| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0637/Э |
| Дугаар | 654 |
| Огноо | 2018-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 654
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Х.Анхцэцэг,
Шүүгдэгч Т.Б түүний өмгөөлөгч Э.Шинэзориг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т-н Б-д холбогдох 1808020760673 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Д.Н-тэй маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Д. Н-тэй маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Д.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө босоод ч Б юм дугарахгүй бодолд ороод хэвтээд байсан ба бид ажилдаа явахаар хамт гарсан. Такси бариад эхлээд намайг суучих гэхээр нь чи эхлээд суучих гэхэд намайг пизда гэж хараагаад байхаар нь би суухгүй гээд таксинаас буусан. Гэтэл бууж ирээд цээжин тус газар 1 удаа гараараа их хүчтэй цохихоор нь байрны араар тойрч ирээд буцаад гэртээ орсон. Араас Б 0.33 литрийн архи барьж орж ирээд шилээр нь бүгдийг нь ганцаараа уусан. Мөн өөрөө хэлэхдээ дэлгүүр дотор 1 шил 0.33 литрийн архи шилээр нь уугаад орж ирсэн гэж хэлж байсан. Би өөрөө хараагүй болохоор мэдэхгүй байна... ер нь хардах өвчтэй ойр хавьд байгаа эрэгтэй хүн болгонтой л хардаж байдаг. Тэр бичлэг дээр байгаа чинь би биш гэсэн чинь миний 2 шанаа руу алгадсан. Уурлаад босч ирэхэд цээж рүү гараараа 2 удаа цохиод багалзуур шахаж газар унагаасан. Би босч ирээд чамд ингэж доромжлуулж зодуулж байхаар өөрийгөө алчихая гээд жижиг хутга авахад Б ингэж болохгүй гээд миний барьж байсан хутганаас атгаад хурууных нь үзүүрээс жаахан цус гарсан. Би нойлын өрөө хамт орж гарыг нь угааж өгөхөд дахиж уурлаад багалзуур шахаж унагаад ар талаас толгойны орой руу нэг юмаар цохисон. Толгойноос цус урсаад тогтохгүй болохоор нь чи миний толгойг хагалчихлаа шүү дээ гэхэд яв чи зайл гэж байсан. Тэгэхээр нь би толгойныхоо цусыг угаалгын өрөөнд орж угаачихаад алчуураар ороогоод газар хэвтэж байсан гэрийн түлхүүрээрээ хаалгаа онгойлгоод 4 давхарт амьдардаг жижүүр настай 2 хөгшиний гэрт орж утсаар нь аав ээж, охин, дүү рүүгээ залгасан. Манай дүү ирээд цагдаа дуудаад намайг гэмтлийн эмнэлэгт аваачиж толгойны орой дээр 3 оёдол тавиулсан... гэх мэдүүлэг /хх-9-10/,
- гэрч Ш.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Он сарыг нь сайн санахгүй байна. Намайг нөхөр Б-ын хамт гэртээ байж байтал дээд давхрын 24 тоотод амьдардаг эмэгтэй намайг зодоод толгой хагалчихлаа гээд орж ирсэн. Толгойных нь орой хэсгээр цус гарч байсан... миний утсаар хүн дуудаад ярьж байсан... хэнд хэрхэн зодуулсан талаараа юм яриагүй би ч асуугаагүй ... гэх мэдүүлэг /хх-92-93/,
- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5338 дугаартай:...Д.Н-ийн биед зулайн хуйханд шарх, зулгаралт, цээжинд цус хурал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-14/,
- шүүгдэгч Т.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 10 цаг 15 минутын орчим хамтран амьдрагч Д.Н-ийн хамт ажилдаа явахаар гэрээс гарч 5 шараас такси барьсан. Д.Н бид 2 нэг газар хамт ажилладаг. Би гар утсаар авлагатай хүнтэйгээ яриад таксинд түрүүлж суухдаа утсаар ярьж байгаа хүнээ пизда гэхэд эхнэр араас таксинд суух гэж байснаа чи намайг пизда гэж хэллээ гээд таксины хаалга саваад явчихсан. Би араас нь буугаад ажилдаа явъя захиалга их байгаа гэхэд Н явахгүй гэсэн. Би явъя гээд нэг түлхсэн чинь гудамжаар нөгөө муу хүүхнээ бодож зургийг нь харж хэвтдэг гэж орилоод гүйгээд алга болчихсон. Би дэлгүүрээс 0.33 литрийн “Хараа” архи 1 шилийг аваад гэртээ ороход эхнэр Н гэртээ ирчихсэн байсан. Намайг хараад хардаж орилоод ширээний хажууд цаасан дээр юм бичээд сууж байсан. Би авчирсан архинаасаа стаканы талаар 2 хийж уучихаад орилж хараагаад байхаар нь чимээгүй суугаад л байсан. Тэгээд хэсэг чимээгүй болохоор нь би дандаа чамд бууж өгөөд чи дандаа орилж хашгирдаг гэхэд би хэрэггүй хүн юм байна, өөрийгөө алчихая гэж хэлээд хутганы ком дотроос хамгийн жижиг хутгыг аваад цээжин дээрээ дараад байхаар нь булааж аваад цаашаа эргэтэл араар дахиж том хутга авсан. Тэгээд би хутгыг нь булааж авахаар ноцолдож байхад миний баруун гарын дунд хуруу, зүүн гарын дунд хурууны үзүүр нь хүрсэн. Хутгыг нь аваад хөргөгчний араар шидчихээд Н-ийг түлхсэн чинь ноцолдож байгаад унасан. Уурандаа хогийн хуванцар тосгуур сууж байсан зүгт нь шидсэн чинь толгойг нь оносон байсан... шөнө намайг буруу харж хэвтлээ гэж уурлаад өглөө нь дахиад л чи тэр хүүхнээ бодоод буруу харж хэвтлээ гээд байсан эхнэр өмнөх өдрийн уураа өглөө нь гаргаад л ийм асуудал боллоо. .. Би өөрийн гэм бурууг ойлгож ухаарч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-100/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирогч нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан бөгөөд гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй /хх-109/ гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоов.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б-ид оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР