Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 312/ШШ2026/00038

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 312/ШШ2026/00038

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* банк ХК нь ******* сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* банк ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн ******* овогтой ******* нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ******* тоог дугаартай Цалингийн цахим зээлийн гэрээ байгуулан 19,800,000 /арван есөн сая найман зуун мянга/ төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч Г.******* нь зээл авсан сараас эхлэн хугацаа хэтрүүлэн төлж байгаад 2025 оны 7 сараас эхлэн төлөхгүй болсон бөгөөд 2025 оны 7 сар, 8 сар, 9 сарын төлөлтүүдийг ээж Отгонтуяа нь төлсөн байдаг. 2025 оны 10 сарын 02-ноос хойш зээл, зээлийн хүүгийн төлөлтөө төлөхгүй зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа. 2025 оны 11 дугаар сарын 05-ны байдлаар нийт зээлийн үлдэгдэл 16.318,668.28 /арван зургаан сая гурван зуун арван найман мянга зургаан зуун жаран найман төгрөг хорин найман мөнгө/ төгрөгийг нэхэмжлэхээр байгаа болно. Г.******* нь зээл авах үедээ Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв /нэгдсэн эмнэлэг/-т ажиллаж байсан. Зээлдэгч нь гэрийн хаягаа Хөвсгөл аймгийн Ханх сум 3-р баг Турт гэсэн боловч ээжийнх нь хэлж байгаагаар тухайн хаягт оршин суудаггүй Улаанбаатар хотод оршин сууж байгаа, гэхдээ хаягыг мэдэхгүй гэх тул тус зээлдэгчийн эрэн сурвалжилж олж өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.

нь 2025 оны 02 дугаар сарын 17-нд өдөр ******* банктай цахим цалингийн зээлийн гэрээ байгуулан 19,800,000 төгрөгийг 30 сарын хугацаатай авч, уг зээлээ 2025 оны 07 сараас хойш төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.

Зээлдэгч нь зээл авах үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг, Овоот 20-1 тоот хаягт оршин суудаг гэсэн хаягийг нэхэмжлэгчид өгсөн байх ба одоо тус хаягт оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул ******* банк ХК-ийн ******* эрэн сурвалжлуул оршин суугаа хаягийг тогтоолгох хүсэлтийг хүлээн авч энэ ажиллагааг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар 1998 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, *******ийн /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Шүүхийн шийдвэрийн дагуу ******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоон ******* банкинд /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* /, / нарт мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА