Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 1020

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ц******* овогт О*******ын Г*******а /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/13  дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Г*******а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Г*******а нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч О.Г*******а, түүний өмгөөлөгч Н.Д******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...О.Г*******а миний бие Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас зарласан 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орж тэнцэн 2014 оны 5 дугаар сарын 074-ны өдрөөс эхлэн Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар томилогдон тасралтгүй 2,5 жил ажиллаж байна. 

2014-2016 онуудад үр дүнгийн гэрээг ажил олгогчтой байгуулж 2014 онд  А үнэлгээтэй, 2015 онд А үнэлгээтэй тус тус ажлаа дүгнүүлсэн болно. 

Ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Харин 2015 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан. 

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам нь 2014 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон бүтцийн өөрчлөлт хийсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б-20 дугаар тушаалаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн даргаар томилогдсон. 

Гэтэл намайг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хооронд ээлжийн амралтаа эдэлж байх үед буюу Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Б/13 дугаар тушаалаар намайг Санхүү эдийн засгийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан байна. 

Ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйл, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэсэн хэмээн бичжээ. 

Уг тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн заалтыг зөрчсөн тул ажил олгогчийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, хуучин албан тушаалдаа эгүүлэн тогтоолгон, ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох хүртэлх цалингаа гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхэд гаргахад 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 7391 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжид төрийн албаны төв байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх тухай захирамжилсан байна. 

Шүүгчийн захирамжийн дагуу төрийн албаны төв байгууллагад гомдлоо гаргахад 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 958 дугаар албан бичгээр хариу өгсөн бөгөөд уг хариу бичигт хууль хяналтын байгууллагад хандах талаар дурдсан байна. 

Иймд төрийн жинхэнэ албан хаагч миний Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан эрхийг хамгаалан, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан албан тушаалдаа эргүүлэн тогтоолгон, ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгох хүртэлх цалингаа гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэхийг даалгуулах шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч О.Г*******а 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: 

“..Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү хэмээн тодруулж байна” гэв.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 “...Нэхэмжлэгч О.Г*******а нь анх Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Албан тушаалд томилох, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б-47 дугаар тушаалаар Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажилласан байна. 

Мөн 2014 онд Монгол Улсын Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсон учраас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарны 24-ний өдрийн “Албан тушаалд томилох тухай” Б-20 дугаар тушаалаар Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд дахин томилогдон ажилласан байна. 

Харин 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ Засгийн газрын бүтэц, орон тоог шинээр баталсан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах” тухай 03 дугаар тогтоолоор манай яамны нэр, чиг үүрэг, орон тоонд өөрчлөлт орсон ба иргэн О.Г*******ын ажиллаж байсан хэлтсийн харьяалал, нэр, чиг үүрэгт ч өөрчлөлт орж төрийн захиргааны удирдлагын газарт шилжиж “Санхүүгийн хэлтэс” гэсэн нэршлээр батлагдсан. 

Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/33 дугаар албан бичгээр ээлжийн амралттай байгаа албан хаагчдыг 8 дугаар сарын 05-ны өдөр ажлын байрандаа хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн. 

Түүнчлэн 2-3 удаа яамны 2 давхрын “Хаан танхим”-д Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц******* хурал зарлан нийт албан хаагчдад хүний нөөцийн өөрчлөлт, шинэчлэлт хийгдэх болсныг анхааруулж байсан. Мөн Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц******* 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/13 дугаар тушаал гаргаж нэр бүхий албан хаагчдыг чөлөөлсөн. Харин О.Г*******ад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Тэтгэлэг олгох тухай” Б/86 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулинд заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон болно. 

Яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, тэтгэлэг олгох эрхтэй юм. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна. Мөн хуулийн 27.2.4-д тэтгэлэг олгох асуудлыг заасан учраас нэхэмжлэгч О.Г*******ад тэтгэлэг олгосон. 

О.Г*******а нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт заасан хугацаа, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хугацааг зөрчсөн байна. Тэрээр Төрийн албаны зөвлөлд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө гомдол гаргах хуулийн хугацаатай байсан ба 9 дүгээр сарын 19-ний өдөр тус зөвлөлд гомдол гаргасан нь шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Хуулийг мэдэхгүй байх нь хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлд хуульд заасан хугацаанд хандах боломжтой байсан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч О.Г*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б-47 дугаар тушаалаар Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6, “Журам батлах тухай” Улсын Их Хурлын 2013 оны 13 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.6, “Төрийн албаны нөөцөд бүртгэх, нөөцөөс нэр дэвшүүлэх тухай” Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар тогтоол, “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоол, АТГ-ын 2014 оны 03/3764 дүгээр албан бичиг, яамны хөдөлмөрийн дотоод журмын 2.3, 7.1, 7.2-ыг тус тус үндэслэн ахлах мэргэжилтэн Д.Дэчинг Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, уг албан тушаалд О.Г*******ыг 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн томилж, үр дүнгийн гэрээ байгуулан, гэрээг 2015 онд 90.0 “А” буюу маш сайн гэсэн үнэлгээгээр дүгнүүлж байсан нь түүнийг дүгнэсэн баримтаар тогтоогдож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор яамдын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б-20 дугаар тушаалаар тус яамны Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар О.Г*******ыг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс томилж, цалинг хэвээр олгохоор шийдвэрлэжээ. 

Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны бүтцийг баталсан байх бөгөөд уг тушаалтай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 48 дугаар зүйлийн 48.3.2, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Төрийн захиргаа удирдлагын газар дотор Санхүүгийн хэлтсийг хэлтсийн дарга, мэргэжилтэн, ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, нягтлан бодогч, нярав, зохион байгуулагч, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн гэсэн орон тоотойгоор баталсан байна. 

Хариуцагч 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг, 11.6 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Б/13 дугаар тушаалын хавсралтаар О.Г*******ыг Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлжээ. 

О.Г*******ыг Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй нь холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Б/86 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгохоор шийдвэрлэсэн ч тухайн мөнгийг өгөөгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой хэмээн маргажээ.

Нэхэмжлэгч О.Г*******а хариуцагчийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 7391 дүгээр захирамжаар уг нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Уг шүүгчийн захирамжийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гаргаж аваад Төрийн албаны зөвлөлд 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хандсаны дагуу зөвлөлөөс 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 958 дугаар албан бичгээр “...хууль хяналтын байгууллагад зохих ёсоор хандах нь зүйтэй” гэж хариуг өгчээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн тул хариуцагчийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаал үндэслэлтэй хэмээн тайлбарлажээ. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж зааснаас үзэхэд хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болж өөрчлөгдсөн ч бодит байдал дээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд хэвээр хадгалагдаж байгаа нь Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтуудаар тодорхой байх тул маргаан бүхий актын О.Г*******ад холбогдох хэсэг нь хуульд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл О.Г*******ын ажлын байрны нэр солигдсон ч бодит байдал дээр түүнийг чиг үүрэг хэвээр хадгалагдаж байхад түүнийг орон тоо цөөрсөн хэмээн үзэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/13  дугаар тушаалын О.Г*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах гэж нэхэмжилсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг /цалингийн дэлгэрэнгүй 2016 оны 4, 5, 6 дугаар сарууд/ 895.577 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх нийт 85 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /895.577: 21,2=42.244х85/ 3.590.740 /гурван сая таван зуун ерэн   мянга долоон зуун дөч/ төгрөгийг О.Г*******ад олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.  

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан О.Г*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/13  дугаар тушаалын О.Г*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Г*******ыг өмнө эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан  ажилгүй байсан хугацааны 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 3.590.740 /гурван сая таван зуун ерэн   мянга долоон зуун дөч/  төгрөгийг О.Г*******ад олгож, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгасугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч О.Г*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Ц.САЙХАНТУЯА