| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00426/И |
| Дугаар | 146/шш2025/00384 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 146/шш2025/00384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: **********************************
Хариуцагч: *************************
Хариуцагч: *******************************
Зээлийн гэрээний үүрэгт 272 238 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******************д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***************** нь хариуцагч ******************* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 272 238 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
********************нь тус хоршооны үүсгэн байгуулагч нөхөр ************хамт 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 209 тоот зээлийн гэрээгээр 300 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 1,9 хувийн хүүтэй авсан. Зээлээ хугацаанд нь төлж барагдуулах талаар олон удаа утсаар ярьж, биечлэн уулзаж, мэдэгдэл өгсөн боловч төлж барагдуулна гэж явсаар өдийг хүрч байгууллага хохирч байна. Дээрх зээлийн үлдэгдэл 249 480 870 төгрөг, 124 хоногийн хүү 19 633 620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 123 710 төгрөг, нийт 272 238 200 төгрөгийн төлбөрийг ****************** нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************** нь шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа:
**************************дээр 2021 оны 01 дүгээр сарын 06-нд тухайн оны 209 дугаартай зээлээр хөрөнгө оруулалтын зээл гээд 300 000 000 төгрөгийн зээл гарсан байдаг. Тухайн үед би зээлийн эдийн засагч байгаагүй. Одоо энэ ажлыг хийж байгаа гэдгээрээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж ирсэн. Тухайн үеийн зээлийн зориулалт нь хөрөнгө оруулалтын зээл буюу зочид буудал барина гэсэн зориулалттай 300 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлөлт эхний 10 сар дээр хэвийн явагдаж байгаад дундуур нь 2022 оны 01 сар, 02 сар дээр 50 000 000, 50 000 000 төгрөг үндсэн зээлээс төлөхөөр төлөлт гарч ирэх үед манай гишүүн ***********манайх ургац алдсан, энэ зээлийг төлөх боломжгүй болсон гээд өөрийнхөө хүсэлтийг бичгээр гаргаад зээлийн хуваарьд нэг удаа өөрчлөлт оруулж өгөөч гэсэн санал тавьсан. Тухайн үед саналыг хүлээж аваад 2022 оны 01 дүгээр сарын 25, 2022 оны 02 дугаар сарын 25, 2023 оны 01 дүгээр сарын 25, 2023 оны 02 дугаар сарын 25-нд төлөх нийт үндсэн зээлийн 200 000 000 төгрөгийг хугацааны эцэст буюу 2024 оны 04 дүгээр сарын 25-нд нийлүүлээд төлүүлэхээр хуваарьт өөрчлөлт оруулж өгсөн байгаа. Ингээд хуваарьт өөрчлөлт оруулаад явж байх үед нэг удаа зээлийн төлбөрийг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Манайх тухайн үед яагаад сунгалт хийгээгүй вэ гэхээр 1-т хөрөнгө оруулалтын зээл 36 сарын хугацаатай гардаг, 2-т манай ерөнхий бүх зээлүүд 24 сарын хугацаатай гараад нэг удаагийн сунгалт нь 6 сарын хугацаатай сунгах боломж байдаг. Тэгэхээр үндсэндээ нэг удаагийн зээлийн мөчлөг 30 сар байдаг гэж үздэг. Энэ зээл бол өөрөө 36 сарын хугацаатай гарсан учраас зээлийг нэмэлтээр сунгах боломж байхгүй байна. 2-т тухайн үед манай дээр зээлээ сунгах хүсэлт гаргах үед нь манайд анх барьцаалсан барьцаа хөрөнгүүдийг явцын дундаас өөр газар өөр банкан дээр урт хугацаатай, хүү багатай зээл судлуулах гэсэн юм гээд түр чөлөөлүүлж авах гэсэн юм гээд барьцаа хөрөнгөө чөлөөлүүлж авсан боловч тэр гэрчилгээ нь буцаж манай дээр бүртгэгдэхгүй яваад байгаа учраас барьцаа хөрөнгийн асуудал үүссэн байсан. Тиймээс барьцаа хөрөнгөө жигдлэхгүй бол манайх сунгах боломжгүй гэсэн хариу тайлбарыг өгөөд явсан. Зээлийн хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 25-нд дууссан. Тэр хугацаанд гишүүн маань зээлийн хүүгийн төлбөрөө хийж байсан. Зээлийн хүүгээ 6 сар хүртэл хийсэн байгаа. Хариуцагч нарын зүгээс 95 219 220 төгрөгийг үндсэн зээлээс хасуулъя гээд эвлэрэх санал тавиад байгаа. Энэ дээр манайхаас тайлбар өгсөн байгаа. Тайлбар дээр юу гэж үзэж байгаа вэ гэхээр нэгэнт тухайн 95 219 220 төгрөг хоршооны орлогоор бүртгэгдээд тайлан гаргачхаад байхад үүнийг буцаах боломжгүй байна. 2-т 249 480 000 төгрөгийн үндсэн зээл байгаа. Энэ үндсэн зээлээр эрсдэлийн сан байгуулсан. Эрсдэлийн сан байгуулж байна гэдэг нь тухайн жилийн турш олсон орлогоосоо энэ хэмжээний төгрөгөөр манай дээр хохирол учирч, ашиг буурч байна гэсэн үг. Тэгэхээр энэ дүнгээрээ манай нийт 1566 гишүүний эрх ашиг тухайн жилийн хүртэх ёстой хүртээмж нь буурч байгаа учраас хоршоо хохирч байна гэж үзсэн. Мөн хугацаа хэтэрсэн зээл үүсэхэд манайх барьцаа хөрөнгөөр нь тухайн зээлийг нь барагдуулах арга хэмжээ авдаг. Зээлийн хугацаа дууслаа энэ хүний зээлийг манай дээр барьцаалсан барьцаа хөрөнгийг нь худалдан борлуулаад зээлийг нь барагдуулна гэсэн юм баримталдаг. **************** гуайн тохиолдолд 1-т өндөр зээл, 2-т энэ хүн манай дээр барьцаалсан үнэлгээ гэдэг бол зах зээлийн үнэлгээний 60% гэсэн үг. Ерөнхийдөө бага үнэлгээ гэсэн үг. Тэгэхээр тухайн хүний хөрөнгийг бага үнэлгээтэй үнэлээд борлуулаад тэр хүнд хохирол учруулж байхаар гээд манай хариуцагч ******************** барьцаа хөрөнгөө өөрөө зах зээл дээр борлуулаад зээлээ хаагаад, зөрүү мөнгийг нь өөртөө хэрэглэх боломж байна гэсэн хүсэлт гаргасан учраас түүнийг нь харгалзаж үзээд өдий хүртэл явсан байгаа гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********************** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч***************** миний бие ********** зээлийн хоршооны 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гардан авч танилцсан бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 209 дугаартай зээлийн гэрээгээр 300 000 000 төгрөг зээлээр авсан бөгөөд 209 дугаартай зээлийн гэрээгээр сар бүрийн 25-ны өдөр төлөхөөр эргэн төлөлтийн хуваарь батлуулсан. Тухайн зээлийг заримдаа эргэн төлөлтийн хуваарийн дагуу заримдаа хугацаа хэтрүүлэн төлдөг байсан. Хугацаа хэтрүүлэн төлөх бүрд зээлийн гэрээний дагуу нэмэгдэл хүү, үндсэн хүүг төлүүлдэг байсан. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлээс 6 000 000 төгрөг, үндсэн хүүд 43 190 697 төгрөг төлөх байснаас****************тайлангаар 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ******************* миний бие зээлийн үндсэн төлөлтөд 6 100 000 төгрөг, үндсэн хүүд 47 260 720 төгрөг нийт 53 360 720 төлсөн байна.
Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд тухайн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу миний бие үндсэн зээл 293 900 000 төгрөг, үндсэн хүү 147 253 394 төгрөг төлөхөөр байснаас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-нь 1 өдрийг хүртэл буюу зээлийн үндсэн хугацаа дуусах хүртэл **************** тайлангаар үндсэн зээлд 44 419 520 төгрөг, үндсэн хүүд 146 111 040 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 29 451 679 төгрөг нийт 219 982 239 төгрөг төлсөн байна. Үүнээс үзэхэд зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусахад миний бие зээлийн гэрээгээр хүлээсэн нэмэгдэл хүү болон үндсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлсөн байна. Харин үндсэн зээлийн төлбөрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 50 519 520 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш 95 219 220 төгрөгийг***************төлсөн байна. Зээлийн үндсэн хугацаанд зээлийн хүү болон нэмэгдэл хүүг төлсөн байгаа тул 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл төлсөн 95 219 220 төгрөгийг үндсэн зээлээс хасуулж 154 261 260 төгрөгийг төлөхөөр ***************** эвлэрэх саналтай байна гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч************** нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Бидний хувьд хоршооноос 2021 оны 05 дугаар сарын 07-нд 300 000 000 төгрөгийн гэрээ хийсэн. Гэрээ хийгээд хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээлийг гэрээний дагуу төлж байсан боловч бид нар анх төлөвлөхдөө хөрөнгө оруулалтынхаа гэрээг газар тариалангаасаа олсон орлогоороо төлнө гэж тооцож байсан. Гэтэл бид нарын хяналтаас гадуур байгалийн эрсдэл, давагдашгүй хүчин зүйлд автсанаас болоод 2022 оноос хойш үнэхээр зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Гэвч зээлийн төлөлтөөсөө бол зугтаагүй, ямар ч байсан үндсэн зээлийг төлнө гэж бодож байгаа. Зээлээ төлөхөөс зайлсхийсэн, санаатай зөрчсөн үйлдэл огт байхгүй. Хөрөнгө оруулалтын зээлээ манай компанийн нэр дээр явдаг кофе шоп дээрээ зочид буудал барья гээд 750 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалттай 2 талаасаа хамтарсан юм барья гээд эхний ээлжид бэлтгэл ажлуудаа хангаж 300 000 000 төгрөгийг зээл аваад хийе гээд хүмүүстэй тохироод хийсэн чинь нөгөө хүмүүс маань сүүлдээ боломжгүй болчихлоо, та өөрөө наад 300 000 000 төгрөгөө төл, мөн цаашид бид нар орох боломжгүй боллоо гээд барьцаанд тавьсан орон сууц дээрээ итгэмжлэл гаргаж өгчхөөд явчихсан. Тэгэхээр нь би ямар ч байсан болох байх. Хоршооноос авсан зээлээ ямар ч байсан төлье гэж бодоод жаахан ч гэсэн мөнгө олдвол хоршоондоо хийгээд явж байсан. Тус хөрөнгө оруулалтын зээлээ газар тариалангийн орлогоос төлөхөөр төлөвлөж байсан боловч 2022 оноос 2025 оныг хүртэл хяналтаас гадуур нөхцөл байдал үүсэж, байгалийн эрсдэл, цаг агаарын хүндрэлээс шалтгаалаад ургац алдаж, орлого бодитоор тасалдаж бид нар зээлийг төлөх боломжгүй болж эхэлсэн. Үүнийг нотлох засаг даргын тодорхойлолт, цаг уурын бичиг, 2 оны акт зэргийг би нотлох баримтаар өгөхөөр бэлдэж ирсэн боловч нотариатаар батлуулахаа мартсан байна. Хэдийгээр орлого тасалдсан боловч би үүргээсээ зугтаагүй, боломж бүрдсэн даруйд төлөлт хийсээр ирсэн. Би одоо хоршоотой эвлэрэх саналтай байгаа. Тэгэхээр хоршоо бол бүх гишүүдийн хөрөнгө учраас бид нар мэдэхгүй гэсэн асуудал хэлдэг. Зээлээ төлж чадахгүй байна. Үнэхээр бодит байдал дээр тулгуурлаад та нар ядаж хүүг нь зогсоогоод өгөөч гээд хүү зогсоолгох тал дээр нэг удаа бид нар шүүх дээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Тэгээд үнэндээ манай нөхөр бас жаахан дургүй байсан. Яагаад дургүйцсэн гэхээр зээлээсээ хэтэрсэн их хүү төлнө гэж юу байдаг юм бэ, наадхыгаа сайн хууль зүйн үндэслэлээр хүмүүсээс асуу гээд больчихсон. Уг нь хүүгээ зогсоолгох санаатай үндсэн зээл дээрээ хуваарь хийлгээд эвлэрээд цаашдаа төлье гэж бодож байсан юм. Тэгээд үнэндээ боломжгүй байж байгаад өдий хүрсэн байна. Яг зээлийн гэрээнд хугацаа дууссанаас хойш хүүг тэгж тооцно, алдангийг тэгж тооцно гэж заасан заалт байхгүй. Тийм учраас би хугацаа дууссанаас хойш төлсөн 95 219 220 төгрөгийг үндсэн зээлээсээ хасаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Миний хувьд би хоршоог сайн мэднэ. Анх энэ хоршоог үүсгэн байгуулсан 10 хүний нэг нь би байгаа. Тэгээд энэ хоршооны тэргүүлэгч гишүүн гээд зөндөө олон ажил хийж энэ хоршооны төлөө маш их явсан. Урд урдын зээлүүдээс хоршоонд орлого оруулж маш их хэмжээний хүү төлж хоршоог цаашид явахад нь миний хувьд үүрэг гүйцэтгэж байсан. Одоо бол ийм хүнд байдалд орчхоод байна. Үүнийг харж үзээд та нар ярилцаад өгөөч л гэж хүссэн. Тэгээд хүү тооцохгүйгээр хугацаа дууссанаас хойш төлсөн 95 219 220 төгрөгийг үндсэн зээлээс хасаж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байгаа. Тэгээд үлдсэн үндсэн зээлийг бид нар төлнө. Манай зүгээс барьцаанд байсан хөрөнгүүдийг зарах гэж зар оруулаад янз бүрийн байдлаар энэ хүнд байдлаас гарах гэж үзэж байгаа. Өөрийнхөө амьдардаг орон сууцыг, хашаа байшингаа бүх юмыг заръя гэж зар тавьж байгаа. Үнэндээ тэрийг бэлэн мөнгөөр аваад хоршооны зээлийг үргэлжлүүлээд төлөх хүн олдохгүй бараг 2 жил боллоо. Энэ жил хавар цаг агаар сайхан байсан. Энэ жил ямар ч байсан хоршооны зээлээс гарах юм байна гэж тооцож байсан. Гэтэл сүүлийн мөндрийн байдал юу ч үгүй болгосон. Арай гэж тариаланд ажилласан хүмүүсийнхээ цалинг өгсөн. Тэгээд 6 сараас хойш газар тариалангийн үйлдвэр үргэлжлээд тэрэнд хэдэн төгрөг хийх хэрэгтэй болоод үнэндээ зээлээ төлж чадаагүй. Тэгээд ямар ч байсан хүүг нь зогсоогоод шүүхэд өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Тэрний дагуу нэхэмжлэгч тал манайхыг шүүхэд өгсөн гэв.
Итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний хуулбар, 209 тоот зээлийн гэрээний хуваарь өөрчилсөн гэрээ, *****************гаргасан хүсэлтүүд зэргийг шүүхэд гаргаж өгсөн
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ********************* нь хариуцагч ****************нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 272 238 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 209 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 249 480 870 төгрөг, 124 хоногийн хүү 19 633 620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 123 710 төгрөг, нийт 272 238 200 төгрөгийг*******************нараас гаргуулна гэж тайлбарлажээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр зээлээ төлж чадахгүй нөхцөлд хүрсэн, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 95 219 220 төгрөгийг зээлийн хүүд бодож авсныг үндсэн зээлээс хасуулна гэж тайлбарлан маргажээ.
3. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тус тус шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үйл баримтад дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн баримтаас дүгнэхэд ********************** нарын хооронд байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 209 дугаартай зээлийн гэрээгээр 36 сарын хугацаатай, сарын 1.9 хувийн хүүтэйгээр 300 000 000 төгрөгийг хариуцагч нар зээлж авсан байна. Мөн өдрийн барьцааны гэрээгээр нийт 21 төрлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.
2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 209 дугаартай зээлийн гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул шүүхээс хуульд заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзсэн бөгөөд дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, нэхэмжлэгч нь 300 000 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн ба зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.
5. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваариас үзвэл талууд зээл эргэн төлөлтийн хуваарийг баталсан, зээлийн гэрээнд үндсэн төлбөр, хүүг эргэн төлөлтийн графикийн дагуу төлөх, гэрээний 1.2-т зээлдэгч нь зээлийн хүү, үндсэн зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдол гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж тус тус тохиролцжээ.
6. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд хариуцагч *************************нар нь гэрээнд заасан үндсэн төлбөр, хүүг энэхүү гэрээний хавсралтад заасны дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, зээлдэгч нарын хүсэлтийн дагуу зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталсан болох нь зохигчийн тайлбар, 209 тоот зээлийн гэрээний үргэлжлэл баримтаар тус тус тогтоогдсон.
7. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дууссан, гэрээний хугацаа дууссанаас хойш зээлээ төлөхийг шаардаж байсан, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч нь зээл зээлийн хүүд нийт 95 219 220 төгрөг төлсөн талаарх үйл баримтуудад талууд маргаагүй, дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
8. Хариуцагч талаас гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 95 219 220 төгрөгийг үндсэн зээлээс хасуулна учир нь зээлийн гэрээнд хугацаа дууссанаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү авах талаар зохицуулалт байхгүй гэж тайлбарласныг шүүх хүлээн авах боломжгүй Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т энэ талаар тодорхой зохицуулсан.
Иймд хуулийн дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын хангаж хариуцагч **********************нараас зээлийн гэрээний үүрэгт 272 238 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***************** олгож шийдвэрлэв.
9. Талууд барьцааны гэрээ байгуулсан, гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр боловч барьцаа хөрөнгүүдээ хариуцагч **************************** нар нь нэг нэгээр нь чөлөөлж авсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэсэн болохыг дурдав.
10. Хариуцагч талаас байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас буюу газар тариалангийн салбарт сүүлийн 5 жил ургац муу авснаас зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй гэж тайлбарлан Ө************************ нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн тодорхойлолтоор байгалийн давагдашгүй хүчин зүйл байсан гэдгийг дангаар нотлохгүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.
11. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч *************************нараас зээлийн гэрээний үүрэгт 272 238 200 /хоёр зуун далан хоёр сая хоер зуун гучин найман мянга хоер зуун/ төгрөгийг гаргуулж **********************олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 519 141 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч ******************* нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 519 141 /нэг сая таван зуун арван есөн мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******************** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА