| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0673/Э |
| Дугаар | 705 |
| Огноо | 2018-08-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 705
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Э.Энхбат,
Хохирогч Ч.Ж
Хохирогч, шүүгдэгч Х.Д,
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Х-н Б, Ү овогт Х-н Д нарт холбогдох 1808022600721 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
,
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эхнэр Б.М-ыг хэл амаар доромжилж зодлоо гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ч.Ж-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Ч.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн:... Б-тай хамт гараад гудамж уруудаад явж байтал М, Д хоёр араас машинтай хүрээд ирсэн. Тэр үед Б надад хандаж, “наад Д чинь намайг зодох гэж ирж байна, би зугтлаа” гээд гүйгээд явчихсан. Тэгээд би хашааны хажууд зогсож байхад Д миний хажууд ирж зогсоод бууж ирээд “чи миний 7-8 сартай жирэмсэн эхнэрийг зоддог хэн бэ гээд миний үснээс зулгайгаад толгой руу 2-3 удаа, хамар луу нэг удаа цохиод, хашаа руу түлхэж унагаасан. Тэр үед Д-гийн эхнэр М хажуунаас Д-г салгаад явсан. Миний толгой өвдөөд байгаа болохоор толгойны томографийн зураг авахуулмаар байгаа ба 180.000 төгрөг болно гэсэн. Тэр мөнгийг нэхэмжилж байна. Би мөнгө байхгүй болохоор авахуулж чадахгүй байна. Би гомдолтой байна, сэтгэлийн их түгшүүртэй байна гэх мэдүүлэг /хх-25-26/,
- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Би сэтгэл санаа болон эд материалаар хохирсондоо, зүгээр байж байгаад зодуулсандаа маш их гомдолтой байна. Би машиныг унаж яваагүй. Би 245.830 төгрөгийн эм, тариаг өөрөө авч хэрэглэсэн. Д 87.000, 55.000 төгрөгийн эм авч өгсөн...гэх мэдүүлэг
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5604 дугаартай:...Ч.Ж-гийн биед баруун зулайн хуйх, хацарт зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-38/,
- гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 11 цагийн үед гэртээ байхад манай нөхрийн ах Б “танай нөхөр чинь намайг машин бензингүй болгож ирсэн байна, би 5000 төгрөгөнд бензин хийсэн” гээд надтай маргалдаад хэл амаар доромжлоод нүүр лүү гараараа 2 удаа мангасдаж түлхсэн. Тэгээд нөхөр ирэхээр нь хэлээд эмнэлэг орох гээд явж байхад Б найз охин Ж-тайгаа явж байсан. Тэр үед манай нөхөр зогсоод машинаасаа буугаад “та нар яах гэж жирэмсэн хүн дарамталж хэл амаар доромжлоод байгаа юм бэ” гэхэд манай нөхрийн ах Б зугатаачихсан. Тэр үед цуг явж байсан Ж үлдсэн ба манай нөхөр Жг алгадаад бас хэрүүл хийсэн. Би тэр үед нөхрөө болиулаад машинд нь суулгасан...гэх мэдүүлэг /хх-33/,
- шүүгдэгч Х.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө би 07 цагт гэрээсээ гарч таксид явсан. 10 цаг өнгөрч ирэхэд эхнэр М “хадам ах Б, Ж нар ирээд хэл амаар доромжлоод, нүүр лүү мангасдаад түлхэхэд хойшоо унаад, чам руу залгах гэсэн боловч Б миний утсыг хана руу саваад унтарчихсан, миний бие өвдөөд байна” гэхээр нь эхнэрийгээ аваад хяналтын эмч рүү нь явсан. Замдаа Б, Ж 2 явж байхаар нь очиход Б найз охин Ж-гаа хаяаад зугатаачихсан. Би Ж-г 1 удуу нүүр лүү нь алгадаад, үснээс нь зулгаагаад татсан...гэх мэдүүлэг /хх-54-55/ болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Ж-г зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх маргаанаас болж Х.Д-гийн баруун гарын хурууг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь....
- хохирогч Х.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн:... цагдаа нар ирээд намайг цагдаагийн автомашинд суу гээд суухад машин дотор Б сууж байсан. Тэр үед би цагдаагийн машины ар талд суухдаа Б-ыг жоохон цаашаа суу” гээд суухад Б надтай маргалдаад миний баруун гарын долоовор хурууг хазсан. Миний баруун гарын долоовор хуруунаас Б хазаж гэмтэл учруулсан. Одоо миний хуруу зүгээр, надад гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-30-31/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5610 дугаартай:... Х.Д-гийн биед баруун сарвууны долоовор хуруунд шарх, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх 37/,
- шүүгдэгч Х.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн:...цагдаагийн машинд Д-г машинд суулгахад манай найз охины талаар хаалга онгойлгож суухдаа “цаашаа суу гээд хөлөөрөө өшиглөхөөр” нь “чи муу яагаад байгаа хулгайч вэ” гэхэд Д “чамайг ална аа” гээд баруун гараа зангидчихаад, гараа миний нүүр лүү тулгаад байхаар нь би гарынхан хуруунаас хазсан...гэх мэдүүлэг /хх-59-60/ болон гэх мэдүүлэг /хх 53-55, 59-60/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...15-ны өдөр би Д-гийн машиныг өөрөөс нь гуйж аваад явсан. Тэр өдөр манай найз охин Ж Төв аймаг явсан байсан. Би Д-гийн машиныг өдөр нь авчирч өгнө гэж хэлээд амжаагүй орой ирсэн. Орой манай дүү тосож ирээд машинаа аваад “чи Төв аймаг явсан биз дээ” гээд надтай хэрэлдэж маргалдсан. Орой таксинд явж байтал Ж “хөдөө явчихаад ирлээ” гээд утасдахаар нь би орой очиж аваад манай гэрт очиж хоносон. Д, Ж руу та хоёр хамт явсан байна гээд хэл амаар доромжилсон мессэж бичээд байсан. Маргааш өглөө ороход Д гэртээ байхгүй, эхнэр нь байхаар нь би Ж надтай хамт яваагүй шүү дээ, яагаад хүн доромжлоод байгаа юм бэ гэхэд эхнэр нь би тэгээгүй гээд хэрэлдээд байхаар нь нүүр рүү нь 2 удаа мангасдсан. Зам уруудаад явж байтал Д эхнэртэйгээ хамт ардаас машинтай ирсэн, тэгэхээр нь би Ж-г үлдээчихээд зугатаад явсан. Гэтэл Д Жг хашааны орчимд зодсон. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Д гэртээ оччихсон байхаар нь би цагдаагийн машинд суугаад ардаас нь очсон. Цагдаагийн машин дотор Д намайг ална гээд хуруугаа гозойлгоод байхаар нь би гарыг нь хазсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Б, Х.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирогч Ч.Ж нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн хохиролд 387.830 төгрөг нэхэмжилсэн /хх-92, 97-98/ байх ба шүүгдэгч нь 142.000 төгрөг төлсөн /шүүхийн хэлэлцүүлэгт/, үлдэх 245.830 төгрөг төлж барагдуулаагүй байна. Уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж төлөх хугацааг 1 сараар тогтоов.
Хохирогч Х.Д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-30-31/ гэжээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломж, ар гэрийн байдал зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Д, Х.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Д, Х.Б нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Д, Х.Б нарт тус бүр оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Д, Х.Б нар нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Ч.Ж-д учирсан хохирол 245.830 төгрөгийг 1 сарын хугацаанд төлөхийг шүүгдэгч Х.Дд даалгасугай.
6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Х.Б бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д, Х.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.