| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 2530000000043 |
| Дугаар | 2025/ДШМ/36 |
| Огноо | 2025-11-14 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/36
2025 11 14 2025/ДШМ/36
*******т холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр,
прокурор Х.Ууганбат,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
хохирогчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2530000000043 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1988 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Асгат сумын 2 дугаар багийн үндсэн харьяат, одоо Баруун-Урт сумын 9 дүгээр баг, “Хайлааст”-ын 24-25 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* (*******),
2.Шүүгдэгч ******* 2025 оны 02 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "+30" шөнийн цэнгээний газарт ******* үл ялих зүйлээс болж маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн газарт түлхэн унагааж, түүний биед “баруун чамархайн доод дунд ирмэгээс суурь ясны их далавч хүртэл үргэлжилж төгссөн шугаман хугарал, тархины баруун зулай, чамархайн хамарсан хатуу хальсан дээрх цус хураа, тархи дарагдал, тархины баруун зулай, дагз, чамархайн дэлбэнд няцрал, баруун чамархайн, зулайн хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн булчингийн цус хуралт, дээд уруулд зулгаралт” бүхий гэмтэл учруулж, алсан гэмт хэрэгт холбогджээ
3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбат нь шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: *******ыг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь амь хохирогчийн оршуулгын зардалд 6,500,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 56,609 төгрөгийн хохирлыг иргэний нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдаж, шүүгдэгчээс амь хохирогчийн оршуулгын зардлын үлдэгдэлд 9,991,034 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 118,800,000 төгрөг, нийт 128,791,034 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* олгохоор шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой үл ялих зүйлээс болж маргалдан, хувийн таарамжгүй харьцаа үүсгэн газарт түлхэн унагаж, амь насыг нь хохироосон, шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн үхэл хоёрын шалтгаант холбоог бүрдүүлсэн гэх шүүхийн дүгнэлттэй маргахгүй. Шүүгдэгчийн амь хохирогчийг түлхэж унагасан үйлдлийн улмаас түүнд тархины гэмтэл үүсэж, улмаар амь нас нь хохирсон шалтгаант холбоог үгүйсгэхгүй, гэм буруутай үйлдлээ шүүгдэгч хүлээн зөвшөөрч байгаа болно. Харин бусдын амь насыг санаатай хохироосон гэх гэмт хэргийн зүйлчлэл, сэдэл, гэм буруугийн хэлбэрийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Санаатай гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдэж, түүнийг хүсэж үйлдсэн /шууд санаатай/, эсхүл тэрхүү хохирол, хор уршигт зориуд хүргэсэн /шууд бус санаатай/ шинжтэй байдаг ба хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийг ялган зүйлчлэх гол шинж нь гэм буруугийн хэлбэр юм. Болгоомжгүй гэм буруугийн хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн үр дагаврыг мэдсэн хэдий боловч түүнийг бий болгохгүй байж чадна гэж өөртөө найдсан, эсхүл үйлдлийнх нь улмаас нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдчилан харах ёстой, боломжтой ч харж чадалгүйгээр хор уршигт хүргэсэн байдлыг зүйлчлэлд гол шалгуур болгон авч үздэг. Хохирогчийг түлхэж унагаасан үйлдэл нь санаатай боловч шүүгдэгчийн зүгээс хохирогчийн амь насыг хохироохыг хүсэж, тухайн түлхэлтийн улмаас хохирогч толгойгоороо шал мөргөн унаж улмаар үхэлд хүргэсэн гэмтлийг авах болно гэдгийг урьдаас сайтар мэдэж, тэрхүү үр дүнд ухамсартайгаар зориуд хүргэсэн гэж буруутган дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Шүүх шүүгдэгчийн гэм буруу, санаа зорилгын хэлбэрийг бүрэн гүйцэд судалж, хэргийн байдалд нийцсэн бодитой дүгнэлтийг хийж чадаагүй, зөвхөн түүний ухамсарт сэтгэхүй, эрх зүйн чадамжийн байдлаар нь өөрийн зүгээс түлхэх хүчний үйлчлэлээр хүний биед их, бага хэмжээгээр ямар нэг гэмтэл учирч болзошгүйг ухамсарлах учиртай гэсэн ухагдахуунаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь буруу, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна. Шүүгдэгч *******ын амь хохирогч Мөнхбаярыг түлхэж унагаасан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх хууль зүйн ойлголтод хамрахаар, шүүгдэгчийг зориуд хохирол, хор уршигт хүргэх зорилгоор хүсэж хийсэн санаатай үйлдэл гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалтай нийцээгүй байна. Мөн шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг баримталж сэтгэл санаанд учирсан хохирлыг 118,800,000 төгрөгөөр тогтоосон. Тухайн хэрэг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн. Энэ үед Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт Үндэсний хорооны “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоол үйлчилж байсан. Энэ тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тогтоосон байдаг. Сэтгэл санаанд учирсан хохирлыг шүүх буруу тооцож гаргасан. Иймд шийтгэх тогтоолд зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн болон сэтгэл санаанд учирсан хохирлын хэмжээг тооцож, тогтоосон хэсэгт өөрчлөлт оруулахыг хүсэж байна гэв.
6.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хохирогчийг санаатай алаагүй гэв.
7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатын шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхийг хүсэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон байхад үүнийг санаатайгаар шийдлээ гэдэг утгаар гомдол гаргасан байсан. *******ын хувьд шууд бус санаа зорилготойгоор дээрх гэмт хэргийг үйлдэж, хүний амь нас хохироосон гэв.
8.Прокурор Х.Ууганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно. Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. *******ын үйлдэл нь болгоомжгүй үйлдэл биш байсан гэдгийг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дуу дүрсний бичлэгээс харсан бөгөөд түүний үйлдэлд ямар нэгэн болгоомжгүй үйлдэл огт байгаагүй. “+30” гэх нэртэй шөнийн цэнгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргаж, хувийн таарамжгүй харилцааг үүсгэж, түүний үйлдлийг зогсоох гэсэн хүмүүсийн үйлдлийг эсэргүүцэж, тухайн хоригийг давж хохирогчтой зууралдаж, газарт түлхэн унагааж буй нөхцөл байдлуудаас авч үзвэл ******* нь хохирогчийн үхлийг хүсэж үйлдэл хийсэн болох нь харагдаж байна. Мөн *******ын үйлдэл нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас амь хохирогч Г.Мөнхбаяр нь нас бараагүй байна. Харин хүнийг алах гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргээс ялгагдан зүйлчилдэг юм. 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөр тогтоосон. Гэмт хэрэг гарсан хугацаагаар тооцон 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 99,000,000 төгрөг байхаар бодох ёстой байсан гэж хэлж байна гэж ойлголоо. Анхан шатны шүүх 792,000 төгрөгөөр тооцсон нь зөв гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий бөгөөд шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг нарын зүгээс гаргаж буй тайлбар нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
9.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
10.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
11.Шүүгдэгч ******* 2025 оны 02 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "+30" шөнийн цэнгээний газарт ******* үл ялих зүйлээс болж маргалдан түлхэн унагааж Г биед “баруун чамархайн доод дунд ирмэгээс суурь ясны их далавч хүртэл үргэлжилж төгссөн шугаман хугарал, тархины баруун зулай, чамархайн хамарсан хатуу хальсан дээрх цус хураа, тархи дарагдал, тархины баруун зулай, дагз, чамархайн дэлбэнд няцрал, баруун чамархайн, зулайн хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн булчингийн цус хуралт, дээд уруулд зулгаралт” бүхий гэмтэл учруулж, алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, хэргийн бодит байдалд нийцсэн байна. Үүнд:
11.1.Шүүгдэгч *******ын “Би “+30” бааранд бүжиглэж байхад, чи ингэж бүжиглэдэг юм уу гээд над руу дайрч миний энгэрээс татаж “хаанахын лалар вэ чи” гэсэн. Хоёулаа муудмааргүй байна гэхэд намайг заамдаж татаад байсан. Дараа нь уучлалт гуйгаад л салсан. Би гайгүй байх л гэж бодсон. Би цамцаа тайлчхаад гадаа гараад уулзсан юм. Авгай нь намайг цохиод “чи нэгийгээ яаж байгаа юм” гэсэн. “Эмнэлэгт үзүүлэх юм уу” гэсэн чинь гайгүй ээ, гайгүй гэсэн...” гэх (1 хх, 2 хх 27-29 дугаар хуудас),
11.2.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр, бид хоёр найзуудтайгаа уулзаж, “+30” бааранд орсон. Биднийг ороход нэг согтуу залуу хүн, хүн рүү дайрах гээд байсан. Би бүжиглэж байгаад нөхрөө харахад бүжгийн талбай дээр уначихсан байсан. Манай нөхөр 2-3 орчим минут болоод ухаан орсон. Би нөхрөө түшиж босгоод гайгүй юу гэхэд "Гайгүй, гайгүй, нөгөө согтуу урт куртиктэй залуу намайг зодсон" гэж надад хэлсэн. Тэндээс гараад "Биллион" баарны 2 давхрын караокед орсон. Нэг харсан унтчихсан бололтой сандлын хажуугаар доошоо хараад хэвтчихсэн байсан. Анхбаяр түргэн дуудсан. Түргэний эмч ирж үзээд эмнэлэг авч явсан. Өглөө 09 цагийн орчим толгойны хагалгаанд орсон.” гэх мэдүүлэг (Хэргийн 1-р хавтасны 30-36 дугаар хуудас),
11.3. Гэрч : “2025 оны 02 сарын 11-ний шөнө 03 цаг 40 минутын үед “"Биллион" бааранд хүн ухаангүй байна" гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход 40 орчим насны хүн ухаангүй, хажуу талаараа шалан дээр хэвтэж байсан. Тухайн хүний аманд нь цусны хольцтой цэр ялгарсан, хэлээ хазсан, хүүхэн хараа 2 талд өргөссөн, гэрлийн урвалгүй, толгойн баруун дээд хэсэгт хавантай, доороо хүндэрчихсэн байсан. Тухайн хүнийг сэрээх гэтэл сэрэхгүй ямар ч хариу урвалгүй байсан. Дэргэдэх хүмүүсийн үгээр "+30" бааранд ороод хүнтэй муудсан, өшиглүүлсэн гэсэн. Тухайн хүний биед толгойн баруун дээд хэсэгт хавдсан байсан." гэх мэдүүлэг (Хэргийн 1-р хавтасны 39-40 дүгээр хуудас),
11.4.Гэрч : “2025 оны 02 сарын 10-аас 11-нд шилжих шөнийн 02 цагийн үед манай караокены 6 тоот өрөөнд 4-5 эрэгтэй, 2 эмэгтэй, нэг нь хүүхэдтэйгээ орцгоосон. Тэд "+30" баар хүн ихтэй, зодоон болох шахсан гэж ярьцгаасан. Тэгээд 03 цаг өнгөрөөгөөд эрчүүд нь нэг хүнээ дамжлаад өргөөд гарч ирсэн. Эхнэр нь бололтой хүн "Би нөхрөө яаж тасардгийг нь мэднэ. Өдийд сэрэх ёстой" гээд уйлаад байсан. Караокены гарах хаалганы дотор талд тэр хүнийг хэвтүүлээд түргэн дуудсан." гэх мэдүүлэг (Хэргийн 1-р хавтасны 43-45 дугаар хуудас),
11.5. Гэрч : “2025 оны 02 сарын 10-ны орой "+30" бааранд хүн ихтэй, 30 орчим хүмүүс орж, гарч үйлчлүүлсэн. 01 цагийн орчимд нэг эмэгтэй над дээр ирээд: “Манай нөхрийг хүн цохичихлоо, ухаан алдсан” гэж хэлэхээр нь харсан чинь бүжгийн талбайн баруун урд хэсэгт улаан өнгийн дээлтэй хүн шалан дээр хэвтэж байсан. Удалгүй тэр хүн эхнэртэйгээ хамт гараад явсан” гэх мэдүүлэг (Хэргийн 1-р хавтасны 48-49 дүгээр хуудас),
11.6.Гэрч : “2025 оны 02 дугаар сарын 10-ны орой 01 цагийн үед бүжгийн талбай дээр зогсож байсан нэг залуу "Чи намайг өдөөд байсан” гээд улаан өнгийн дээлтэй залуутай хэрэлдээд байх шиг байсан. Нэг мэдэхэд улаан дээлтэй залууг цагаан өнгийн саравчтай малгайтай залуу газар унагаачихсан дээрээс нь далайгаад цохилгүй больж байх шиг харагдсан..." гэх мэдүүлэг (Хэргийн 1-р хавтасны 52-53 дугаар хуудас),
11.7.Гэрч : “ “+30” баарны гадаа зогсож байхад нэг ах манай машин дээр ирээд: “Улаан дээлтэй залуу та нартай хамт явж байгаа юу? Хүнтэй муудаад байсан" гэж хэлсэн. Мөнхбаяр, эхнэртэйгээ гарч ирсэн. Эхнэр нь: “Мөнхбаярыг бааранд нэг хүнтэй муудалцсан, Мөнхбаярыг түлхсэн.” гэж хэлсэн. Бүгдээрээ "Биллион" баарны хоёр давхрын караокед орж, хэсэг суусан. Мөнхбаяр нэг харсан чинь сандлын хажуугаар доошоо харсан байдалтай, тасарчихсан юм шиг хэвтэж байсан. Бүгд хувцсаа өмсөөд Мөнхбаяр сэрэхгүй, хурхираад байхаар нь өргөөд өрөөнөөс гарсан. Мөнхбаяраас эвгүй үнэр үнэртэхээр нь би гэнэт "Бааранд хүнтэй муудалцсан" гэснийг нь санаад эмнэлэг рүү дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг (Хэргийн 1-р хавтасны 56-58 дугаар хуудас),
11.8.Гэрч : “Нэг хүн: "Та хэдтэй явж байсан улаан дээлтэй хүн дотор ойчоод өглөө" гэж хэлсэн. Мөнхбаяр, эхнэрийн хамт, дээгүүрээ нүцгэн, танихгүй залуутай гарч ирсэн. Мөнхбаярын эхнэр тухайн залууг "Чи манай нөхрийг зодчихлоо" гээд гараараа нуруу руу нь цохиод байсан. Тэндээсээ бид "Биллион" баар руу явцгаасан. Мөнхбаярыг караокены өрөөнд буйдан, ширээ хоёрын дунд сууж байхад эхнэр нь буйдан дээр хэвтүүлсэн. Бид Мөнхбаярыг тасраад унтаад байна гэж бодсон...” гэх мэдүүлэг (Хэргийн 1-р хавтасны 61-63 дугаар хуудас),
11.9. Гэрч : “Бид гурвыг машиндаа сууж байтал нэг танихгүй залуу ирээд: "Улаан дээлтэй залуу танай найз мөн үү, дотор хүнтэй муудах гээд байна" гэж хэлсэн. Биднийг машинаасаа буугаад баар руу орох гэтэл Мөнхбаяр, эхнэртэйгээ гараад ирсэн. Мөнхбаярын эхнэр нэг залууг загнаад байх шиг байсан. Бид Мөнхбаяраас "яасан гайгүй юу” гэсэн чинь Мөнхбаяр "гайгүй ээ" гэсэн..." гэх мэдүүлэг (Хэргийн 1-р хавтасны 66-68 дугаар хуудас),
11.10. Гэрч Б.Болорцэцэгийн: “Би машинд суугаад хүүхдээ хөхүүлж байтал нэг залуу ирээд: "Улаан дээлтэй хүн та нартай цуг явж байгаа юу, хүнтэй муудаад дотор хүнд цохиулаад ойччихлоо" гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр Наранбаатар, Анхбаяр нар машинаас буусан. Мөнхбаяр эхнэрийнхээ хамт машинд орж ирээд суусан. Тэгээд “Биллион” гэх баарны 2 давхарт байдаг караоке руу бүгд орсон. Мөнхбаяр ширээ, сандал хоёрын голд тасарчихсан юм шиг хэвтээд унтаж байсан..." гэх мэдүүлэг (Хэргийн 1-р хавтасны 71-73 дугаар хуудас),
11.11.Гэрч : “Мөнхбаяр, эхнэртэйгээ хамт "+30" баар руу орсон. Харин би, Баярмагнай, Болорцэцэг нарын хамт баар руу оролгүй, гадаа нь байсан. Тэр үед Наранбаатар, Анхбаяр хоёр Баярмагнайн хүүхдийг гэрт унтуулна гээд машинтай аваад явсан. Эргэж ирэх үед нэг хүн ирээд “Улаан дээлтэй хүнийг чинь хүн зодчихлоо" гэж хэлсэн. Биднийг баар руу орох гэхэд Мөнхбаяр, эхнэр Сүрнээгийн хамт нэг залуутай гараад ирсэн. Сүрнээ тэр залуу руу “Энэ манай нөхрийг зодсон" гээд дайраад байсан..." гэх мэдүүлэг (Хэргийн 1-р хавтасны 76-78 дугаар хуудас),
11.12.Гэрч : “Амь хохирогч Г.Мөнхбаяр нь баруун чамархайн доод дунд ирмэгээс суурь ясны их далавч хүртэл үргэлжилж төгссөн шугаман хугарлын улмаас тархины баруун зулай, чамархайн хамарсан хатуу хальсан дээрх цус хураа үүсэж, тархи дарагдалт үүссэн гэмтэл авсан тухайн үедээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ч амь нас аврагдах боломжгүй...” гэх мэдүүлэг (Хэргийн 1-р хавтасны 85-86 дугаар хуудас) гэх мэдүүлэг,
11.13.Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн "Г биед баруун чамархай ясанд хугарал, баруун тал бөмбөлгийн зулай, дагз, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, тархины няцрал, баруун чамархай, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Амь насанд аюултай тул хохирлын зэрэг тогтоох журамд зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас (Хэргийн 1-р хавтасны 91-94 дүгээр хуудас),
11.14.Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн "*******ын биед хүзүүнд зулгаралт, баруун сарвуу, баруун шагайнд зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй." гэх дүгнэлт (Хэргийн 1-р хавтасны 100-101 дугаар хуудас),
11.15.Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 17 дугаартай "Амь хохирогч Г цогцост баруун чамархайн доод дунд ирмэгээс суурь ясны их далавч хүртэл үргэлжилж төгссөн шугаман хугарал, тархины баруун зулай, чамархайн хамарсан хатуу хальсан дээрх цус хураа, тархи дарагдал, тархины баруун зулай, дагз, чамархайн дэлбэнд няцрал, баруун чамархайн, зулайн хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн булчингийн цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Амь хохирогч Г баруун чамархайн доод дунд ирмэгээс суурь ясны их далавч хүртэл үргэлжилж төгссөн шугаман хугарлын улмаас тархины баруун зулай, чамархайн хамарсан хатуу хальсан дээрх цус хураа үүсэж, тархи дарагдаж нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (Хэргийн 1-р хавтасны 108-118 дугаар хуудас),
11.16.Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц, эмгэг судлалын "******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Болсон асуудлыг бодитоор тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Уг хэрэгт үйл явдлаас болж түүний сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. ******* нь хэрэг хариуцах чадвартай." гэх дүгнэлт, шинжилгээ (Хэргийн 1-р хавтасны 171-172 дугаар хуудас),
11.17.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 930 дугаартай "2025 оны 02 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна." гэх дүгнэлт (Хэргийн 1-р хавтасны 178-179 дугааp хуудас),
11.18.Цогцос, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (Хэргийн 1-р хавтасны 15-20 дугааp хуудас),
11.19.“Биллион”, “+30” баарнуудын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (Хэргийн 1-р хавтасны 23-24 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
12.Хэрэгт авагдсан амь хохирогчийн өвчний түүх, хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн болон шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хохирол болон оршуулгын зардал төлсөн тухай баримтууд, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно.
13.Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв, эрүүгийн хуулийн ерөнхий, тусгай ангийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай үйлдлээр нөхөн сэргээгдэх боломжгүй хор уршиг учруулж үйлдэгддэг.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "+30" шөнийн цэнгээний газарт ******* үл ялих зүйлээс болж маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн газарт түлхэн унагааж, Г биед “баруун чамархайн доод, дунд ирмэгээс суурь ясны их далавч хүртэл үргэлжилж төгссөн шугаман хугарал, тархины баруун зулай, чамархайг хамарсан хатуу хальсан дээрх цус хураа, тархи дарагдал, тархины баруун зулай, дагз, чамархайн дэлбэнд няцрал, баруун чамархайн, зулайн хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн булчингийн цус хуралт, дээд уруулд зулгаралт” бүхий гэмтэл учруулж амь насыг хохироосон нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, гэмт үйлдэл бөгөөд түүний энэ үйлдлийн улмаас хохирогч нас барснаар шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн үхэл шалтгаант холбоотой гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
14.Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагыг нийгэмшүүлэх зорилгод нийцсэн байна.
15.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг нь “шүүгдэгч *******ыг болгоомжгүйгээр хүн алсан гэх үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гэмт хэрэг үйлдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нөхөн гаргуулах”-ыг хүссэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
16.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж, мөн энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж хууль тогтоогч хуульчлан тайлбарласан.
Хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь амь хохирогчийг санаатайгаар шал руу түлхэж, унагаан тархинд нь үхэлд хүргэх хэмжээний хүнд гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг санаатайгаар хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.
Түүнээс гадна шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан “шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулж, уг гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн” гэх үндэслэл хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учрал болсон газрын хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг баримтаар үгүйсгэгдэж, нотлогдохгүй байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг хууль тогтоогчоос “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэж хуульчлан тогтоосон бөгөөд шүүгдэгч *******ын амь хохирогчийг шөнийн цэнгээний газрын шал руу түлхэж, унагаан тархинд нь хүнд гэмтэл санаатайгаар учруулсан үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн аваагүй болно.
17.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд эдийн бус гэм хорыг арилгах тухай мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж хуульчилсан.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заажээ. Энэ дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99.000.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч *******аар нөхөн төлүүлэх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн гомдлыг хангаж шийдвэрлэв.
Ингэхдээ Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар тогтоолыг жишиг болгосон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулсугай:
1.1.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас амь хохирогчийн оршуулгын зардлын үлдэгдэлд 9,991,034 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 99,000,000 төгрөг, нийт 108,991,034 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* олгосугай.” гэж өөрчилсүгэй.
1.2.Шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч *******ын цагдан хоригдсон нийт 50 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
Гурав. Шүүгдэгч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* 3,500,000 (Гурван сая таван зуун мянга) төгрөг төлсөн болохыг дурдсугай.
Дөрөв. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ
О.БААТАРСҮХ