Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 639

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч М.Сансарсайхан,    

Шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л овогт Н.П-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017 2601 0389 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

   Шүүгдэгч Н.П нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн үед Н.С-ын эзэмшлийн ... улсын дугаартай Приус-11 машиныг түр өгч байгаач гэж хуурч авч яван 3 сая төгрөгийн барьцаанд тавьж  Н.С-т 5.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр иргэн Ц.Т-ын эзэмшлийн ... УНМ улсын дугаартай приус-10 маркын автомашиныг 1 хоногийн хугацаатай хөдөө явж унаж яваад ирье гэж хуурч авч яван Ц.Т-д 3.600.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хуралдаанаар шинжлэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Н.П нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Н.С-ыг “автомашин түрээслэнэ” хэмээн хуурч мэхлэн  түүний эзэмшлийн ... УНВ улсын дугаартай Приус 11 автомашиныг авч яван улмаар 3 сая төгрөгийн барьцаанд тавьж, 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:        

            - хохирогч Н.С-ын мөрдөн байцаалтад өгсөн:... 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн үед өөрийн ... улсын дугаартай машинаараа найз З-гийн гэрийн гадаа очиход З “чи энэ ахтай уулзаадах” гээд П-той уулзуулсан. Тэгэхэд П нь “чи ахдаа машинаа түр өгчихөөч, ах нь юманд яваад ирнэ” гээд гуйгаад салахгүй байхаар нь машинаа өгөөд явуулсан. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 88****** гэсэн дугаараас над руу залгаад ах нь нэг дэх гэхэд бүх юмыг чинь өгнө өө, битгий санаа зовоорой гэсэн мессэж ирсэн байхаар нь би тэр утас руу залгахад холбогдохгүй байсан. Түүнээс хойш огт сураггүй болсон.../хх-20-21/...Би тухайн үед П гэх ах надаас миний машиныг 5 хоног унаж ажил хөөцөлдөж байгаад ирье гээд өдрийн 50.000 төгрөгөөр түрээслэхээр амаар ярьж тохирч машиныг авч явсан...П нь миний машиныг авч яваад сураггүй алга болчихсон.../хх-22/...П анх надад “ахдаа машинаа хэрэглүүлээч бичиг баримт хөөцөлдчихөөд өгье” өдрийн 50.000 төгрөгөөр 7 хоног уначихаад ирье гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-176/

- шүүгдэгч Н.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би Хэнтий аймаг руу яаралтай явах ажил гарсан тул машины хэрэг гарсан...Машин асуухад өдрийн 50.000 төгрөгөөр тохирч prius-11 маркын машиныг 7 хоногийн хугацаатай авч явахаар амаар тохирсон...С-ыг танихгүй, тэр өдөр танилцсан...Тэгээд мөнгөний хэрэг гарсан тул би тэр машиныг хүнд 3.000.000 төгрөгийн барьцаанд тавиад, тэр мөнгөөрөө мурийтай тоглоод мөнгөө алдчихсан...С-т машин унаж явсны хөлс нийт 290.000 төгрөг өгсөн.../хх-33-36/...Н.С-ын машиныг бооцоот тоглоомд тавьж тоглосон...гэх мэдүүлэг /хх-190-191/,

            -  гэрч Б.Т гийн мөрдөн байцаалтад өгсөн :...тэр өдөр Дэлдээ ахын найз П гэх хүн ирээд хөдөө явах унаа хэрэгтэй байна, машин олдох болов уу, өдрийн 50.000 төгрөгөөр түрээслэнэ гэхээр нь би С хашааны гадна машинтайгаа ирчихсэн байна гэж хэлсэн. П ахад 3-4 хоногийн хугацаатай өгч явуулсан...гэх мэдүүлэг /хх-24/,

            - гэрч Б.Золбоогийн мөрдөн байцаалтад өгсөн:... хажуу айлын Т гэх залуу Сыг дуудаад манай гэрт ирсэн ах машин түрээслэж авна гэж уулзуулсан, орой нь П гэж хүн Сын машиныг манай хашаанаас аваад явсан...гэх мэдүүлэг /хх-23/,

            - эд зүйлийн үнэлгээ– 5.000.000 төгрөг /хх-11/

            - тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-18/,

- Яллагдагч Н.Пийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Н.Сумъябаатарын эзэмшлийн ... УНВ улсын дугаартай Приус-11 маркийн автомашиныг залилан мэхэлж авсан гэмт хэргийг “эвлэрсэн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /х-52/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Н.П нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ц.Тыг “1 хоног хөдөө яваад ирье” гэж хуурч мэхлэн, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Ц.Тын эзэмшлийн ... улсын дугаартай приус-10 маркын автомашиныг авч яван, улмаар барьцаанд тавьж 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

-  хохирогч Ц.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 13-14 цагийн үед манай хамаатан П миний эзэмшлийн ... улсын дугаартай приус-10 маркын машиныг 1 хоногийн хугацаатай өгөөч, Сэлэнгэ аймаг яваад ирье гэж хэлээд авсан. 1 хоногийн дараа залгахад холбогдох боломжгүй байсан, гэрт нь очихоор гэрийнхэн нь бас мэдэхгүй байсан. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр миний утас руу нэг хүн залгаад ирж машинаа холдуулаач гэхээр нь “Маршал таун хотхоны граш дээр очиход” наад машин чинь мөнгөний барьцаанд тавьсан өгөхгүй гэсэн. Маргааш нь очиход миний машин байхгүй болсон байсан. 2.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-73, 177/,

- шүүгдэгч Н.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн...2017 оны 01 дүгээр сарын эхээр би Тын машиныг ажлын газраас нь авсан. Би хөдөө ажил хөөцөлдөх гээд машиныг 1 хоног унаад өгөхөөр авсан. Би мөрийтэй тоглоом тоглож мөнгөө алдаж барьцаанд нь машиныг өгчихсөн...Гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Хүний юмыг авч яваад барьцаанд тавиад алдсан нь миний буруу...гэх мэдүүлэг /хх-104, 190-191/ болон шүүхийн хэлэлцүүлэг хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

            - эд зүйлийн үнэлгээ /хх-71/

            - тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-107/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

 Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаангүй байх тул тус хэрэгт нэмж хийлгэх мөрдөн шалгах зарим ажиллагаа буюу нотолбол зохих байдлын зарим дутуу асуудлыг тодотгон дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

Хохирогч Н.С анх “шүүгдэгчид автомашинаа түрээслээгүй гэж” худал мэдүүлэг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаас илэрч байгааг тэмдэглэв.  

Шүүгдэгч Н.П-ийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Н.С-ыг залилан мэхэлж, түүний эзэмшлийн ... улсын дугаартай Приус-11 маркийн автомашиныг авсан гэмт хэргийг “хохирогч, шүүгдэгч нар эвлэрсэн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол нэгэнт гарсан /х-52/ байх тул уг  хэрэгсэхгүй болсон гэмт хэргийг дахин сэргээж түүний эрх зүйн байдлыг дордуулах шаардлагагүй гэж үзэв.     

Харин шүүгдэгч 2017.01.06-ны өдөр залилан мэхлэх гэмт хэрэг дахин  үйлдсэн байх боловч энэ нь шүүгдэгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-нд үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй буюу тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолын хууль ёсны байдлыг үгүйсгэх үндэслэлийг талууд гаргаагүй болно.               

Иймд шүүгдэгч Н.П-ийн үйлдсэн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Н.С-ыг “автомашин түрээслэнэ” хэмээн хуурч мэхлэн түүний эзэмшлийн ...  улсын дугаартай Приус-11 автомашиныг авч яван улмаар 3 сая төгрөгийн барьцаанд тавьж, залилан мэхэлсэн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч Н.П-ийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ц.Т-ыг “автомашинаар чинь 1 хоног хөдөө яваад ирье” гэж хуурч мэхлэн, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Ц.Т-ын эзэмшлийн ...  улсын дугаартай приус-10 маркын автомашиныг авч яван улмаар барьцаанд тавьж 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгч Н.П-ийн үйлдсэн Ц.Т-ыг залилан мэхэлсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар зүйлчилснийг /х-115/ 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсөн байх боловч 2002 оны Эрүүгийн хууль дахь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул гэмт хэргийн зүйлчлэлийг 2002  оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 болгон өөрчлөх үндэслэлтэй болно.      

Хохирогч Н.С нь шүүгдэгчээс 290,000 төгрөг, мөн автомашинаа буцааж авсан, нэхэмжлэх зүйлгүй /х-22, 49/, хохирогч Ц.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болно.  

Шүүгдэгч Н.П-ийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар дууссан байх тул шүүгдэгч Н.П-ийг тухайн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.    

Бусад асуудал: 

            Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.  

Шүүгдэгч Н.П нь 2017.02.10-с 2017.02.13-ны өдөр хүртэл /х-77-79/ 3 хоног, 2018.06.08-с /хх-172, 199/ эхлэн 2018.07.27-ны өдөр хүртэл 48 хоног, нийт 51 хоног цагдан хоригдсон ба түүнийг ялаас чөлөөлсөн тул суллах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

 

ТОГТООХ нь:            

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пид холбогдох 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Н.С-ыг “автомашиныг чинь түрээслэнэ” хэмээн хуурч мэхлэн түүний эзэмшлийн ... УНВ улсын дугаартай Приус-11 автомашиныг авч яван улмаар 3 сая төгрөгийн барьцаанд тавьж, залилан мэхэлсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-д холбогдох 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ц.Т-ыг “автомашинаар чинь 1 хоног хөдөө яваад ирье” гэж хуурч мэхлэн, Ц.Т-ын эзэмшлийн ... улсын дугаартай приус 10 маркын автомашиныг авч яван улмаар барьцаанд тавьж 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 болгон өөрчилсүгэй.    

 3. Шүүгдэгч Н.П-ийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсны улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.  

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

5. Шүүгдэгч Н.П нь бусдад төлөх төлбөргүй, 51 хоног цагдан хоригдсон, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.      

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Н.П-ийг сулласугай.    

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР