Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 647

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

            Улсын яллагч Ц.Гансүлд,

            Шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогтой Я.Б-д холбогдох эрүүгийн 1808028220710 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Я.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө иргэн Х.Э-ын эзэмшлийн Монгол гэрт нэвтэрч 32 инчийн ЛСД зурагт, хоолны мах зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бусдад нийт 305.500 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

            Шүүгдэгч Я.Б нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө иргэн Х.Э-ын эзэмшлийн Монгол гэрт нэвтэрч 32 инчийн ЛСД зурагт, хоолны мах зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бусдад нийт 305.500 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7, 8-9/,

- эд зүйлийн үнэлгээ /хх-39-40/,   

- хохирогч Х.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэртээ ирэх замдаа хашааныхаа гадна Б, эхнэр О-ы хамт явж байхад нь таарсан. Тэгээд бид 3 манайд ороод...сууж байхад манай Г-ийн нутгийн залуу согтуу орж ирээд цуг архи ууя гээд янз бүрийн зүйл яриад байхаар нь хэрэггүй, чи яв гээд гаргасан...Унтаж байгаад 03 цаг өнгөрч байхад босоод хөргөгч дотроосоо махаа авах гэтэл алга болсон байсан...мөн зурагтын тавиур дээр байсан зурагт байхгүй байсан...Д-ын эхнэр цагдаа нарт “Т гэх залуу шөнө орж ирээд ус уугаад орж гараад хашаан дотор юм түжигнүүлээд байсан” гэж хэлэхэд цагдаа нар Д-ын хашаанд байх ногоон өнгийн амбаараас манай гэрээс алдагдсан зурагт, түмпэн дотор хийсэн хоолны махыг гаргаж ирсэн...гэх мэдүүлэг /хх-20-21/,

- иргэний нэхэмжлэгч О.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: ... Б 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн үүрээр 04 цаг өнгөрч байхад орж ирээд надад мөнгө байна, хоёулаа архи ууя гээд намайг сэрээсэн. Би өглөө дэлгүүр нээхээр болъё гээд буцаад унтсан. Тэгээд 4 цаг өнгөрч байхад цагдаа нар орж ирээд манай хашааны урд байдаг ногоон өнгийн жижиг амбаар дотор хар өнгийн ЛСД зурагт, манай шүүгээнд байсан түмпэн, мах зэргийг нуусан байсан. Т өглөө орж ирэхдээ ус уугаад гал тогооны шүүгээ хавиар түмпэн сав түжигнүүлээд байсан... гэх  мэдүүлэг /хх-23-24/,

- гэрч Ч.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Э-ын гэрт ороход хойморт нь шар өнгийн мөлхөө тавилга дээр зурагт харагдаж байсан.Биднийг байхад Т гэх залуу орж ирээд 1 рунк архи уугаад Э харьж амар гээд явуулсан... гэх мэдүүлэг /хх-30-31/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-10/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-17/,

- ял шалгах хуудас /хх-57/

- шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-61-72/

- шүүгдэгч Я.Б-н мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Э ахын гэрт ороход М ахын ах, эхнэр нь, Э нар архи уугаад сууж байсан...тэр гуравтай хамт архи уусан, би нилээн согтсон. Э ах “чи согтсон байна, харьж амар гэхээр” нь гарч яваад өөрт байсан мөнгөөр гудамжинд архи авч уусан...М ахын зүүн талын жалган дээр байдаг Д ахын гэрт ороход тэдний гэрийнхэн унтаж байсан...Би тэднийхээс нэг гараад, нэг ороод байснаа санаж байна...Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг / хх-52-53/...би тэдний гэрээс нэг гараад, нэг орж байснаа санаж байна, мөн бетоноос ус ууж байсан. Би болсон асуудлын талаар заримыг нь санаад, заримыг нь санахгүй байна, нилээн согтуу байсан.../хх-88-89/ гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч Я.Б-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

            Шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлийг хүлээлгэж өгсөн, хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн /хх-82/ байна.     

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь урьд хэд хэдэн гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, тухайн ялын хугацаа дуусч суллагдсан тухай баримт хэрэгт байгааг тэмдэглэв.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.   

Бусад асуудал   

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй,  шүүгдэгч Я.Б нь 2018.07.23-ны өдрөөс 2018.07.27-ны өдөр хүртэл 4 хоног цагдан хоригдсон, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я.Б-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д зааснаар шүүгдэгч Я.Б-ыг 2 жил хорих ялаар шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.Б-ын эдлэх 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Я.Б-ын цагдан хоригдсон нийт 4 /дөрөв/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаад оруулан тооцсугай.

 

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Шүүгдэгч Я.Б-ын цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.       

 

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Я.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР