Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар  2025/ДШМ/1248

 

 

  2025            10              30                                        2025/ДШМ/1248

 

М.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

хохирогч Г.И-ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/5430 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 44 дүгээр эсэргүүцэл, хохирогч Г.Иийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор М.Ц-д холбогдох  2108030581443 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М.Ц, 1978 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “00" ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 255 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан хувийн байдалтай.

Яллагдагч М.Ц нь хохирогч Г.И-д “синотрак загварын өөрөө буулгагч 5 ширхэг тээврийн хэрэгслээ надад зарчих, би ажилд явуулаад банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн төлбөрийг чинь төлнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон Г.И-ийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 01 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” гэх газраас түүний эзэмшлийн 5 ширхэг тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, нийт 497,594,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: М.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Яллах дүгнэлтэд яллагдагч М.Ц нь хохирогч Г.И-ийн 5 ширхэг тээврийн хэрэгслийг өөрийг эзэмшилд шилжүүлэн авч 497,594,000 төгрөгийг хохирол учруулсан гэсэн.

Хэрэгт авагдсан баримтаар тухайн 5 ширхэг өөрөө буулгагч синотрак маркийн ачааны тээврийн хэрэгслийн үнэлгээг нийт 497,594,000 төгрөгөөр тогтоосон (1-р хавтаст хэргийн 47-69 дэх тал) байх боловч хохирогч Г.И нь тухайн тээврийн хэрэгслүүдийг тус бүрийг 70,000,000 төгрөгөөр, яллагдагч М.Ц тус бүрийг нь 55,000,000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан талаар харилцан зөрүүтэй мэдүүлсэн байна.

Хохирогч, яллагдагчийн хэн алины мэдүүлгээр тухайн 5 ширхэг тээврийн хэрэгслийн үнэ нь хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон 497,594,000 төгрөгийн үнийн дүнд хүрэхгүй байна.

Хэрэгт авагдсан гэрч Д.Б (1-р хавтаст хэргийн 122 дахь тал), Д.Ц (2-р хавтаст хэргийн 151 дахь тал), Э.Г (3-р хавтаст хэргийн 63 дахь тал) нарын мэдүүлэгт яллагдагч М.Ц тухайн тээврийн хэрэгслүүдийн засвар үйлчилгээг хийж байсан, сэлбэг хэрэгсэл зээлээр худалдан авч байсан талаар мэдүүлсэн байна.

Тухайн 5 ширхэг тээврийн хэрэгслийн үнэ нь анх худалдан авсан үнээсээ илүү үнэлэгдсэн буюу засан сайжруулсны улмаас үнийн дүн өссөн бол засан сайжруулалтыг хохирогч, яллагдагч нарын хэн нь хийсэн, хэрэв яллагдагч М.Ц нь тухайн засан сайжруулалтыг хийсэн бол хохирлын үнийн дүнгээс хасагдах эсэх талаар хохирлын тооцоог зайлшгүй хийх шаардлагатай. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 51 дугаар яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай дээд шатны прокурорын тогтоолд мөн тодорхой дурдсан.

2. Хохирогч Г.И нь яллагдагч М.Ц-д шилжүүлсэн 5 ширхэг тээврийн хэрэгслээ биет байдлаар нь буцаан авах эсхүл хохирлын үнэ болох 497,594,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлттэй талаараа тодорхой мэдүүлсэн.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Г.И-ийн яллагдагч М.Ц-д залилуулсан гэх 5 ширхэг тээврийн хэрэгслээс 4 ширхэг тээврийн хэрэгсэл нь биет байдлаараа олдсон боловч ашиглах боломжгүй, эд анги нь тоногдсон байдалтай, битүүмжлэх ажиллагаагаа хийгдээгүй, тухайн тээврийн хэрэгслийг хохирогч Г.И-д хүлээлгэн өгөөгүй, тухайн тээврийн хэрэгслүүдийг биет байдлаар олдсон нь хохирлын үнийн дүнгээс хасагдах эсэх, хэрэв хасагдах бол нийт хэдэн төгрөгөөр тооцогдох эсэх нөхцөл байдлыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэж заасан.

Хохирогч Г.И-ийн яллагдагч М.Ц-д шилжүүлсэн гэх 5 ширхэг тээврийн хэрэгслүүд “Гялс төгрөг” ХЗХ /нэр өөрчлөгдсөн ГЭХ/-ны өмчлөлийн эд хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, лавлагаагаар тогтоогдож байна.

Хохирогч Г.И нь тухайн тээврийн хэрэгслүүдийг Гялс төгрөг ХЗХ-нд барьцаанд тавьж зээл авсан талаар мэдүүлэх ба зээлийн гэрээ, барьцааны гэрээг хэрэгт хавсаргасан байна. Гэвч тухайн зээл, барьцааны гэрээтэй холбоотой иргэний маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа талаар баримтууд хэрэгт авагджээ.

Хохирогч Г.И нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тухайн зээлийн маргаан шийдэгдсэн барьцаа хөрөнгөөр зээлийн эргэн төлөлтийг хангуулаагүй, зээлийг төлж дууссан талаараа мэдүүлэх боловч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэтэл мөрдөгч, прокуророос тухайн 5 ширхэг тээврийн хэрэгслийг хууль ёсоор өмчилж байгаа Гялс төгрөг ХЗХ-г иргэний нэхэмжлэгчээр тогтоох, тухай хуулийн этгээдээс /төлөөлөх бүрэн эрхтэй этгээд/ холбогдох тайлбар, мэдүүлгийг авах ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна. ...” гэж дүгнэн хэргийг Сонгинохайрхан прокурорын газарт буцааж, яллагдагч М.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Анхбаяр эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Шүүхээс... яллах дүгнэлтэд яллагдагч М.Ц нь хохирогч Г.И-ийн 5 ширхэг тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 497.594.000 төгрөгийн хохирол учруулсан.

Хэрэгт авагдсан баримтаар тухайн 5 ширхэг өөрөө буулгагч, синотрак маркийн ачааны тээврийн хэрэгслийн үнэлгээг нийт 497.594.000 төгрөгөөр тогтоосон. Хохирогч Г.И нь тухайн тээврийн хэрэгслүүдийг тус бүрийг нь 70.000.000 төгрөгөөр яллагдагч М.Ц тус бүрийг нь 55.000.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан талаар харилцан зөрүүтэй мэдүүлсэн байна.

Хохирогч, яллагдагч хэн алины мэдүүлгээр тухайн 5 ширхэг тээврийн хэрэгслийн үнэ нь хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон 497.594.000 төгрөгийн үнэд хүрэхгүй байна. Тухайн 5 ширхэг тээврийн хэрэгслийн үнэ нь анх худалдан авсан үнээсээ илүү үнэлэгдсэн буюу засан сайжруулсны улмаас үнийн дүн өссөн бол засан сайжруулалтыг хохирогч, яллагдагч нарын хэн нь хийсэн, хэрэв яллагдагч М.Ц нь тухайн засан сайжруулалтыг хийсэн бол хохирлын үнийн дүнгээс хасагдах эсэх талаар хохирлын тооцоог зайлшгүй хийх шаардлагатай.

Хохирогч Г.И нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тухайн зээлийн маргаан шийдэгдсэн барьцаа хөрөнгөөр зээлийн эргэн төлөлтийг хангуулаагүй, зээлийг төлж талаар мэдүүлэх боловч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй.

Гэтэл мөрдөгч, прокуророос тухайн 5 ширхэг тээврийн хэрэгслийг хууль ёсоор өмчилж байгаа Гялс төгрөг ХЗХ-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухайн хуулийн этгээдээс холбогдох тайлбар мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна. ..гэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан хохирогч Г.И-ийн...”Зүгээр утсаар холбогдоод аман тохиролцоо хийгээд машинаа өгч явуулсан байгаа. Тухайн үед би БНХАУ-д үйлдвэрлэсэн өөрөө буулгагч синотрак загварын том оврын машин таван ширхгийг нэг бүрийн үнийг нь 100 сая төгрөгөөр нийт 500 сая төгрөгөөр бодож худалдсан. Улсын дугаар нь 03-85 ТТА, 52-57 УБҮ, 00-90 ТТА, 02-43 ТТА, 03-78 ТТА улсын дугаартай машинууд байсан. ...Би 2018 онд “Гялс кредит” ББСБ-с зээл авч хувь хүнээс 1 бүрийг нь 70 сая төгрөгөөр бодож нийт 300 гаран сая төгрөгөөр хуучин машин худалдаж авч байсан. Тэрнээс хойш 1-2 удаа хөдөө ажилд явж байсан. Машинаа авснаас хойш засвар үйлчилгээ их хийсэн байгаа учраас би одоо машиныхаа нэг бүрийн үнийг 100 сая төгрөгөөр нийт 500 сая төгрөгөөр үнэлж байгаа. ...Би хамгийн сүүлд 2020 оны зун “Гялс кредит” ББСБ дээр хамт очиж уулзаж байсан. Тухайн үед яармагт байр байна бартер хийе гэж хэлээд алга болсон. ...надад мөнгө огт өгөөгүй байгаа. ...би тэр өдрөөс машинаа хаана байгааг нь мэдэхгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/,

Түүнчлэн... тэрээр мэдүүлэхдээ... “М.Ц надаас тээврийн хэрэгслүүдийг авсан мөртлөө нэг ч төгрөгийн зээлийн төлөлтийг миний өмнөөс банк бус санхүүгийн байгууллагад төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Угаасаа миний банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгийг мэдсээр байж бусдад дамжуулж худалдах боломжгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 114-115 дугаар тал/

“Виннер Вэй” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...5 тээврийн хэрэгсэл нийт 497,594,000 төгрөгийн үнэлгээтэй...” гэх дүгнэлт, /хх-ийн 47-69 дүгээр тал/ зэрэг мэдүүлгүүд авагджээ.

Дээрх мэдүүлгээр хохирогч Г.И нь тээврийн хэрэгслүүдийг өөрөө "Гялс кредит" ББСБ-д 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр барьцаанд тавьж зээл авсан талаар, машинаа авснаас хойш засвар үйлчилгээ их хийсэн байгаа учраас би одоо машиныхаа нэг бүрийн үнийг 100 сая төгрөгөөр нийт 500 сая төгрөгөөр үнэлж байгаа...гэж мэдүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйл...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжпэгч гэнэ”...гэж хуульчилсан.

Түүнчлэн иргэний нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь гэмт хэргийн улмаас бодитой хохирол учирсан байх, хохирол ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хоорондоо шалтгаант холбоотой байх явдлаар тодорхойлогдоно.

Дээрх тохиолдолд “Гялс кредит” ББСБ-с иргэний нэхэмжлэгчээр тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь "Гялс кредит" ББСБ-н зүгээс гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийг нөхөн төлүүлэх, сэргээлэхээр шаардлага тавьж гаргаагүй, хохирогч Г.И өөрөө дээрх ББСБ-тай эд зүйлээ барьцаанд тавьж, төлбөрийг төлж барагдуулсан талаар мэдүүлсэн энэ талаар хэрэгт үгүйсгэж няцаасан баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн шүүхээс хохирогч, яллагдагч нарын мэдүүлгийг харьцуулан үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь хууль зүйн хувьд хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2- д...яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй....”гэж хуульчилсан яллагдагчийн мэдүүлгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2.хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх;...хуульчилсан хохирогчийн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэлт хийх нь хуульд нийцэхгүй юм.

Тодруулбал шүүх хуралдаанаар нөхөн хийж болохгүй бүрэн биш ажиллагаанд мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулж байж, нотлох баримт шинээр цуглуулах гэмт хэрэгт сэрдэгдсэн бусад этгээдийг олох, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа өөр газарт буюу явуулах шаардлагатай байхыг ойлгоно.

Иймд дээрх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ноцтой зөрчсөн зөрчил гараагүй байх тул шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, бодитой талаас нь үнэлж, харьцуулан дүгнэх байдлаар хянан шийдвэрлэх боломжтой.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэхээр байна.

Шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой.

Хэрэгт “Виннер Вэй" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гаргасан бөгөөд энэ нь эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх явцад шинжлэх ухаан техник, урлаг болон бусад салбарын болон тусгай мэдлэг шаардсан асуултыг тодруулах шаардлага гардаг энэ тохиолдолд мөрдөгчөөс тодруулах асуудлын талаар шинжилгээ хийлгэхээр шинжээчид даалгадаг.

Энэ хүрээнд шинжээч хуульд заасан үндэслэл журмын дагуу дүгнэлт гаргаж, гарын үсэг зурж албажуулсан байна.

Шинжээч гэж хэрэгт ач холбогдолтой баримтын талаар нарийн мэргэжлийн буюу тусгай мэдлэг шаардсан дүгнэлт гаргуулж, шинжлүүлэхээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчээс томилсон этгээд бөгөөд хэнээс ч хараад бус бие дааж ажиллах үүрэг хүлээдэг өөрийн гаргасан дүгнэлтийг үнэн бодитойг шүүхийн өмнө бие даан хариуцах, худал дүгнэлт гаргах, шинжлэхээс татгалзсан нөхцөл үүссэн бол хуульд заасан хариуцлага хүлээх учиртай.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн “Виннер Вэй” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг эргэлзээтэй гэж шүүхээс үзсэн нь хууль зүйн үндэслэл учир дутагдалтай бөгөөд хохирогчийн мэдүүлгээс хувь хүнээс худалдаж авч байсан үнийн дүнг бодит гэж тооцон түүнийгээ гэм буруугаа хүлээхгүй байхаар хуульчилсан яллагдагчийн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэж, дахин гаргуулахаар нэрлэн заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эргэлзээтэй гэж үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй юм.

Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх яллагдагч М.Цд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн.

Шүүх хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, ямар хууль зүйн үндэслэлээр няцаан хэрхэн үгүйсгэж, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэх талаар шүүхээс хууль зүйн дүгнэлтийг эрх зүйн оновчтой хийх учиртай.

Өөрөөр хэлбэл: Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, түүнийг нотолсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд бодит байдлыг тогтоох, улмаар гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлтийг зөв хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм.

Иймд яллагдагч М.Цд холбогдох эрүүгийн 2108030581443 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 5430 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Г.Иийн өмгөөлөгч Л.Намнансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь “ Тодорхойлох нь:” гэсэн хэсэгтээ хохирогч “80.000.000 төгрөг”, яллагдагч “55.000.000 төгрөг” гээд хохирлын зөрүү байна гэж дүгнэсэн. Гэтэл хохирлын дүнг тусгай мэргэжлийн шинжээч бодитой гаргасан. Анхан шатны шүүх нь тус хэсэгтээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотолбол зохино гэж заасан.

Тээврийн хэрэгслийг анх хэнээс худалдаж авсан талаар яллагдагчийн мэдүүлгийг нягтлах үүднээс 3 дугаар хавтаст хэргийн 68 дахь талд анх худалдаж авсан Чойжилсүрэнжав гэх хүнийг дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэл бий. Тэрээр “90.000.000 орчим төгрөгөөр худалдаж авсан, энэ автомашиныг 55.000.000 төгрөгөөр худалдаж авах боломжгүй” гэж мэдүүлсэн. Тиймээс яллагдагч өөртөө ашигтай байдлаар ийм мэдүүлэг өгсөн болох нь тодорхой харагдана. Гэмт хэрэг үйлдэгдэх цаг үе буюу 2019 оны 01 дүгээр сарын байдлаар тухайн тээврийн хэрэгслүүд ямар үнэтэй байгааг тусгай мэдлэг бүхий шинжээч томилох замаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтооно. Энэ дүгнэлттэй огт маргалдаагүй атлаа ийм зүйл ярьсан. Гэтэл шүүх түүнийг нь бүрэн нягтлахгүйгээр захирамж гаргаж, дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Хоёрдугаарт, шүүгч захирамждаа тээврийн хэрэгслүүдэд засан сайжруулалт хийсэн учир үүнийг хохирлын дүнгээс хасаж тооцох ёстой, үүнийг тодруул гэдэг агуулгыг дурдсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, тухайн үед тээврийн хэрэгслүүдийг авч яваад гэмт хэрэг үйлдсэн, авч явсны дараа үйл ажиллагаанд зарцуулсан, ашиглаж байх явцад гарсан эвдрэлийг засан сайжруулсан. Үүнийг хохирлоос хасах ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэгэнт гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш түүнийг устгасан, эвдсэн, сайжруулсан эсэх нь хэрэгт ач холбогдолгүй. Авч явсан  тухайн үеийн байдлаар хөрөнгө ямар үнэтэй байсныг тогтоож, бодит хохирлыг тооцон шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Тийм учраас шүүгчийн захирамжийн энэ үндэслэл огт үндэслэлгүй гарсан. Шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, хууль зөрчиж гаргасан зэргийг огт хөндөхгүйгээр ийм зүйлийг дурдсан нь үндэслэлгүй. Мөн иргэний хэргийн маргаан байна, үүнийг тодруул гэсэн агуулгаар хэргийг буцаасан. Энэ хэрэгт мөрдөгч иргэний хэргийг тодруулах замаар хохирогч Г.Иээс мэдүүлэг авсан тэмдэглэл 3 дугаар хавтаст хэргийн сүүл хэсэгт бий. “Гялс кредит” ББСБ нь энэ тээврийн хэрэгслүүдийг эрүүгийн журмаар шалгаж байгаа юм байна гэдгийг мэдсэн, хууль ёсны төлөөлөгч нар нь эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгсөн. Иргэний хэрэгт зээлийн гэрээний үүрэг, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан ба зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 5 ширхэг тээврийн хэрэгслийг барьцаанд авсан байснаасаа татгалзсан. Мөн 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд тавьсан байсан тул уг хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хэрэгт би өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд иргэний хэргийн шүүхэд эрүүгийн журмаар шалгаж байгаа тул иргэний хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Гэвч шүүх “зөвхөн зээлийн гэрээний үүрэг, барьцаа тээврийн хэрэгслүүдээр үүргийн гүйцэтгэлүүдийг хангуулахаас татгалзсан учир ийм шаардлага байхгүй, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. М.Ц, Г.И нарын хоорондын 5 ширхэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой эрүүгийн хэрэг тусдаа байна” гээд түдгэлзүүлэх хүсэлт хүлээж аваагүй, хангаагүй. Өөрөөр хэлбэл, М.Цгийн тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрт явуулж, ашиг олоод мөнгийг нь төлнө гэж хэлээд авч явж буй үйлдэл иргэний хэрэгт хамаагүй, зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй гэсэн. Энэ талаар хохирогч хамгийн сүүлд өгсөн мэдүүлэгтээ тодорхой дурдсан учраас иргэний хэрэгт хамааралгүй. Хохирогч Г.И “Гялс кредит” ББСБ-аас тээврийн хэрэгслийг авахын тулд 270.000.000 төгрөг аваад, тэр нь хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдож 590.000.000 төгрөг төлсөн буюу иргэний хэрэг дууссан. Одоо 5 тээврийн хэрэгслээрээ хохирч, банк бус санхүүгийн байгууллагад зээл төлж байна. Тиймээс тээврийн хэрэгслийн хохирлыг бодитой төлж барагдуулах нь зүйтэй. Хохирогч нийт 1 тэрбум гаруй төгрөгийн асуудалд унасан байдалтай байна.

“1. Яллах дүгнэлтэд яллагдагч М.Ц нь хохирогч Г.Иийн 5 ширхэг тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 497.594.000 төгрөг учруулсанг гэсэн. Хэрэгт авагдсан баримтаар тухай 5 ширхэг өөрөө буулгагч Синотрак маркийн ачааны тээврийн хэрэгслийн үнэлгээг нийт 497.594.000 тогтоосон (1хх 47-69 дэх тал) байх ..боловч хохирогч Г.И нъ тухайн тээврийн хэрэгслүүдийг тус бүрийг 70.000.000 төгрөгөөр, яллагдагч М.Ц тус бүрийг нъ 55.000.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан талаар харилцан зөрүүтэй мэдүүлсэн байна...” гэжээ гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно” гэж хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг хэргийн оролцогч талуудын мэдүүлгээр биш “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар” шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилж, тул шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоодог хуультай. Иймд Хэрэгт авагдсан (1хх 47-69 дэх тал)-ын тухай 5 ширхэг өөрөө буулгагч Синотрак маркийн ачааны тээврийн хэрэгслийн үнэлгээг нийт 497.594.000 тогтоосон нь хууль ёсны бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй бөгөөд Г.Ит учирсан хохирлын бодит хохирол мөн юм. Өөрөө хэлбэл хохирогч Г.Ит, шүүгдэгч М.Ц нар анх тус автомашиныг хэдэн төгрөгөөр худалдан авч байсан эсэх нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. Иймд шүүхийн энэ хэргийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Мөн “ ...тухайн 5 ширхэг тээврийн хэрэгслийн үнэ нь анх худалдан авсан үнээсээ үнэлэгдсэн буюу засан сайжруулсны улмаас үнийн дүн нь өссөн бол засан сайжруулалтыг хохирогч, яллагдагч нарын хэн нь хийсэн, хэрэв яллагдагч М.Ц нь тухайн засан сайжруулалтыг хийсэн бол хохирлын үнийн дүнгээс хасагдах эсэх талаар хохирлын тооцоог зайлшгүй хийх шаардлагатай... гэжээ. Гэтэл бодит байдал: Тээврийн хэрэгсэлд хийсэн засвар үйлчилгээтэй холбоотой зардал Г.И гаргасан бөгөөд энэ талаарх тайлбар, мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Мөн прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд засвартай холбоотой зардал болох 80.000.000 төгрөгийн талаар шийдвэрлээгүй бөгөөд хохирогчийн зүгээс мөн 80.000.000 төгрөгийг шардаагүй тул прокуророос шүүхэд үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой.

Хохирогч Г.И нь яллагдагч М.Цд шилжүүлсэн 5 ширхэг тээврийн хэрэгслээ биет байдлаар нь буцаан авах эсхүл хохирлын үнэ болох 497.594.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй талаараа тодорхой мэдүүлсэн.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Г.Иийн яллагдагч М.Ц-д залилуулсан гэх 5 ширхэг тээврийн хэрэгслээс 4 ширхэг тээврийн хэрэгсэл нь биет байдлаараа олдсон боловч ашиглах боломжгүй, эд анги нь тоногдсон байдалтай, битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй, тухайн тээврийн хэрэгслийг хохирогч Г.И-д хүлээлгэн өгөөгүй, тухайн тээврийн хэрэгслүүдийг биет байдлаар олдсон нь хохирлын үнийн дүнгээс хасагдах эсэх, хэрэв хасагдах бол нийт хэдэн төгрөгөөр тооцогдох эсэх нөхцөл байдлыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай...” гэж үндэслэлгүй хэрэгт ач холбогдолгүй дүгнэлтийг хийсэн. Өөрөө хэлбэл ашиглах боломжгүй, эд анги нь тоногдсон тээврийн хэрэгслийг үнийн дүнгээс хасах боломжгүй юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт: “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтоохоор ” хуульчилсан байхад шүүх ийнхүү дүгнэж үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол... гэж заасан.

Хохирогч Г.И яллагдагч М.Ц-д шилжүүлсэн гэж 5 ширхэг тээврийн хэрэгслүүд Гялс төгрөг ХЗХ /нэр нь өөрчлөгдсөн/ өмчлөлийн эд хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар лавлагаагаар тогтоогдож байна.

Хохирогч Г.И нь тухайн тээврийн хэрэгслүүдийг Гялс төгрөг Хзх-нд барьцаанд тавьж зээл авсан талаар мэдүүлэх ба зээлийн гэрээ, барьцааны гэрээг хэрэгт хавсаргасан байна. Гэвч тухайн зээл, барьцааны Гэрээтэй холбоотой иргэний маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа талаар баримтууд хэрэгт авагджээ...” гэсэн бодит зүйлийг дүгнэн дурдсан атлаа хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол дараах зүйлийг дурдсан байна.

“...Хохирогч Г.И нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тухайн зээлийн маргаан шийдэгдсэн барьцаа хөрөнгөөр зээлийн эргэн төлөлтийг хангуулаагүй, зээлийг төлж дууссан талаараа мэдүүлэх боловч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна...” гэх боловч үүнтэй холбоотой баримт нь М.Ц-д холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолгүй юм учир нь тус хэрэг маргаан нь М.Ц-д холбогдох маргаан биш бөгөөд хохирогч Г.Иийн тус 5 автомашины зээлийн эргэн төлөлтэй холбоотой асуудлыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 2025/ШЗ/5430 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Сонгинохайрхан дүүргийн прокуророос М.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.

Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах болсон 1 дэх үндэслэл буюу хохирогч Г.И тухайн 5 ширхэг тээврийн хэрэгслүүдийн тус бүрийн үнийг 70,000,000 төгрөгөөр, яллагдагч М.Ц нь тус бүрийн үнийг 55,000,000 төгрөгөөр худалдан авсан харилцан зөрүүтэй мэдүүлсэн, эдгээрийн мэдүүлэгт дурдсан үнэлгээ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 497,594,000 төгрөгийн үнэд хүрэхгүй байна гэх шүүгчийн захирамжийн үндэслэлийн талаар хянахад:

Хэрэгт хохирогч Г.И: “...Зүгээр утсаар холбогдоод аман тохиролцоо хийгээд машинаа өгч явуулсан. Тухайн үед би БНХАУ-д үйлдвэрлэсэн өөрөө буулгагч синотрак загварын том оврын машин таван ширхгийг нэг бүрийн үнийг нь 100,000,000 төгрөгөөр, нийт 500,000,000 төгрөгөөр бодож худалдсан. Улсын дугаар нь 03-85 ТТА, 52-57 УБҮ, 00-90 ТТА, 02-43 ТТА, 03-78 ТТА улсын дугаартай машинууд байсан. ...Би 2018 онд “Гялс кредит” ББСБ-с зээл авч хувь хүнээс 1 бүрийг нь 70,000,000 төгрөгөөр бодож нийт 300,000,000 гаран сая төгрөгөөр хуучин машин худалдаж авч байсан. Тэрнээс хойш 1-2 удаа хөдөө ажилд явж байсан. Машинаа авснаас хойш засвар үйлчилгээ их хийсэн байгаа учраас би одоо машиныхаа нэг бүрийн үнийг 100 сая төгрөгөөр нийт 500 сая төгрөгөөр үнэлж байгаа. ...Би хамгийн сүүлд 2020 оны зун “Гялс кредит” ББСБ дээр хамт очиж уулзаж байсан. Тухайн үед “яармагт байр байна бартер хийе” гэж хэлээд алга болсон. ...надад мөнгө огт өгөөгүй байгаа. ...би тэр өдрөөс машинаа хаана байгааг нь мэдэхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх 25-27/,

хохирогч Г.И: “...“М.Ц надаас тээврийн хэрэгслүүдийг авсан мөртлөө нэг ч төгрөгийн зээлийн төлөлтийг миний өмнөөс банк бус санхүүгийн байгууллагад төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Угаасаа миний банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгийг мэдсээр байж бусдад дамжуулж худалдах боломжгүй...” гэх мэдүүлэг /хх 114-115/

“Виннер Вэй” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...5 тээврийн хэрэгсэл нийт 497,594,000 төгрөгийн үнэлгээтэй...” гэх дүгнэлт, /хх-ийн 47-69 дүгээр тал/ зэрэг мэдүүлгүүд авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно.” гэж заасан.

Хэрэгт “Виннер Вэй” ХХК-ний шинжээчийн тухайн 5 тээврийн хэрэгслийн эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон дүгнэлт нь тусгай мэдлэг хууль, дүрэм, журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй нөхцөл байдал бий болгоогүй, түүнчлэн шинжээчийн дээрх дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй тул хохирогч яллагдагч нар анх хэдэн төгрөгөөр тухайн тээврийн хэрэгслийг худалдан авч байсан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд сөрөг нөлөө үзүүлэхээргүй байна.

2. Хэргийг прокурорт буцаах болсон тухайн 5 ширхэг тээврийн хэрэгслийг засан сайжруулсны улмаас үнийн дүн нь анх худалдан авсан үнээсээ өссөн эсэх, засан сайжруулалтыг хохирогч, яллагдагч нарын хэн нь хийсэн, хэрэв яллагдагч Ц.М.Ц нь тухайн засан сайжруулалтыг хийсэн бол хохирлын нийт дүнгээс хасагдах байсан эсэх хохирлын тооцоог хийгээгүй гэх шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянахад;

Хэрэгт хохирогч Г.И “...Би машинаа худалдаж авснаас хойш 1-2 удаа хөдөө ажилд явж байсан. ...машинаа авснаас хойш засвар үйлчилгээ их хийсэн байгаа учраас би одоо машиныхаа нэг бүрийн үнийг 100,000,000 төгрөгөөр нийт 500,000,000 төгрөгөөр үнэлж байгаа талаарх мэдүүлэг авагдсан байна. /1хх 25-27, 114-115/

Түүнчлэн прокуророос яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд засвар үйлчилгээтэй холбоотой 80,000,000 төгрөгийн шийдвэрлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж шийдвэрлэх нь зүйтэй.

3. Хэргийг прокурорт буцаах болсон 3 дахь үндэслэл буюу тухайн 5 ширхэг тээврийн хэрэгслийг хууль ёсоор өмчилж байгаа “Гялс төгрөг” ХЗХ-г иргэний нэхэмжлэгчээр тогтоох , мэдүүлэг авах ажиллагааг хийгээгүй байна гэх шүүгчийн захирамжийн үндэслэлийн талаар хянахад;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд иргэний нэхэмжлэгч гэдэгт ямар этгээдийг ойлгох талаар зохицуулсан бөгөөд иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас бодитой хохирол учирсан байх, хохирол үйлдлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсоноор илэрхийлэгддэг.

Хэрэгт хохирогч Г.И нь “Гялс төгрөг” ББСБ-д эд зүйлээ барьцаанд тавьсан, төлбөр мөнгийг яллагдагч М.Ц биш өөрөө төлж барагдуулж байсан талаараа мэдүүлжээ. /1хх 114-115/

Дээрхээс үзэхэд “Гялс төгрөг” ББСБ /нэр өөрчлөгдсөн хадгаламж зээлийн хоршоо/-г иргэний нэхэмжлэгчээр тогтоох хууль зүйн үндэслэл байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч М.Цгийн гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн, хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд, прокурор Н.Анхбаярын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/5430 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/5430 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Н.Анхбаярын бичсэн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 44 дүгээр эсэргүүцэл, хохирогч Г.И-ийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Яллагдагч М.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                               Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ