Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 644

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г даргалж,

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

            Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

            Шүүгдэгч Н.Г, Н.О, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н-н Г, Б овогт Н-н О нарт холбогдох эрүүгийн 1808009000455 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт :

            Монгол Улсын иргэн,        

            Монгол Улсын иргэн,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Н.Г, Н.О нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Сонсголон бармат” ХХК-ийн үйлдвэрийн цахилгааны шитийг эвдэж, үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч гуулин бурхан, зүлгэгчний ир 10 ширхэг,  тоглоомын загварын машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахыг завдаж бусдад 680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:  

            Шүүгдэгч Н.Г, Н.О нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Сонсголон бармат” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч гуулин бурхан, зүлгэгчний ир 10 ширхэг,  тоглоомын загварын машин буюу нийт 680.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан болох нь :   

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-7/,

- гэрч К.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 09 цагт ээлжээ хүлээн аваад ажиллаж байгаад 8 цаг /орой/ болж байх үед объектоо тойроод 20:30 цагийн үед өрөөндөө орох гэтэл байрны баруун талын хаалга онгорхой байхаар нь гайхан хаалгаа хаагаад өрөөндөө орж иртэл 2 давхарт хүний хөлийн чимээ гарахаар нь хулгай орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгчихөөд дээшээ гартал захирлын өрөөний хаалга онгойлгосон байдалтай дотор нь 2 залуу захирлын төмөр сефийг зөөсөн байдалтай байсан. Намайг хараад 1 залуу түлхээд зугтахаар нь би үлдсэн залууг нь барьж авсан. Уг залуугийн хувцаснаас захирлын өрөөнд байдаг шаргал төмөр бурхан гарч ирсэн...гэх мэдүүлэг /хх-19-20/,

- хохирогч С.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр миний өрөөний хаалгыг эвдэж ороод миний өрөөний номын шүүгээнд байсан гуулин бурханыг авсан байсан /хх-17/ мөн тогоомон машин, төмөр таслагчийн ир 4 хайрцаг зэргийг авах гээд хаячихсан байсныг нь олж авсан...20х10 см хэмжээтэй загвар машинууд байсан. Төмөр таслагчийн 1 хайрцагтаа 20 ш байдаг.../х-98/ гэх мэдүүлэг,

- эд зүйлийн үнэлгээ /хх-32/

- шүүгдэгч Н.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 02 дугаар сарын 06-ны 16 цагийн орчимд  найз Г-ынд очсон, 1 шил архи авч хоёулаа хувааж ууж байхдаа хойшоо карьерын хажуу талын балгас болсон байшин руу явж төмрийн хог авч тушаая гэхэд Г тэгье гээд хоёулаа хамт гараад таксинд суугаад тэр байшин руу очсон...хажуу талын 2 давхар байшингийн 1 давхрын цонхоор нь орсон...тэнд байсан таслагчийн 1 боодол ир, 4 ш сувинерийн машин байсныг аваад гарах гэтэл гэрэл тусаад манаач гараад ирэхлээр нь авсан зүйлүүдээ шидээд үсэрч буусан...гэх мэдүүлэг /хх-82-83/,   

- шүүгдэгч Н.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...тухайн үед 2 давхар байшингийн 2 давхарт нь гараад мухарт нь байсан өрөөний хаалгыг татахад цоож нь эвдрээд онгойсон...4 хайрцагтай хүнд зүйл байсныг аваад явах гэтэл нэг давхарт гэрэл гарсан, цонхоор нөгөө 4 хайрцагтай зүйлээ шидээд цонхоор үсэрсэн...би шагайгаа гэмтээчихсэн байсан тул манаач намайг барьж авсан...гэх мэдүүлэг /хх-76/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.   

 

            Иймд шүүгдэгч Н.Г, Н.О-ыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

            Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.   

            Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхээр завдсан байх тул хохирогчийн эд зүйлсийг буцаан өгсөн буюу бусдад төлөх төлбөргүй байна.  

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

            Шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.      

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2, 2.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал, хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан тус тус хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

Бусад асуудал   

Шүүгдэгч Н.Г, Н.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Г, Н.О нарыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д зааснаар шүүгдэгч Н.Г, Н.О нарыг тус бүр 06 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Г, Н.О нарын тус бүр эдлэх 06 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.  

 

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

5. Шүүгдэгч Н.Г, Н.О нарыг цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тооцсугай.     

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Н.Г, Н.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үрггэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.Г