Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/01192

 

 

 

 

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/01192

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           Г.Эын нэхэмжлэлтэй

                                                   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/00825 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Э, хариуцагч БХ ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12 984 520 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн тайлбарт: БХ ХХК-д хууль, эрх зүйн газрын хуульчаар ажиллаж байгаад 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 49 тоот Гүйцэтгэх захирлын тушаалаар хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халагдсан бөгөөд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 453 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн Гэрээ, эрх зүйн албаны хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан боловч хариуцагч БХ ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар ямар нэгэн үйлдэл хийлгүй өнөөдрийг хүрээд байна. Би 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр БХ ХХК-д хандан, Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, намайг ажилд авч, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохыг хүссэн хүсэлтийг гаргасан. Түүнээс хойш тус компанийн захиргаа хүний нөөцийн ажилтан н.Энхжаргалтай утсаар холбогдон хариу өгөхийг шаардсан боловч тодорхой хариу өгөлгүй, ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговрыг сайн дураар олголгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин 12 984 520 төгрөгийг БХ ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/01513 тоот тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Г.Э нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасныг зөрчиж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан байна. Г.Эын одоо гаргаж буй ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор гаргуулах асуудлаар гарсан маргаан байх бөгөөд шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргааны төрөлд орох тул мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийн маргааны талаар гомдол гаргах хугацаанд хамаарна. Г.Эыг ажиллаж байх хугацаанд БХ ХХК нь Хууль, эрх зүйн газартай байсан бөгөөд түүнийг ажлаас халагдсанаас хойш буюу 2017 оны сүүлээр уг газар нь татан буугдсан. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/01513 тоот тогтоол хүчин төгөлдөр болох үед БХ ХХК-д хуулийн мэргэжилтний орон тоо байгаагүй тул Л.Энхжаргалыг ажилд эгүүлэн томилох боломжгүй байсан. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хуулийн мэргэжилтэн Д.Өлзийсайхан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөнөөр Г.Эыг ажилд эгүүлэн томилох боломжтой болсон тул 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс түүнийг ажилд нь эгүүлэн томилох тушаал гаргасан. Тэрээр тушаал гарснаас хойш элдэв шалтаг тоочин өнөөдрийг хүртэл ажилдаа ирэхгүй байгаа бөгөөд энэ нь манай байгууллагад ажиллах сонирхолгүй байгаа гэж үзэхэд хүргэж байна. Түүнчлэн Г.Э нь манай байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байгаа нэхэмжлэлд дурдсан хугацаанд өөр байгууллагад ажиллаж, цалин хөлс авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байсан тул манай байгууллагын зүгээс түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болсон гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БХ ХХК-аас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12 845 824 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 138 696 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэхийг хариуцагч БХ ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч БХ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 220 483 төгрөгийг гаргуулж Улсын орлого оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Балжиннямын давж заалдах гомдолд: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 825 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн маргаж буй хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Г.Э нь шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлэн гаргасан гэж тайлбарлаж маргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчаас гаргасан тайлбарт холбогдуулан ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, ямар үндэслэлээр уг хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн талаар тодорхой тусгаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг хэрхэн ойлгож тайлбарлах, яагаад энэ зүйл заалт нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй талаар дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1513 тоот тогтоолоор Г.Эын нэхэмжлэлтэй БХ ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, туршилтын 3 сарын хугацаанаас хойш ажлаас халагдах хүртэлх хугацаанд ажилласан цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэж, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлэн, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллага ажилд нь буцаан томилохгүй байгааг буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацаанаас эхлэн тооцно гэж үзэж байна. Нэхэмжлэгч мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзвэл шүүх уг хугацааг сэргээн тогтоож хэргийг хянан шийдвэрлэж болох боловч уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх байдлаа нэхэмжлэгч нотлоогүй, энэ талаар үндэслэл бүхий тайлбар хийж чадаагүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс ажилдаа орох талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй, шийдвэр гүйцэтгэлийн журмаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх ажиллагааг хийгээгүй, түүнчлэн ажилд эгүүлэн томилсон 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажилдаа шалтгаангүйгээр ирээгүй зэрэг байдлаас үзэхэд нэхэмжлэгч цаг хугацаа хожиж, илүү олон сарын цалин хөлсийг манай байгууллагад ажиллахгүйгээр авах санаа агуулж байсан. Хэдийгээр нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй боловч уг эрхийг хуульд заасан хугацаагаар хязгаарласан байгааг анхаарч үзнэ үү. Түүнчлэн Г.Э нь манай байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байгаа нэхэмжлэлд дурдсан хугацаанд өөр байгууллагад ажиллаж, цалин хөлс авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байсан тул манай байгууллагын зүгээс түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болсон гэж үзэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч  нь хариуцагчид холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12 984 520 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 453 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.Эыг БХ ХХК-ийн хууль эрх зүйн газрын гэрээ, эрх зүйн албаны хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч БХ ХХК-аас 6 515 364 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилласан хугацааны цалингийн зөрүү гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1216 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 1513 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээжээ. /хх5-14/

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах эрхтэй.

 

Шүүх хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12 845 824 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгчийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажилд нь эгүүлэн томилох тухай хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын тушаал гарсан байх ба энэ өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно.

Иймд нэхэмжлэгч Г.Эыг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажилд эгүүлэн тогтоох хүртэл түүний эрх зөрчигдсөн хэвээр байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/00825 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220 485 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                А.МӨНХЗУЛ