Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 651

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

            Улсын яллагч О.Пүрэвсүрэн,

            Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х овогт О-н Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808018850450 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:            

Монгол Улсын иргэн,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч О.Б нь гэртээ 2018 оны 03 дугаар сарын 18, 20-ны өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Э.Б-ыг зодож биед нь тархи доргилт, 2 гуя, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

            Шүүгдэгч О.Б нь 2018 оны 03 дугаар сарын 18, 20-ны өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Э.Б-ыг зодож биед нь тархи доргилт, 2 гуя, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

            - хохирогч Э.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр амралтын өдөр байсан О.Б хүүхэд Д бид гурав гэрээс гараад Баянхошуунд манай ээжийнд ирээд бид нар хамт гадуур явна гэж байгаад О.Б ганцаараа машинаа унаад гараад явсан. Тэгээд үдээс хойш 16 цагийн орчим бид нар дээр ирээд охин бид хоёрыг аваад Баруун салаа руу гэрлүүгээ явсан. Гэртээ ирээд би О.Б-ний гар утсыг нь аваад үзэхэд хамт ажилладаг эмэгтэй хүнтэй мессеж бичсэн байхаар нь энэ ямар учиртай юм бэ тайлбарлаад өг гэхэд “өөрийнхөө болон миний утсыг булааж авчихаад, намайг гэрээсээ гаргаад хаалгаа дотор талаас нь түгжчихээд гэртээ оруулахгүй” байсан. Манай хүүхэд хаалга онгойлгож өгөөд гэртээ ороход О.Б гар утсаа аваад цаашаа хараад хэвтээд байхаар нь араас нь татаж зулгаагаад чи ямар учиртай талаараа тайлбарлаад өгчих гэхэд О.Б “чи ямар ч юм болоогүй байхад хэрүүл хийгээд байна” гээд уурлаад тэрнээс болж маргалдсан. О.Б босч ирээд хэрэлдэж байгаад миний толгой орчим газар нилээн хэдэн удаа гараа атгаж байгаад цохисон. Мөн хэвлий орчим газар хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Би өвдөөд эвхрээд хэвтэж байхад толгой орчим газар цохисон. Би айсандаа О.Б-г аргадаж тайвшруулах гэж оролдоход миний баруун гарнаас барьж байгаад мушгиад байсан. Тухайн үед ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллагад хандах боломж байгаагүй. Мний гар утсыг авчихаад өгөхгүй байсан. Би маргаан харьцангуй намжаад О.Б тайвшраад унтчихсан.. Тэгээд маргааш нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би амарч байсан, гадуур ажилтай явж байгаад орой 22 цаг өнгөрч байхад цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Би айлд хүүхдээ авчихаад явж байхад О.Б залгаад би цагдаагаас гараад ирлээ гэртээ харих юм уу хамт явъя гэхээр нь би хүүхдийн хамт цагдаагийн хэлтэс дээр ирээд бид гурав таксинд суугаад гэртээ 2018 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн орчим ирсэн. Гэртээ орж ирээд хүүхдээ унтуулчихаад унтах гэээд хэвтэж байхад О.Б гэнэт босч ирээд уурлаад чм намайг яах гээд байгаа юм бэ цагдаад өгөөд гээд над руу дайрч байгаад миний толгой орчим газар дахиад цохисон. Бас орон дээр сууж байхад хүзүүнээс багалзуурдаад, гал тогооны хэсгээс хутга гаргаж ирээд намайг алчихая гээд дайраад байсан. Гэхдээ хутгаараа намайг гэмтээсэн асуудал байхгүй. Хутгаа аваад гэрээс гарч явахаар нь би “амиа хорлож магадгүй” гэж бодоод араас нь гараад гадаа хутгыг нь булааж аваад шидсэн. О.Б өглөө 07 цаг өнгөрч байхад ажилдаа гараад явчихаар нь би 102 дуудлага өгөөд болсон явдлын талаар хэлсэн. Манай хамтран амьдрагч О.Б нь надад гар хүрч байсан удаа байгаа би энэ талаар ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-22-25/,

            - гэрч У.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Би О.Б-тэй хамт ажиллаж байсан ба найз нь. Хамаатан садан биш гэхдээ сүүлийн 3-4 жил найзалж нөхөрлөж байгаа. Би О.Б-г эхнэрээ зодсон талаар нь өөрийн амнаас нь мэдсэн, маргалдаад хэл амаар доромжлоод байхаар нь цохичихсон гэж надад хэлж байсан. Гэхдээ урьд нь бол зодож цохиж байсан удаа байхгүй байх би зодоон болсон бол мэднэ...гэх мэдүүлэг /хх-31-32/,

            - гэрч Н.Э-н  мөрдөн байцаалтад өгсөн: ... 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай охин Б манайд орж ирээд хүүхдээ үлдээчихээд гараад явсан. Би хүүхдийг нь хараад гэртээ байхад Б над руу утсаар залгаад би шүүх эмнэлэг дээр байна гэхээр нь яасан юу болсон бэ гэхэд Б өнгөрсөн шөнө Б намайг өшиглөж зодлоо бие өдвөөд байна ажилдаа явж чадахгүй боллоо гэсэн. Тэгээд утсаа салгачихсан. Б над руу залгаад би цагдаад өргөдөл өгчихсөн. Б намайг чи яасан их өргөдөл гаргадаг юм бэ гэж хэлээд намайг боож унагаад зодлоо гэсэн. Тэгэхээр нь би чи манай гэрт хүрээд ир гэсэн. Манайд ирээд түүнээс хойш ер нь манайд байгаа... гэх мэдүүлэг /хх-33-35/,

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4245 дугаарртай:...Б-ын биед тархи доргилт, 2 гуя, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-47/,

            - шинжээч эмч Г.Н-н мөрдөн байцаалтад өгсөн:... Бын биед учихсан гэмтлүүдээс тархи доргилт нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.д заасан хөнгөн гэмтэлд орж байгаа бөгөөд бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Б зодуулснаас хойш 10 хоногийн дараа ирж үзүүлсэн бгббд цус хуралтууд нь бор шаргал өнгөтэй болсон байсан ба эдгэрч, шимэгдэж байгааг харуулж байгаа юм. Тархи доргилт нь тухайн хүний бодисын солилцооноос хамаарч эдгэрдэлт удаан байдаг юм... гэх мэдүүлэг /хх-90-101/,

            - гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-69-77/,

            - шүүгдэгч О.Б-н мөрдөн байцаалтад өгсөн:... “2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр амралтын өдөр байсан. Тэр өдөр 13-наас 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд хадам ээж Э-н гэрт нь ирэхэд манай хоёр ирчихсэн байсан. Тэгээд хадмын гэрт хэсэг байж байгаад Э.Б охины хамт гэртээ ирсэн. Тэгээд гэрлүүгээ явж байх замд Б миний гар утсыг миний гар утсан дээр хамт ажилладаг Ц гэх хүний мессеж үзээд уурласан. Гэртээ ирээд орон дээр хэвтэж байхад намайг цохиж аваад энэ ямар учиртай мессеж юм бэ? Чи тэр хөгшин авгайтайгаа ямар холбоотой юм бэ гээд уурлаад намайг орон дээр хэвтүүлэхгүй цохиод байсан. Миний уур хүрээд босч ирээд нүүр лүү нь нэг удаа алгадсан, тэгсэн намайг ахиад цохихоор нь би зөрүүлээд Бын хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд над руу дайраад уурлаад байхаар нь гэрээсээ гараад гадаа зогсож байгаад буцаад гэртээ ороод унтчихсан. Маргааш өглөө нь ажилдаа явчихсан бөгөөд орой гэртээ ирэхэд хэрүүл хийгээд намайг нөгөө хүнтэй хардаад янз бүрээр хэлээд унтах гэхээр нь хөнжил булааж аваад гутал шидээд байхаар нь нүүр лүү нь гараараа алгадаад мөр, толгой руу нь 2-оос 3 удаа цохичихсон. Тэгээд би нөгөө орон дээр гараад өглөө босоод ажилдаа яваад орой ирэхэд Б гэртээ байхгүй байсан. Э.Б луу залгахад “чамд хамаагүй би гадуур ажилтай байна” гэсэн. Орой 23 цаг өнгөрч байхад цагдаа нар дагуулчихсан орж ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг мэдүүлэг өгчихөөд цагдаагаас хамт гараад гэртээ хамт ирсэн. Би гэртээ ирээд Баас “чи яах гэж ингээд байгаа юм бэ?” гэхэд чи өөрийнхөөрөө зайлаач гээд байхаар нь би багалзуурдаж цааш нь түлхээд би хутга аваад гэрээс гарахад араас Б гарч ирээд хутгыг булааж аваад хашаа давуулаад шидчихсэн... гэх мэдүүлэг /хх-84-87/

   

            Иймд шүүгдэгч О.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

            Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, хохирогч, гэрч, шинжээч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч, хохирогч хоёр нь 5 жилийн хугацаанд хамт амьдарсан байх ба тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүгээс шүүгдэгч рүү халдсан, хүч хэрэглэсэн хууль бус, зүй бус үйлдэл хийсэн гэж үзэх нотлох баримтгүй байх тул шүүгдэгчийг тухайн хэргийг үйлдэхдээ “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.     

            Хохирогч нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан бөгөөд гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй /хх-59/ гэж үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоов.      

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Б-д оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР