Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар  2025/ДШМ/1190

 

   2025            10              07                                        2025/ДШМ/1190

 

Ц.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1832 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Мад холбогдох  2509008630892 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.М, 1999 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нисэх техникийн механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт 00 дүүргийн 0 дүгээр хороо,  00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:0000000000/,

Шүүгдэгч Ц.М нь үргэлжилсэн үйлдлээр:

Өөрийн танил найз Э.Г-д “Би машин оруулж ирж байгаа, машин байна чи авах уу, гаалийн мөнгийг нь би зохицуулна, таньдаг хүн байгаа, тээврийн зардлын мөнгийг нь өгөх боломж байна уу” гэж итгэл төрүүлэн хуурч, Э.Г-с өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 00000000 дугаарын данснаас 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд 8 удаагийн гүйлгээгээр нийт 20.250.000 төгрөг шилжүүлснийг өөрийн эзэмшлийн Хаанбанкны 000000000 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 00 дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буман залуус” хотхоны гадна байхдаа хохирогч М.О-ийг “Япон улсаас “Crown 210” загварын тээврийн хэрэгсэл захиалсан, Монгол улсад орж ирчхээд гааль дээр удаад байна, 7 хоногийн дараа өгчихье, “Haval /хавал/ Н6” тээврийн хэрэгслээр сольё” хэмээн хуурч, “Crown” загварын тээврийн хэрэгсэл Монгол улсын хилээр орж ирсэн мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний эзэмшлийн 32.811.955 төгрөгийн үнэ бүхий “Great wall, Haval H6” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан,

2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн үед багын найз болох Ш.М-т фейсбүүк чатаар холбогдон “хагалгаанд орох хэрэгтэй болчихлоо, одоо ороо захиалахгүй бол хагалгаанд орж чадахгүй болчих гээд байна” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажлын байрандаа байхдаа Ш.М-с өөрийн “М” банкны 0000000000 дугаарын данснаас шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг Хаанбанкны 0000000000 тоот дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 14 цагийн үед 10 жилийн сургуулийн найз болох Ц.Х-д “Хамраа хугалсан, хамрын хагалгаанд орох гээд эмнэлгээс төлбөрөө төлж баталгаажуул гээд байна, боломжоороо мөнгө зээлээч, цалин буух үед буцаагаад төлье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнион бюулдинг төвийн 1302 тоотод ажлын байрандаа байхдаа Ц.Х-аас өөрийн “М” банкны 000000000 тоот данснаас шилжүүлсэн 1.400.000 төгрөгийг, бусдаас нийт 56.461.955 төгрөгийн үнэ бүхий эд зүйл болон бэлэн мөнгийг өөрийн эзэмшдэг Хаанбанкны 00000000000 дугаарын дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ц.М-аас нийт 36.211.955 /гучин зургаан сая, хоёр зуун арван нэгэн мянга, есөн зуун тавин таван төгрөг/ гаргуулж, 32.811.955 төгрөгийг хохирогч М.О-т, 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж Ш.М-т, 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж Ц.Х-д тус тус олгож, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 473, мөн прокурорын газрын прокурорын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 338 тус тус зөвшөөрлөөр Э.Г-ын эзэмшлийн 00-00 УКУ улсын дугаартай, HAVAL Н6 загварын, LGWEF4A56HF548428 арлын дугаартай тээврийн хэрэгслийг шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц цуцалж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. ...Шүүх хуралдаанд хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас болоод хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж чадаагүй оролцсон. ...Гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байгаа бөгөөд дахин гэмт хэрэгт холбогдохгүй, үнэнч шударгаар ажиллаж чадахаа амлаж байна. ...Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгуулийн ял шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.М-ын өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.М ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг. Ц.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн өөрийн хууль бус үйлдлийг ухамсарлан ойлгож чин санаанаасаа гэмшиж байгаа. Анхан шатны шүүх Ц.М-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй нөхөн төлөх талаар санал санаачилга гаргаагүй түүнд хорихоос өөр төрлийн ял эрүүгийн хариуцлага сонгон хэрэглэх боломжгүй гэж дүгнэж хохирол төлөгдөөгүй үндэслэлээр хорих ял оногдуулсан. Ц.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэхээ анхан шатны шүүхэд бүрэн дүүрэн илэрхийлж чадаагүй. Ц.М анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо бүрэн төлж хор уршгийг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар торгуулийн ялын доод хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Ц.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж, үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч хууль зүйн туслалцаа авч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангасан гэж үзэн давж заалдах гомдол гаргасан гэж ойлгосон. Анхан шатны шүүх шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч тохиолдлын шинжтэй биш гэж үзсэн талаараа үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү” гэж байна. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй нь ял биелэгдэх нөхцөлийг хангах боломжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх шаардлагыг хангасан боловч ял биелэгдэх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.М нь үргэлжилсэн үйлдлээр:

Өөрийн танил найз Э.Г-д “Би машин оруулж ирж байгаа, машин байна чи авах уу, гаалийн мөнгийг нь би зохицуулна, таньдаг хүн байгаа, тээврийн зардлын мөнгийг нь өгөх боломж байна уу” гэж итгэл төрүүлэн хуурч, Э.Г-с өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 000000000 дугаарын данснаас 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд 8 удаагийн гүйлгээгээр нийт 20,250,000 төгрөг шилжүүлснийг өөрийн эзэмшлийн Хаанбанкны 00000000 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 00 дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буман залуус” хотхоны гадна байхдаа хохирогч М.О-ийг “Япон улсаас “Crown 210” загварын тээврийн хэрэгсэл захиалсан, Монгол улсад орж ирчхээд гааль дээр удаад байна, 7 хоногийн дараа өгчихье, “Haval /хавал/ Н6” тээврийн хэрэгслээр сольё” хэмээн хуурч, “Crown” загварын тээврийн хэрэгсэл Монгол улсын хилээр орж ирсэн мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний эзэмшлийн 32,811,955 төгрөгийн үнэ бүхий “Great wall, Haval H6” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан,

2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн үед багын найз болох Ш.М-т фейсбүүк чатаар холбогдон “хагалгаанд орох хэрэгтэй болчихлоо, одоо ороо захиалахгүй бол хагалгаанд орж чадахгүй болчих гээд байна” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажлын байрандаа байхдаа Ш.М-ээс өөрийн “М” банкны 000000000 дугаарын данснаас шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг Хаанбанкны 00000000 тоот дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 14 цагийн үед 10 жилийн сургуулийн найз болох Ц.Хд “Хамраа хугалсан, хамрын хагалгаанд орох гээд эмнэлгээс төлбөрөө төлж баталгаажуул гээд байна, боломжоороо мөнгө зээлээч, цалин буух үед буцаагаад төлье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 00 төвийн 0000 тоотод ажлын байрандаа байхдаа Ц.Х-аас өөрийн “М” банкны 0000000000 тоот данснаас шилжүүлсэн 1,400,000 төгрөгийг, бусдаас нийт 56,461,955 төгрөгийн үнэ бүхий эд зүйл болон бэлэн мөнгийг өөрийн эзэмшдэг Хаанбанкны 000000000 дугаарын дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Х: “...Би 2024.11.27-ны өдөр өөрийн ажил дээр байхад Ц.М /шүүгдэгч/ залгаад “найз нь хамраа хугалчихлаа мөнгө зээлээч” гэхээр нь өөрийн М банкны данснаас Ц.Мын Хаанбанкны данс руу 1,400,000 төгрөгийг шилжүүлсэн. ..Ц.М хэлсэн хугацаандаа мөнгөө өгөхгүй байхаар нь найз охиноос нь асуутал “Ц.М хамрын хагалгаанд орох нь худлаа, мөрийтэй тоглоод алдсан байх” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 22/,

шүүгдэгч Ц.М яллагдагчаар: “....Хагалгаанд орох гээд мөнгө дутаад байхаар нь найз Ц.Хаас 1,400,000 төгрөгийг зээлж авсан. ..Тэгээд эмнэлэгтэй холбогдоод хагалгааныхаа оочроо захиалах гэхэд манайх эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөхөө больсон тул хагалгааны төлбөр нь 6,000,000 гаран болно гэж хэлсэн. ..Тэгээд би мөнгө дутахаар нь мөнгөө өсгөх зорилгоор 800,000 төгрөгийг “1xbet” спорт бооцоонд тавьж алдсан, 100,000 төгрөгийг ойр зуурын хэрэглээнд зарцуулсан, 500,000 төгрөгийг найз Халиун руу шилжүүлсэн. ..Зээл авсан мөнгөө төлөөгүй байгаа. ..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /1хх 08-09/,

хохирогч Ш.М: “...2024.11.15-ны өдөр намайг ажил дээрээ байхад найз Ц.М фейсбүүк чатаар “хагалгаанд орох хэрэгтэй болчихлоо” гэхээр нь баталгаажуулах гээд видео калл хийгээд харсан чинь хамар нь далийчихсан байсан ба би итгээд 2,000,000 төгрөгийг Ц.М руу шилжүүлсэн. ...Ц.М цалин буухаар мөнгийг чинь өгнө гэсэн боловч өгөхгүй байгаа. ...” гэх мэдүүлэг /1хх 77-78/,

хохирогч Ш.М-ийн дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 83, 87, 98/,

шүүгдэгч Ц.М яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /1хх 107/,

хохирогч М.О: “...Манай хамаатны дүү Ц.М нь 2024.08.29-ний өдөр найз Э.Г-с мөнгө зээлж аваад Япон улсаас Crown 210 загварын машин захиалсан гэж надад хэлсэн. ..Гэтэл тухайн машин нь Монголд орж ирчхээд гааль дээр удаад байна, мөн Э.Г нь Ц.М-тай хамт ажилладаг бөгөөд яаралтай тэр машин захиалахдаа зээл авсан мөнгөө авна гээд Ц.М-ын ажлыг нь хийлгэхгүй ажил төрөл дээр нь очиж мөнгөө авна гээд дарамтлаад, байна гэж байсан. Тэгээд эхлээд надаас хүүтэй мөнгө зээлэх үү, хүүтэй мөнгө зээлэх хүн танихгүй биз гэхээр нь би “Надад юу байхав дээ, байгаа ганц юм нь энэ машин л байгаа шүү дээ” гэж хэлсэн чинь миний “HAVAL Н6” загварын тээврийн хэрэгслийг гуйсаар байгаад аваад оронд нь тэр захиалчхаад гааль дээрээс орж ирэхгүй байгаа “Crown 210” загварын тээврийн хэрэгслээ надад өгчихье, тухайн “Crown 210” нь монголд ороод ирчихсэн байгаа, гааль дээр бичиг баримт нь засварлаж байгаа, ихдээ л 7 хоногийн дараа танд өгчихье гээд гуйгаад байсан юм. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн HAVAL Н6 маркийн тээврийн хэрэгслийг 2024.08.30-ны өдөр Э.Г 00 дүүргийн 00 дүгээр хороо Буман залуус хотхоны гаднаас итгэлцлийн үндсэн дээр өгөөд, нэрийг нь Г-ын нэр рүү солиулж өгөөд явуулчихсан. Гэтэл машинаа өгөхгүй бараг 1 cap орчим хугацааны дараа буюу 2024 оны 9 дүгээр сарын сүүлээр над руу Ц.М-ын ээж болох Болорцэцэг нь над руу залгаад “Нөгөө машин чинь худлаа болчихсон, одоо цагдаагийн байгууллагаар явж шалгуулах гэж байна, чиний машины чинь мөнгийг гаргаад өгнөө, бага зэрэг хүлээгээд өгөөрэй” гээд байсан. Тэгэхээр нь би дахин итгээд хүлээтэл одоо бүр гар утсаа ч авахаа болиод надтай холбоо тасарчихсан. ...Би тухайн үед өөрийн HAVAL Н6 маркийн тээврийн хэрэгслийг Г шилжүүлэн өгөхдөө нотариатаар худалдан, худалдан авах гэрээ байгуулж байсан. Би ажилтай байсан учир авто тээвэр рүү хамт явж чадаагүй. Тэгээд ойрхон байсан нотариатаар ороод шууд гэрээ хийгээд өгчихсөн. ...” гэх мэдүүлэг /1хх 125-126/,

шүүгдэгч Ц.М яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /2хх 78-79/,

хохирогч Э.Г-ын дансны хуулга /1хх 163-178/,

шүүгдэгч Ц.М-ын дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 38, 50 181-187, 188, 190-195/,

шүүгдэгч Ц.М нь хохирогч Ц.Х-аас зээлсэн мөнгөнөөс мөрийтэй бооцооны сайт ажиллуулдаг Т.Б дансанд 800,000 төгрөгийг шилжүүлсэн  Т.Б-гийн дансны хуулга /1хх 58-59/,

00-00 УКУ улсын дугаартай “Хавал H6” загварын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2024.12.06-ны өдрийн №473 дугаартай зөвшөөрөл, 2025.05.14-ний өдрийн №338 дугаартай зөвшөөрөл /2хх 39-40/,

Хавал Н6 автомашинд хийсэн Гранд Ассэт Валью ХХК-ний шинжээчийн: Хавал Н6 машины зах зээлийн үнэ 32.811.955 төгрөг байна. ...” гэх дүгнэлт /2хх 53-56/,

хохирогч Э.Гэрэлт-Од: “...Ц.М надад “Би машин оруулж ирж байгаа чи авах уу? нийт 20,000,000 төгрөг болж байна, гаалийн мөнгийг нь би зохицуулна. Таньдаг хүн байгаа” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Ц.М тээврийн зардлын мөнгийг нь өгөх боломж байна уу” гэхээр нь би 7,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 13,000,000 төгрөгийг нь би 2024 оны 6 дугаар сарын сүүлээр өгсөн. Тэгээд миний захиалсан машин 2024 оны 7 дугаар сард орж ирсэн гэсэн боловч Ц.М нь “Андаа чиний машиныг зарчихъя, тэгээд оронд нь миний өмнө нь захиалсан байсан нэг “Crown 210” загварын машин байгаа тэрийг чи авчих” гэж хэлсэн. Би тэр саналыг нь зөвшөөрөөд өөрийн захиалсан байсан машиныг заруулаад оронд нь Ц.М-ын захиалсан байсан машиныг авахаар болсон. Тэгээд би Ц.М-аас машинаа асуусан чинь гаалийн хүн нь ээлжийн амралттай байж байгаад ирчихсэн байна. Замын үүд руу явж машиныг чинь авчрах гэж байна гэхээр нь би хамт явах байх гээд бэлдчихсэн хүлээж байсан чинь Ц.М тэр гаалийн хүнтэйгээ хамт Замын-Үүд явчихсан байсан. Тэгээд гар утас нь холбогдохгүй болчихсон. Тэгээд хэсэг холбоогүй байж байгаад 2024.08.15-нд залгаад ярьсан чинь Замын-Үүд явах замд саатал гарчихлаа, машин эвдэрчихлээ гээд байсан. Тэгээд хэсэг байж байснаа машиныг чинь ачиж явуулах машин олсон гэж хэлсэн мөртлөө надад тэр гаалийн хүн, эсвэл машин ачиж ирэх машины жолооч ч юм уу, өөр хүнтэй холбогдож асуух гэхээр Ц.М хэрэггүй, яах юм гээд хориглоод байдаг байсан. Тэгж байгаад 2024.08.20-ны өдөр орчимд “Захиалсан машин чинь Улаанбаатар хотод ирчихсэн шүү” гэсэн мөртлөө над руу машины зураг ч явуулахгүй байсан. Тэгээд Ц.М-тай уулзсан чинь “Машин байгаа, машинаа автлаа миний машиныг барьцаанд авчих” гэхээр нь машиныг нь барьцаанд аваад явсан. Гэтэл тэр Ц.М-ын барьцаанд өгч явуулсан машин нь аль хэдийн зараад өөр хүний нэр дээр шилжүүлчихсэн байсан. Тэгээд тэр машиныг нь эзэнд нь аваачиж өгсөн юм. Ц.М эгч рүүгээ яриад HAVAL Н6 гээд ийм машин байна, энийг аваад салах уу гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд эгч нь тэр орж ирсэн байх ёстой Crown 210 маркийн тээврийн хэрэгслийг аваад оронд нь тэр HAVAL Н6 тээврийн хэрэгслийг надад өгөхөөр болсон. Тэгээд Ц.М-ын эгч М.О гэх эмэгтэй хамт очоод машиныг нь худалдах, худалдан авах гэрээ нотариатаар баталгаажуулж хийгээд тэгээд шууд тэр өдөртөө гэрчилгээг нь авсан”, Би Ц.М-аас машин авахдаа өөрийн данснаас Ц.М-ын данс руу нь 8 удаагийн гүйлгээгээр нийт 20,250,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Ц.М бас утасны аппликэйшнээр мөрий тавиад байдаг байсан. Миний өгсөн мөнгийг тэр мөрийнд тавиад алдсан байж магадгүй гэж бодож байна.. ... Би Ц.М-д өгсөн мөнгөнийхөө оронд “Haval Н6” маркийн тээврийн хэрэгсэл авсан. Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 128-129, 131, 2хх 86-87/,

шүүгдэгч Ц.М яллагдагчаар: “...Ц.Х найзаас хамраа эмчлүүлнэ гэж мөнгийн аваад буцааж өгөөгүй. ...2024 оны 05 дугаар сарын дундуур Э.Г-с нийт 20,250,000 төгрөгийг 3-4 удаа цувруулж авсан. Машин оруулж ирж зарна гэж худлаа хэлж мөнгийн авч байсан. ...М.О гэх хүн манай үеэл эгч. ..Би машиныг нь аваад Э.Г гэх хүнд өгсөн. ..М.О эгчид би сарын дараа танд “Crown 210” авчирж өгнө гэж хэлж машиныг нь авч байсан. .. Э.Г гэдэг хүнээс машин оруулж ирж зарна гэж хэлээд мөнгийг нь авсан гэдгээ анх ээждээ хэлээд ээж М.О эгчид хэлж мөнгөнийх нь оронд цагаан өнгийн Хавал Эйч 6 гэдэг машинаа өгчих гэж хэлээд машиныг нь авч байсан. ...Ш.М-ээс 2,000,000 төгрөгийг Ц.Х-тай адилхан хамраа эмчлүүлнэ, хагалгаанд орох хэрэгтэй байн гэж хэлээд мөнгийн авч байсан. ...” гэх мэдүүлэг /2хх 99-100/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.М нь гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Ц.М-ын үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй болно.

3. Шүүгдэгч Ц.М болон түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нараас: “...хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, шүүх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах зарчмуудыг удирдлага болгодог.   

Шүүх торгох ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт этгээдийн хувийн байдал, цалин хөлс болон бусад орлого олох боломж, хөрөнгийг харгалзахаас гадна уг ял биелэгдэх бодит боломжтой эсэх, ял халдаахгүй байх буюу бусад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх зүй зохист харьцааг харгалзан үздэг.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч нь тогтмол ажил төрөл хийдэг, тогтмол цалин орлого олдог түүнийг баталсан, нотолсон хууль ёсны баримт хэрэгт байхгүй байх тул торгох ялыг биелэгдэх боломжгүй гэж үзсэн болно.

Иймд, шүүгдэгчийн дээрх хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан торгох болон хорих ялын төрлөөс хорих ялыг сонгон хэрэглэсэн нь шүүгдэгч Ц.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчээс хохирогч нарт олгуулахаар заасан хохирол төлбөрийг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй гэх баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зохицуулагдсан хэм хэмжээ, тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар шүүхэд олгосон онцгой бүрэн эрх юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухай гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял” оногдуулж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруутай этгээд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэж болохоор заасан.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус хуульчилжээ.

Иймд, давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд дээр дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмыг баримтлан шүүгдэгч Ц.М-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэгтээ харамсаж буй түүний хандлага, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч М.О-т 33,000,000 /гучин гурван сая/ төгрөг, хохирогч Ц.Х-д 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөг, хохирогч Ш.М-т 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг тус тус төлсөн, хохирогч нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбар зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж дүгнэж, энэ талаар зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэлээ.

6. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийн ургийн овгийг буруу бичсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалаар зөвтгөв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ц.М-ын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 71 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1832 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “...Шавлан. ...” гэснийг “...Шовлон. ...” гэж,

2 дахь заалтыг “Шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтыг “...2 жилийн хугацаагаар. ...” гэснийг “...1 жилийн хугацаагаар. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ын цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БААСАНБАТ

ШҮҮГЧ                                                               Н.БАЯРМАА

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ