2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 192/шш2026/01197

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2026/01197

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ****************** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***************,

            Хариуцагч: *********** /РД: ***********/,

            Хариуцагч: **************нарт холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 243,263,974 төгрөг 58 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, 

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч *******,

Хариуцагч *********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “****” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ********ХХК, ***** нар нь Төрийн банктай 2024 оны 08 сарын 05-ны өдөр ******** тоот "Зээлийн гэрээ"-г байгуулж, 252,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг, сарын 1.3 хувь, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, 96 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ************ тоот "Батлан даалтын гэрээ"-г байгуулсан. Ийнхүү Төрийн банкны зүгээс зээлдэгч "********" ХХК-ийн ***** тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 252,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Төрийн банк нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн **********0 тоот "Барьцааны гэрээ"-ээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг байрьцаалж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдаг. Үүнд:

1.Хариуцагч “****** ХХК-ийн өмчлөлийн                                                                                                                                                                          Нийслэлийн ************** бүртгэлийн дугаартай үйлчилгээ зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2. ******ийн өмчлөлийн ************ бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар,

3. **********ийн өмчлөлийн ************ бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар,

4. **********ийн өмчлөлийн ************ бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар,

5. ******нийн өмчлөлийн ********* бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар  зэргийг барьцаалсан.

Зээл олгосноос хойш "********" ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 14,174,117.65 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 39,392,320.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 42,660,94 төгрөг, нийт 53,609,099.02 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь "Зээлийн гэрээ"-ний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдээгүй тул ********ы зүгээс 2025 оны 7-р сарын 29-ний өдөр, 2025 оны 8-р сарын 29-ний өдөр 2025 оны 09-р сарын 19-ний өдрүүдэд зээл төлөх, гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг хүргүүлж байсан боловч өнөөдрийн байдлаар гэрээний үүрэг биелэгдээгүй.

Иймд хариуцагч тал нь 2025 оны 7,8,9 дүгээр сард үүргийн зөрчил гаргаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч тал нь үндсэн зээлийн төлбөрт 6,163,505 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 5,436,511 төгрөг 63 мөнгө, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,580 төгрөг 60 мөнгө, нийт 11,601,597 төгрөг 23 мөнгийг төлөөгүй, үүргийн зөрчил гаргасан байна. 

Иймд нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр татгалзаж, гэрээний үүргийг бүхэлд нь гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шарадлагыг гаргаж байна. 

Иймд хариуцагч тал нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 237,825,882.35 төгрөг, үндсэн хүү 5,436,511.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,580.60 төгрөг, нийт 243,263,974.58 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгүүдэд заасны дагуу "********Д" ХХК, С. ********* нараас зээлийн төлбөрт 243,263,974.58 төгрөгийг гаргуулж, "Т**********" ХК-д олгуулж өгнө үү.

Нэхэмжлэгч талаас барьцааны зүйлүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч барьцаалуулагч ***** болон ********ийн өмчлөлийн зүйл болох барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна. 

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 243,263,974.58 төгрөгийг гаргуулж, хариуцагч “******” ХХК-ийн өмчлөлийн зүйл болох барьцааны зүйлээр  үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч  нар шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкнаас зээл авч, бизнесийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч зуны саруудад үйл ажиллагааны орлого буурдаг учраас 2025 оны 07,08,09 саруудад зээлээ бүрэн төлж чадаагүй. Бид огт зээлээ төлөөгүй биш өдөр тутам пос машинд уншдаг орлогоороо төлж байсан боловч бүрэн төлж хүрэхгүй байсан.  Бид дутуу саруудынхаа зээлийг төлөхөөр дансандаа мөнгө байршуулсан боловч Төрийн банк зээл рүү татахгүй, гэрээгээ цуцална гээд байгаа.   Бид зээлийн гэрээнд заасан үүргийн зөрчлөө арилгасан гэж үзэж байгаа тул зээлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, *******банкны Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл /хх-5-8/, Зээлдэгчийн анкетны хуулбар /хх-9-11/, Хариуцагч ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-12-13/, “Г******” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-14/, “********” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барьцаалбар /хх-15-16/, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг /хх17-24/, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ****** дугаар зээлийн гэрээ /хх-25-28/, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ****** дугаар барьцааны гэрээ /хх-29-32/, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр *******дугаар батлан даалтын гэрээ /хх-33-34/, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэх хуудас /хх-35-37/, ****** тоот харилцах дансны хуулга /хх-38/, ******** тоот харилцах дансны хуулга /хх-39-40/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

4.  Хариуцагч  нар нь шүүхэд “****” ХХК нь хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-41/, “*******” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-46-47/,  Итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-71/, хариуцагч ******ын итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-72/, хариуцагч******ын итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-73/ зэрэг нотлох баримтыг өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “********* ХК нь хариуцагч “******” ХХК, Г********* нарт холбогдуулан 243,263,974 төгрөг 58 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барьцаалуулагч * өмчлөлийн зүйл болох барьцааны зү***********йлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлээсээ татгалзаж, харин  хариуцагч “********” ХХК-ийн өмчлөлийн зүйл болох барьцааны зүйлээр  үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлээ дэмжиж оролцсон.    

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч “*********” ХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

            2.1 Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “********” ХХК, ******** нартай 2024 оны 08 сарын 05-ны өдөр ***** тоот "Зээлийн гэрээ", ******** тоот "Барьцааны гэрээ", ******0 тоот "Батлан даалтын гэрээ"-г тус тус байгуулж, 252,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг, сарын 1.3 хувь, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, 96 сарын хугацаатайгаар зээлүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч “********” ХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

            2.2 Гэвч хариуцагч нар нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 07, 08, 09 дүгээр саруудад төлөх төлбөрөөс нийт  11,601,597 төгрөг 23 мөнгийг төлөөгүй үүргийн зөрчил гаргасан учраас нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр татгалзаж,зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардаж байна гэх агуулгаар тайлбарлаж байна. 

            3. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх бөгөөд үндэслэлээ ...зээлийн гэрээнд заасан үүргийн зөрчлийг арилгасан тул зээлийн гэрээний харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй гэх агуулгаар тайлбарлан, мэтгэлцэж байна. 

            4. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

            4.1 Талууд 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 252,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг, сарын 13 хувь, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, 96 сарын хугацаатайгаар зээлж авсан байх ба энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч “*********” ХК-ийн өмчлөлийн ********* бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ.

            4.2 Хариуцагч нар нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс 2025 оны 7,8,9 дүгээр саруудад дутуу төлөлт хийж, 11,601,597 төгрөг 23 мөнгийг хугацаандаа төлөөгүй байна.   

            4.3 Улмаар нэхэмжлэгч талаас 2025 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 01 дугаартай,  2025 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 02 дугаартай, 2025 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр 03 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг хариуцагч нарт хүргүүлсэн байх бөгөөд тус мэдэгдлүүд нь  зээлийн гэрээнд заасан төлбөрийг гүйцээн төлж, зээлийн гэрээний үүргийн зөрчлөө арилгахыг шаардсан агуулгатай байна.

            4.4 Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн зөрчлийг арилгаж, дансандаа мөнгө байршуулсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч тал уг мөнгийг татан авч, зээлийн төлбөрөөс хасаагүй байна. 

            5. Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс татгалзах эрхтэй эсэх талаар маргаж байна. 

            6. Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний зүйл болон талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.  

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүйгээс гадна дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Мөн нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагч нарт 252,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч уг зээлийн төлбөрийг хүлээн авснаа зөвшөөрч маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасны дагуу болон мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

7.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан боловч мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлийг тусгаж өгсөн. Үүнд.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй гэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, 2025 оны 7,8,9 дүгээр саруудад төлөх төлбөрөөс 11,601,597 төгрөг 23 мөнгийг дутуу төлсөн гэх үндэслэлээр 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээнээс татгалзсан гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 96 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр 231,662,271 төгрөг байна.

Хариуцагч нарын зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй нийт төлбөр болох 11,601,597 төгрөг 23 төгрөг нь гэрээний дагуу гүйцэтгэх нийт үүргийн 5 хувьтай тэнцэж байх тул хариуцагч нарын гэрээний үүргийн зөрчил нь дээрх хуульд заасан үүргийн ялимгүй зөрчилд хамаарна гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд нэхэмжлэгчийн талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзсан татгалзал нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж үзнэ.

8.Түүнчлэн, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмыг, мөн хуулийн 205 дугаар зүйлд гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх журмыг тус тус тогтоож өгсөн.

            Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэг аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэжээ.

            Нэхэмжлэгч нь хариуцагч нарт гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгч байсан боловч үр дүн гараагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр татгалзаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.

            Нэхэмжлэгчийн хариуцагч нарт хүргүүлсэн гэх мэдэгдлүүдийн агуулга нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзах тухай биш, харин гэрээний үүргийн зөрчлийг арилгах тухай агуулгатай байх тул уг мэдэгдлүүдийг үндэслэн нэхэмжлэгчийг хариуцагч нарт гэрээнээс татгалзах тухай мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

            Иймд нэхэмжлэгч “******** ХК-ийн талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн зээлийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.  

            9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “*******” ХК-ийн хариуцагч “***” ХХК, ****** нарт холбогдуулан гаргасан 243,263,974 төгрөг 58 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон: 

                                                                        ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*****” ХК-ийн хариуцагч “****” ХХК, ********** нарт холбогдуулан гаргасан 243,263,974 төгрөг 58 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь барьцаалуулагч *** болон ********ийн өмчлөлийн зүйл болох барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 1,347,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ЭНХЗАЯА