Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/1316

 

2025             11          20                                                                             2025/ДШМ/1316

 

Б.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Да.Ганчимэг,

шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1994 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.А-т холбогдох эрүүгийн 2406064860336 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х- овгийн Б-ын А-, ................/.

Холбогдсон хэргийн талаар:

Б.А- нь өөрийн хүү Б.С-г ..... оны 06 дугаар сарын 03-ны өдөр ОХУ-ын Кызиль хотод төрүүлээд, ..... оны 07 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн төвд нас барсан хүүхдийнхээ нас барсны бүртгэлд оруулж хасалт хийлгэх иргэний үүргээ биелүүлэхгүйгээр 2019 оны 06 дугаар сараас 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд төрөөс олгосон хүүхдийн мөнгийг бодит байдлыг нууж, төрөөс 5.500.000 төгрөгийн тэтгэмж авч ашигласан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт Б-ын А-ийг бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Б.А-т хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А- гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал даэр маргахгүй, үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ дахин дахин илэрхийлж байна. ..... онд Оросын Холбооны улсад гэр бүлээрээ амьдарч байгаад ..... оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүү Б.С-г төрүүлсэн бөгөөд төрөхдөө миний хүү С- нь төрөлхийн зүрхний гажигтай маш хүнд төрсөн, төрөөд ОХУ-ын Тувад 14 хоног эмнэлэгт байж байгаад монголд ирээд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүпж байгаад нас барсан. Миний хувьд маш их уй гашуудалтай байсан бөгөөд нас барсаны гэрчилгээ авдаг гэдгийг мэдээгүй. Би хүүхэд төрүүлсэн учраас хүүхдийн мөнгө авдаг гэж ойлгосон. Энэ миний буруу гэдгийг маш сайн ойлгож ухаарсан. Хүүгээ алдсаны дараа 2018 онд охинтой болсон одоо ээж 2 хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдарч байна. Анхан шатны шүүхээс надад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Миний хувьд одоо 42 настай эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд ажлын шаардлагаар хөдөө орон нутаг руу явах, оршин суугаа газраа өөрчлөх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд надад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь миний ажил хөдөлмөрт сөргөөр нөлөөлж байгаа тул миний хувийн байдал анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлж барагдуулсан, гэм буруугийн асуудал дээр маргадаггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн доод хэмжээгээр буюу 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар миний цалин, хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А-ийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 5.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж хуульчилсан. А-ийн үйлдэлд хуульд заасан дараах хөнгөрүүлэх нөхцөл байдал тохиолдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн.”, 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн.” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Л.А-ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлд заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд зааснаар хөнгөн ангилалд хамаарна. Б.А- нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг торгуулийн ялыг төлөх боломжтой байх тул Б.А-ийн хувийн байдал, учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, хохирогч байгууллага гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн доод хэмжээгээр буюу 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А-ийн цалин, хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Прокурор Да.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэж буй сэтгэхүй, түүндээ хандаж буй хандлага зэргийг харгалзан шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго болоод 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрх нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Түүнчлэн үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох арга хэмжээнүүдийг авсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хэргийн бодит байдалтай нийцсэн, оногдуулсан ял шийтгэл тохирсон байна гэж прокурорын зүгээс дүгнэсэн. Хүн төрвөл төрсний гэрчилгээ авна, нас барвал нас барсны гэрчилгээ авна гэдгийг огт мэдэхгүй хүн гэж байхгүй. Үүнийг мэдээгүйн улмаас гэмт хэрэгт холбогдсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэл бүхий тайлбар биш. Анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж дүгнэсэн.” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

2. Шүүгдэгч Б.А- нь өөрийн хүү Б.С-г ..... оны 06 дугаар сарын 03-ны өдөр ОХУ-ын Кызиль хотод төрүүлээд, ..... оны 07 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн төвд нас барсан хүүхдийнхээ нас барсны бүртгэлд оруулж хасалт хийлгэх иргэний үүргээ биелүүлэхгүйгээр 2019 оны 06 дугаар сараас 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд төрөөс олгосон хүүхдийн мөнгийг авч бодит байдлыг нууж, төрөөс 5.500.000 төгрөгийн тэтгэмж авсан болох нь:

Б.А-ийн Хаан банкны ........ тоот дансны хуулга /хх-н 27-78/,

дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 24-26/,  

Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаартай “...Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт ..... оны 06 дугаар сарын 23-ны өдөр нас барсан Баасандоржийн С-ы түүхийг хүргүүлэв” гэсэн албан бичиг /хх-н 81/,

Баянзүрх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/368 дугаартай “...Тус системийн мэдээлэлд шүүж үзэхэд Щ316260372 регистрийн дугаартай Б.С- нь 2019 оны 06 дугаар сараас 2024 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж байсан нь бүртгэгдсэн байна” гэсэн албан бичиг /хх-н 144/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 9/7343 дугаартай “...Б.С- Щ316260372 регистрийн дугаартай иргэний улсын бүртгэлийн мэдээллийг шалгахад 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нас барсны бүртгэлд бүртгэлгүй болно” гэх албан бичиг /хх-н 172/,

иргэний нэхэмжлэгч Б.Х-гийн “...Энэ хэргийн улмаас манай байгууллагад 5.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл 10 сарын хугацаанд 200.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сараас 2024 оны 08 дугаар сар хүртэл 5.500.000 төгрөг авсан байна...” /хх-н 208/,  

яллагдагчаар Б.А-ийн “...Би ОХУ-ын Тува улс руу ирж очин байдаг бөгөөд Тувад өөрийн төрсөн хүү Б.С-ыг төрүүлсэн. Талийгаач анх төрөхдөө зүрхний гажигтай төрөөд Тувад эмнэлэгт 14 хоног байж байгаад Монголд ирсэн. Би хүүтэйгээ Улаанбаатарт ирээд эмнэлэгт үзүүлэхэд дийлэхгүй гэсэн учраас Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Миний ойр тойронд нас баралт явагдаж байгаагүй учраас би нас барсны гэрчилгээ авдаг талаар мэдээгүй. Би хүүхэд төрүүлсэн учраас энэ мөнгийг захиран зарцуулж болно гэж бодсон...” /хх-н 192-193/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А-ийг “Бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авсан” гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.    

3. Шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан “...торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайлбал, шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Шүүх шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн нь хуульд нийцсэн, түүний гэм бурууд тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах нь түүнд ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл байдлыг хязгаарласан биш бөгөөд тухайн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх зорилготой бөгөөд эрүүгийн хариуцлага нь тухайн хүний хүсэл сонирхолд нийцүүлэх шаардлагагүй тул Б.А-т дээрх зорилгыг хангасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Харин, шүүгдэгч Б.А-ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзвэл заавал согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэснийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1994 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1994 дүгээр шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР

                       ШҮҮГЧ                                                             Б.БАТЗОРИГ

           ШҮҮГЧ                                                             Б.АРИУНХИШИГ