| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0643/Э |
| Дугаар | 652 |
| Огноо | 2018-07-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 652
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Н.Анхбаяр,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-н Э-т холбогдох 1803003430219 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагийн үед 60-54 улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй, байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 5.3. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг; 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Э-г мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагийн үед 60-54 улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй, байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 5.3. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг; 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Э-г мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-8/
- хохирогч Д.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын 22-ны орой 20 цаг өнгөрч байхад би Газарчин дээд сургуульд сурдаг хичээлээ тараад Өндөр насны буудал дээр буугаад Төгөлдөр хүнсний дэлгүүрийн зүүн талын замаар зүүнээс баруун зүг рүү зам хөндлөн гарч яваад ертөнцийн зүгээр хойноос ирж явсан автомашинд мөргүүлсэн....гэх мэдүүлэг /хх-21-23/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5346 дугаартай:... Д.Э-ы биед цээжний зүүн талд 4.6-р хавиргааны хугарал, зүүн эгэмний далд хугарал, зүүн чамархайн хуйх, зүүн хөмсөгт шарх, зүүн хацар, уруулд зулбаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-31/
- Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн:....Уг автомашины тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд ба хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, зогсоолын тоормос стандартын шаардлага хангаж байна. Мөн автомашины урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 2.0 мм буюу тэнхлэг тохиргоо алдагдаагүй байна. Зүүн гар талын ойрын гэрэл, баруун гар талын ойр болон холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Харин зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Дугуйнуудын хээний гүний хэмжзэ стандартын шаардлага хангаж байна. Автомашин нь ерөнхий байдлын хувьд урд копут зүүн гар талын хэсэгтээ хонхойж будаг халцарсан, урд буфер цуурч хагарч булан нь эмтэрсэн хуучин сэвтэй, урд оврын гэрлийн хоер чийдэн цэнхэр өнгөтэй, улсын дугаарын хоёр гэрлиин чийдэн асахгүй зэрэг эвдрэл, гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Автомашины зүүн гар талын холын гэрлийн тусгалын хүн стандартын шаардлага хангахгүй, урд копут зүүн гар талын хэсэгтээ хонхойж будаг халцарсан, урд буфер цуурч хагарч булан нь эмтэрсэн хуучин сэвтэй, урд оврын гэрлийн 2 чийдэн цэнхэр өнгөтэй, улсын дугаарын 2 гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна. Урд копут зүүн гар талын хэсэгтзэ хонхойж будаг халцарсан нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн баина. Урд буфер цуурч хагарч булан нь эмтэрсэн хуучин сэвтэй, урд оврын гэрлийн хоёр чийдэн цэнхэр өнгөтэй, улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл, гэмтэл нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа жолоочийн үзэгдэх орчныг хязгаарлах боловч тухайн зам тээвриин осолд хэрхэн нөлөөлснииг тогтоох боломжгүй байна. Автомашины зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа жолоочийн үзэгдэх орчныг хязгаарлах боловч тухайн зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлснийг тогтоох боломжгүй байна. Уг автомашины гэрэл дохио бүрэн бус улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй, урд хоёр оврын гэрэл стандаргын бус өөр цэнхэр өнгийн гэрэлтэй байна. Уг автомашин нь шингэн дамжуулгатай, АВS бүхий тоормосны системтэй тоормосны АВS систем нь хэвийн ажиллагаатай байна. Уг автомашины Швед улсад үйлдвэрлэгдсэн ЕWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Мөн зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй баина...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-42-47/
- Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 311 дугаартай:... Toyota prius маркийн 60-54 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ” а.хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй, байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 5.3 гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг; 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-52-53/
- жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-13/
- шүүгдэгч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “Төгөлдөр” хүнсний дэлгүүрийн зүүн замд өөрийнхөө эзэмшлийн 60-54 УБЧ улсын дугаартай Приус маркийн автомашинаа жолоодоод ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй замын нэгдүгээр эгнээгээр 40-50 орчим км/цагийн хурдтай явж байтал явган хүний гарцгүй газраар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй цагаан хувцастай эмэгтэй хүн гүйгээд гараад ирсэн. Би тэр хүнийг хараагүй, яагаад гэвэл урдаас машин хурц гэрэлтэй зөрөх үед тэр эмэгтэй уг машины хойд талаар гүйгээд гараад ирсэн. Тийм болохоор би тэр хүнийг хараагүй очиж мөргөөд тоормос гишгээд зогссон. Тэгээд машинаас буугаад иртэл уг эмэгтэй газарт хэвтэж байхаар нь би өөрийнхөө утсаар эмнэлэг цагдаа дуудсан. Ослын талаар Төгөлдөр хүнсний дэлгүүрийн камер дээр тодорхой бичигдсэн байгаа. Би эмчилгээний төлбөрт сайн дураараа 1.200.000 төгрөг өгч хохирогчийнхоо гомдлыг бүрэн барагдуулсан. Зам орчны хувьд харагдах орчин чөлөөтэй зам халтиргаа байхгүй, зам гэрэлтүүлэгтэй машин тэрэгний хөдөлгөөн бага цаг агаар таатай байсан. Би өөрийнхөө болгоомжгүй байдлаас болж хүний биед гэмтэл учруулсан хэрэгтээ их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-60-61/ гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэг хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Э-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Э-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.200.000 төгрөг нэхэмжилснээс /хх-64-66/, шүүгдэгч нь төлж барагдуулсан байх ба хохирогч нь гомдол саналгүй болохоо илэрхийлсэн /х-78/ байх тул шүүгдэгч бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоов.
Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, Б.Эын В ангилалын 862851 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Э-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-т оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч Б.Э-ын 862851 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР