Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2019/01136

 

 

 

 

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2019/01136

 

 

 

 

 

                                        “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/01271 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч “ХБ” ХХК, хариуцагч ЦГ-д холбогдох 329 086 877.95 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгчийн тайлбарт: ЦГ нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1370017433 дугаартай зээлийн гэрээ, БД1370017433-01 дугаартай батлан даалтын гэрээ, БИ1370017433-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг байгуулан 300,000,000 /Гурван зуун сая/ төгрөгийг жилийн Банкны төгрөгийн суурь хүү дээр 8,7 хувийг нэмсэнтэй тэнцүү хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч ЦГ-ийн ХасБанк дахь 5001026400 тоот харилцах дансанд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 300 000 000  төгрөгийг шилжүүлэн зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлэнд 89 617 647.05 зээлийн хүүнд 57 103 095.82 нэмэгдүүлсэн хүүнд 670 662.63 төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан ЗГ1370017433 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны хуваарьт өдрөөс хойш төлөөгүй ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 746 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанкны зүгээс зээл төлөх боломжоор хангаж хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч ЦГ нь ЗГ1370017433 дугаартай гэрээний 1.4, 3.4.2-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул талуудын хооронд байгуулсан ЗГ1370017433 дугаартай зээлийн гэрээний 5.1-д заалтыг үндэслэн гэрээг цуцалж байгаа болно. ЗГ1370017433 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн БИ1370017433-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр Батхуяг овогтой Лхагвасүрэнгийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032150 дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн 000321149 дугаар гэрчилгээтэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, 95-р байр, 204 тоотын орон сууц, Ганбаатар овогтой Ганбаярын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204071216 дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн 000411366 дугаар гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10-р хороо, 4 хэсэг хангамж гудамж, 315 тоот хаягт байршилтай Үйлчилгээний зориулалттай үл хөдпөх хөрөнгө, Ганбаатар овогтой Ганбаярын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2204009070 дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн 000282747 дугаартай гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10-р хороо, 4 хэсэг хангамж гудамж, 315 тоот хаягт байршилтай газрыг барьцаалсан. Төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 210 382 352.95 төгрөг, зээлийн үндсэн хүү 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 746 хоногийн хүү болох 110 112 277.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 592 248.00 төгрөг, нийт 329 086 877.95 төгрөгийг хариуцагч ЦГ-аас гаргуулна. Хариуцагч нар нь сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: Хариуцагч нь 2016оны 4 сарын 27-нд зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ, ипотекийн гэрээ байгуулсан. Эргэлтийн хөрөнгөний зориулалтаар 300 сая төгрөгийг авсан.Нэхэмжлэгч нь хариуцагчийн харилцах дансанд уг мөнгийг 4 дүгээр сарын 28-нд шилжүүлсэн. Үндсэн зээлд 89 617 647.05 төгрөг, хүүнд 57 103 095.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 670 662.63 төгрөг төлсөн. Хариуцагч нь зээлийн гэрээг зөрчсөн ба 746 хоног хугацаа хэтрүүлсэн. Удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж байна. Гэрээний дагуу үүргийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Иймд үндсэн зээл 210 382 352.95 төгрөг, хүүнд 110 112 277 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8 592 248 төгрөг, нийт 329 086 877.95 төгрөг нэхэмжилж байна. Улмаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ. 

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ЦГ-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 262 720 871.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66 366 006.45 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ЦГ-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 873 584.38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 471 554 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туяагийн давж заалдах гомдолд:  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1271 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 262 720 871.50 төгрөгийг хангаж, 66 366 006.45 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно. Нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлийн гэрээ нь 36 сар буюу 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжлэх байсан боловч нэхэмжлэгч нь энэ хугацаанаас өмнө гэрээг цуцласан байх тул нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү болох 8 592 248 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү тохиролцсон. Иргэний хууль тогтоомжид гэрээг нэг талын санаачлагаар хугацаанаас нь өмнө цуцласан тохиолдолд нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй буюу шаардахыг хориглосон зохицуулалт байхгүй бөгөөд шүүх дээрх дүгнэлтээ Иргэний хууль хэрэглэлгүй гаргасан гэж үзэхээр байна. Банк зээлдэгчээс гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч нь нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй тул анхан шатны шүүхээс банкийг нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүг нийлүүлэн бодохдоо тооцооллын алдаа гаргасан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ... дээрхээс нэгтгэн тооцвол хариуцагчид зээлийн гэрээг цуцлах хүртэлх хугацаанд үндсэн зээлд 300 000 000 төгрөг хүүд 110 112 227 төгрөг нийт 410 112 227 төгрөг төлөх үүрэг үүссэн гэж үзнэ. Нэхэмжлэлд дурдсанаар хариуцагч нь зээлийн үүрэгт нийт 147 391 405.50 /89 617 647.05 үндсэн зээлд+57 103 095.82 зээлийн хүүд/ төгрөг төлсөн. Үүнээс тооцвол хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг 262 720 871.50 /410 112 277-147 391 405.50/ төгрөг төлөхүүргээ биелүүлээгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Шүүхээс дээрх дүгнэлтийг хийхдээ нийт үнийн дүнгээс хариуцагчийн зээлийн хүүд төлсөн 57 103 095.82 төгрөгийг хасч тооцсон нь тооцооллын хувьд алдаатай болгосон. Банк хариуцагчаас нэхэмжилсэн зээлийн хүү нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 110 112 227 төгрөг бөгөөд тус мөнгөн дүн нь хариуцагчийн зээлийн хүүд төлсөн 57 103 095.82 төгрөгийг хасаад үлдсэн дүн тул тус нийт үнийн дүнгээс дахин 57 103 095.82 төгрөгийг хасч тооцохгүй юм. Өөрөөр хэлбэл тооцооллын хувьд тухайн үед зээлийг төлөх үеийн байдлаар тооцогдсон хүү, үндсэн төлбөрийг хасч тооцон үлдэх үндсэн төлбөрийн дүнгээс хүү тооцогддог учир тооцооллын энгийн математик 4 үйлдлийн аргаар тооцож гаргах нь үндэслэлгүй.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх баталгаат ипотекийн гэрээ болон түүний хавсралтаас үзэхэд уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Иймд мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар ипотек үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Хариуцагч Цахимгал ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б.Лхагвасүрэн, Г.Ганбаяр нартай 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан БИ1370017433-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан ба нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд анх уг баталгааг ипотекийн гэрээг гаргах өгөхдөө хайхрамжгүй үйлдлийнхээ улмаас улысн бүртгэлд бүртгүүлсэн тэмдэглэгээ бүхйи гэрээ бус өмнө нь байсан хуулбар гэрээг санамсаргүйгээр өгсөн байснаа шүүх хурлын явцад мэдсэн бөгөөд үүнийгээ хурал дээр тайлбарлаж улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцааны гэрээгээ гаргах өгөх боломжоор хангаж өгөхийг хүссэн боловч уг хүсэлтийг шүүхээс авч үзэлгүй шаардлагатай тохиолдолд нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах, эх баримтыг шаардах зэрэг ажиллагааг хийх боломжтой байхад хийлгүйгээр хэрэгт ач холбогдолтой дээрх баталгаат ипотекийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна гэ ждүгэсэн нь бодит байдлаас илтэд зөрүүтэй, уг дүгнэлтээрээ нэхэмжлэлийн барьцаатай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь банк нь хуульд заасан шаардлагыг хангаж барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн атлаа барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлээ хангуулах боломжгүй болж хохирох, нэхэмжлэгчийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлээ хангуулах эрхийг хязгаарласан, хэргийн бодит байдалд нийцээгүй, талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч ЦГ-д холбогдуулан 329 086 877.95 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч ЦГ нэхэмжлэгч “ХБ” ХХК-аас 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 300 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 8,7 хувийг нэмсэнтэй тэнцүү хүүтэй зээлэхээр зээлийн гэрээг байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлд Г.Ганбаярын өмчлөлийн Ү-2204071216 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байршилтай 258,75 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206032150 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байршилтай 183,88 м.кв талбайтай 5 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б.Л өмчлөлийн дээрх хаягт байршилтай Г-2204009070 дугаарт бүртгэлтэй 508 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалжээ. /хх13-17/

 Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 329 086 877.95 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэсэн 2 шаардлага гаргасан байх ба шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хэргийн  13-18 дугаар тал дахь баталгаат ипотекийн гэрээ нь нотариатаар батлагдсан байх боловч Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.

Нэхэмжлэгч “ .., шүүхэд баталгаат ипотекийн гэрээг гаргаж өгөхдөө хайхрамжгүй үйлдлийнхээ улмаас улсын бүртгэлд бүртгүүлсэн тэмдэглэгээ бүхий гэрээ бус өмнө нь байсан хуулбар гэрээг өгсөн байсан, үүнийг шүүх хурал дээр тайлбарлаж нотлох баримтаар гаргаж өгөхийг хүссэн боловч шүүх уг хүсэлтийг хүлээж аваагүй ..,” гэж давж заалдах гомдол гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр үгүйсгэгдэж байна. Шүүгч хуралдааны явцад нэхэмжлэгчээс барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаар тодруулсан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнтэй холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна. Шүүх хэргийн оролцогчийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчөөгүй боловч нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг шийдвэрлэхэд барьцаа хөрөнгө улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх нь чухал ач холбогдолтой тул үүнийг тодруулахгүйгээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно. /хх52/

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/01271 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ЦОГТСАЙХАН

 

                                         ШҮҮГЧИД                          Б.НАРМАНДАХ

 

                                                                                      А.МӨНХЗУЛ