Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 154

 

О.О холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч О.О болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 162 дугаар цагаатгах тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр магадлалтай, О.О холбогдох 1831003290030 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 14-нд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч, гадаад худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 19 дүгээр байрны 3 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Оийн О.

О.О нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 08-ны шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь шалган нэвтрүүлэх боомтын хяналт шалгалтын бүсэд Гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 97-07 УБҮ дугаартай “Лексус 570” загварын тээврийн хэрэгслийн жолооч Д.Батмөнхөөс АНУ-д үйлдвэрлэгдсэн “Амвэй” брендийн бүтээгдэхүүнийг “хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа учир хураалгах ёстой, эсхүл татвар төл” гэж 180,000 төгрөгийг авч “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг гэм буруугүйд тооцон цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нар хамтран гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг нягтлан үзэж ялангуяа нэг цаг хугацаанд хамт машинд явсан н.Мөнхтуяа, Д.Батмөнх н.Лувсандорж, н.Сарангэрэл нарын мэдүүлгүүд нь хоорондоо асар зөрүүтэй, тогтворгүй гэж дүгнэсэн. Тухайлбал гаалийн ахлах байцаагч н.Ариунболд, н.Очгэрэл ...машинд хамт явж байсан 4 зорчигч нар 50,000 төгрөгнөөс сүүл сүүлдээ 200,000 гаруй төгрөгийг гаалийн байцаагчид өгсөн гэж худал үндэслэлгүй мэдүүлгүүд өгдөг.

О.Оын гаргасан үйлдэл зөрчил мөн эсэх, ийм зөрчил гарсан эсэхийг шалгаж тогтоосон, сахилгын хорооны хуралдааны тэмдэглэл гаргасан шийдвэр байхгүй, түүнд гаргасан шийдвэрийнхээ хувийг гардуулж өгөөгүй, гомдол гаргах эрхийг нь эдлүүлээгүй зэрэг нь сахилгын хорооны хуралдаан явагдсан эсэхэд эргэлзээ гарч байгаа.

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар О.Отгонжаргал гэсэн улсын байцаагчийн асуудлыг хэлэлцсэн байдаг. Энэ байцаагч одоо ажлаа хийж байгаа болно. Гэтэл нэр андуурагдсан гэж н.Одгэрэл нь О.Оыг О.Отгонжаргал гэж бичсэн гэх мэдүүлэг өгдөг. Тэгвэл О.Отгонжаргал, О.О нарын хэнд нь энэ сахилгын хорооны шийдвэр очсон гэдгийг мөрдөгч тогтоож чадаагүй.

2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын даргын 365 тоот тушаалаар “Гаалийн улсын байцаагчийн “Сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх журам, Сахилгын хорооны хуралдааны дэг”-ийг баталсан байдаг бөгөөд энэхүү журам дэгийг зөрчсөн байдал яригдана.

Журамд зааснаар ....Сахилгын хорооны дарга, гишүүдийг томилсон апбан ёсны, шийдвэр тушаал байхгүй. Хуралдаанаар аливаа асуудлыг хэлэлцэхдээ сахилгын хорооны даргын саналыг үндэслэн Гаалийн ерөнхий газрын дарга тушаал гаргана. Журмын 4.2-т мэдээллийг шалгуулахаар сахилгын хорооны аль нэг гишүүнд хувиарлана. 4.3-т хянан шалгах ажиллагаа явуулахад сахилгын хорооны даргаас удирдамж өгнө. 6.2-т гаалийн улсын байцаагчийн сахилгын зөрчилтэй холбоотой материалыг харьяа гаалийн газар, хороо бүрдүүлэхээр үүрэг хүлээнэ гэсэн заалтууд зөрчигдсөн төдийгүй хэрэгт уг баримт материал авагдаагүй болно. Хуралдааны дэгийн 5.4-т Сахилгын хорооны дүгнэлтийг зөрчил холбогдогчид гардуулан өгч, бүртгэл үйлдэж, гарын үсгээр баталгаажуулна гэсэн заалт хэрэгжээгүй байдал нь сахилгын хорооны хуралдаан болоогүй гэсэн хардлагыг төрүүлж байгаа болно.

Хэргийн 46 талд Гаалийн Ерөнхий газраас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн гэх ДҮД-г мөрдөгч хүлээн авсан байдаг. Гэвч гаалийн газрын гомдол мэдээллийн 1281 утсанд Д.Батмөнх мэдээлэл өгсөн нь нотлогдоогүй. Учир нь хэрэв энэ утсанд хэн нэгэн хүн мэдээлэл өгвөл тухайн өдрийн хүлээн авагч этгээд нь өөрийгөө танилцуулж, /зөвлөхөөс дээш тушаалтан ажилладаг/ гомдол мэдээлийг дэвтэрт бүртгэн мэдээллийн санд оруулах, гомдол мэдээлэл хүлээн авсан цаг хугацааг тодорхой бичиж, холбогдох хэлтэс болон даргадаа мэдээллэх үүрэгтэй байдаг. Гэтэл хаана ярилцсан ярилцлага нь тодорхойгүй 2 хүний яриаг сидинд буулгаж эд мөрийн баримтаар ирүүлсэн боловч хэн гэдэг хүн ярилцаж байгаа нь тогтоогдоогүй, хаанаас эх сурвалжийг авсан нь талаар мөрдөгчийн тэмдэглэл авагдаагүй төдийгүй тухайн газраас хэрэгт ач холбогдолтой дэвтэр, тэмдэглэл, тухайн өдрийн зөвлөх хэн байв гэх мэтийн баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар олж тогтоогоогүй, тэр тусмаа хэний дуу хоолой болохыг ч тогтоож чадаагүй баримтаар мэдээлэл өгсөн байна гэж яллах, шийтгэх эрхгүй гэж үзэж байгаа юм.

Энэ хэргийн хохирогч нь хэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй. Иргэний нэхэмжлэгчээр тогтоосон н.Сарангэрэл би энэ мөнгийг авахгүй орлого болго гэж мэдүүлсэн байдлаас хэн нэгэн албан тушаалтны амьдралаар тоглох гэсэн санаатайгаар худал мэдүүлэг өгч, битгий шалгаарай Пүрэв даргын машин гэж хэлээд байхад шалгасан гэсэн байдлаар өш санаж түүнийг ажилгүй болгох гэсэн атгаг санаа явагдаж байна гэж ойлгогддог. Энэ хүмүүстэй явсан хүмүүс 16,000 төгрөгийн бараа худалдан авсан гэх боловч Монгол Улсаас ОХУ-руу машины эзэмшигч өмчлөгчийг сольж, 16,000 төгрөгийн бараа авахаар уу гэдгийг бид анхаарах ёстой. Ямар ажлаар хаашаа явсныг мөрдөн шалгах тогтоож чадаагүй.

Дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгч хэргийг үйлдсэн гэх О.Оын үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруутайд тооцоход эргэлзээ бүхий байдал үүсгэсэн тул хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Магадлалын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг баримталсан байдаг. Энэ заалт нь анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол тухайн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах гэсэн байх ба тус заалтаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь магадлалын тодорхойлох хэсэгт ...анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг яаж ноцтой зөрчсөн талаар тодорхойлоогүй. Мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ..ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан 1.1- 1.10 дахь заалт хүртэл тогтоосон аль заалтыг зөрчсөн нь тодорхойгүй. Мөн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйл нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хуралдаанаас өмнөх буюу урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэрэглэгдэх заалт гэж үзэж байна. Тэгээд ч цагаатгагдсан этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах гэж хэргийг прокурорт буцааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж нэг бол гэм буруутайд тооцон шийтгэх тогтоол гаргах, нэг бол цагтаагах тогтоол гаргана гэсэн заалтаар нэгэнт О.Оын гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байгаа тул түүнийг цагаатгасан нь зөв гэж үзэж байна.

Харин магадалын тодорхойлох хэсэгт бичигдсэн асуудал, тогтоох хэсэгтээ баримталсан зүйл заалт зөрчилдөж хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргав” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг хэлсэн саналдаа “Гаалийн Ерөнхий газраас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн гэх сиди-г О.Оыг буруутгах гол үндэслэл болгож тайлбарладаг. Гэвч гаалийн газрын гомдол мэдээллийн 1281 утсанд Д.Батмөнх мэдээлэл өгсөн нь нотлогдоогүй буюу мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээгүй. Хэрэв энэ утсанд хэн нэгэн хүн мэдээлэл өгвөл зөвлөхөөс дээш тушаалтан гомдол мэдээллийг дэвтэрт бүртгэн мэдээллийн санд оруулах, гомдол мэдээлэл хүлээн авсан цаг хугацааг тодорхой бичиж, холбогдох хэлтэс болон даргадаа мэдээллэж, хэрхэн шийдвэрлэсэн талаар тэмдэглэл хөтлөх ажиллагаа хийгдээгүй болох нь хэргийн материалаас харагдаж байна. Тийм учир О.Оыг буруутгах үндэслэл болохгүй. Д.Батмөнхийн гомдлоор хэрэг үүссэн гэх боловч ямар байдлаар гомдол гаргасан болох нь тогтоогдоогүй, баримт байхгүй. Гэрч Б.Мөнхтуяа, Д.Батмөнх П.Лувсандорж, Р.Сарангэрэл нарын мэдүүлгүүд нь хоорондоо асар зөрүүтэй буюу “Д.Батмөнх нь эхэлж 50,000 төгрөг өгсөн, дараа нь 80,000 төгрөг өгсөн, бүр сүүлд 200,000 гаруй төгрөг өгсөн” гэдэг. Мөн “мөнгийг хаана өгсөн бэ” гэх асуултад “ширээний доор нь хийсэн, гарт өгсөн, халаасанд нь хийсэн” гэх мэтээр зөрүүтэй мэдүүлдэг. Дээрх зөрүүтэй мэдүүлгээр бусдыг буруутгах үндэслэлгүй. О.О тухайн үед ажлын байрны тодорхойлолтын дагуу автомашиныг шалгасан бөгөөд “Амвэй” брендийн бүтээгдэхүүнийг хувь хүн бус аж ахуй нэгж оруулж ирэх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “О.О холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, гэм буруутай эсэх нь эргэлзээтэй үндэслэлээр анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн О.О холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч О.Оыг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 08-ны шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь шалган нэвтрүүлэх боомтын хяналт шалгалтын бүсэд Гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 97-07 УБҮ дугаартай “Лексус 570” загварын тээврийн хэрэгслийн жолооч Д.Батмөнхөөс АНУ-д үйлдвэрлэгдсэн “Амвэй” брендийн бүтээгдэхүүнийг “хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа учир хураалгах ёстой, эсхүл татвар төл” гэж 180,000 төгрөгийг авч “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалган тогтоогоогүй байхад анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, энэ хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Батмөнх, Р.Сарангэрэл, Б.Мөнхтуяа, П.Лувсандорж нар нь гаалийн улсын байцаагчид өгсөн гэх мөнгөний талаар харилцан өөрөөр мэдүүлсэн мэдүүлгүүдийн аль нь үнэн бодитой болох, гэрчүүд өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа нь ямар хүчин зүйлстэй холбоотой байж болох, тухайн хувь хүний сэтгэцийн онцлогийг судалж, шинжлэх ухааны тусгай мэдлэг, мөрдөн шалгах ажиллагааны бусад арга хэрэгсэл ашиглан хэргийн үйл баримтыг тогтоох, мөн дээрх гэрч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу холбогдох ажиллагааг хийсэн эсэх, түүнчлэн хэрэг гарсан байдал, хэргийг хэн үйлдсэн зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байхад анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, хэлэлцэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.

Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

Түүнчлэн мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, түүнд хууль зүйн зөв дүгнэлт хийх үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй байх тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан “...давж заалдах шатны шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлт нь бодит байдалтай нийцэхгүй байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 162 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.О болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН