| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0639/Э |
| Дугаар | 650 |
| Огноо | 2018-07-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 650
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Б.Энэрэл,
Шүүгдэгч Б.З, Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Cонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтанд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З, Д.Т нарт холбогдох 1808019890636 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т, Б.З нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэст байрлах дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан байсан иргэн Б.М-ын эзэмшлийн Аксент маркийн тээврийн хэрэгслийг нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад нийт 1.500.000 төгрөгний буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Т, Б.З нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн орчим иргэн Б.М-ын эзэмшлийн Аксент маркийн тээврийн хэрэгслийг нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад нийт 1.500.000 төгрөгний буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/,
- автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирол төлсөн баримтууд /хх-91-94/,
- эд зүйл хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэл /хх-20/,
- “Хаан” банкийн орлогын мэдүүлэг, хохирол төлсөн баримтууд /хх-91-94/,
- хохирогч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн...Би 2018 оны 04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байрны гадна талаас шөнийн 00 цаг 30 минутаас 01 цагийн хооронд өөрийн эзэмшлийн 84-36 УБЭ улсын дугаартай Аксент маркийн цагаан өнгийн машинаа алдсан. Би 2018 оны 04 дүгээр сарын 14 ний өдөр 22 цагийн үед өөрийн гэрийнхээ цонхныхоо доор машинаа тавьчихаад гэртээ орж кино үзэж сууж байгаад 01 цаг гээд хүүхдүүд унтсаны дараа гэрлээ унтраагаад хөшгөө хаах гэсэн чинь цонхны доор тавьсан миний машин байхгүй, алга болсон байхаар нь цагдаа дуудсан. Манай дүү 00 цаг 30 минутад манайхаас гараад явсан. Тэгэхэд нь миний машин байсан гэсэн. Би 2017 оны 08 дугаар сард машинаа хүнээс 2.800.000 төгрөгөөр авч байсан. Би машинаа авснаасаа хойш явах эд ангийг нь бүгдийг нь сайжруулж сольсон. Миний машины 4 амартизаторнь “Бум Бум” үйлдвэрийн шар өнгөтэй, хамгаалалтын 4цэнхэр резинтэй, 4 шинэ амартизатор байсан. Машины янданг нимгэн төмрөөр өлгийдөж гагнасан, хойд талын 2 кирланы доод ирмэг нь зэвтэй, баруун талын багананы хэсэгт бага зэрэг хонхорхойтой, 4 дугуй нь цагаан өнгийн 5 салаа обудтай 175/65/14-тэй дугуйтай байсан. Дотор талдаа СD уншдаг Sony гэсэн хөгжимтэй 3 ширхэг цахилгаан дуут дохиотой байсан. Би машинаа авсан үнээрээ буюу 2.800.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-25-27/ ...Би уг автомашиныг хулгайлсан ...хүмүүстэй тохиролцон 3.500.000 төгрөг нэхэмжилж аваад уг автомашиныг уг хүмүүст буцаан өгөхөөр тохирсон болно. Уг хүмүүс нь миний хохирлыг төлж барагдуулж байгаа учир надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-28-29/,
- гэрч Ё.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн...хашаанд нэг ногоон өнгийн Аксентмаркийнавтомашин задалчихсан байсан. Уг автомашин нь Т-ын аксент биш юм шиг харагдахаар нь Т-аас юун автомашин болох талаар нь асуухад “өөрийнхөө автомашинаар хүнтэй сольсон юм” гэж хэлж байсан. ...Хулгайн автомашин байсан талаар нь цагдаад шалгагдсанаас нь хойш л мэдсэн...гэх мэдүүлэг /хх-95-96/,
- гэрч Х.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн... З нь миний нөхөр байгаа юм. ...З өөрөөхэлэхдээ тэр хулгайлсан машинаас нь дөрвөн дугуйг нь авсан гэж хэлж байсан. Өөр зүйл аваагүй гэсэн...гэх мэдүүлэг /хх-8-9/,
- “Арвижих-Эстимейт” хөрөнгийн үнэлгээний компанийн 18/111 дугаартай эд зүйлийнүнэлгээний дүгнэлт /хх-8-9/
- шүүгдэгч Д.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн:...Миний 17-13 улсын дугаартай ногоон өнгийн Аксент маркийн автомашины таван бул нь2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хугараад мултраад уначихаар нь би Ханын материалын эцэст орхичихсон юм. 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн орчимд найз З-гийн хамт ...машин дээрээ очоод сууж байхдаа өөр машинаас эд зүйл тонох санаа төрсөн юм. Тэгээд би З-д хандаад“би энэ хавиас өөр Аксент байвал авч ирээд тоноё, чи машинд сууж бай” гэж хэлчихээд машинаас буугаад З миний машинд суугаад үлдсэн. Тэгээд би ...Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны үүдэнд 84-36 улсын дугаартай цагаан өнгийн аксент машин байхыг харсан. ...Өөрийн автомашины түлхүүрийг уг автомашинд хийгээд эргүүлж үзсэн чинь хаалга нь онгойчихоор нь суугаад уг түлхүүрээ стартерт нь хийгээд үзсэн чинь машин асчихаар нь шууд унаад явчихсан юм. Тэндээсээ өөрийн машин байсан газар очоод З-д “би энэ машиныг хулгайлчихлаа хоёулаа тоноод миний машиныг сэлбээд янзалчихъя” гэхэд З “тэгье” гээд зөвшөөрөхөөр нь тэр газарт миний машиныг үлдээгээд хулгайлсан Аксент маркийн автомашинаа унаад баруун салаа руу явж байхдаа уг автомашиныг тонох гэснээ баригдчих болов уу гээд айдас төрөөд байсан учир уг автомашиныг баруун салаанд орхичихоод явсан. ...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөрЗ-той нөгөө машин дээрээ очиж үзэхээр очоод шөнө 01-02 цагийн орчимд харанхуй болохоор нь унаад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 34-12 тоотод ирсэн. Тэгээд тэр шөнө бид хоёр уг автомашины гадна талын деталл болох 4 хаалга, урд хойд буфер, урд хойд гэрэл, дохио, копут, багааж, 2 карлон, багаажны хаалга, 4 дугуй зэрэг эд зүйлсийг нь аваад миний эвдэрсэн автомашины эд зүйлсийг нь сольж хийгээд хүн харахад танигдахааргүй болгосон. Мөн суудлын бүрээсийг нь аваадөөрийн автомашины хөгжмийг тавьсан. Маргааш өдөр ньуг автомашины дээврийг нь ногоон өнгөөр будаад харахад ногоон өнгийн машин болгосон. ...З уг автомашинаас 4 ширхэг обуд, дугуйтай нь авсан. ...Уг автомашиннь 84-36 улсын дугаартай цагаан өнгийн Аксент байсан. Содон шинж тэмдэг гэвэл хойд талын хоёр амартизатор нь улбар шар өнгөтэй, 5 салаа хайлшин обудтай, гурван аятай бан бан сигналтай, дотор талын кузов цагаан өнгөтэй, хар өнгийн савхин суудлын бүрээстэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-45-46/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
- шүүгдэгч Б.З-гийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн орчимд Т бид хоёр түүний автомашин дээр очоод байж байтал Т“өөр автомашинаас таван бул тоноё би хулгайлаад ирье гээд буугаад явсан. ...Т нэг цагаан өнгийн аксент маркийн автомашин унаж ирээд “энэ машинаас эд зүйлийг тоноё” гээд уг автомашинд би суугаад баруун салаа руу явж байгаад шаварт суучихаад тэндээсээ гарах гээд нилээн удсан ба арай гэж гарахад үүр цайгаад өглөө болж байсан учир хүн харчихаж магадгүй гэж санаад тэнд нь уг автомашиныг үлдээгээд явсан. ...2018 оны 04 дүгээр сарын 16 ны өдөрТ бид хоёр 23 цаг өнгөрч байхад уг автомашин дээр очиж аваад Т-ын хашаанд авчраад харахад уг автомашин нь Т-ын машиныг бодоход арай гайгүй автомашин байсан учир уг автомашиныг өөрчлөөд унахаар болоод эд зүйлсийг нь Т-ын автомашины эд зүйлсээр солиод будсан. Би уг автомашинаас 4 ширхэг обудыг нь дугуйтай нь авсан. ..Уг автомашин нь 84-36 улсын дугаартай цагаан өнгийн Аксент байсан. Содон шинж тэмдэг гэвэл хоёр амартизатор нь улбар шар өнгөтэй, 5 салаа обудтай, баруун талын арын дугуйны дээд талд карлан дээр нь жаахан зэвэрчихсэн байсан. Тэгээд улсын дугаарыг нь арьстай нь сольсон юм...” гэх мэдүүлэг /хх-51/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Д.Т, Б.З нарыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.500.000 төгрөг авсан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-94/ гэжээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Бусад асуудал
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Т, Б.З нарыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т, Б.З нарыг тус бүр 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т, Б.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР