Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/1317

 

2025             11          20                                                                             2025/ДШМ/1317

 

Я.М-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Халиунгоо,

шүүгдэгч Я.М-,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.М-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2404002110019 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б- овгийн Я-гийн М-, .........../,

Холбогдсон хэргийн талаар:

Я.М- нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын “.........” цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байр дотор хохирогч Г.О-ын гар утсаараа бичлэг хийсэн үйлдэлд дургүйцэн, түүнийг дураараа бичлэг хийлээ гэж уурлан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж, улмаар хохирогч Г.О-ын нүүр, хэсэгт гараараа самардах, цохих, түлхэх зэргээр зодож, биед нь хамрын хэсэгт ил шарх, баруун гарын сарвууны хэсэгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Багануур дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Я.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б- овогт Я-гийн М-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.О-ын нэхэмжилсэн сорвины тос 41.000 төгрөг, нүдний шилний төлбөр 150.000 төгрөг, замын зардал 30.000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 2.500.000 төгрөг, нийт 2.721.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болсон хэрэг шийдэгдэхгүй бүтэн жил болсон. Энэ хэрэгт цагдаагийн 7 албан хаагч, 3 прокурор, Багануур дүүргийн шүүх шинжилгээний эмч Ө.Шаарийбуу, Багануур дүүргийн эрүүл мэндийн яаралтай тусламжийн эмч О.Сүхбат, Шүүх шинжилгээний 6 эмч нийлж хуурамч бичиг баримт бүрдүүлж, үгсэн хуйвалдаж, хохирогч гэх Г.О-ад илтэд нэг талыг барьж үйлчилж, намайг гүтгэсэн хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. 2024 оны 09 дүгээр сарын 18-нд “.........” сургуулийн нийгмийн ажилтан Г.О-аас болж миний зээ охин Б.М- халуун хоолтонд түлэгдэж, Г.О- хүүхдийн эцэг эхийн зөвшөөрөлгүй өөрийн гар утсаар баясаж бичлэг хийсэн, би “боль” гэж хэлсний төлөө намайг зодож, миний нүдний ухархайн яс хугарсан, хамрын таславч мурийж, хамар яс хугарсан зэрэг гэмтэл авсан. Ангийн багш Н- хүүхэд сургуулиас хөөж, хүүхэд сурч боловсрох эрхэнд халдсан. Г.О- хүүхдийн хажууд эмээг нь зодож, хүчирхийлэл үйлдэж, танхайрсан. Г.О- нь нүдний шилний ором, өөрийнхөө шовх урт хумсаар маажсан гэмээр юман дээр оёдол тавьсан гэсэн бичиг, 0.2 см гэсэн байсан. Г.О- урьд нь хүнд зодуулж, хуучин гэмтэл дээр нь шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулж, хамар яс хугарсан, таславч нь мурийсан гэмтэл дээр энэ хэргийг далимдуулж хүн гүтгэж мөнгө авах гэсэн арга хэрэглэсэн нь 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хурал дээр өөрийнх нь ярьсан ярианаас ойлгогдсон. Шүүх эмнэлгийн дүгнэлт нь эргэлзээтэй байгаа тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхдээ Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн гадны шинжээчээр өөртөө болон Г.О-ад дахин дүгнэлт гаргуулмаар байна гэсэн боловч хүсэлтийг хүлээж аваагүй. М- миний нүдний яс хугарал эдгээгүй, 1-р эмнэлгийн мэс заслын эмч Төмөрбаатар имплант яс нөхүүлэх хагалгаанд орох заалттай байхад Шүүх шинжилгээний 2 дүгнэлт гарсан. 3 дахь дүгнэлт гаргасан С.Эрдэнэцэцэг, О.Ариунзул, Д.Буяннэмэх нар нь 2 дүгнэлт нь “энэ хүний тухайн үедээ хүчинтэй Багануур дүүргийн гэмтлийн эмч Мөнхсүхийн тархи доргилт гэсэн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үзүүлж бичсэн оношийг үгүйсгэж багажийн шинжилгээгээр батлагдаагүй гэх Багануур дүүргийн яаралтай тусламжийн эмч О.Сүхбаатар хуурамч бичиг хийлгэсэн. Би 1111 засгийн газрын утсаар гомдол гарган О.Сүхбат эмчийг шалгуулахад “0.5 см урт язарсан шарханд мэс заслын нэг оёдол тавьсан”, Г.О- нь цахимаар цаг авч, боолтын сувилагч дээр очоогүй байсан. Энэ бүгдийг Багануур дүүргийн Эрүүл мэндийн газрын ёс зүйн хорооны дарга Г-, боловсон хүчин Б- нар надад шалгаж өгсөн. Г.О- шүүх хурал дээр би 7 хоногийн дараа боолтын сувилагч дээр очсон гэж худал ярьж байсан. Энэ хүүхэн байнга худал мэдүүлэг өгч, худлаа ярьдаг. Хавтаст хэргийн 124, 125 дугаар хуудсанд тухайн үеийн зураг биш, хэдэн оны хэдэн сарын зураг нь тодорхойгүй, өөр зураг хийсэн байсан. Шүүх хурал дээр шүүгч асуусан “О- нь би ер нь үсээ буддаггүй, бор шаргал үстэйгээ байдаг” хэж хариулсан. Сургуулийн хяналтын камерын бичлэгийг үзэхэд Г.О- нь нүдний шилээ зүүгээд сургуулиас гарч байсан. Гэтэл сүүлд оруулж ирсэн 8 ширхэг зураг дээр хугарсан нүдний шилний зураг оруулж ирж, 150.000 төгрөг хүн гүтгэж, О-ын зураас төдий хамрын юман дээр дүгнэлт гаргачхаад, миний нүдний яс хугарсан гэмтэл дээр дүгнэлт гаргаагүйгээс болж надад яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэнд маш их гомдолтой байна. Г.О-аас болж бүтэн жил эд материал, бие эрхтэн, сэтгэл санаагаар хохирсон. Эрүүл саруул байсан зээ охин М- ээрч гацдаг болсон. Энэ хэргээс болж 2024 оны 12 дугаар сарын 18-нд зөрчлийн хэргээр 100.000 төгрөгөөр торгуулсан. Намайг хилс хэрэгт гүтгэсэнд маш их гомдолтой байна. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү.” гэв.

Хохирогч Г.О- тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Я.М- гэх хүн энэ үндэслэлгүйгээр тайлбараа 09 дүгээр сарын 26-ны шүүх хурал дээр ярьж, шүүх шинжилгээний эмч Ч.Эрдэмболорыг шүүх хуралдаанд оролцуулж, өөрийнх нь гарын үсэг болохыг ч хэлж байсан. Шүүх хуралдаан 3 цаг гаруй үргэлжилж, бүх зүйлийг баримт нотолгоотой ярьж, 2 видео бичлэг үзэж миний биед хүрч байгааг нотолсон. Ингээд хуулийн хүрээнд биеийн байдал муу шалтгаанаар харьцангуй хөнгөн ял шийтгэл авчхаад ингэж худлаа гомдол гаргаж өгч байгаа нь ичгүүргүй увайгүй хүн болохыг харуулж байна. Энэ хэрэг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гарч, жил гаруй хугацаанд шийдэгдээгүй нь энэ мэтчилэн худлаа тайлбар тавьж, бүх шатны байгууллагад удаа дараа гомдол гаргаж, мэргэжлийн эмч, мөрдөгч, прокурор, цагдаа нарын нэр хүндэд халдаж, тэдний гаргасан дүгнэлт шийдвэрийг зохисгүй тайлбараар няцааж олон ажилтан алба хаагчдад хүндрэл учруулж байгаад харамсаж байна. Миний хувьд ажлын байран дээрээ ажил үүргийн тодорхойлолтынхоо дагуу ажил үүргээ гүйцэтгэж яваад энэ хүнээс болж эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл, нэр төрөөрөө хохирсон. Үүнийг 3 удаагийн шүүх шинжилгээний дүгнэлт харуулж байгаа. Би ямар нэгэн хохирол төлбөр аваагүй байхад надад удаа дараа дуудуулж, өөрийн үндэслэлгүй хүсэлт өргөдөлтэй танилцуулж байгаа нь миний ажил, амьдрал, сэтгэл зүйд маш их хор хөнөөлтэй байна. Энэ хүн намайг зодож, нэр хүндэд минь халдаж, айлган сүрдүүлснээс болж сэтгэл зүйн гэмтэлтэй болж 6 удаа зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээнд хамрагдсан хохирлоо барагдуулмаар байна. Энэ мэтчилэн миний цагийг үрж, сэтгэл зүйг минь тогтворгүй байлгаж байгаад маш их гомдолтой байна. Иймд хэргийн материалд авагдсан баримтууд болон энэ хүний үндэслэлгүй тайлбарыг эсэргүүцэж, дахин надад төвөг учруулахгүй байхад анхаарч өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Прокурор Б.Халиунгоо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Я.М- нь 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр болсон хэргийг шийдэхгүй бүтэн жил болсон гэж байна. Тухайн хэргийн материалыг харвал шүүгч нар ойлгох байх. Тухайн хэрэг яагаад бүтэн жилийн хугацаанд шийдэгдэхгүй удсан гэхээр шүүгдэгч Я.М-аас шат, шатны байгууллагад гомдол гаргаад, гомдлын дагуу яллах дүгнэлтийг хүчингүй болгож, дахин яллах дүгнэлт үйлдээд, шат шатны байгууллагад дахин дахин өргөдөл гомдол гаргаж, түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газарт гомдол гаргасан. Эдгээр гомдлуудыг шийдвэрлэх цаг хугацаа нь бүтэн жил болсны улмаас хэрэг шийдвэрлэхгүй бүтэн жил болсон. Багануур дүүргийн шүүх шинжилгээний эмч нартай хуйвалдсан. Хохирогч Г.О-ад илтэд нэг талыг барьж үйлчилсэн гэдэг. Хэрэгт хохирогчид 3 шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Я.М-ад мөн адил 3 удаа шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. 3 удаа шинжээч томилдог нь шүүгдэгчийн дээд шатны прокурорт гомдол гаргасан гомдлын дагуу бид аль алинд нь шинжээч томилж, дүгнэлт гаргуулж байсан. 3 шинжээчийн дүгнэлт аль алиных нь шинжээчийн дүгнэлт анхныхаа шинжээчийн дүгнэлтийг баталсан буюу хохирогч Г.О-ад хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна. Энэ нь тухайн цаг хугацаанд учирсан гэмтэл байна гэж гарсан. Харин шүүгдэгч Я.М-ын биед учирсан хамар ясны хугарал нь тухайн цаг хугацаанаас өмнө учирсан гэмтэл байна гэдгийг шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгасан. Үүнийг дараа дараагийн 2 шинжээчийн дүгнэлт бататгасан. Өмнөх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж гарсан. Иймд зөвхөн шүүгдэгч Я.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Түүнчлэн шүүгдэгч Я.М-аас шинжээч эмч нар болон хэрэгт ажиллагаа явуулж буй мөрдөгч нар, прокуроруудыг Г.О-тай хуйвалдсан гэж удаа дараа гомдол гаргадаг. Бүх хүн Г.О-ад үйлчлээд байгааг ямар баримтаар нотлоод байгааг ойлгохгүй байгаа. Жишээлбэл, цагдаагийн алба хаагч нар прокуроруудыг дотоод хяналт шалгалт бүх шалгах байгууллагаараа шалгуулсан. Энэ нь үнэн зөвөөр тогтоогдоод, гомдлыг нь хүлээж авахаас татгалзсан. Миний хувьд 7 удаагийн дотоод хяналт шалгалтаар шалгагдаж, хохирогч Г.О-ын талд үйлчилгээгүй гэдэг нь тогтоогдоод байхад дахин, дахин баримтгүйгээр яриад байгааг прокурорын зүгээс ойлгохгүй байна. “...боль гэж хэлсний төлөө намайг зодож, миний нүдний ухархай хугарсан, хамрын таславч мурийсан, хамар хугарсан гэдэг нь түрүүчийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Миний охин н.М-ийг халуун хоолонд түлсэн гэж яриад байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Н-гийн мэдүүлгээр тогтоогдоно. “...н.М-ийн эмээ хүүхдээ авах үедээ хүүхдийн гар түлэгдсэн гэж хэлээгүй. Мөн түлэгдсэн хүүхэд уйлдаг. Тухайн үед М- уйлаагүй. Сургуулийн хоол цай, хүүхэд түлэх хэмжээний халуун байдаггүй..” гэж мэдүүлээд байхад манай хүүхэд түлэгдсэн байсан гэж одоо хүртэл ярьдаг атлаа тухайн үед цагдаагийн байгууллагад энэ талаар гомдол мэдээлэл гаргаагүй байдаг. Хохирогч Г.О- нь өмнө нь хүнд зодуулж, хамар яс хугарсан, таславч нь мурийсан гэмтэлтэй байсан гээд байна. Хэрэгт авагдсан баримтуудаар Г.О- урьд нь ямар нэгэн хүнд зодуулсан гэх баримт байдаггүй. Түүнчлэн 3 шатны шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна гэдгийг тогтоогдсон. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхэд Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн гаднын шинжээчид өөртөө болон Г.О-ад дахин дүгнэлт гаргуулмаар байна гэж хэлсэн боловч хүсэлтийг хүлээн аваагүй гээд байна. 3 шинжээчийн дүгнэлт хоорондоо зөрүүтэй байсан бол эргэлзээ бүхий гээд дахин шинжээч томилох үндэслэл байх байсан. 3 удаа шинжээч томилоход шинжээчийн дүгнэлт зөрүүгүй, эргэлзээ төрүүлэхгүй байгаа учраас прокурорын зүгээс болон шүүхээс хүсэлтийг хүлээж аваагүй. Хавтаст хэргийн 124,125 дугаар талд мөрдөгч н.Оюунболор нь тухайн үеийн зураг биш. Өөр зураг хийсэн гэж яриад байдаг. Би энэ талаар шүүгдэгч Я.М-ад өмнө ч тайлбарлаж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт хохирогч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана гэсэн байгаа. Үүний дагуу хохирогчоос гаргаж өгсөн баримтыг мөрдөгч нь тэмдэглэл үйлдээд, 124, 125 дугаар хуудсанд авагдсан зургийн өмнө тэмдэглэл үйлдээд хавсаргасан байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл биш гэж тайлбарлаж өгч байсан. Түүнчлэн тухайн зургуудыг оруулж хавтаст хэргийг засварласан гээд байдаг. Энэ нь хавтаст хэрэг засварлаад байгаа үйлдэл биш. Хохирогч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч аль ч этгээдэд байх өөрийнх эрхийн асуудал юм. Сүүлд оруулж байсан 8 ширхэг зураг дээр хугарсан нүдний шил оруулж ирээд, 150.000 төгрөг нэхэмжилсэн гээд байгаа. Мөн нохойд хазуулсан баримт хавсаргасан байсан гээд байна. Анхан шатны шүүх шүүгдэгчээс ямар ч хохирол гаргуулахаар шийдвэрлээгүй, бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн. Учир нь, хохирогч нь эдгээр эмчилгээний зардал болон нүдний шил шинээр авсан баримтуудыг шүүхэд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг эрүүл мэндийн даатгалын сангийн алба хаагчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг аваагүй гэх үндэслэлээр иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Түүнээс шүүгдэгчийн яриад байгаа шиг түүнээс үндэслэлгүй мөнгө гаргуулах гэсэн зүйл байхгүй. Шүүгдэгч Я.М-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, шийдүүлсэн. Нэг хэргийг зөрчлийн хэргээр болон эрүүгийн хэргээр давхар шийдвэрлээд байна гээд байна. Хавтас хэрэгт зөрчлийн шийтгэвэр авагдсан байгаа. Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.5 буюу аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, мөн хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдсэн гэх зөрчлүүдээр Г.О- болон Я.М- нарт зөрчлийн арга хэмжээ авч тус бүр 100.000 төгрөгөөр торгосон. Мөн нэг үйлдэл нь нэг зөрчил болоод, нэг эрүүгийн гэмт хэрэг болж болох уу гэж яриад байна. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан. Үүнтэй адил тухайн хүмүүсийн нэг удаагийн үйлдэл нь өөрөө нэг эрүүгийн гэмт хэрэг, нэлээдгүй хэдэн зөрчлийн шинжийг тус тус агуулж байсан тул Зөрчлийн хуулиар болон Эрүүгийн хуулиар тус тус шийтгэсэн. Улмаар шүүгдэгч Ч.М-ыг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Энэ нь шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирч байна гэж үзсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

2. Шүүгдэгч Я.М- нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын “.........” цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байр дотор хохирогч Г.О-ын гар утсаараа бичлэг хийсэн үйлдэлд дургүйцэн, түүнийг дураараа бичлэг хийлээ гэж уурлан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж, улмаар хохирогч Г.О-ын нүүр, хэсэгт гараараа самардах, цохих, түлхэх зэргээр зодож, биед нь хамрын хэсэгт ил шарх, баруун гарын сарвууны хэсэгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

шар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 73, 232-234/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх74/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх77-82/,

Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуудас /1хх56-58,71-72/,

Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуудас /1хх 65-70/,

хохирогч, шүүгдэгч нарын нүүр болон гар хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх86, 123, 2хх124-125/,

Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 213 дугаартай албан бичиг /2хх134/,

Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 280 дугаартай “...Г.О-ын биед хамрын хэсэгт ил шарх, баруун гарын сарвууны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /1хх36-37/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13161 дугаартай “...Я.М-ын баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг юм уу олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Я.М-ын биед дээрхээс өөр гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй, хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1хх43-44/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ0525/609 дугаартай “...Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гарсан №280 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Г.О-ын биед хамарт шарх, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, маажих, хүчний хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Хамарт шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдпоо. Баруун сарвуунд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэгт тогтоогдохгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх өдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 18- ны өдөр үүссэн байх боломжтой байна. Г.О-ын биөд учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Үзүүлэгч Г.О-ын биед хамрын ясны орчимд 0,5 см орчим урт язарсан шарханд мэс заслын оёдол тавиагүй тохиолдолд тухайн шарх нь оёдол тавьсны дараах шархнаас илүү гүн сорви тогтож эдгэрнэ. ...” /2хх92-94/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0525/736 дугаартай “... Урьд гаргасан 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №13161 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Я.М-ын баруун нүдний ухархайн дотор хана, хамар яс хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн цохих үйлчлэлээр үүсэх боломжтой хуучин гэмтэл байна. Хэрэг учрал болсон гэх 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө үүссэн, үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно...” /2хх100-102/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0525/835 дугаартай “...Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан №280 дугаартай дүгнэлт, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ0525/609 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Г.О-ын биед хамрын нурууны баруун хажуу хэсэгт 1x0.2 см хэмжээтэй шарханд мэс заслын 1 ширхэг оёдол тавигджээ. ...” /2хх110-112/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0525/836 дугаартай “...Урьд гаргасан 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №13161 дугаартай дүгнэлт, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0525/736 дугаартай дүгнэлтүүд тухайн үедээ үндэслэлтэй байна. Я.М-ын баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө үүссэн, ба тухайн гэмтлийн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 2024 оны 09 дүгээр сарын 23-ны Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Э.Мөнгөнсүхийн тархи доргилт гэх онош нь эмнэлзүй болон багажийн шинжилгээгээр батлагдаагүй байна...” /2хх 116-119/ гэх дүгнэлтүүд,

хохирогч Г.О-ын “...Би 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажлын өрөөнд байж байхад нэг сурагчийн эмээ /ахимаг насны, бараан өнгийн хувцастай” орж ирсэн. Тэгээд “манай хүүхдийн харандаа алга болчихлоо, энэ хэргийг хурдан шийдээд өгөөд орхи” гэх захирангуй өнгө аясаар хэлсэн. Тухайн үед би нэг багшийн хамт албан ажил хийж байсан тул нөгөө настай эмэгтэйд хандаад “би ажилтай байна. 1-5 дугаар анги хариуцсан нийгмийн ажилтан хотод ажилтай явж байгаа, та ангийн багштай нь уулзаж шийдвэрлүүлж болно, эсвэл нийгмийн ажилтан ирсний дараа шийдвэрлүүлж болно” гэж хэлэхэд нөгөө эмэгтэй “өчигдөр бас манай хүүхдийг хамаг гоё хувцсаа өмсөөд очсон байхад муухай болгоод хаячихсан байсан” гээд ууртай өрөөнөөс гараад явсан. ... Тэгээд хүмүүс гараад хамгийн сүүлд би гарч ангийн хаалгыг хааж зогссон. Тэгээд нөгөө эмээ “чи одоо хулгайч хүүхдээ олж өгөхгүй байж өөхшүүлээд намайг ангиас гаргаж яах гээд байгаа юм” гээд байсан. Тэгснээ нөгөө эмээ “хүүхдийг маань дотор зодоод байна, хүүхэд маань уйлаад байна” гээд дайраад миний гартай хамт хаалгыг хүчтэй татаад анги руу яваад орчихсон. Тэгээд буцаад ангид ороход нөгөө эмээ, охиныхоо хамт “цагдаад дуудлага өглөө” гэж уурлаад дахин дахин хүүхдүүдийг загнаад болохгүй болохоор нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Тэр үед нөгөө эмээгийн охин нь гэх 25-30 орчим насны эмэгтэй “чи яахаараа бичлэг хийдэг юм, чи яахаараа дураараа бичлэг хийгээд байгаа юм бэ” гэх яриа өгүүлэл гаргаж миний хажуугаас толгой руу 2-3 удаа цохисон. Тэгтэл ширээний голд зогсож байсан нөгөө эмээ ирж “энэ одоо ямар даварсан хулгайч вэ” гээд над руу дайраад миний нүүр, нүд рүү гараараа самардаад, цохиод байсан. Тэр үед би өөрийгөө хамгаалж тухайн хүний гар руу хариу түлхэж холдуулах үйлдэл хийсэн. Ингээд үйлдлээ зогсоохгүй байхаар нь би дахиж орж дахин гар утсаараа бичлэг хийсэн. Тэгээд би ангиас гарч яваад цагдаа ирж байна уу гээд коридороор алхаад явж байхад араас нөгөө эмээ хүрч ирээд нуруу руу түлхэж дахин цохих гээд дайраад байсан бөгөөд би өөрийгөө хамгаалах гээд ухарсан. ...Тэр үед миний нүдний шилтэй хавсарч цохигдож, нүдний шилний зөөлөвч унаж, миний хамар хэсэгт урагдчихсан, нүдний шилний гар далийсан байсан. Тэгээд дахиж миний эрүүний зүүн тал руу маш хүчтэй цохисон бөгөөд ярьж болохгүй өвдөөд байсан. Миний баруун талын эрхий хурууны ар талын арьс нь урагдаж, шалбарсан, зүүн гарын бугалганы гадна хэсэгт хөхөрсөн, хамарын баруун талд урагдаж ангайсан байсан. Би эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Миний толгой хэсэгт өвчин орсон их өвдөж байсан. Мөн эрүү хэсэгт хүчтэй цохиулсны улмаас хэд хоног ярьж болохгүй, шүд өвдөөд байсан. ...Би маш их гомдолтой байна. ...” /1хх13-17/,

гэрч Г.Н-гийн: “...2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 14 цаг 20 минутын үед ангидаа хоол аягалаад зогсож байтал М-ийн эмээ гаднаас орж ирээд “миний хүүхдийн харандааг хэн авсан бэ, чи авсан уу, хэн авсан, гаргаад ир” гэх мэтчилэн хүүхдүүд рүү өндөр дуугаар давшилсан. Тэгэхээр нь би “та 6 настай хүүхдүүдийг ингэж болохгүй, харандаа нь газар унасан байж магадгүй, хүүхэд өшиглөөд явчихсан ч байж магадгүй, эд нар чинь өөрийнхөө харандааг ч ялгахгүй, хүүхдүүд шүү дээ. Эсхүл хүүхдийн харандааг өөрийнхөө харандаа гээд цүнхэндээ хамаад хийчихсэн ч байж магадгүй харандаа бол олдоно” гэж хэлсэн. Та ангид ингэж болохгүй гэж хэлээд гараад ярилцъя гээд байж байхад нийгмийн ажилтан О- ороод ирсэн. ...Тэгээд тэр хэдийг гарсны дараа би хүүхдүүдийнхээ хоолыг аягалаад байж байтал гадаа пижигнээд явахаар нь гараад хартал нийгмийн ажилтан О- руу М-ийн эмээ дайрч давшлаад цохиод байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгасан. Тэгээд байж байтал хүүхдүүд ангид шуугиад эхлэнгүүт М-ийн эмээ би хүүхдээ авна гээд миний хажуугаар дайраад ангид орсон. Биднийг ангид ороход М-ийн хоол ширээн дээр нь асгарсан байсан чинь М-ийн эмээ “хүүхдийн хоол хэн асгасан бэ” гээд хүүхдүүд рүү дайрсан. Тэгээд эргэж хараад нийгмийн ажилтан руу дайраад хараал хэлээд байсан. Тэгтэл Г.О- гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн чинь М-ийн эмээ Г.О-ыг бичлэг хийлээ гээд цохисон. Тэгэхээр нь О- буцаагаад М-ийн эмээг түлхсэн. ...М-ийн эмээ хүүхдээ авах үедээ хүүхдийн гар түлэгдсэн гэж хэлээгүй. Мөн түлэгдсэн хүүхэд уйлдаг шүү дээ. Тухайн үед М- уйлаагүй. Сургуулийн үдийн хоол цай хүүхэд түлэгдэх хэмжээний халуун байдаггүй...” /1хх 22/,

гэрч Г.Б-ийн: “...2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн үед өөрийн охин М-ийг авахаар очсон бөгөөд манай охины пеналаас 1 ширхэг харандаа алга болчихсон байхаар нь ширээн доор буюу ойр орчмоор хайсан боловч олоогүй. ... Тэр үед хүүхдүүдэд үдийн цай өгч байсан. Тэгээд байж байтал манай ээж хүрч ирээд ангийн багштай уулзаад “манай хүүхдийн харандаа алга болсон байна” гэж хэлсэн чинь ангийн багш Н- хүүхдүүдээ өмөөрөөд манай ээжид хандаад “энэ чинь жаахан хүүхдүүд шүү дээ, хүүхдүүд бие биенийхээ юмыг авч л байдаг шүү дээ” гэж хэлсэн. Тэр үед ээж хүүхдүүдэд хандаад “аниагийн дүү нар найзынхаа харандааг харсан уу” гэж асуусан чинь хүүхдүүд ойлгохгүй байх шиг байсан байх, хараагүй гэж хариулж байсан. ... О- гэх эмэгтэй өөрийн гар утсаараа зөвшөөрөлгүй бичлэг хийгээд эхлэхээр нь би тухайн эмэгтэйд хандаад “яагаад хүний дуу дүрсний бичлэг зөвшөөрөлгүй хийгээд байгаа юм” гэж хэлсэн чинь тэр эмэгтэй гар утсаа над руу харуулахаар би очсон бөгөөд бичлэгээ зогсоогоогүй. ... Тэгээд ээж тэр хүүхэнд хандаад “чи яахаараа ээж шигээ хүний нүүр ам руу цохиж байгаа юм” гэж хэлээд маргалдаж байхад нь би охиноо ангиас аваад гарсан. Тэгээд байж байхад цагдаа ирсэн. Цагдаа нарыг иртэл тэр эмэгтэй ээж бид хоёр руу орилж хашхирч, ээжийг “хөл, гар нь маажийсан балай, хар авгай минь чамайг өгдөг газар нь өгнө, та нар шиг янхануудтай нэгийгээ үзнэ” гэж орилж хашхирч байсан... Тухайн эмэгтэй ээжийг доромжлоод байсан болохоор манай ээж тэр эмэгтэйтэй маргалдсан. ...” /1хх 23-24/,

гэрч Б.Н-ийн: “...Сургууль дээр цэвэрлэгээ хийгээд байж байтал нийгмийн ажилтанг нэг настай эмэгтэй цохиж аваад “янхан минь” гэх зэргээр хэлээд байхаар нь би тухайн эмэгтэйд хандаад “та болиоч ээ” гэж хэлсэн чинь нөгөө настай эмэгтэй “та нарт ямар хамаатай юм” гэж хэлээд нийгмийн ажилтаны шанаа хэсэг рүү нь шанаадсан. Тэгээд “чи юу юм” гээд дахиад цохих гээд дайраад байхаар нь манай сургуулийн менежер ирээд салгасан. Тэгтэл цагдаа нар ирсэн. Тухайн эмэгтэй нийгмийн ажилтныг “чи янхан биз дээ, чи юу юм, янхан минь гээд цохих гээд дайраад байсан ба хацар хэсэг рүү, шанаа хэсэг рүү нь хоёр удаа цохиж байхыг би харсан. Намайг явснаас хойш цохисон үгүйг мэдэхгүй байна. ...” /1хх 25/,

гэрч Ч.Н-ын: “...2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр баталсан хуваарийн дагуу зөрчлийн байцаагчаар ажиллаж байхад өдөр 14 цаг 46 минутын үед “1 дүгээр хороо, ......... сургууль дээр эмэгтэй хүн хэрүүл хийгээд байна” гэх дуудлага өгсөн. Тухайн дуудлагын дагуу очиход сургуулийн 2 давхрын коридорт 2 эмэгтэй хүн хоорондоо маргалдсан байдалтай байсан. ... Тэгээд байж байтал настай эмэгтэй нь нийгмийн ажилтан гэх эмэгтэйн нүүр хэсэг рүү 1 удаа цохихдоо нийгмийн ажилтны шилтэй нь хавсраад цохичихсон. Би голоор нь “та яаж байна аа” гээд салгахад тухайн настай эмэгтэй “энэ муу янхан, миний нүд рүү хатгадаг хэн бэ, асуудлаа шийдээгүй байж надтай хэрүүл хийлээ, чамайг би ална, янхан, гичий” гэх мэтээр хараалын үг хэлж байсан. Би тухайн эмэгтэйд шаардлага тавиад сургуулиас аваад гарах гээд явж байтал настай эмэгтэй нь сургуулийн нийгмийн ажилтан эмэгтэйн шанаа хэсэгт 1 удаа цохисон. Тухайн эмэгтэй нийгмийн ажилтан эмэгтэйд хандаад “чи муу нүд рүү хатгадаг хэн бэ, янхан, гичий, чамайг ална, асуудлаа шийдэж чадахгүй байж хэрүүл хийлээ, янхан” гэх зэргээр хэрүүл хийсэн. Нийгмийн ажилтны нүүр хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэр үед нүдний шилний хамар хэсгийн зөөлөвч нь унаад төмөр нь хамар хэсгийг хатгаад шалбалчихсан байсан. О- гэх эмэгтэй настай эмэгтэйн биед халдаагүй. Настай эмэгтэйн урдаас ганц нэг хараалын үг хэлж байсан. Тэр үед яг юу гэж хэлснийг санахгүй байна, харилцан хэрэлдээд байсан...” /1хх 26, 28/,

гэрч О.С-ын: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр О- гэх хүний биед үзлэг хийсэн. Тухайн хүн нь анх ирэхдээ толгой өвдөнө, эрүү өвдөнө, хамрын шархаар хорсож өвдөж байна гэж байсан. Үзлэг хийхэд хамрын хянга ясны орчимд язарсан шархтай, шархнаас цус гарсан байдалтай, эрүүний зүүн голд улайсан эмзэглэлтэй байсан. Тухайн хүний шарх гүн байсан учраас шарханд 1 оёдол тавьж гэрээр эмчилгээ зөвлөж буцаасан...” /1хх 30-31/,

шинжээч эмч Ө.Шаарийбуугийн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байцаагч Ч.Н-ын тогтоолыг үндэслэн шүүх эмнэлгийн ажлын өрөөнд хохирогч гэх О-ад шүүх эмнэлгийн хохирлын зэргийг тогтоох үзлэгийг биечлэн хийсэн. Үзлэгээр оёдол тавигдсан ил шарх, баруун гарын сарвууны хэсэгт зулгарсан, майжуулсан оромтой байсан. Дээрх үзлэг дүгнэлт, шарх, зулгаралтыг үндэслэн ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэж тусгасан болно. Хохирогч нь ирж үзүүлж болсон асуудлын талаар ярихдаа “ажлын байран дээрээ бусдад зодуулсан, гар руугаа маажуулсан, нүдний шилтэй хавсарч цохисны улмаас дээрх шархыг учруулсан, тухайн үедээ ирж эмнэлгийн хүлээн авах тасагт оёдол тавиулсан” гэх яриа өгүүлэлтэй, эмнэлгийн анхан шатны ариун боолт хийлгэсэн байсан...” /1хх 51/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээр дурдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Я.М- нь хохирогч Г.О-тай маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Я.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргээр зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Шүүгдэгч Я.М-ын гаргасан “...Намайг хилс хэрэгт гүтгэсэнд маш их гомдолтой байна. Энэ Г.О-ын биед гэмтэл учруулаагүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайлбал, хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хохирогч Г.О-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын талаар гаргасан Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлстийн шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 280 дугаартай, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ0525/609 дугаартай, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0525/835 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд харин Я.М-ын эрүүл мэндэд хохирол учирсан эсэх талаар гаргасан Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13161 дугаартай, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0525/736 дугаартай, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0525/836 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр “...Я.М-ын баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө үүссэн, ба тухайн гэмтлийн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэх дүгнэлт зэргээс үзэхэд шүүгдэгч Я.М- нь ...“Г.О-ын биед гэмтэл учраагүй, шинжээчийн дүгнэлт худал гарсан. Харин миний эрүүл мэндэд гэмтэл учирсан” гэх боловч энэ нь хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.  

Анхан шатны шүүх шүүгдэгч Я.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

 2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР

                       ШҮҮГЧ                                                             Б.БАТЗОРИГ

           ШҮҮГЧ                                                             Б.АРИУНХИШИГ