| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2507002340167 |
| Дугаар | 2025/ДШМ/1247 |
| Огноо | 2025-10-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/1247
2025 10 30 2025/ДШМ/1247
Г.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ганбагана,
яллагдагч Г.Э-гийн өмгөөлөгч Ц.Галтаа,
хохирогч Э.Г, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/446 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ганбаганын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр эсэргүүцэл, яллагдагч Г.Э-гийн өмгөөлөгч Ц.Галтаагийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Э-д холбогдох 2507002340167 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э, 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт 00 сумын 00 дугаар баг, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлиэй, /РД:00000000000/,
Яллагдагч Г.Э нь Налайх дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг амралтын газар 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Б.И, Э.Г нарын маргааныг таслахаар дундуур нь орж, хохирогч Э.Г-ийг гараараа нүүрэн тус газар нь цохиж, улмаар түүний биед зүүн хоншоор яс, зүүн нүдний ухархайн гадна, доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Багахангай, Налайх дүүргийн прокурорын газар: Г.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд мөрдөн шалгах ажиллагаагаар Б.И-ийн гаргасан үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг тогтоож, Б.И, Г.Э нарт холбогдох мөрдөн шалгах ажиллагаанд хийвэл зохих ажиллагаануудыг нэмж хийх шаардлагатай байна. Хохирогчийн өмгөөлөгч Н.Д-аас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг дахин тогтоолгох хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч Э.Г-ийн сэтгэцэд учирсан хохирлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоосон ба шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж, яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Ганбагана эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...1.Яллагдагч Г.Э, гэрч Б.И нарын үйлдлийг бүлэглэн хохирогч Э.Г-ний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэх үндэслэлгүй. Учир нь яллагдагч Г.Э нь Э.Г, Б.И нарын маргааныг таслан зогсоохоор дундуур нь орж Б.И-ийг аваад цааш явах үед Э.Г нь тэд нар руу довтолсон үйлдэлд яллагдагч Г.Э нь хариу үйлдэл үзүүлж 1 удаа нүүр нь тус газар нь хүчтэй цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон талаар:
Хохирогч Э.Г-ийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хохирогчоор өгсөн “...Би нүдний доод хэсэгтээ цохиулаад зүүн нүдний доод яс хугарсан... Шүүх эмнэлгийн дүгнэлттэй би танилцаж хүлээн зөвшөөрч байна, дүгнэлтэд заасан миний биед учруулсан гэмтлийг Э учруулсан. Учир нь эхлээд намайг И дуудаад би гараад очиход үгийн зөрүүгүй миний зүүн талын шанааны доод хэсэгт цохиход би унаагүй бөгөөд чи яаж байна гэхэд урдуур Э орж ирээд миний нүүр рүү маш хүчтэй цохиход нь түс хийгээд оч манараад толгой эргээд би газар унасан...” гэх мэдүүлэг,
гэрч Б.И-ийн 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлгээр: "... Э.Г гэрээс гараад ирэхээр нь шууд шанаа руу нь цохиод цаашаа яваад өгөхөд Ганаа миний араас орилоод ирэхдээ Э намайг хорьж байгаад эргээд баруун гараараа Ган-Эрдэнийг цохиход Э.Г газар унасан...” гэх мэдүүлэг,
гэрч Э.П-ийн “И ах шууд Г-ийг үгийн зөрүүгүй нүүр лүү зүүн шанаа орчимд нь баруун гараараа халтихан цохиод өнгөрсөн, гэтэл Э ах хажуугаас нь түлхэж холдуулж таарсан, гэтэл Э.Г орилоод И рүү гараа далайгаад цохихоор дайрах үед Э ах Э.Г ахыг цохисон, Э.Г ах цохиулаад доошоо шууд нүүрээ дараад суучихсан.” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0725/0576 дугаартай "Э.Г-н биед зүүн хоншоор яс, зүүн нүдний ухархайн гадна, доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хохирогч Э.Г-д учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр буюу яллагдагч Г.Э-гийн нэгудаагийн цохилтоор үүссэн болох нь мөрдөн шалган ажиллагаагаар тогтоогдсон. Гэтэл шүүхэд яллагдагч Г.Э, гэрч Б.И нарын дунд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн”, 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан үгсэн тохиролцсон эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч Г.Э-гийн өмгөөлөгч Ц.Галтаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн зүгээс Г.Э-г Б.И-тэй бүлэглэн 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Э.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна гэх байдлаар дүгнэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна.
Тодруулбал хэрэгт авагдсан Э.Г-ийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлгээр: “... би гэрээс гараад очтол И ямар ч үгийн зөрүүгүй миний зүүн нүд рүү цохьсон би “Чи яаж байна аа” гэхэд Э миний нүүр рүү цохьсон тэгээд би газар унасан...” /хх-ийн 07-08-р тал/,
Э.Ган-Эрдэнийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлгээр: “... Би нүдний доод хэсэгтээ цохиулаад зүүн нүдний доод яс хугарсан... Шүүх эмнэлгийн дүгнэлттэй би танилцаж хүлээн зөвшөөрч байна. дүгнэлтэд заасан миний биед учруулсан гэмтлийг Э учруулсан. Учир нь эхлээд намайг И дуудаад би гараад очиход үгийн зөрүүгүй миний зүүн талын шанааны доод хэсэгт цохиход би унаагүй бөгөөд чи яаж байнаа гэхэд урдуур Э орж ирээд миний нүүр лүү маш хүчтэй цохиход нь тус хийгээд оч манараад толгой эргээд би газар унасан...” /хх-ийн 10-11-р тал/,
Б.И-ийн 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлгээр: Э.Г гэрээс гараад ирэхээр нь шууд шанаа руу нь цохиод цаашаа яваад өгөхөд Ганаа миний араас орилоод ирэхдээ Э намайг хорьж байгаад эргээд баруун гараараа Г-ийг цохиход Э.Г газар унасан...” /хх-ийн 18-19-р тал/,
Б.И-ийн 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр дахин өгсөн мэдүүлгээр: “... би баруун гараараа шулуун цохиход зүүн уруул, хацар хавьд цохигдсон, Э.Г надад цохиулаад хойшоо хоёр алхсан. Тэгэхэд Э Г-ийг надаас холдуулсан, гэтэл Э.Г буцаад орилоод дайрангуут нь Э эргэж хараад нэг л удаа цохьсон чинь Э.Г унасан уу доошоо болчихсон. Тэгээд нүүрээ дараад хэвтчихсэн...” /хх-ийн 21-р тал/,
Б.Мөнхбилгүүний 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгээр: Г-ийг гарч ирэхэд И ямар нэгэн шалтгаангүй баруун гараа атгаж байгаад Г-ийг зүүн хацар хэсэг рүү нэг удаа цохьсон, тухайн үед Э салгах үйлдэл хийж Г-ийг холдуулж түлхэж таарсан учраас хальтхан цохигдсон, нэг их хүчтэй цохигдоогүй, Э.Г ч цохиулчихаад уурлаад буцаад Идэрмөнхийг цохих гэтэл дунд нь Э түлхэж холдуулсан учраас ... Г-ийн зүүн хацар, чамархай хэсэгт нь нэг удаа нилээн хүчтэй цохих шиг болсон...” /хх-ийн 23-24-р тал/,
Э.П-ийн 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгээр: “....гэтэл И ах шууд Г-ийг үгийн зөрүүгүй нүүр лүү зүүн шанаа орчимд нь баруун гараараа хальтхан цохион өнгөрсөн, гэтэл Э ах хажуугаас нь түлхэж холдуулж таарсан, тэгтэл Э.Г орилоод И рүү гараа далайгаад цохихоор дайрах үед Э ах Э.Г ахыг цохьсон, Э.Г ах цохиулаад доошоо шууд нүүрээ дараад суучихсан...” /хх-ийн 26-р тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ЕГ0725/0576 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: “... Э.Г-ийн биед зүүн хоншоор яс, зүүн нүдний ухархайн гадна, доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо...” /хх-ийн 28-29-р тал/ зэрэг баримтуудаар Б.И нь хэрэг гарах үед хохирогч Э.Г-ийн нүүр хэсэгт нэг удаа цохих байдлаар маргаан, зодооныг эхлүүлсэн болох нь тогтоогддог боловч тухайн үйлдлээрээ хохирогч Э.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн тус гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй гэх нөхцөл байдлууд няцаагддаг. Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын талаар бодит байдалд нийцсэн дүгнэлтийг үйлдсэн байхад шүүхийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлгээр Б.И, Г.Э нар нь бүлэглэн хохирогч Э.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн дүгнэж, мөрдөн шалгах ажиллагаагаар Б.И-ийн гаргасан үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг тогтоож, Б.И, Г.Э нарт холбогдох мөрдөн шалгах ажиллагаанд хийвэл зохих ажиллагаануудыг нэмж хийх шаардлагатай хэмээн дүгнэсэн нь эрүүгийн хуулийн зорилго, зорилт, мөн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байх тул захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Э.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Намайг хоёр хүн цохисон. ...” гэв.
Хохирогч Э.Г-ийн өмгөөлөгч Г.Дэмбэрэлдагва тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй. Харин анхан шатны шүүхийн шүүх хэргийн нөхцөл байдалд хуулийн дагуу үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн тул шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй. Хэрэгт эргэлзээтэй, ойлгомжгүй зүйлс их байсан тул анхан шатны шүүх хуралдаанд прокурортой уулзаж хэлсэн ч харамсалтай нь өөрийнхөөрөө, үндэслэл муутай асуудалд хандсан. Хэргийн нөхцөл байдлыг үзэхэд Б.И, Г.Э нар үйлдлээрээ бүрэн нэгдсэн үйл баримт тогтоогддоггүй. Прокурорын эсэргүүцэл, яллагдагчийн өмгөөлөгчийн гомдолд хохирогчийн мэдүүлгийг дурдаж байгаа нь зөв ч мөрдөн байцаалтын ажиллагаа нэг талыг барьж явагдсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад хэргийг шилжүүлэх үед хохирогч нэхэмжлэл гаргасан байтал прокурор хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь төрийн нэрийн өмнөөс оролцож байгаа прокурор ямар байдлаар хэрэгт хяналт тавьж ажилласныг харуулж байна. Иймд гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэл, гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Хэрэгт хохирогч Э.Г: “...Г.И “....хөөё Ганаа би чамайг гараад ир гээд байгаа юм биш үү” гээд ууртай дуудахаар нь би гараад очтол Г.И үгийн зөрүүгүй миний зүүн нүд рүү цохисон. ..Би “....чи яаж байнаа гэхэд Э /шүүгдэгч/ миний нүүр лүү цохиход би газар унасан. ...Энэ үед И миний нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн. ...Тэр үед М ах хүрч ирээд миний нүүрийг хараад “....та нар нүүрийг нь яаж байгаа юм бэ” гээд тэд нартай маргалдаж байсан. ...Намайг гэр лүүгээ явж байхад И, Э 2 “....андаа чи ээж аавыгаа аргалаарай. ...битгий цагдаад өгөөрэй” гээд байсан. ...Г.И миний нүүр лүү гараараа нэг удаа цохиж, газар уначихсан байхад нуруу руу 2-3 удаа өшиглөсөн. ...” /хх 07-08, 10-11/,
гэрч Г.И: “...Би Ганааг /хохирогч/ гэрээс дуудаад гарч ирэхээр нь шанаа руу нь цохиод цаашаа яваад өгөхөд Ганаа миний араас орилоод ирэхдээ Г.Э /шүүгдэгч/ намайг хорьж байгаад эргээд баруун гараараа Э.Г-ийг цохиход газар унасан. ..Ганааг хэвтэж байхад 1 удаа нуруу руу нь өшиглөсөн. ...Би Э.Г-ийн зүүн шанаа, зүүн уруул, хацар хавьд нэг удаа цохиод, нуруу руу нь өшиглөсөн.. ..Тухайн үед уураа барьж дийлэлгүй Г-ий биед халдаж зодсон үйлдэлдээ харамсаж байна. ...” /хх 18-19/,
гэрч Б.М: “...Г.И гэрт байсан Г-ийг /хохирогч/ “гараад ир” гээд орилоод дуудсан. ..Г.Г-ийг гарч ирэхэд Г.И Э.Г-ийн зүүн хацар хэсэг рүү нэг удаа цохисон. ...” /хх 23-24/,
гэрч Э.П: “...Г.И, Э.Г-ийг “гараад ир” гэж хэлсэн. ...Гийг гарч ирэхэд И ах шууд Г-ийг үгийн зөрүүгүй зүүн шанаа орчимд цохисон. ...” /хх 26/ гэж бүгд агуулгын хувьд нэг утгыг илэрхийлсэн мэдүүлгүүд, түүнчлэн хохирогч Э.Г нь хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэлд “Г.И, Г.Э нар нь намайг бүлэглэн зодсон” зэрэг баримтууд /хх 91- 181-182/ авагджээ.
Дээрхээс үзэхэд хохирогч Э.Г-ийн зүүн хоншоор яс, зүүн нүдний ухархайн гадна, доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учрахад Г.И-ийн үйлдэл оролцоо байсан эсэхийг шалгаж тодруулах, шалгах ёстой зайлшгүй ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд хангагдах боломжтой.
Энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журамд нийцнэ.
Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдээгүй ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцэл, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/446 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Ганбаганын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр эсэргүүцэл, яллагдагч Г.Э-гийн өмгөөлөгч Ц.Галтаагийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг прокурорт очтол Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ