Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

            Улсын яллагч: А.Амгалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

            Хохирогчийн өмгөөлөгч Ч.Ням,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг

            Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хт холбогдох 1829000980098 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

   Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд төвд буюу “Овоогийн говь” ХХК-ийн хажуугийн засмал зам дээр согтуугаар болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй мотоцикл жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.7а, 9.2 дахь хэсгийн заалтуудыг зөрчсөнөөс 11-60 ӨМҮ улсын дугаартай, SUZUKI SX4 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган М.Мөнхтулгын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х: Би 2018 оны 04 сарын 07-нд Мөнхтулгатай хамт хөдөө ямаа самнахаар явсан. Овоогийн говийн зүүн талын замаар урагшаа явж байхад зүүн гар талаас машин орж ирээд зогсохоор нь хаазалсан. Тэгээд урагшаа чигээрээ явах гэсэн чинь нөгөө машин урдуур орж ирсэн. Би тормозоо гишгээд араас нь очоод мөргөсөн. Манай найз замын нөгөө талд унасан. Машин дотроос 2 хүн гарч ирсэн. Тэгээд байж байтал жижиг тэрэгтэй Өлзийбадрах ах ирээд наад хүмүүс чинь үхлээ түргэн дууд гэсэн. Түргэн дуудаж, эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод юу болсон талаар би сайн мэдэхгүй байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Мөнхтулгын өмгөөлөгч Ч.Ням: М.Мөнхтулгын баруун зүүн хөл нь хоёр, хоёр удаа хугарсан. Сүүжний ясны гэмтэл, тархины гэмтэл, хүзүүний гэмтэлтэй байгаа. Энэ гэмтлүүдийн улмаас 4 сарын хугацаанд эмээгийнхээ асрамжид байгаа бөгөөд одоо болтол эмчилгээ дуусаагүй. Хэрэг болсон өдрөөс хойш Х гэдэг хүн нэг ч удаа уулзаагүй. Утсаар ярихаар заримдаа тоглосон шинжтэй, мөнгө өгөөд болж байгаа юм биш үү гэдэг, би үнэхээр их гомдолтой байна. Хэвтэрт ороод сүүж, нуруу цоорсон, 2 хөлийн булчин сулралд орж ажиллагаагүй болсон. Түүнийг нэг ч удаа сувилалд явуулах арга хэмжээ авч өгөөгүй. Х нь хохиролд 3 500 000 төгрөг өгсөн гэж худлаа, 2 600 000 төгрөг өгсөн. Аав, ээж нь ирж уулз гэж шаарддаг боловч уулзахгүй зугтаагаад явдаг. Мөнхтулгатай хамт ямаа самнахаар явъя гэж хэлээгүй. Мал дээр очоод ирье гээд байхаар нь хамт сууж явсан. Х нь хүн чанаргүй, түүнийг эрүүл мэндийн хувьд насан туршид нь 2 хөлгүй болголоо. Шүүгдэгчээс багадаа 22 000 000 төгрөгийг гаргуулж авмаар байна. Нотлох баримтаар 10 000 000 төгрөгийн онгоцны зардал төлсөн байдаг. Би түүнийг огт мэдэхгүй. Энэ мөнгийг Оюутолгой ХХК төлсөн байхыг харсан. Оюутолгой ХХК 50%-ийг гаргасан гэж бодож байна. Эрүүл мэндийн байдлын хувьд 2 хөл дээрээ огт явахгүй. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо одоог болтол арилгаагүй байна. Хүнд гэмтэл учирч олон сар өвчиндөө шаналж байгаа. Хуулийн дагуу хариуцлагаа хүлээх ёстой. Одоо болтол аав, ээжээрээ 200 000, 300 000 төгрөгийг шилжүүлдэг. Аав, ээж нь энэ гэмт хэргийг үйлдсэн биш. Гэмтлийн эмнэлэгт байхад зардал өгч байсан. Түүнээс биш өөрөө сэтгэл гаргаад мөнгө төлөөгүй. 1 удаа ч халуун цай бариад ирж байгаагүй. Удаа дараа гуйсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд согтуу байсан. 2, 3 шил пиво уусан байдаг. Ийм хариуцлагагүй байдлаас болж хүнийг тахир дутуу болгосон. Цаашид нэхэмжлэх зүйл хавтаст хэрэгт авагдсан М.Мөнхтулгын хүсэлт байна. Үүнд нийт 3 800 000 төгрөгийн зардал  гарсан. Үүнээс 2 400 000 төгрөг төлсөн, үлдсэн төлбөрийг төлөөгүй байна. Одоо босоо таягтай, 2 хөл нь дунд болон дээд хэсэгтээ 8, 8 хадаастай. Энэ шархны ариун цэврийн зардал 500 000 төгрөг,  эмчилгээний зардал 3 800 000 төгрөг, асаргааны зардал 1 000 000 төгрөг, өөрөө босоод 2 хөл дээрээ явж чадахгүй учир бензин шатахууны мөнгө 600 000 төгрөг,  дахин мэс засалд ороход 1 100 000 төгрөг, өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг, сувилалд явж 2 хөлийн сулралыг арилгуулах эмчилгээнд 2 400 000 төгрөг, нийт 12 400 000 төгрөгийн зардал, цаашид хөлөө эмчлэхэд 10 000 000 төгрөг, нийтдээ 22 400 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14-р хуудас/

Жолоочийн согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15-р хуудас/

Хохирогч М.Мөнхтулгад хохирол төлбөр төлсөн болон нислэгийн тийз захиалсан баримт /хх-ийн 20-27-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Мөнхтулгын мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/

Гэрч Ц.Мягмарын мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/

Гэрч О.Ганболдын мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/

Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 18 өдрийн №210 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 18 өдрийн №208 дугаартай  дүгнэлт /хх-ийн 50-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 18 өдрийн №209 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-р хуудас/

Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 04 сарын 20 өдрийн №67/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/

Шинжээчийн 2018 оны 05 сарын 10 өдрийн дүгнэлт /хх-ийн 56-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 24 өдрийн №5020 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 24 өдрийн №5021 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-р хуудас/

Шүүгдэгч Б.Хийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-р хуудас/

Шүүгдэгч Б.Хийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 81-р хуудас/

Хохирогч М.Мөнхтулгын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, гэрэл зураг /хх-ийн 103-106-р хуудас/

Хохирогч М.Мөнхтулгаас гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 108-129-р хуудас/

Хохирогч Ц.Мягмараас гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 152-165-р хуудас/

Хохирогч О.Ганболдоос гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 171-177-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд төвд буюу “Овоогийн говь” ХХК-ийн хажуугийн засмал зам дээр согтуугаар болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй мотоцикл жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.7а, 9.2 дахь хэсгийн заалтуудыг зөрчсөнөөс 11-60 ӨМҮ улсын дугаартай, SUZUKI SX4 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган, М.Мөнхтулгын эрүүл мэндэд хүнд хохирол, О.Ганболд, Ц.Мягмар нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

-хохирогч М.Мөнхтулгын мэдүүлэг :”...Миний биед хоёр хөл хугарсан. Баруун хөл шилбэ хэсгээрээ савхан яс болон бүдүүн шилбэ дээгүүр, доогуураа хоёр удаа хугарсан. Зүүн хөлний баруун гуя болон дунд чөмөг хэсгээр дээгүүр, доогуураа хоёр удаа тус тус хугарсан. Толгой тархи өвдөж, нугас нуруугаар өвддөг болсон. Эмчийн хэлснээр бол хоёр хөлийн булчингийн сулрал явагдаж байна. Яаралтай нөхөн сэргээх эмчилгээнд орж, сувилалд яв гэсэн. Хөрөнгө, мөнгөний асуудлаас болж эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Одоогоор эмчилгээний зардал 12.400.000 төгрөг хэрэгтэй байна. Энэ бүх эмчилгээний төлбөрийг намайг сундалж явсан мотоциклын жолооч Хоос хохирол, эмчилгээний төлбөрийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/

-гэрч Ц.Мягмарын мэдүүлэг: “...туслах замаар явж байгаад уулзвараар баруун гар тийш эргээд төв замруу ороод явган хүний гарцан дээр явж байх үед ард талаас хүчтэй юм мөргөхөөр нь машинаа зогсоогоод буугаад очтол улаан мотоциклтой хоёр хүн байсан. Тэр хоёр хүний нэг нь босоод ирсэн, нэг нь босч чадахгүй хэвтээд түргэн, цагдаа дуудаад өг гэж тэр хавьд явж байсан машинтай хүн болон явган явж байсан хүмүүс хэлсэн. Тэгээд дүү Баасанхүү рүү утсаар залгаж ,мотоциклтой хүн араас ирээд мөргөчихлөө цагдаа, түргэн дуудаад өг гэж утсаар хэлсэн. Тэгээд удалгүй түргэн, цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/

-гэрч О.Ганболдын мэдүүлэг: “...Ханбогд сумын төвийн баруун тийш чиглэсэн замаар явж байгаад урагшаа чиглэсэн хөндлөн төв зам руу зүүн гар талруу эргээд явтал машины араас нэлээн хүчтэй мөргөсөн. Тэгээд Мягмар эгч машинаа зогсоогоод би түрүүлж буугаад, Мягмар эгч араас буугаад ирэхэд манай машины ард талд улаан мотоцикл зүүн талруугаа унасан байдалтай, мотоцикл жолоодож явсан бололтой хүн босчихсон, ард нь байсан бололтой хүн нь унасан ёолоод байсан. Тэгээд л Мягмар эгч сандраад цагдаа түргэн дуудсан. Баасанхүү ахруу залгаж түргэн дуудуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/

- Замын цагдаагийн 2018 оны 05 сарын 10 өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “Ослын үед 11-60 улсын дугаартай SX4 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Цэцгээ овогтой Мягмар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. Зам тээврийн ослын үед улсын дугааргүй мотоцикл жолоодсон Бат-Эрдэнэ овогтой Х нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1а-д ”Тухайн тээврийн хэрэгслийн ангилал тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 2.7а-д “Согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9.2-т ”Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэх дүрмийн заалтыг зөрчсөн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 56-р хуудас/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 24 өдрийн №5020 дугаартай шинжээчийн: “М.Мөнхтулгын биед баруун хөлийн шаант,тахилзуур ясны ил хугарал,зүүн дунд чөмөгний дээд 1/3 хэсгийн дунд хугарал,баруун шилбэнд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт,эмчилгээнээс хамаарна.“ гэх дүгнэлт /хх-ийн 58-р хуудас/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 24 өдрийн №5021 дугаартай шинжээчийн: “Б.Хийн биед тархи доргилт, зүүн гуя, цавины хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.“ гэх дүгнэлт /хх-ийн 69-р хуудас/

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 18 өдрийн №210 дугаартай “О.Ганболдын биед тархи доргилт, бүсэлхийн 4-5-р нугалам, бүсэлхийн 5-р нугалам, ууцны 1-р нугалам хоорондын жийргэвчийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 18 өдрийн №208 дугаартай “М.Буянцэнгэлийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 50-р хуудас/

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 18 өдрийн №210 дугаартай “Ц.Мягмарын  биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 52-р хуудас/

- Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 04 сарын 20 өдрийн №67/01 дугаартай шинжээчийн “Suzuki SX4 маркийн автомашинд зах зээлийн дундаж үнээр нийт 1 085 000 төгрөгийн хохирол, Ява маркийн мотоциклд нийт 45 000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 Энэхүү гэмт хэргийг үйлдсэн этгээд нь хохирол, хор уршиг учрахыг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлддэг, гэм буруугийн болгоомжгүйн хэлбэртэй байдаг бөгөөд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам буюу шүүгдэгч Б.Хийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а-д ”Тухайн тээврийн хэрэгслийн ангилал тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 2.7а-д “Согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9.2-т ”Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөр гэмт хэргийн үйлдлийн шинж бүрдэх юм.

  Хохирол төлбөрийн тухайд:

  Хохирогч Ц.Мягмар, О.Ганболд нарын өмгөөлөгч Ц.Баярмаагийн “Б.Х нь миний үйлчлүүлэгч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэх хүсэлт /хх-ийн 191-р хуудас/, шүүгдэгч Б.Хийн хохирогч Ц.Мягмарт 2 185 382 төгрөг, О.Ганболдод 480 172  төгрөгийн хохирол төлсөн баримт хэрэгт авагдсан байх тул цаашид тэдэнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч М.Мөнхтулга эмчилгээний зардалд 12 400 000 төгрөг зарцуулсан, нэмж 10 000 000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч хэрэгт 3 815 030 төгрөгийн баримт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дэх хэсгийн 13, 14-т зааснаар үнэн зөвд тооцож үнэлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан хохирогчид төлөх үүргийн үндэслэл болсон “эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй зардал” гарсан талаарх баримт гэж үзэхээргүй, хэнд юунд зарцуулсан нь тодорхойгүй, хохирогчийн эрүүл мэндэд ямар эмчилгээ хийгдэх шаардлагатай болон хийлгэсэн зэрэг тодорхой баримт байсангүй.

Харин нэгэнт шүүгдэгч Б.Хийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчид гэм хор учирсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогчоос өмгөөлөгчид төлсөн 2 000 000 төгрөгийг шүүгдэгч хариуцах үүрэгтэй гэж үзэж төлүүлэхээр заан мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний төлбөр шаардах эрхтэй” гэж зааснаар түүний нэхэмжилсэн 3 сарын цалин 900 000 төгрөгийн хамт 2 900 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч М.Мөнхтулгад олгох нь зүйтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч Б.Х хохирогчид баримтаар 3 500 000 төгрөг төлсөн, мөн онгоцны зардал 10 500 000 төгрөгийг түүний өмнөөс төлсөн  байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ерөнхий зарчим болох хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод нийцүүлэн тэрхүү төлбөрийг хохирогчид олгох төлбөрөөс хасахгүй байхаар шийдвэрлэлээ.

Бусад баримтын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцээгүй орхисон тул хохирогч М.Мөнхтулгыг баримтаа бүрдүүлэн цаашид гарсан эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдвал зохино.

  Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Хийн ял шийтгэлгүй үедээ болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж, хохирогч М.Мөнхтулгад анхны тусламж үзүүлж, Улаанбаатар хот руу яаралтай онгоцоор нисгэж хүргэсэн нөхцөл байдал нь мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг нь 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй учир мөн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Иймд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үнэлж, шүүгдэгч Б.Х хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн учир түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр буюу нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэхээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

  Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Арлаан овогт Бат-Эрдэнийн Хийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан болон жолоодох эрхгүй үедээ зөрчиж, М.Мөнхтулгын эрүүл мэндэд хүнд хохирол, О.Ганболд, Ц.Мягмар нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Хийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Хийг тэнссэн хугацаанд хохирлоо төлөх үүргийг болон согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, энэхүү үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэн хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Хоос 2 900 000 төгрөг гаргуулан хохирогч М.Мөнхтулгад олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Мөнхтулга нь шүүгдэгч Б.Хоос гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Х хохирогч М.Мөнхтулгад 3 500 000 төгрөг болон онгоцны зардалд 10 500 000 төгрөг, хохирогч О.Ганболдод 480 172 төгрөг, хохирогч Ц.Мягмарт 2 185 382 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.УРАНГУА