Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 177

 

С.Г-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай

аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн

    Хурал болон иргэдийн Төлөөлөгчдийн

     Хурлын даргад холбогдох захиргааны

 хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг         

Шүүгчид:             Г.Банзрагч

                              Д.Мөнхтуяа

                              П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:   М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх,

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 112/ШШ2019/0033 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 170 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч С.Г, түүний өмгөөлөгч О.М нар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 112/ШШ2019/0033 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 г, хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасныг баримтлан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 170 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хоёр шатны шүүх С.Г-ийн нэхэмжлэлтэй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батжаргалд холбогдох “...“...Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий...” захиргааны хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий захиргааны актуудад зөв дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4. Маргаан бүхий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актад хамаарах тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн юм.

5. Дээрх тогтоолууд нь захиргааны акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаатай холбогдсон нөхцөл байдлыг тогтоох буюу “...шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээх...”, мөн “...оролцогчийг сонсох...” ажиллагааг явуулсан байх шаардлага тавигдана. Энэ шаардлагын дагуу анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хууль ёсны дүгнэлт огт хийгээгүй, харин ч сонсох ажиллагааг болон нөхцөл байдлыг тогтоох шаардлагагүй гэж үзсэн нь илт үндэслэл муутай болсон байна.

6. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: “...2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батжаргалд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Я.Э, Л.Б, Д.Намсрай, Д.А, Ч.Б, Д.Баяраа, А.П, А.Д, М.Н, С.Х, Б.Б-Эр, Ц.А, Д, А, М.М нарын 15 төлөөлөгчийн гарын үсэг бүхий аймгийн Засаг дарга С.Г-ийг огцруулах тухай 9 заалт бүхий бичиг өргөн мэдүүлсэн байна...”, “...2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус дөрөвдүгээр хуралдааныг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Алтай хотод хуралдуулахаар товлон зарлаж, аймгийн Засаг даргыг огцруулах тухай саналыг хуралдаанаар хэлэлцэхээр тогтоож 31 дүгээр тогтоол гаргасан байна...” гэж дүгнэсэн, ингэж дүгнэхдээ тус өдрийн хуралдааны тэмдэглэлийг иш татаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.2, 32.6 дахь заалтыг үндэслэн 01 дүгээр тогтоолыг гаргасан байгааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна... ” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэхдээ баримтанд тулгуурлаагүй байна.

7. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хурлаар хурлын дарга Л.Б-ыг огцруулах асуудлыг хэлэлцэх байтал тэр нь аймгийн Засаг даргыг огцруулах асуудал болж хувирсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх талаар урьдчилан товлосон гэх боловч холбогдох тооцоо, судалгаа бүхий материалыг төлөөлөгч нар тараагааүй атлаа хуралдаанаараа хэлэлцэж Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг ноцтой зөрчсөн гэж байна.

8. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...аймгийн ..-ын хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрхэд “... хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх... ”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д “...тухайн хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх...” гэж зааснаас гадна 24 дүгээр зүйлд Хуралд асуудал оруулах эрхийг тусгайлан зааж хуульчилсан байх ба 24.1 дэх хэсэгт: ‘‘...хурлын тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй... ”, хуулийн 24.3 дэх хэсэгт: “...Энэ хуулийн 24.1...-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгч нарт тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй...” гэж нарийвчлан заасан байхад төлөөлөгчдөд 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хурлаас өмнө хэлэлцэх асуудлыг тараасан эсэх нь тодорхойгүй, зөвхөн төлөөлөгчдийн дийлэнх олонхи хуралдаанд оролцсон, ирц бүрдсэн учраас огцруулах асуудлыг хуралдаанаар хэлэлцсэн нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байхад хоёр шатны шүүх хурлаар хэлэлцсэн асуудал нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь буруу юм.

9. Хэрэгт төлөөлөгч С.Х-ын 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 13 дугаартай 9 заалт бүхий албан бичиг нотлох баримтаар авагдсан бөгөөд уг албан бичигт дурдагдсан аймгийн Засаг даргын гаргасан гэх зөрчлүүд хэрхэн нотлогдож байгаа нь туйлын тодорхойгүй, зөрчил гаргасан талаарх баримт, эх сурвалжийг заагаагүй байхад тухайн албан бичигт дурдагдсан зөрчлийг гаргасан гэж үзэж огцруулсан нь үндэслэлтэй байна гэж үзэх боломжгүй юм.

10. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.3-т заасан “...саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах...” гэж заасны дагуу 9 төрлийн зөрчил гаргасан нь нотлогдсон, уг нотлогдсон зөрчил нь Засаг даргыг огцруулах үндэслэл болж байгаа талаар нэг ч баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад Засаг даргыг огцруулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй гэх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

11. Мөн аймгийн Засаг даргыг огцруулсан тогтоолын үндэслэлд дурдсанаар “...аймгийн Засаг дарга Санжаагийн Гансэлэм нь аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хангах зорилт, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй...” гэж үзсэн ба ингэхдээ С.Г- нь энэ чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй болохыг нотолсон баримтуудыг хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байхад маргаан бүхий тогтоолууд хууль зүйн үндэслэлтэй байна гэж шууд дүгнэх боломжгүй байх тул энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болсон.

12. Нэхэмжлэгч С.Г- нь дээрх үндэслэлийг үгүйсгэж Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 6 дугаар хуралдаанаас гаргасан аймгийн Засаг даргын ажлыг “...Хангалттай...” гэж дүгнэсэн тогтоолыг, мөн Үндэсний аудитын газраас аймгийн Засаг даргын санхүүгийн үйл ажиллагааг шалгаж “...аудитын зөрчилгүй...” гэж гаргасан дүгнэлтийг хариуцагч талаас нотлох баримтаар гаргуулан хэрэгт хавсаргасан бөгөөд С.Г- нь ажил үүргээ хангалттай буюу зохих ёсоор хэрэгжүүлж байсан болох нь нотлогддог.

13. Шийдвэр, магадлалд дүгнэснээр: “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “... шаардлагатай тохиолдолд гарын үсэг зуруулдаг. Энэ тохиолдолд зуруулсан зүйл байхгүй ... утсаар ярина. Фэйсбүүх мессенжер чат, олон нийтийн сүлжээ, мэйл хаягаар хүргүүлдэг...” гэсэн тайлбар, хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад аймгийн Засаг даргыг огцруулах саналыг хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараасан талаарх баримт авагдаагүй боловч хуралд 28 төлөөлөгч хүрэлцэн ирсэн байхад хэлэлцэх асуудлыг мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй юм...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон байна.

14. Хуралд 28 төлөөлөгч оролцсон явдал нь хэлэлцэх асуудлыг мэдэж байсан гэж шууд үзэх боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч талд өөрт нь мэдэгдээгүй, хуралд биечлэн оролцож тайлбар, мэдүүлэг гаргах, 9 заалт бүхий зөрчил гаргасан гэх байдлыг үгүйсгэх боломжийг олгоогүй буюу сонсох ажиллагааг явуулаагүй нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн.

15. Мөн тухайн өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааныг 12 цагт зарласан байсан, хурлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх байсан. Гэтэл хурлын дарга өглөө нь 9 цагт хуралдааныг зарлан хуралдуулж Засаг даргыг огцруулсан талаар нэхэмжлэгч өөрөө тайлбар гаргадаг бөгөөд шүүхээс энэхүү хэргийн бодит нөхцөл байдлыг огт анхаарч үзсэнгүй.

16. Хэрэгт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хурал болохоос 1 хоногийн өмнө буюу 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 1/146 дугаар албан бичгийг нэхэмжлэлд талд хүргүүлсэн гэх боловч аймгийн Засаг даргын Тамгын газрын ирсэн баримт бичгийн бүртгэлийн дэвтэрийн 777 дугаарт бүртгэж авсан бүртгэл байгаа боловч хэн хүлээн авсан, хэнд хүргэгдсэн талаар тэмдэглэгээ огт байхгүй болно. Энэ бүртгэлийн дэвтэрээр нэхэмжлэгч талыг мэдэж байсан гэж дүгнэх боломжгүй байхад нэхэмжлэгч тал өөрөө мэдэж байсан гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болсон. Энэ албан бичгийг анхан шатны шүүх хуралдаанд орохын өмнө нэхэмжлэгч тал олж мэдсэн болно.

17. Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 112/ШШ2019/0033 дугаартай шийдвэрийг болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 170 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

18. Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “... дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:” гээд 18.1.1-ийн г/-д “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах”, 23 дугаар зүйлийн 23.7-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”, 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаар аймгийн Засаг даргыг огцруулах талаар санал гаргах эрх нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрх бөгөөд энэхүү бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлэх талаар хуулийн 32 дугаар зүйлд тусгайлан заажээ.

19. Энэхүү маргааны хувьд хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Я.Эрхэмбаяр нарын 15 төлөөлөгчөөс Хурлын дарга Л.Батжаргалд аймгийн Засаг дарга С.Г-ийг огцруулах тухай 9 заалт бүхий бичгийг өргөн мэдүүлсэн; Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийт 40 төлөөлөгчтэй учир 15 төлөөлөгч буюу гуравны нэгээс доошгүй нь гарын үсэг зурсан нь хуулийн дээрх шаардлагад нийцсэн; аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус долоодугаар хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Алтай хотод хуралдуулахаар товлон зарлаж, аймгийн Засаг даргыг огцруулах тухай саналыг хуралдаанаар хэлэлцэхээр тогтоож 31 дүгээр тогтоол гаргасан; зарласан өдрийн 09 цаг 15 минутанд Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 07 дугаар хуралдаан Иргэний танхимд эхэлж, хуралдаанд нийт 40 төлөөлөгчөөс 28 төлөөлөгч ирж, ирц 70%-тай хуралдаан үргэлжилсэн, уг 28 төлөөлөгчөөс 24 төлөөлөгч (85,7%) аймгийн Засаг даргыг огцруулахыг дэмжсэн учир Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 32 дугаар зүйлийн 32.2, 32.6 дахь заалтыг үндэслэн 01 дүгээр тогтоол гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн, энэ талаар шүүхүүд зөв дүгнэжээ.

20. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан боловч хуулийн энэхүү зүйл нь мөн хуулийн 24.1-т заасан субъектүүдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлыг шийдвэрлүүлэхээр санаачлах эрхийг баталгаажуулсны зэрэгцээ тухайн Хурлын Тэргүүлэгчдээс Хурлын товыг урьдчилан тогтоож, хэлэлцэх асуудлын жагсаалтыг тогтсоны дараа “урьдчилан тогтоож, төлөвлөөгүй” асуудлыг хуралдаанаар хэлэлцэхээс сэргийлсэн зохицуулалт юм.

21. Тиймээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус долоодугаар хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хуралдуулахаар товлон зарлаж, “аймгийн Засаг даргыг огцруулах тухай” саналыг хуралдаанаар хэлэлцэхээр тогтоож 31 дүгээр тогтоол гаргасан энэхүү тохиолдолд тухайн хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй нь зэрэгцээ мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж Засаг даргыг огцруулах асуудлыг хэрхэх талаар хууль тогтоогч тусгайлан зохицуулсан тул хуулийн нарийвчилсан зохицуулалтыг маргааны үйл баримтад тайлбарлаж хэрэглэсэн шүүхүүдийн дүгнэлт зөв, “...холбогдох тооцоо, судалгаа бүхий материалыг төлөөлөгч нарт тараагаагүй атлаа хуралдаанаараа хэлэлцэж Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг ноцтой зөрчсөн ...” гэх гомдол няцаагдаж байна.

22. Түүнчлэн, дээрх хуралдаанаар аймгийн Засаг дарга С.Г-ийг “аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хангах зорилт, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэх үндэслэлээр огцруулсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д зааснаар улс төрийн албан тушаалд хамаарч буй учир захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь хурлын үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх буюу “огцруулсан” шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлийг “хэлбэр”-ийн талаас шалгах учиртай. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийг хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд төрийн “ардчилсан зарчим”-ийн дагуу олонхиор шийдвэрлэсэн, ялангуяа Засаг даргыг огцруулах асуудлын хүрээнд “чиг үүргээ биелүүлсэн эсэх” зэрэг бодлого (улс төр)-ын шийдвэрт шүүх эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй.

23. Тиймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... аймгийн Засаг даргын ажлыг “... Хангалттай ...” гэж дүгнэсэн тогтоолыг, мөн Үндэсний аудитын газраас аймгийн Засаг даргын санхүүгийн үйл ажиллагааг шалгаж “... аудитын зөрчилгүй ...” гэж гаргасан дүгнэлтийг хариуцагч талаас нотлох баримтаар гаргуулан хэрэгт хавсаргасан бөгөөд С.Г- нь ажил үүргээ хангалттай буюу зохих ёсоор хэрэгжүүлж байсан болох нь нотлогддог ...” гэх гомдлыг мөн хүлээн авах боломжгүй байна.

24. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэл гаргаж маргаагүй байх тул энэ талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

25. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэвэл зохих дээрх хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 112/ШШ2019/0033 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 170 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                       М.БАТСУУРЬ