирээд *******г "Хурдал, удлаа" гэж яаруулахад тухайн хоёр хүн хоорондоо маргалдаж эхэлсэн. Б.Даваадорж гэх хүн эхэлж *******г цохисон. Харин ******* нь Б.Даваадоржийг хаана нь цохисныг би анзаараагүй ч “түс” хийх чимээ гарахаар нь харахад Б.Даваадорж нь цементэн шалан дээр толгойгоороо цохиод ухаан алдаж унасан...” гэх мэдүүлэг (Хэргийн 16-17 дугаар хуудас),
11.4.Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 237 дугаартай “ биед зүүн нүдний ухархайд цөмөрсөн хугарал, хамар ясанд зөрүүтэй хугарал, хамрын таславч зөрүүтэй хугарал, зүүн тийш мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, баруун чамархайд зулгаралт, дух, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хэргийн 28-30 дугаар хуудас) зэрэг баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.
12.Хэрэгт авагдсан шүүгдэгч *******н мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд, багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаанууд, жолоочийн лавлагаа, мэдээлэл, зөрчлийн хэргийн бүртгэл, лавлагаа зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (Хэргийн 54-111, 118 дугаар хуудас)
13.Прокуророос шүүгдэгч *******н хохирогч толгойг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилж, анхан шатны шүүхээс түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь үндэслэлтэй, эрүүгийн хуулийн энэ зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
14.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр заасан.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрх хязгаарлах ялын дээд хэмжээнээс их ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасанд нийцэхгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж хууль ёсны зарчмын агуулгыг тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүх эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын дээд хэмжээнээс их ял оногдуулсан нь энэ зарчимд мөн адил нийцэхгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй болно.
15. Анхан шатны шүүх энэ хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд энэ өдрөөр тооцоход шүүгдэгч *******н Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай шийтгэл тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 13 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасанд нийцэж байна.
Гэвч Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар энэ хэргийг хянан хэлэлцэх хүртэлх хугацаанд Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай шийтгэл тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 13 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дуусгасан байх бөгөөд шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон талаарх Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолыг хэрэгт хавсаргасан болохыг анхаарч, эдлэх ялаас хасаж тооцвол зохино.
16.Иймд “анхан шатны шүүх эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялаас дээгүүр ял оногдуулсан тухай” прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд ял хөнгөрүүлсэн өөрчлөлтүүдийг оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг.Хяналтын прокурор Д.Дашнямын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулсугай:
1.1.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 3 (гурав) сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
1.2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 13 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 сар 13 хоногоор тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.
1.3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 4 сар 13 хоногийн хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчилсүгэй.
1.4.Шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр.Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Гурав.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ
О.БААТАРСҮХ