Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар  2025/ДШМ/1249

 

   2025            10             30                                        2025/ДШМ/1249

 

Т.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Т.М-ын өмгөөлөгч Г.Долгорсүрэн,

хохирогч Д.Х, түүний өмгөөлөгч Б.Золзаяа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2135 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Х-ийн гаргасан давж заалдах гомдлоор Т.М-д холбогдох 2403000001039 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т.М, 2001 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт 00 дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

Шүүгдэгч Т.М нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гадаад харилцааны яамны хойд талын замд “00” загварын 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлд “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 11.5 дугаар зүйлд “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчиж “00” загварын 0000  000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч Д.Х-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газар: Т.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Чингэлтэй дүүргийн дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлөөр эдлүүлж, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар Т.М-оос хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 17,328,332 төгрөг гаргуулж хохирогч Д.Х-т, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Т.М-оос 3,143,520 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч Д.Х, иргэний нэхэмжлэгч А.У нар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Т.Моос нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Холбогдогч Т.М нь миний эрүүл мэндэд 2024.11.06-ны өдрийн 14391 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдсан “Зүүн сүүж ясны тогооны арын ирмэгийн хугарал, зүүн түнхний мултрал, зүүн шуу, сарвууны долоовор хуруу , зүүн шилбэ бүсэлхий, баруун өвдөгт цус хуралт гэмтэл учруулсан.

Дээрх гэмтлийн улмаас би ажил эрхлэх боломжгүй, хүүхдүүдээ харж асарч чадахгүй хэдэн сар хэвтэрт байсан. Мөн гэмтлийн улмаас хүүхэд тээж төрүүлэх боломжгүй болж, энэ  байдлын улмаас нөхөр салж явах дээрээ тулсан. Би дунд зүүн сүүж ясны тогооны арын ирмэгийн хугарал хадуулах хагалгаанд орж хадуулсан ба 1 жилийн дараа хадаасаа авхуулах хагалгаанд орно. Цаашид байнга эмчилгээ хийлгэх эмчийн хяналтад байх хүнд юм өргөж болохгүй хөдөлгөөн хязгаарлагдаж сэтгэл санааны хувьд маш хүнд байдалтай байгаа.

2-р хавтаст хэргийн 14-16 талд байгаа Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 06 сарын 05-ны өдрийн 1575 дугаартай “Д.Х-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүнд түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Дээрх шинжүүд хохирогчид цаашид хэрхэн нөлөөлөх эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, нийгэм хамт олны дэмжлэг бүхий орчин сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах зэргээс шалтгаална” гэсэн дүгнэлт байдаг.

Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журамд 2.1-т Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан.

Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр Шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ гэсэн ба хавсралтад 4-р зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар тооцно гэсэн. Нийтэд илэрхий үйл баримт буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 сарын 07-ны өдрийн хуралдаанаар 792.000 төгрөг байхаар тогтоосон. 2025 оны 04 сарын 01-нээс эхлэн мөрдөж эхэлсэн. Дээрх журам, тогтоолоор нийт сэтгэцэд учирсан хохирлыг тооцож үзэхэд 18.216.000 /арван найман сая, хоёр зуун арван зургаан мянган/ төгрөгөөс 35.640.000 /гучин таван сая, зургаан зуун дөчин мянган/ төгрөг байх ба шүүхээс сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт Т.М-оос 17.328.332 /арван долоон сая, гурван зуун хорин найман мянга, гурван зуун гучин хоёр/ төгрөг гаргуулж Д.Хт олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хүүхдүүд маань 4 болон 6 настай. Ирээдүйд дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болсноос болж нөхөр маань салж явах дээрээ тулаад байгаа. Хувийн эмнэлгээр явж үзүүлээд, эмчлүүлэх гэхээр санхүүгийн байдал хүндрэлтэй байна. Миний сэтгэцэд учирсан хохирлыг 35.640.000 төгрөгөөр тогтоож өгөөч гэж гуйж байна гэв. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирлыг зөвөөр тооцож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Х-ийн өмгөөлөгч Б.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийн тухайн зэрэглэлийн хамгийн дээд хэмжээгээр нэмэгдүүлж тооцоход 29.000.000 төгрөг орчим болно. Сүүлд тогтоогдсон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгөөр тооцож үзвэл 35.640.000 төгрөг байх боломжтой. Тиймээс хохирогчийн нөхцөл байдал хүнд байгаа учраас хохирлын хэмжээг нь өндрөөр тогтоож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.М-ын өмгөөлөгч Г.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбараа бичгээр өгсөн учраас товч тайлбар хэлье. Хэрэг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гарсан бөгөөд тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байсан. Шүүх үүнийг 30 дахин нэмэгдүүлж тооцсон нь тухайн аргачлалын хэмжээнд багтаж байгаа учраас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 19.800.000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн хийсэн тооцооллыг зөв гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байсан тул сэтгэцэд учирсан хохирлыг 19.800.000 төгрөгөөр тогтоосон нь хуульд нийцсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Хийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.М нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гадаад харилцааны яамны хойд талын замд “00 00” загварын 0000 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлд “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 11.5 дугаар зүйлд “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчиж “00” загварын 0000 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч Д.Х-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Дуудлага лавлагааны хуудас /1хх 03/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 1хх 04-09/, шүүгдэгч Т.М-ыг драйгерь багажаар үлээлгэхэд 1,933% гарсан тухай баримт /хх 10/,

            шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд хх 12-17

            хохирогч Д.Х: “..2024.10.29-ний шөнө би найз А.Н бид 2 юм яриад явж байтал өөдөөс урсгал сөрж машин орж ирээд 2 машин мөргөлдсөн. Би хэсэг зуур ухаан алдсан байсан, Хөдөлж чадахгүй, амьсгаа авч чадахгүй байсан. Ингээд 10 орчим минутын дараа эмнэлгийн яаралтай түргэн тусламж ирээд намайг дамнуурган дээр хэвтүүлэн машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Ослын дараагаар миний зүүн хөл мэдээгүй хөдлөхгүй байсан. Ингээд би гэмтлийн эмнэлэгт очоод өглөө нь нарийвчилсан шинжилгээнүүд өгч, 7 хоногийн дараа мэс засалд орсон. Ослын улмаас миний зүүн сүүж ясны тогоо ясны ирмэг хугарсан. ...” /1хх 27-29/,

            гэрч А.Н: “...Би 2024.10.29-ний шөнө найз Д.Х-тэй явж байтал уулзварын зүүн талаас суудлын автомашин хойш чиглэн эргээд миний жолоодож явсан автомашины урдаас урсгал сөрөөд мушгиралдаж ороод ирэхээр нь би баруун тийш нэгдүгээр эгнээ рүү тэр машинаас зугтаад дарахад миний машины зүүн урд тал руу мөргөөд 2 машин хоёр тийш шидэгдээд зогссон. Ингээд миний машиныг мөргөсөн жолооч гарч ирээд зугтах гээд байсан, гудамжаар явж байсан хүмүүс тэр согтуу жолоочийг явуулахгүй гээд байж байсан ...” /1хх 31-32/,

гэрч А.Н: “..Би өөрийн унаж явсан 0000 0000 дугаартай тээврийн хэрэгслийг эвдэрлтэй чигээр нь Т.Мд /шүүгдэгч/ өгөөд машины мөнгө болох 22 сая төгрөгийг Т.М-оос аваад үүнээс машины лизинг төлөөгүй үлдэгдэл 9,500,000 төгрөгийг Бичил Глобус Финанс ББСБ-д төлөөд машины лизингийг хаасан. ..Үлдэгдэл 12,500,000 төгрөгийг би авсан. ...Уг машиныг би нөхөр А.У-ын хамт 2022.11.01-ний өдөр 8 сая төгрөгийг урьчилгаа өгөөд Бичил глобус финанс ББСБ-аас 20 сая төгрөгийг сарын 2,99 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд  сар бүр зээлийн төлөлт гэж 924,252 төгрөг төлдөг байсан. ..Уг машиныг 2022.11.01-ний өдөр худалдан авсан зах зээлийн үнэлгээ нь 28 сая төгрөг байгаа. ...” /2хх 10-11/,

иргэний нэхэмжлэгч А.У: “...Би уг машиныг Бичил Глобус Финанс ББСБ-аас мөнгө гаргуулан 28 сая төгрөгөөр авч байсан. ..3 жилийн хугацаатай зээл авсан Уг машиныг манай эхнэр А.Н унаж сарын төлөлтийг өөрөө хийдэг байсан. ...Машинд учирсан эвдрэл гэмтлийг буруутай жолоочоос нэхэмжилж байна. ...” /1хх 128-129/,

иргэний нэхэмжлэгч Д.Г: “..хохирогч Д.Х нь эрүүл мэндийн даатгалын сангаас 3,143,520 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх тул буруутай этгээдээс гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд төлүүлж өгнө үү. ...” /1хх 112-113/,

            шүүгдэгч Т.М яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ..Миний согтолтын зэргийг цагдаагийн алба хаагч шалгахад би 1,933 хувийн согтолттой байсан. ...Өөрийн жолоодон явсан машинаараа мөргөсөн 0000 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Н-т хохирлын мөнгө болох 22 сая төгрөгийг өгсөн. ...” /1хх 96-98/, гэх мэдүүлгүүд,

            хохирогч Д.Х-ийн биед хийсэн шинжээчийн: “..Д.Х-ийн биед зүүн сүүж ясны тогооны арын ирмэгийн хугарал, зүүн түнхний мултрал, зүүн шуу, сарвууны долоовор хуруу, зүүн шилбэ, бүсэлхий, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...” гэх дүгнэлт /1хх 63-65/,

            хохирогч Д.-Хийн гэмт хэрэг гарснаас хойш эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ авсан тодорхойлолт /1хх 82/,

            мөрдөгчийн магадалгаа: Т.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 0000 загварын 0000 0000 улсын дугаартай автомашины жолооч А.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалтыг зөрчөөгүй байх үндэслэлтэй” /1хх 83-86/,

            шүүгдэгч Т.М нь 78-58 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Н-т 22,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх 104/,

            хохирогч Д.Х-ээс гаргаж өгсөн эмчилгээний холбоотой баримт: “Нийт дүн 713,632 төгрөг /1хх 106-109/, хохиролтой холбоотой гаргаж өгсөн 549,700 төгрөгийн баримт /1хх 177-180/, хохирогч Д.Хээс хохиролтой холбоотой гаргаж өгсөн 430,000 төгрөгийн баримт /,1хх 182/,

            шүүгдэгч Т.М нь хохирогч Д.Хт 549,700 төгрөг өгсөн баримт х1хх 176, Д.Хийн 5727056145 тоот данс руу 2024.12.20-ны өдөр 1 сая төгрөг шилжүүлсэн дансны хуулга, баримт  1хх 191, 195, Шүүгдэгч Т.М-оос Г.Т гэх хүний 00000000 тоот данс руу 2024.12.07-ны өдөр 100,000 төгрөг шилжүүлсэн баримт 1хх 192, Шүүгдэгчээс хохирогч руу 2024.12.27-ны өдөр Эмний мөнгө гэсэн утгатайгаар 150,000 төгрөг шилжүүлсэн баримт 1хх 196, Шүүгдэгчээс хохирогч руу 2024.12.30-ны өдөр Т.М-оос гэсэн утгатайгаар 400,000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх 197/,

            хохирогч Д.Х-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ: “....Д.Х-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүнд түвшинд илэрч байна. ...Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 4-р зэрэглэлд хамаарна. ...” гэх дүгнэлт /2хх 14-16/, зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.

2. Анхан шатны шүүхээс Т.М-ын үйлдлийгАвто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар Чингэлтэй дүүргийн дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэхдээ харгалзвал зохих хууль зүйн үндэслэл, журмын талаар дүгнэсэн байх тул шүүгдэгчид хүлээлгэсэн ялын төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Т.М болон түүний өмгөөлөгч Г.Долгорсүрэн нараас хэргийн зүйлчлэл, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатад маргаагүй болохыг тэмдэглэж байна.

3. Хохирогч Д.Хээс гаргасан “....хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөр тогтоож, 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар тооцож, сэтгэцэд учирсан хохирлыг 35.640.000 төгрөгөөр тогтоож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.М нь 2024 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ холбогдох хууль, дүрэм, журмын зөрчсөний улмаас “00” загварын 0000 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч Д.Х-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг хэрэгт холбогдсон.

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөг байхаар Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талд үндэсний хорооны 3 дугаар тогтоолын дагуу шинэчлэн тогтоожээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгөөр тооцож, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох нь шударга ёсны зарчимд илүүд нийцнэ гэж үзлээ.

4. Түүнчлэн, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 4 дүгээр зүйлд заасан “Нөхөн олговор тооцох жишиг аргачлал, хүснэгт”- д Сэтгэцийн эмгэгийн дөрөвдүгээр зэрэглэлд ... хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл ... улмаас үүссэн сэтгэцийн эмгэг хамаарч, үүнийг 15-30 хувиар тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн олговор олгох”-оор, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд нэрлэн заасан гэмт хэргийн улмаас үүсэх хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргана” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн олговор олгох. ...” гэж заасан хэмжээний дотор буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 19,800,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд дээр дурдсан 23-45,99 хувь дотроос аль хувиар нь тогтоож шийдвэрлэх нь дээрх хуульд заасны дагуу шүүх, шүүгчийн бүрэн эрхийн асуудалд хамаарах юм.

5. Харин, анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардалд төлсөн нийт мөнгөн дүнг буруу тооцож, үүнээс улбаалан сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг буруу тогтоосон байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд; хохирогч Д.Х нь өөрт учирсан гэмтлийн улмаас гарах эмчилгээний зардалд нийт 1,693,332 төгрөгийн баримтыг гарган өгч /1хх 106-109, 177-180, 182/, шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотойгоор нийт 3,604,700 төгрөгийг төлсөн байна. /1хх 176, 191-193, 196, 197, 2хх 52-54/

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн хохирогчид төлсөн нийт мөнгөн дүнг 4,165,000 төгрөг гэж тооцон, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 1,693,332 төгрөгийг шүүгдэгчээс хохирогчид төлсөн нийт 4,165,000 төгрөгөөс хасаж, /4,165,000-1,693,332=2,471,668/ зөрүү болох 2,471,668 төгрөгийг сэтгэцэд учирсан 19,800,000 төгрөгөөс хасаж, сэтгэцэд учирсан нийт мөнгөн дүнг 17,328,332 төгрөг гэж тооцооллын алдаа гаргажээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчээс хохирогчид төлсөн нийт мөнгөн дүн 3,604,700 байх бөгөөд үүнээс хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 1,693,332 төгрөгийг хасахад гарах зөрүү нь 1,911,368 төгрөг байна.

Дээрх зөрүү мөнгийг анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан хохирол төлбөр болох 19,800,000 төгрөгөөс дээрх зөрүү мөнгийг /1,911,368/ хасаж, үлдэх 17,888,632 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор байна.

Иймд, дээрх үндэслэлийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц ноцтой биш боловч цаашид анхаарах шаардлагатай дараах алдаа, дутагдлыг тэмдэглэж байна.

Үүнд; 6.1 Гэрч А.Н-с гэрчээр мэдүүлэг авахдаа мэдүүлэг эхэлсэн цагийг 17 цаг, 40 минутад эхлүүлэв гэсэн атлаа мэдүүлгийн дууссан цагийг 16 цаг, 30 минут гэж бичсэн байна. /1хх 31-32/

            6.2 Прокурор яллах дүгнэлтийн хавсралтын 4 дэх заалтад хохирогч Д.Х-ээс эмчилгээний зардалд нийт 713,632 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн гэж өмнөх яллах дүгнэлтийн хавсралтад заасан мөнгөн дүнг хуулж тавьсан байна.

            Өөрөөр хэлбэл, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн буюу эхний яллах дүгнэлтийн /1хх 152/ хавсралтад заасан хохирлын мөнгөн дүнгээс хойш хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой баримтууд гаргаж өгсөн /нийт 1,693,332 төгрөг/ байхад прокуророос сүүлийн яллах дүгнэлтийн хавсралтад өмнөх яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан мөнгөн дүнг бичсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2135 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            6 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар Т.Моос хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 17,328,332 төгрөг гаргуулж хохирогч Д.Хт...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар Т.М-оос хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 17,888,632 төгрөг гаргуулж хохирогч Д.Х-т. ...” гэж өөрчилж, 6 дахь заалтын бусад хэсэг болон шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Хохирогч Д.Х-ийн гаргасан “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөр тогтоож, 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар тооцож, сэтгэцэд учирсан хохирлыг 35.640.000 төгрөгөөр тогтоож өгнө үү. ...” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                               Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ