Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 168

 

Д.С, П.С, Д.Х,

С.В нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Санчирбал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 875 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 30 дугаар магадлалтай, Д.С, П.С, Д.Х, С.В нарт холбогдох 1809042250153 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуур, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамжны 8а тоотод түр оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Дийн С,

2. Монгол улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамжны 8а тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Пийн С,

3. Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Москва хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “ХОТУЛА” амралтын газар менежер ажилтай, ам бүл 5, эх, эгч, дүү, охин нарын хамт Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамжны 8а тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Дгийн Х,

4. Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамжны 8а тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Сийн В.

Д.С нь 2018 оны 09 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн эцсийн автобусны буудлын орчим иргэн Б.Бархасын нүүрэнд нь гараараа, толгойн дагзны хэсэгт тоосгоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

С.В, П.С нар нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, Д.Хулан нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “Д.Сг иргэн Б.Б толгойн хэсэгт тоосгоор цохиж газарт унагаагүй, Б.Б нь өөрөө газарт унасан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч П.С, Д.Х, С.В нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,

шүүгдэгч Д.С хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор П.Бямбасүрэн бичсэн эсэргүүцэлдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4.6, 9.6 дугаар зүйлийн 5, 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу “.. өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхийг нь тайлбарлаж, хэрэв мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн бол санаатай худал мэдүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар урьдчилан сануулж П.С, Д.Х, С.В нараас гэрчийн мэдүүлэг авсан, урьдчилан сануулсан болох нь мөрдөгчийн “... танд тайлбарлаж өгсөн эрх үүргүүдийг ойлгосон уу? эрх, үүргээсээ асууж тодруулах зүйл байна уу? гэсэн асуултад “ойлгосон, асуух зүйл байхгүй”, мөн мөрдөгчийн “Та гэрчийн мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байна уу” гэсэн асуултад “байхгүй” гэж мэдүүлсний дагуу энэ талаар тэмдэглэлд тусган гэрчээр мэдүүлэг авсан нь П.С, Д.Х, С.В нарын гарын үсэг, гэрчийн мэдүүлгийн тэмдэглэлээр нотлогдсон байна.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг заавал сануулах талаар тусгаагүй бөгөөд Үндсэн хуулийн уг заалт нь түүнд нийцүүлэн батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт бүрэн утгаараа тусгагдсан, тухайн заалтыг гэрчүүдэд урьдчилан тайлбарласан байхад хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлт хийж шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэрч нараас мэдүүлэг авах ажиллагаа нь мөрдөгчийн бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагаа байхад давж заалдах шатны шүүх “... ямар зорилгоор хэн гэдэг прокурорын шийдвэрээр дуудан ирүүлсэн талаар танилцуулаагүй.” гэж дүгнэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4.6, 9.6 дугаар зүйлийн 5, 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт тус тус заасан эрх, үүргийг танилцуулж, танилцсан талаар гэрч нар баталж гэрч эрх үүргийг дахин тайлбарлуулах шаардлагатай юу, ойлгомжгүй зүйл байна уу хэмээн тодруулан мэдүүлэг авч энэ талаар тэмдэглэлд тусган ажиллагаа хийгдсэн байхад “... хуульд заасан эрх, үүргийг танилцуулсны дараа үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсэн “Баталгаа” гаргуулсан баримт хэрэгт авагдаагүй... гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” хэмээн хуульчилсан байх тул магадлалд тусгасан шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тайлбарыг няцаан үгүйсгэсэн баримт шаардаж байгаа нь үндэслэлгүй, яллагдагч шүүгдэгч нарын мэдүүлгийг нотлох баримтаар шууд үнэлэх нь учир дутагдалтай юм. Хэрэгт гэрчээр П.С, Д.Х, С.В нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрнэх ажиллагаанд ач холбогдол бүхий байдлыг тодруулахаар мэдүүлэг авахад болсон үйл явдлын талаар зориуд худал мэдүүлэг өгч мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийн шинжийг хангасан байхад шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тусгайлан тайлбарлахыг шаардсан, мөн хууль сануулсан “Баталгаа” гаргуулж бичгээр баримтжуул хэмээн өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар мэдүүлэг авч байгаа гэрч нарт хууль сануулж дээрээс нь худал мэдүүлэг өгөхгүй талаар тусдаа бичгээр баталгаа бичүүлж авхуулахаар дүгнэсэн нь хуулиар зохицуулагдаагүй нөхцөлийг хангуулахаар хууль бус шаардлага тавьж байна хэмээн дүгнэхээр байна.

Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний зрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэсэн дүгнэлт хийсэн бол түүнийг “хүний эрүүл мэндэд хохирол учруулаагүй, хохирогч өөрөө унасан” гэсэн эрс зөрүүтэй, бодит байдлыг гуйвуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан П.С, Д.Х, С.В нарыг худал мэдүүлэг өгсөн гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй юм.

Гэтэл шүүгдэгч Д.С “гэмт хэрэг үйлдсэн” гэсэн дүгнэлт хийсэн хэрнээ “гэмт хэрэг үйлдээгүй” гэсэн худал мэдүүлэг өгсөн шүүгдэгч нарыг цагаатгасан асуудал нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Шүүгдэгч Б.С нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогч Б.Б эмчилгээний зардал нэхэмжилсэн нийт 12,926,076 төгрөгөөс 3,000,000 төгрөг төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, зэрэг хуульд заасан нөхцөл байдал хангагдаагүй байхад шүүгдэгч Д.С биелэгдэх боломжгүй торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсчы зарчим алдагдаж байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ гэж тус тус заасан.

Хэргийн нөхцөл байдлаас харахад П.С, Д.Х, С.В нар нь худал мэдүүлэг өгсөн гэхээс илүү Д.Сийн үйлдсэн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон байх магадлал өндөр. Энэ хэрэг эзэнгүй байх магадлал өндөр байсан боловч гэрч Г.Энхжаргалын мэдүүлэг гол нотлох баримт болсон буюу хохирогч түүнээс тусламж хүсэж ирсэн. Мөн Г.Энхжаргалыг харж байхад Д.С нь хохирогчийн толгойд тоосгоор цохисон нөхцөл байдал харагддаг. Хэргийн нөхцөл байдлаас харахад Г.Энхжаргал цагдаа дуудсан бөгөөд дуудлагаар ирсэн цагдаа шүүгдэгч нарын гэрийн хаалгыг нүдэхэд онгойлгож өгөөгүй. Онгойлгоогүй шалтгаан нь хохирогчийн толгойг угаасан. Мөн хохирогчийн хэл яриа тодорхой бус байсан бөгөөд цагдаагийн ажилтан түүнийг гэрт нь хүргэж өгсөн.

Шүүгдэгч П.С, Д.Х, С.В нарын мэдүүлгийг үйлдэлтэй нь холбож үзэхэд Д.Сийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал харагддаг. Д.Х, Д.С нар нь эгч дүү, П.С, С.В нар нь ээж охин, Д.Х, Д.С, С.В нар нь үеэлүүд юм. Автомашинд хийсэн үзлэгээр хохирогчийн цус илэрсэн, тархины яс цөмөрсөн учир мэс заслаар ясыг түүж авсан. Шүүх Д.С, П.С, Д.Х, С.В нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.С хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож буй прокурорын зүгээс гэмт хэрэгт хамтран оролцсон талаар ярьж байна. Гэвч яллах дүгнэлтэд хамжигч, гүйцэтгэгч гэх ялгаа заагыг тусгаагүй. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр П.С, С.В нараас, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Д.Хс гэрчийн мэдүүлэг авч, улмаар 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тэднийг худал мэдүүлэг өгсөн хэмээн яллагдчаар татсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “гэр бүлийн гишүүн” гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг ойлгохоор хуульчилсан. Д.Х нь шүүгдэгч Д.Сийн төрсөн эгч, П.С нь Д.Сийн нагац, С.В нь П.С-ны төрсөн охин учир Д.Стэй гэр бүл, садангийн хамаарал бүхий хүмүүс юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна. Шаардлагатай бол мэдүүлгийг тухайн хүний байгаа газарт очиж авч болно, мөн зүйлийн 5 дахь хэсэгт мөрдөгч мэдүүлгийн эхэнд тухайн хүний хувийн бичиг баримтыг шалгаж, түүнд ямар зорилгоор мэдүүлэг авахаар хэзээ, хэн гэдэг прокурорын шийдвэрээр дуудан ирүүлсэн, түүнчлэн энэ хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулсан тухай тэмдэглэлд тусгана, 6 дахь хэсэгт мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна гэж тус тус заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4.6 дахь хэсэгт зааснаар П.С, Д.Х, С.В нар нь Д.С-ийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй байсан. Гэтэл дээрх эрхийг эдлүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимтай. Гэтэл прокурор Д.Сд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдээр хэргийг нотлуулахын тулд журам зөрчиж мэдүүлэг авснаар П.С, Д.Х, С.В нарын эрх зүйн байдлыг дордуулсныг анхан шатны шүүх зөвтгөж, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Прокуророос Д.Сд оногдуулсан ял хөнгөдсөн гэх зүйлийг ярьж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх ёстой. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 5 хоногийн завсарлага авч тодорхой хэмжээний хохирлыг төлсөн. Шүүгдэгч нь хохирогчтой хувийн харилцаа холбоотой байж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэх талаар санаачлага гаргаж байгаа. Мөн хохирогчийн эмчилгээний зардлыг төлөхөөр хөдөлмөр эрхэлж байна. Хэрэв Д.С-д хорих ял оногдуулах юм бол хохирогчийн эрх ашигт халдсан зүйл болох буюу эмчилгээний зардлаа гаргуулж авах боломжгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заааснаар шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.С, П.С, Д.Х, С.В нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.С нь 2018 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн эцсийн автобусны буудлын орчим хувийн таарамжгүй харьцаа үүссэний улмаас иргэн Б.Бтай маргаан үүсгэн, улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Сгийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн түүнчлэн П.С, С.В, Д.Х нарыг дээрх хэрэгт мөрдөн байцаалтын шатанд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлсэн гэж прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Д.Сийн үйлдсэн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний гэр бүлийн гишүүд болох П.С, Д.Х, С.В нарыг гэрчээр байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зорилт, түүний хууль ёсны байх зарчмыг зөрчсөн, улмаар дан ганц тэдний гэрчээр өгсөн мэдүүлгийг өөрсдийнх нь эсрэг нотлох баримт болгож,  “худал мэдүүлэх” гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байх бөгөөд дээрх хүмүүсийг цагаатгахдаа анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал, Д.Сийн үйлдсэн хэрэгт түүний гэр бүлийн гишүүдийг нь гэрчээр байцаасан мэдүүлгийг яллах нотлох баримт болгон ашиглаж, үүнд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ...” түүнчлэн Монгол Улсын олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 (g) хэсэгт заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийгөө буруутай гэж хүлээхийг албадан тулгахгүй байх” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чанд мөрдөх ёстой Үндсэн хууль болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн язгуур зарчмыг зөрчсөн явдал болно.      

Мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн, хуулийн этгээд тодорхойгүй байгаа үед ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзсэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч болох бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй.” болохыг тусгайлан тайлбарлах учиртай.

Шүүгдэгч Д.Сийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, харин торгох ял оногдуулсан атлаа үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, ял болон албадлагын арга хэмжээний зохилдолгоог зөв тооцоолоогүй, нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулах зарчимд харшлах үр дагавар үүсгэж болохоор байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг шүүхээс оногдуулсны дараагаар түүнийг зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийг өөрчилж ял оногдуулах үр дагавар үүсдэг. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн хүнд тодорхой төрлийн ял сонгон оногдуулахын зэрэгцээ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ давхар оногдуулсан тохиолдолд, тухайн хүн шүүхээс оногдуулсан ялыг нэгэнт биеэр эдэлсэн, эсхүл биелүүлсний дараагаар албадлагын арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр ял оногдуулах эсэх асуудал нь дээр дурдсан эрүүгийн эрх зүйн суурь зарчимтай зөрчил үүсгэхээр байна. Энэхүү агуулгын үүднээс  авч үзвэл эрүүгийн хариуцлагын төрөл болох үүрэг хүлээлгэх арга хэмжээг гагцхүү тухайн шүүгдэгчид ял оногдуулалгүйгээр тэнссэн тохиолдолд хэрэглэх, ингэхдээ хэрэгжих хугацааг тэнссэн хугацаатай ижил, эсхүл тэрхүү хугацааны дотор байхаар тооцох ёстой гэж тайлбарлаж хэрэглэх нь Эрүүгийн хуулийн зорилго, түүний нийтлэг зарчмуудад нийцэх болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэсэн заалтыг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” тухай эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 875 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН