Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01218

 

 

 

 

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01218

 

 

 

 

 

 

                                          М.Эгийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/00886 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Э, хариуцагч У.Ут холбогдох зээлийн гэрээний үүрэгт 44 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 303 378 660 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, өмгөөлөгч Д.Э, Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, Б.М, өмгөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгчийн тайлбарт: Нэхэмжлэгч М.Э нь У.Утай харилцан тохирч 2015 оны 11 сарын 19-ний өдрөөс 2016 оны 2 сарын 19-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 5 000 000 төгрөг, 2016 оны 1 сарын 24-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 7 000 000, 2016 оны 10 сарын 04-ний өдрөөс 2017 оны 1 сарын 04-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 5 000 000 төгрөг, 2016 оны 12 сарын 30-ны өдрөөс 2017 оны 3 сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 5 000 000 төгрөг нийт 22 000 000 төгрөгийг амаар гэрээ байгуулж, 2016 оны 8 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр 2016 оны 7 сарын 27-ны өдрөөс 2017 оны 7 сарын 27-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 12 000 000 төгрөг, 2018 оны 3 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр 2016 оны 8 сарын 05-ны зээлийн гэрээний 12 000 000 төгрөг дээр 2018 оны 3 сарын 09-ний өдөр 10 000 000 төгрөг нэмж, нийт 22 000 000 төгрөгийг 2018 оны 6 сарын 09-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Нийт 2015 оны 11 сарын 19-ний өдрөөс эхлэн 5 удаагийн үйлдлээр 44 000 000 төгрөг хариуцагчид зээлдүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг удаа дараа зээлээ төлөхийг мэдэгдсэн боловч зээлийн гэрээг сунгаж гэрээний хүүг төлж байсан боловч үндсэн төлбөрийг төлж барагдуулалгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээл 44 000 000 төгрөгийг төлөөгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 44 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн тайлбарт: М.Э, У.У нар нь хамаатан садны холбоотой бөгөөд өмнө нь бие биедээ харилцан мөнгө өгч, авдаг байсан. Хариуцагч У.У нь нэхэмжлэгч М.Эгаас авсан мөнгөө цаг тухай бүрд нь төлдөг байсан. Нэхэмжлэгч М.Э нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрээ хийх хэрэгтэй байна гээд зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зуруулсан. Уг зээлийн гэрээгээр мөнгө өгөлцөж авалцаагүй нь мөнгөний гүйлгээ хийж байсан баримтуудаас харагдаж байна. Харин 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр У.Ут мөнгийг шилжүүлээгүй, уг гэрээнд заасан зээлийг М.Эгаас аваагүй болно. Мөн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээнд дурдагдаж буй мөнгийг М.Эгаас У.Ут шилжүүлээгүй. Зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэжээ. Энэ гэрээнүүдийн дагуу талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй. Иргэн М.Э, У.У нар харилцан мөнгө төгрөг өгч, авч байсан нь баримтуудаар нотлогдож байна. Иргэн У.Уаас М.Эд хандаж харилцан тооцоо нийлэх тухай ярьж, бичиж байсан боловч М.Э нь өнөөдрийг хүртэл тооцоо нийлээгүй. Иргэн У.У болон М.Э нарын мөнгө авч, өгч байсан баримтуудаас үзэхэд У.У нь М.Эд маш их хэмжээний мөнгийг дансаар төлсөн байна. Иймд М.Эгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: У.У болон М.Э нар нь 2014 оноос хэн хэндээ мөнгө өгч, авдаг байсан. У.У нь энэ хугацаанд М.Эгаас 98 000 000 төгрөгийг авсан байна. Энэ мөнгийг 100 хувь төлсөн. Харин У.У нь М.Эд 403 827 580 төгрөгийг өгснөөс үзэхэд У.У нь М.Эд мөнгө төлөх биш харин авлагатай байна. Талуудын хооронд мөнгө өгч, авч байсан баримтуудаас үзэхэд хэн хэндээ хүү, алданги тооцох үүрэх хүлээх хуулийн үндэс бүрдээгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар хүү, алдангийг зөвхөн бичгээр байгуулсан гэрээг үндэслэн харилцан төлөх үүрэг үүсдэг. Гэрээг бичгээр байгуулаагүй бол талууд авсан мөнгөө харилцан буцааж төлөх үүрэг хүлээнэ. М.Эгаас У.Ут, У.Уаас М.Эд өгч, авч байсан мөнгө банкны гүйлгээний баримтуудаас үзэхэд М.Э нь У.Уаас 403 378 660 төгрөг авчээ. М.Э нь У.У нарын харилцан мөнгө өгч, авч байсан мөнгөний зөрүү 303 378 660 төгрөг болж байна. М.Э нь У.Ут энэ мөнгийг эргүүлэн төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д тус тус зааснаар М.Эгаас 303 378 660 төгрөгийг гаргуулан У.Ут олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2014 оноос эхлэн зээлийн харилцаа үүсч зээлийн төлбөрт 403 827 580 төгрөг төлсөн гэх бөгөөд энэ нь зээлийн үүргийг бүхэлд нь төлсөн гэж маргаж, үүнийгээ нотлох баримт болгон төлбөрийн баримт хавсаргажээ. Бодит байдал дээр У.У нь зээлийн гэрээнд өөрийн хүслээр хүү тохирсон байдаг бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч хүү төлөхөө өөрийн үйлдлээр, хангалттай тодорхой илэрхийлж сар бүр хүү төлсөөр ирсэн. Мөн сөрөг нэхэмжлэлдээ гэрээ бичгээр байгуулж байж хүү төлөх үүрэг үүснэ. Гэрээг бичгээр байгуулаагүй тул талууд авсан мөнгөө харилцан буцааж өгөх үүрэг хүлээнэ гэж бичсэн байх бөгөөд үүгээр бичгээр байгуулаагүй гэрээнд хүү төлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Нэгэнт өөрийн үйлдлээр, хүү төлөх үүрэг хүлээж хүү төлсөн байгаа тул төлөгдсөн хүүг буцааж нэхэх нь үндэслэлгүй юм. Иймд хариуцагч У.Уын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан У.Уаас зээлийн гэрээний үүрэгт 44 000 000 төгрөг гаргуулах тухай М.Эгийн нэхэмжлэл, М.Эгаас 303 378 660 төгрөг гаргуулах тухай У.Уын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378 000 төгрөг, хариуцагчаас төлсөн 1 675 843 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бат-Орших давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 886 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүхээс хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараас үзэхэд талуудын хооронд 2014 оноос хойш зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд тооцоо хийгдэж байсан болох нь тогтоогдсон, талуудын хооронд бичгээр 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус тус байгуулагдсан зээлийн гэрээ, зээлдэгч У.Уын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 5.0 сая төгрөг, 6.0 сая төгрөг, 7.0 сая төгрөгийг 18 хувийн хүүтэй, барьцаагүй зээлэн авсан нь үнэн болно гэх, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4-ний 5 сая төгрөг, 19-ний 5.0 сая төгрөг, 24-ний 7.0 сая төгрөг, 27-ны 12.0 сая төгрөг, 30-ны 5.0 сая төгрөг, 9-ний 10.0 сая төгрөгүүдийг 18 хувийн хүүтэй авч байсан. Хүү болон өдрийн алдангид төлж байсан гэх бичгийн баримтуудаас үзэхэд талууд сарын 18 хувийн хүү болон алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байх боловч хариуцагчаас 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс хойш шилжүүлсэн 378 347 530 төгрөг бүхэлдээ зээлийн хүү, алдангийн төлбөрт тооцогдох талаар тооцоолол болон талуудын хооронд үүссэн өөр зээлийн гэрээний үүрэгт хүлээн авсан болохоо нэхэмжлэгч баримтаар нотлоогүй хэмжээнд шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүрэгтэй гэж зааснаар хариуцагч 43 792 000 төгрөгийг буцаан төлснөө нотлоогүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа хариуцагчийн дансны хуулгийг нэхэмжлэлийн шаардлагаа хангах хэмжээнд хүсэлтийг гаргасан байсан боловч шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан хариуцагчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн өөрийн үүргээ хүлээн зөвшөөрсөн бичмэл баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй ба шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг баримтыг хариуцагч бичээгүй, гарын үсгийг хүчээр зуруулсан гэж мэдүүлж байсан бол нэхэмжлэгч талаас уг бичмэл баримтыг бүрэн эхээр нь хариуцагч өөрийн гараар бичиж тухайн үед нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн 44.0 сая төгрөгийг төлөх үүргээ хүлээн зөвшөөрсөн гэж мэдүүлсэн. 2 талын байр суурийг илтэд зөрүүтэй байгаа тохиолдолд нотлох баримтыг шинжээчийн дүгнэлт гаргуулан шийдвэрлэж болох байсан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөрийн давж заалдах гомдолд:   Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс хойш шилжүүлсэн 378 347 530 төгрөг нь бүхэлдээ зээлийн хүү, алдангийн төлбөрт тооцогдох талаар тооцоолол болон талуудын хооронд үүссэн өөр зээлийн гэрээний үүрэгт хүлээн авсан болохоо нэхэмжлэгч баримтаар нотлоогүй. Дээр дурьдсан талуудын хооронд зээлийн хүү, алданги төлөхөөр харилцан тохиролцож, төлбөр төлж байсан болох нь тогтоогдож байна” гэжээ. У.У болон М.Э нар нь 2014 оноос хойш хэн хэндээ мөнгө өгөлцөж авалцдаг байсан бөгөөд энэ хугацаанд У.У нь М.Эгаас 98 000 000 төгрөгийг авсан байдаг. Харин М.Эд анхан шатны нотлох баримтаар 403 827 580 төгрөгийг шилжүүлж өгснөөс үзэхэд М.Эд мөнгө төлөх биш авлагатай байна. У.У нь түүнээс авсан 98 000 000 төгрөгийг буцааж төлсөн бөгөөд зөрүү 303 378 660 төгрөгийг М.Эгаас авах ёстой байтал энэ мөнгийг эргүүлэн төлөөгүй. Шүүх нэхэмжлэгчийг зээлийн хүү, алдангийг баримтаар нотлоогүй гэсэн атлаа зээлийн хүү, алданги төлөхөөр тохиролцож төлбөр төлж байсан нь тогтоогдож байна гэсэн зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэсэн нь дээр дурьдсан хуулийн заалттай зөрчилдөж байна. У.Уаас М.Эд шилжүүлсэн 378 347 530 төгрөгийг шүүх бүхэлд нь хүү алданги гэж үзсэн атлаа зохигч талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн боловч хэдэн төгрөг нь хүүнд, хэдэн төгрөг нь алданги гэж тооцож байгаа талаараа тооцоолол хийлгүйгээр шийдвэр гаргажээ. У.Уаас М.Эд шилжүүлсэн мөнгө нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 1 дүгээр хавстаст хэргийн 35-105 дугаар хуудсанд бэлэн мөнгөний гүйлгээний баримт, 110-280 дугаар хуудсанд бэлэн бусаар буюу интернет банкаар хийсэн гүйлгээний баримтууд, 2 дугаар хавтаст хэргийн 1-68 дугаар хуудсанд бэлэн бусаар хийсэн гүйлгээний баримтууд байдаг. У.Уын зүгээс М.Эд шилжүүлсэн мөнгөө санхүүгийн анхан шатны баримтаар нотолж байхад шүүхээс баримтаар нотлоогүй гэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нөгөө талаас хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн 303 378 660 төгрөгийг буцаан шаардах эрхтэй болохоо баримтаар нотлоогүй болно ” гэжээ. Энэхүү дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. У.У нь М.Эд өгсөн мөнгөө санхүүгийн анхан шатны баримт буюу бэлэн мөнгөний гүйлгээний баримт болон харилцагчийн дансны гүйлгээний хуулгаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон. Анхан шатны шүүх 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 378 347 530 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна гэж үзсэн атлаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, бөгөөд М.Эд зээлж хэрэглэсэн мөнгөө У.Ут буцааж өгөх үүргээс үндэслэлгүй чөлөөлжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “Иргэний хуулийн 232 дугаар зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан. Харин бичгээр байгуулсан зээлийн гэрээгүй боловч сайн дураар зээлийн хүү, алданги төлөхийг зөвшөөрсөн зээлдэгчийн эрхийг дээрх зохицуулалт хязгаарлахгүй. Ийнхүү зээлдэгч зээлийн хүү, алданги сайн дураар төлснийг буруу гэж үзэх, улмаар нэхэмжлэгчээс буцаан гаргуулах үндэслэлгүй" гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүдээр У.У нь М.Эгаас зээл авч байгаагүй, хүү алданги төлж байгаагүй бөгөөд харилцан мөнгө өгч авалцдаг байсан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад дэлгэрэнгүй тайлбарласан боловч шүүх анхаарч үзээгүй У.Уыг сайн дураар хүү, алданги төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хууль болон нотлох баримттай зөрчилдөж байна. Анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж шийдвэр гарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна’’ гэснийг зөрчиж шийдвэрлэжээ. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/00886 дугаар шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнийг хүчингүй болгон, У.Уын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.   

           

Нэхэмжлэгч М.Э хариуцагч У.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зөрүү мөнгө болох 303 378 660 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.

            Хэргийн 5-6 дугаар талд нэхэмжлэгч М.Эгаас хариуцагч У.Ут 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 12 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 18 хувийн хүүтэй, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 22 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 18 хувийн хүүтэй зээлдүүлсэн тухай гэрээ, хэргийн 2 дугаар хавтасны 244 дүгээр талд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч У.Уын “2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 7.0 сая, 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 4.0 сая, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15.0 сая төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 6.0 сая төгрөгийг 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна” гэх гар бичиглэл бүхий баримт авагджээ. /1хх5-6, 2хх244/

            Талууд 2014-2018 оны хооронд мөнгөн хөрөнгө харилцан шилжүүлж байсан нь тогтоогддог боловч уг мөнгийг ямар гэрээний үндсэн дээр шилжүүлж байгаа нь тодорхойгүй, мөн арилжааны банкин дахь энэ хугацааны дансны хуулгыг гаргуулах зохигчдын хүсэлтийг бүрэн хэмжээгээр хангаагүй байгаа нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон нотлох баримт бүрдүүлэх эрхийг нь зөрчсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад “.., хариуцагч хаш чулуу болон хөөрөгний бизнес эрхэлдэг. Нэхэмжлэгч зарим тохиолдолд мөнгө авч хөрөнгө оруулж, ашигаа хувааж авдаг байсан ..,У.У алтны бизнес хийж байгаа, манай нөхөр ОХУ-аас хаш чулуу оруулж ирээд Хятад руу гаргаж хөөрөг болгож зардаг, энэ дээр эргэлтийн хөрөнгө дутаад байна гээд мөнгө зээлж авдаг байсан. Мөн хөрөнгө оруулаач олсон ашгаасаа ногдол ашиг өгнө гэсэн. М.Э хөрөнгө оруулаад ногдол ашиг авч байсан ..,” гэж тайлбарлалаа. Дээрхээс зохигчдын хооронд зээлээс өөр гэрээний харилцаа байсан гэж үзэхээр байх ба шүүх энэ талаар тодруулж, мэтгэлцээн өрнүүлээгүй байна.

Шүүх талуудын хооронд хэдэн төгрөгийн зээлийн гэрээний харилцаа байсан, талууд дээрх мөнгөн хөрөнгийг хамтран ажиллах гэрээний үндсэн дээр эсхүл зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн эсэхийг тодруулаагүй байна. Зохигчид зээлээс гадна өөр эрх зүйн харилцаатай байсан эсэхийг тодруулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/00886 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 000 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 675 843 төгрөг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

   ШҮҮГЧИД                               Б.НАРМАНДАХ

                           А.МӨНХЗУЛ