Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 653

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

            Улсын яллагч М.Амарзаяа,

            Шүүгдэгч С.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-н Ө-д холбогдох эрүүгийн 1708004450787 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч С.Ө нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Тэргэл караокед үйлчлүүлж байсан Ц.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

           Шүүгдэгч С.Ө нь Ц.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:   

            -хохирогч Ц.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2017 оны 07 дугаар сарын 12-ны орой 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлалтай Тэргэл нийтийн караокегоор үйлчлүүлэхээр орсон бөгөөд үйлчлэгчид 20.000 төгрөг өгөөд 0.5 литрийн Боргио нэртэй нэг шил пиво аваад ширээн дээр суусан. Үйлчлэгч пиво авч ирсний дараа 20.000 төгрөгнийхөө хариултыг авъя гэхэд юу хуцаад байгаан архичин минь чам шиг архичин надад 20.000 төгрөг пиво авлаа юу наадахаа уучихаад хурдан гар гэхээр нь би зүгээр мөнгөний хариулт өгчихөө би гарлаа гэхэд тухайн үйлчлэгч хоёр давхраасаа Тэргэл караокены хамгаалагч бололтой биеэрээ дүүрэн шивээс болсон залууг дуудаад энэ гарахгүй мөнгө нэхээд байна гэж хэлэхэд нөгөө хамгаалагч гэх залуу миний хоолойг гараараа боож толгойг хана мөргүүлэхэд нөгөө үйлчлэгч гэх эмэгтэй миний гэдэс хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Энэ үед тэнд байсан хоёр залуу намайг гар гар маргааш бол маргааш учир нь олдох байлгүй гэж хэлээд тухайн караокены үйлчлэгч хамгаалагч хоёроос салгаад гадагш гаргах үед миний гар утас байхгүй болсон байсан. Ингээд би миний гар утас алга байна гэхэд тухайн караокены үйлчлэгч хамгаалагч гар бид нар чиний утсыг маллах юм уу чи өөрийнхөө утсыг манаж байх ёстой юм байгаа биз дээ гэсэн. Хамгаалагч, үйлчлэгч нараас салгасан хоёр залуу надад 2000 төгрөг өгсөн. Ингээд би гэртээ харьсан... гэх мэдүүлэг /хх-18/,

            - гэрч С.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 12-ны орой цагийг нь санахгүй байна. Тэргэл нэртэй караокед зөөгчийн ажил хийж байсан. Ц.Б гэх эрэгтэй ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гартаа нэг ширхэг пиво барьчихсан орж ирсэн. Манай Тэргэл нэртэй караокены дотор танихгүй эмэгтэй пиво уугаад сууж байсан. Гаднаас орж ирсэн Ц.Б нөгөө ширээнд сууж байсан үл таних хүн дээр очоод хөх, бөгсийг нь базаад янз бүр болоод байсан. Тэгсэн нөгөө үл таних эмэгтэй хүн такен дээр ирээд “би гарлаа энэ залуу намайг доромжлоод байна, ширээн дээр байгаа пивыг асгачихаарай” гээд гарсан. Тэр танихгүй эмэгтэйг гарсны дараа араас нь Ц.Б гарсан. Хэсэг хугацааны дараа Ц.Б манай караокед буцаж орж ирээд “саяын эмэгтэй юу гэж хэлсэн бэ“ гэхээр нь би “чамд ямар хамаатай юм бэ“ гэсэн. Ц.Б намайг “янхан минь өнөөдөр манай эхнэр гэртээ ирэхгүй бол ална шүү“ гээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Би тэр Ц.Б-ыг намайг хэл амаар доромжлоод байхаар нь “манай караокенаас гар” гэж хэлээд цааш нь түлхсэн. Тэгсэн гартаа барьчихсан байсан пивоны шилээрээ цохих гээд цаашаа түлхээд байсан. Караокед 2 ширээнд сууж байсан хүмүүс Ц.Б гэх эрэгтэйг “чи одоо болиоч ээ” гэхэд агсам тавиад болохгүй байсан. Би Б гэх эрэгтэйг намайг хэл амаар доромжлоод зодох гээд байхаар нь 2 давхарт байсан зөөгч С.Ө-ийг орилж байгаад дуудсан. Удалгүй зөөгч Ө ирээд манай караокед агсам тавиад байсан Ц.Б гэх эрэгтэйг хувцаснаас нь татаад гаргах гэтэл гарахгүй зөөгч Өийг гараараа хоолойг нь боогоод байсан. Тэгэхээр нь зөөгч Ө нь Б-ыг заамдаж байгаад караокенаас гаргасан. Караокенаас Ц.Быг гадагшаа гаргатал буцаж орно гээд байхаар нь зөөгч Ө бид хоёр оруулахгүй гээд цаашаа түлхэж байгаад явуулсан...гэх мэдүүлэг /хх-21-23/

          - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 8956 дугаартай:...Б-ы биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн яадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-26/

          - хүний биед үзлэг хийсэн тэммдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-30-32/

         - шүүгдэгч С.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2017 оны 02 дугаар сараас хойш эгч Ө-ын түрээслэн ажилуулдаг байсан Тэргэл караокед зөөгчөөр ажилд орсон. 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би ажил дээрээ 2 давхарт ажлаа хийж байтал орой 20-оос 21 цагийн орчим доод давхраас манай эгч намайг дуудхаар нь би доошоо буугаад очсон.  Нэг залуу согтуу орилоод байсан бөгөөд караокед үйлчлүүлж байсан хүмүүс наад хүнээ гаргаач ямар аймаар юм бэ? гээд байсан. Тэгэхээр нь би тэр залууд чи ингэж болохгүй гэж хэлсэн. Тэгээд гар гэсэн шаардлага тавьсан ч тэр хүн шууд намайг заамдсан. Би энд үйлчлүүлж байна чи намайг яахаараа гаргадаг юм бэ? гэсэн бөгөөд караокед үйлчүүлж байсан нэг эгч надад тусалсан. Тэгээд би тэр эгчтэй хамт агсан тавиад орилоод байсан залууг түлхэж караокенаас гаргасан. Тэр залуу өмнө нь Тэргэл караокед хэд хэдэн удаа орж ирж байсан бөгөөд орж ирээд согтох болгондоо хүнтэй хэрэлдэж маргалддаг хүн. Би тэр хүнийг зодож цохисон зүйл байхгүй, би тэр хүнийг караокены хаалгаар түлхэж гаргасан бөгөөд гаргах явцад нилээн ноцолдсон бөгөөд тэр залуу миний хоолойг боосон бас миний цамцыг урсан. Би түлхэж гаргасан ба тэгэхэд унасан..гэх мэдүүлэг /хх-91-95/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна:

 

            Иймд шүүгдэгч С.Ө-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй /хх-97/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болно.        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

  Шүүгдэгч С.Ө-ийн 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жил байх ба уг 1 жилийн хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 2-т зааснаар тоолоход дууссан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг тухайн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

Бусад асуудал

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч С.Ө-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох тухайн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.    

 

4. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

 

            5. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч С.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР