Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00028

 

 

 

 

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00028

 

 

 

 

Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13ы өдрийн 181/ШШ2019/02301 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК-ийн хариуцагч Н.Баасанжавд холбогдуулан хохиролд 40 558 839 төгрөг гаргуулах  хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Уранчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Амармэнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Н.Баасанжав нь 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК-тай 2012-0912-37 тоот зээлийн гэрээ байгуулан 120 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээлж авсан. Тэрээр зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэгч шүүхэд хандаж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01507 шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 459 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 656 дугаар тогтоолоор Н.Баасанжаваас зээлийн гэрээний үүрэгт 110 516 329 төгрөг гаргуулан Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж, 8 дугаар байрын 1 давхарт байршилтай, 150 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Н.Баасанжав нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10471 тоот захирамж, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 181/ГХ2017/00855 гүйцэтгэх хуудсын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, харин шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлэхгүй зайлсхийж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 2 жилийн хугацаанд ямар ч үр дүн гараагүй. Төлбөр авагчийн эрх, ашиг ноцтой зөрчигдөж төлбөрийг төлүүлж чадахгүй хохирсоор байна. Н.Баасанжав нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхгүй байх элдэв арга сэдэж шүүхэд нийт 6 удаа нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар 3 удаа түдгэлзүүлж байсан нь шүүхийн шийдвэрүүд, гаргасан нэхэмжлэлээс нь харахад илт байдаг. Тэрээр анх шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг зогсоох зорилгоор хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах асуудлаар нийт 2 удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж байсан боловч, эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хянаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл төлбөр төлөгч нь өөрийн ашиг сонирхол нэгтэй эхнэр Ш.Өнөрсайхан, төрсөн охин болох Б.Одгэрэлийг ашиглан шүүхэд элдэв нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, өөрийн явцуу эрх ашиг сонирхолд ашиглаж, хугацаа хожих, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар түдгэлзүүлэх замаар төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа бөгөөд шүүх зарим нэхэмжлэлд хэрэг үүсгэхээс татгалзаж байсан боловч Б.Одгэрэлийн сүүлд гаргасан нэхэмжлэлд хэрэг үүсгүүлснээр дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж манай байгууллагад хохирол учруулсаар байна. Төлбөр төлөгчийн хувьд нэг ч төгрөг төлөөгүй атлаа зөвхөн шүүхийн байгууллагыг өөрийн арга залийн хэрэгсэл болгож ашигласаар ирсэн нь шүүхийн шийдвэрүүд, тэдгээрийн хийж байгаа үйлдэл, бусад баримтаар хангалттай нотлогдоно. Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гарснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгэсэн бол 110 516 329 төгрөгийн зээлийн төлбөрөө манайх буцаан төвлөрүүлж, сарын 3.2 хувийн хүүтэйгээр бусдад зээлдүүлснээр 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 87 318 188 төгрөгийн орлого олох ёстой байсан нь манай байгууллагад учирсан бодит хохирол юм. Нэхэмжлэгч анхнаасаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах, саад учруулах, сунжруулах зэргээр зөвхөн өөрийн явцуу эрх ашгийг урьтал болгох, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх санаа зорилго агуулж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1, 11.2-т заасан зарчимд нийцэхгүй. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр үүнд хамаардаг. Нэхэмжлэгч 110 516 329 төгрөгийн үүрэгт тооцож хохирол шаардах бүрэн эрхтэй боловч Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 51 334 259 төгрөг гэж тогтоосны дагуу уг мөнгөн дүнг сарын 3.2 хувийн хүүтэй зээлдүүлж, 26 сарын хугацаанд олох ёстой байсан орлогод 40 558 839 төгрөгийг нэхэмжлэгчид бодитоор учруулсан хохиролд тооцон нэхэмжлэх эрхтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч, мөн зогсож байгааг Н.Баасанжавын хууль бус санаатай үйлдэл гэж үзэхээр байна. Н.Баасанжав болон түүний эхнэр, хүүхдийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, гомдлууд бүгд хэрэгсэхгүй болсон нь хохирлыг төлөх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан боловч уг ажиллагааг хууль бусаар зогсоосноос 2 жилийн хугацаанд орлого олж чадаагүйд хариуцагч гэм буруутай. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар 40 558 839 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: Н.Баасанжав 120 000 000 төгрөг зээлж аваад 128 000 000 төгрөгийг зээл, зээлийн хүүнд төлсөн байхад нэхэмжлэгчийг хохироосон гэх үндэслэлгүй. Авсан мөнгөнөөсөө 2 дахин их төлбөр төлж байгаа тул 70 гарсан хүний хувьд үнэхээр аргаа барсан болохоос нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг төлнө. Төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүйн улмаас эрхээ хэрэгжүүлж гомдол гаргаж шийдвэрлүүлсэн. Гомдлын дагуу иргэний хэрэг үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн явдалд хариуцагчийн гэм буруу байхгүй. Мөн гэр бүлийн насанд хүрсэн гишүүд хуулиар өөрт нь олгогдсон эрхийн дагуу шударга шүүхээр шүүлгэх эрхээ хэрэгжүүлж гомдол гаргасанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасан зохицуулалтад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, учирсан хохирол бодитой байх, эдгээр нь шалтгаант холбоотой байхыг шаарддаг. Гэтэл хариуцагч Н.Баасанжавын үйлдлийг хууль бус болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. Учирсан гэх хохирол нь бодитой бус, тэр хэмжээний орлого олох байсан гэж үзэх үндэслэл нотлогдоогүй, үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэлгүй тул Н.Баасанжаваас 40 558 839 төгрөг гаргуулахыг хүссэн Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 360 745 улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаснаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн тул гомдолтой байна. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01507 шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 459 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 656 дугаар тогтоолын дагуу хариуцагч Н.Баасанжав нь Ди Эй Эм Өү Эй ХХК-д 110 516 329 төгрөг төлөх үүрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг аливаа этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж зааснаар Н.Баасанжавын төлбөр төлөх үүрэг нь дуусгавар болоогүй. Тэрээр шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөр төлөх үүргээ биелүүлэх ямар ч санаа зорилгогүй, эсрэгээрээ шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхгүй байх, удаашруулах зорилгоор элдэв янзын нэхэмжлэл шүүхэд 6 удаа гаргах зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсээр байгаа, одоо ч түдгэлзсэн хэвээр байна. Эдгээр байдлаас шалтгаалан төлбөр авагч нь төлбөрөө авч чадахгүй хохирсоор байна.Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрийг хуульд зааснаар заавал биелүүлэх үүрэг үүссэн тохиолдолд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол гарснаар буюу уг үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэх ёстой. Энэ талаар Иргэний хуулийн 206 дугаар зүйл, мөн 211 дүгээр зүйлийн 211.1-т тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу өөрт учирсан хохирлоо гаргуулах эрхтэй. Тус хуулийн зохицуулалтаас харахад зөвхөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зохицуулсан харилцаа биш бөгөөд аливаа үүргийн гүйцэтгэлд саад болсон тохиолдолд учирсан хохирлыг шаардах эрхийг хуульчилсан. Гэтэл шүүх зохигч талуудын хооронд үүссэн өмнөх шүүхийн шийдвэртэй холбоотой зээлийн гэрээний харилцаанд зөвхөн эрх зүйн дүгнэлт хийж Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар дуусгавар болсон, .... дуусгавар болсон гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотой учирсан хохирол шаардах асуудал яригдахгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. 40 558 839 төгрөг гаргуулах нь өмнөх дуусгавар болсон гэрээний харилцаатай огт хамааралгүй бөгөөд шүүхийн шийдвэр биелүүлэх үүргээ биелүүлээгүй, зөрчсөний улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг хамгийн бага хэмжээгээр тооцож гаруулахаар шаардсан байдаг. Хэрэв шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг үүрэг үүсээгүй гэж шүүх үзэж байгаа бол хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлэх шаардлагагүй болж төрийн нэрийн өмнөөс гарч буй шүүхийн шийдвэр нь үүрэг үүсгээгүй, зөвхөн цаас болж үлдэх төдий болж байна. Хуульд зааснаар үүрэг үүссэн тохиолдолд уг үүргийг гүйцэтгэх, гүйцэтгээгүй тохиолдолд учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэх эрх нь нээлттэй. Шүүхийн шийдвэрийн дагуу үүссэн үүргийн зөрчилд хохирлыг тооцохгүй гэсэн шударга бус зохицуулалт хуулинд байх ёсгүй. Шүүх төлбөр төлөгчид боломж олгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг ноцтой хохирч байна. Нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой. Н.Баасанжав нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй ч санаатайгаар биелүүлэхээс зайлсхийж байгаа нь хэрэгт цугларсан баримтаар нотлогддог. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил гаруйн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй атлаа барьцааны эд хөрөнгөө 2-3 хуулийн этгээдэд өндөр үнээр түрээслүүлсээр байна. Хэрэв барьцаа хөрөнгөө түрээслэн олсон ашгаасаа үүргээ барагдуулсан бол дийлэнх хэсэг нь төлөгдөөд дуусах байсан. Хариуцагч шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлэхгүй зайлсхийж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үүсгэснээс хойш Н.Баасанжав шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхгүй байх элдэв арга сэдэж нийт 6 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Н.Баасанжавын анх шүүхэд гаргасан нэхэмжлэлүүд нь хэрэгсэхгүй болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж эхлэнгүүт өмнө нь шүүхэд хандаад татаж авсан нэхэмжлэлийн шаардлагатайгаа адил нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг. Өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан асуудлаар дахин шүүхэд хандаж байгаа нь зөвхөн хугацаа авах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг биелүүлэхгүй байх зорилготой гэдгийг нь нотолдог. Шүүх уг нэхэмжлэлийг өмнө нь шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа өөрсдийн гэр бүлийн гишүүдийг ашиглан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ямар ч хамаагүй аргаар зогсоолгох, үндэслэлгүйгээр хугацаа хожихын тулд нэг дор 4 нэхэмжлэл гаргасан. Энэ нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдээр хангалттай нотлогддог. Шүүх эдгээр байдлыг харьцуулан дүгнэхгүйгээр шүхэд хандах эрхээ хэрэгжүүлсэн нь хууль бус, санаатай болгоомжгүй үйлдэл биш гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Баасанжавын үйлдэл нь илэрхий санаатай үйлдэл, мөн энэ санаа зорилгоо хэрэгжүүлэхээр бусдыг ашиглаж байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 2 жил гаруйн хугацаанд гэм хор учруулсан шалтгаант холбоотой байхад гэм буруу тогтоогдоогүй гэж үзсэн нь шударга бус. Хэдийгээр шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрх нь хэнд ч нээлттэй хэдий ч уг эрхээ хэрхэн, яаж, ямар арга замаар хэрэгжүүлсэн, мөн гарсан үр дүн зэргийг шүүх харьцуулан дүгнэсэн бол гэм хорын шалтгаант холбоог үнэн зөвөөр тогтоох боломжтой байсан гэж үзэж байна. Төлбөр төлөгч Н.Баасанжав нь өөрийн үйлдлийн үр дагаврыг урьдаас мэдэж, тооцоолж хийж байгаа нь гэм хорын санаатай үйлдэл. Хариуцагч зөвхөн шүүхэд хандах эрхийнхээ дагуу хандсаныг гэм буруутай гэж үзэхгүй, мөн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэнд хариуцагч гэм буруугүй гэх зэргээр хариу тайлбар гаргаж байгаа боловч өөрийн гэм буруугүйгээ хангалттай нотлоогүй. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, улмаар хариуцагчийн санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 3 удаа түдгэлзсэн, одоо ч түдгэлзсээр байгаатай холбоотойгоор Н.Баасанжаваас авах ёстой төлбөрөө бусдад зээлдүүлж, 2 жилийн хугацаанд орлого олж чадаагүй хохирсонд хариуцагч гэм буруутай болох нь дээрх байдлаар нотлогддог. Нэхэмжлэгч нь Худалдаа хөгжлийн банкны харилцагч бөгөөд тус банкны 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 7-495/446 тоот албан бичигт тус банкны хамгийн бага хүү буюу хугацаатай хадгаламжийн жилийн хүүгийн хэмжээг тодорхойлсон. Н.Баасанжав нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 110 516 329 төгрөгийг зохих журмын дагуу манайд төлж барагдуулсан бол дээрх мөнгөн хөрөнгийг банкны хугацаатай хадгаламжинд хадгалан хамгийн багаар бодоход 34 987 417 төгрөгийн орлого олох байсан. Үүнд хариуцагчийн гэм буруу шууд шалтгаант холбоотой. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК-ийн хохиролд 40 558 839 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ ... шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс хохирол учирсан гэж тайлбарласныг хариуцагч Н.Баасанжав эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.

 

Хариуцагч Н.Баасанжаваас 110 516 329 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 656 дугаартай хүчин төгөлдөр тогтоолыг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШЗ2017/10471 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 181/ГХ2017/00855 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуульд заасан журмын дагуу явуулсан байна. /хх17-24, 55/

 

Хэрэгт хариуцагч Н.Баасанжавын төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох, хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэх нэхэмжлэл гаргасныг шүүх хянан үзэж холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01180 тоот, 181/ШЗ2018/06182 тоот, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2018/11928 тоот захирамжууд авагдсан байна. /хх25-30, 32-33/

 

Төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргах эрхтэй.

 

Мөн төлбөр төлөгчийн гэр бүлийн гишүүд болох Б.Одгэрэл, Ш.Өлзийсайхан нар үл хөдлөх эд хөрөнгийг дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох, эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 дахь хэсэгт зааснаар гаргах эрхтэй. Тэдний хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлсэн байдалд хариуцагч буюу Н.Баасанжавыг буруутгах үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүхийн төлбөр авагч, төлбөр төлөгч нарын зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон, хариуцагчид шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүрэг үүссэн гэх дүгнэлт зөв байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13ы өдрийн 181/ШШ2019/02301 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360 745 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

А.МӨНХЗУЛ