Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 638

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

            Улсын яллагч Ц.Ариунтуяа,

            Хохирогч Х.Х, түүний өмгөөлөгч Т.Баярбат,

            Гэрч Д.А,

            Шүүгдэгч Ш.О түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ш.О-од холбогдох эрүүгийн 1708004540026 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Ш.О нь авто угаалгын газарт 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Х-г зодож, онц харгис хэрцгийгээр хутгаар хөлийн шилбэн тус газар нь 3 удаа хутгаар зүсэж, эрүүл мэндэд баруун, зүүн хөмсөг, баруун шилбэнд шарх, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун мөр, зүүн бугалга, шуу, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун далны хэсэг, баруун шуунд цус хуралт, зулгаралт, эрүү, сээрэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан,

            Мөн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зэвсэг буюу хутга хэрэглэж эргүүлийн цагдаа, цагдаагийн дэслэгч О.Б, цагдаагийн ахлагч Б.А нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

            Шүүгдэгч Ш.О нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Н.Х-г онц харгис хэрцгийгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:     

- хохирогч Х.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр О намайг найзынхаа авто угаалгын газарт аваачсан...угаалгын газрын хаалгаа түгжээд амрах өрөө рүүгээ авч ороод архи гаргаж ирээд өөрөө уусан. Надад өгөхөөр нь би уухгүй гэсэн чинь бүгдэнг нь уу гээд 1 хундага архи уулгасан. Тэгээд О намайг өчигдөр хаагуур явсан уулын мухарт 1 цаг гаран зогссон, хэнтэй юу хийсэн юм гээд намайг хардаж эхэлсэн. Би өчигдөр нь 16 цагийн үед урьд танилцаж байсан залуутай уулзсан. Тэр залуу надтай машиндаа хөдөө хээр замаас гарч ярилцсан. Бид хоёр хэсэг ярилцаж байгаад тэр залуу надаас гуйгаад бид хоёр машинд бэлгийн харьцаанд орсон. О охин Э-дээ ягаан өнгийн бугуйн цагтай утас авч өгсөн юм. Уг утсыг нь би бугуйндаа зүүсэн байсан. Тэгээд манай нөхөр уг хүүхдэд өгсөн утсандаа жи пи эс суулгасан /байрлал тогтоогч/ гэж надад хэлсэн. О өөрийнхөө утастай хүүхдэд өгсөн утсаа холбосон юм билээ. Тэгээд утсаа надад үзүүлсэн чинь миний өчигдөр хөдөө хээр зогссон газрын байрлалыг утсан дээрээ зааж байсан. Мөн тэр залуутай ярилцаж байсан ярианы тал нь бичигдсэн байсан. Уг бичлэгийг надад сонсгосон. Охиныхоо утсыг өөрийнхөө утастай ви чатаар холбосон байсан гэж хэлж байсан. Тэгээд О намайг өөр хүнтэй явлаа гэж алгадаад, гараа зангидаж байгаад нүүр рүү цохиж, намайг үсдэж чирч газар унагааж байгаад нүүр рүү өшиглөсөн. Мөн шалны модны үзүүрээр миний цээж рүү цохисон. Мөн намайг ална хоёулаа энд үхнэ би эхлээд чамайг ална дараа нь өөрийгөө ална гээд халааснаасаа эвхдэг хутга гаргаж ирээд хөлний зүүн шилбэнд 2 удаа, баруун шилбэнд 1 удаа хутгалсан. Тэгээд нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-11-12/,

- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Граж луу оруулаад надад бичлэг сонсгосон. Би “бид хоёр салаад 6 сар болж байна, чамд хамаагүй” гэж хэлтэл намайг цохиод авсан. Тэгээд манай ээж рүү залгаад намайг “чи 3 дугаар сараас хойш өөр хүнтэй явалдсан гэж ээж, аавдаа хэл, намайг О алах гээд байна гэж хэл” гэсэн. Би ээжтэйгээ ярьсан. О “чамтай би янхан шиг харьцана, чамайг алах гэж 80000 төгрөгөөр хутга авсан” гээд миний шилбэ рүү хутгалсан. О эхлээд намайг цохиод гутлаараа өшиглөөд, дээрээс дэвсээд, гэдэс рүү өшиглөөд, дараа нь хутгалсан...Би 1.890.000 төгрөг нэхэмжилснээс 500.000 төгрөгийг авсан, үлдсэн хохирлыг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- гэрч Д.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр би ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал 15 цаг өнгөрч байх үед Х над руу залгасан...О утсаа аваад...“би Х-г алаад дараа нь өөрийгөө ална”...энэ Х чинь хүнтэй явалдаад байна гэж надад хэлсэн...Дотогш ороход О Х-г зодож байсан, Х-гийн нүүр ам нь хөхөрч хавдсан байсан...О араас дуудсан эргээд харахад хутга барьсан байсан...гэх мэдүүлэг /хх-14-15/,

- гэрч Ч.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Х-г харахад нүүр нь битүү хавдар, хоёр нүд нь улаан хөх, хөмсөг дух нь нилээн том язралттай, зүүн шилбэнд 2 тусдаа хурц үзүүртэй зүлээр зүссэн гүн шарх, баруун хөлөнд нэг удаа хурц үзүүртэй зүйлээр зүссэн шарх, хүзүү, гар, тохой, гуя, нуруу хэсэгт зулгарсан хөхөрсөн байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-27-28/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9273 тоот дугаартай:... Н.Х-гийн биед баруун, зүүн хөмсөг, баруун зүүн шилбэнд шарх, баруун нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун зүүн бугалга, шуу, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун далны хэсэг, баруун шуунд цус хуралт, зулгаралт, эрүү, сээрэнд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун, зүүн шилбэний шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-5/, 

- шүүгдэгч Ш.О-ын мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 07 дугаар сарын 18-ны орой Х над руу яриад маргааш ажлын анкет бөглөнө, Таван шарын Давшаанжил колонк орно, надад зардлын мөнгө өгөөрэй гэж ярьсан...Би Х руу утсаар залгахад өөдөөс утсаа таслаад байсан. Би охиныхоо 80****** дугаарын утас руу нь 4 удаа залгахад утсаа авахгүй салгасан. Би охиндоо бугуйн цаган утас авч өгсөн. Уг утас нь байрлал тогтоогч жи пи эс-тэй. Хэрвээ утас таслах юм бол 30 секунтын турш Ви чатаар дуут шуудан явуулдаг. Тэгээд уг дуут шууданд Х нэг эрэгтэй хүнтэй секс хийж байгаа дуу сонсогдсон...4 удаагийн дуудлаганд дөрвүүлэнд нь секс хийж байгаа дуу сонсогдож байсан. Байршил нь Багануурын “Давшаанжил” колонкоос баруун тал руу 5 км зайд замаас гарсан хээр байгаа байрлал заасан. Уг байрлалд 1 цаг 20 минут Х зогссон. Тэгээд би секс хийж байхад чинь садаа болсон уу гэж 1 удаа мессеж бичээд орхисон. 2017.07.19-ний өглөө 07:50 цагийн үед намайг хэвтэж байхад Х над руу залгаад “намайг тосоод аваадах, би буцах зардлын менгөгүй болсон, би Багануураас гарч байна” гэсэн. Тэгээд би очиж Баянзүрхийн товчооноос 09 цагийн үед Хг тосч авсан...Х-гийн утсан дээр Н гээд дуудлага иртэл Х утсаа авахгүй салгаад байсан...би ажил дээрээсээ Э-ийн төрсний гэрчилгээг аваадахъя гээд такси аваад Х-тай хамт граж дээр очсон. Тэгээд тэр залуутайгаа ярь гээд залгуулсан. Би Х-гийн нүүр болон цээж хэсэг рүү нэг удаа цохисон. 2017 оны 3 сараас хойш энэ хүнтэй явсан байсан. Миний уур хүрээд Х руу орилсон. Тэгээд цааш юу болсныг санахгүй байна. Би их архи уугаад согтсон байсан.../хх-42-43/...Би согтоод уурандаа Х-г зодсон. Гэр бүлийн маргаанаас болсон.../хх-212-213/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, мөн

 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зэвсэг буюу хутга хэрэглэж эргүүлийн цагдаа, цагдаагийн дэслэгч О.Б, цагдаагийн ахлагч Б.А нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь :

            - хохирогч Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн:... хутгаа хаяхыг шаардахад тоохгүй эсэргүүцээд бид нарын өөдөөс яваад байсан...Б болон миний бие хутгаа хаяхыг удаа дараа шаардахад өөртөө ойртуулахгүй хаяхгүй байсан учир Б хийн буугаар дээшээ 1 удаа буудаж сануулахад бууд гээд өөдөөс улам дайрч байснаа гэнэт хутага хаяхаар нь бариж аван машиндаа суулган цагдаагийн хэлтэс дээр авчирсан...гэх мэдүүлэг /хх-217-218/,

- хохирогч О.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн:... 30 орчим насны эрэгтэй согтуу хүн гартаа хутга барьчихсан байсан. Тэгээд цагдаа А бид хоёр машинаасаа бууж тухайн хутгатай иргэнд ойртож түүнд хандаж хутгаа хаяхыг 3-4 удаа шаардахад тоохгүй эсэргүүцээд бид нарын өөдөөс яваад байсан. Тэгэхээр нь би хийн буугаар агаарт 1 удаа буудаж сануулсан...олон хэлж байж хутгаа хаяхаар нь барьж авсан...гэх мэдүүлэг /хх-220-221/,

- шүүгдэгч Ш.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....тухайн хэрэг болох үед би архи согтууруулах ундаа хэрэглээд нилээн согтсон байсан. Гэнэт буун дуу гарахад ухаан орсон ба гартаа хутга барьсан байсан. Тэгээд хутгаа хаяаад цагдаад саатуулагдсан. Өөрийн үйлдсэн үйлдэлдээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-212-213/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч Ш.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, мөн

хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

            Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.      

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч, хохирогч нар 5 жилийн хугацаанд хамт амьдарсан байх ба тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүгээс шүүгдэгч рүү халдсан, хүч хэрэглэсэн хууль бус үйлдэл хийсэн гэж үзэх нотлох баримтгүй байх тул шүүгдэгчийг тухайн хэргийг үйлдэхдээ “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.        

2015 оны Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т зааснаар тус хуулийн нэр томьёо, ухагдахууныг ойлгоход Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн 5 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн талаар тус тус заасан байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж үзэх үндэслэлгүй болно. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нь хохирогчийг хүчиндсэн гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх тул хохирогч хүчиндүүлсэн тухай өмгөөлөгчийн саналыг хүлээж авч, хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй.   

 

            Хохирогч нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1.892.800 төгрөг /хх-138-140/ нэхэмжилснээс 500.000 төгрөг төлсөн, үлдэх 1.392.800 төгрөгийг шүүгдэгч төлөхийг хүлээн зөвшөөрсөн /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ тул 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгчид даалгав.     

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, тус хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн “бусадтай харилцаатай байсан болон бусад зүй бус үйлдэл” тус хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

2015 оны Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахыг түдгэлзүүлсэн хэдий ч энэ нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцоход хамааралгүй тул шүүгдэгчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар тоолоход дууссан байх ба тухайн үндэслэлээр шүүгдэгчийг тухайн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.   

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг 2 удаа үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээж авах боломжгүй болно. 

Бусад асуудал   

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 3 дахь хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Ш.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ш.О-ыг 1 жил 2 сар хорих ялаар шийтгэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.О-ын эдлэх 1 жил 2 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 1.392.800 төгрөгийг шүүгдэгчээс 6 сарын хугацаанд гаргуулж, хохирогч  Н.Х-д олгосугай.   

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 ширхэг хутгыг устгасугай. 

8. Шүүгдэгч Ш.О-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тооцсугай.        

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ш.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР