Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 118

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

               Нарийн бичгийн дарга: М.Бүдээ,

               Улсын яллагч: В.Төгсбаяр,

               Шүүгдэгч: Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бөд холбогдох 1829000000109 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн хатуу хучилттай авто замын уурхай талаасаа 164 дэх км-т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам таглаж зогссон гэх шалтгаанаас иргэн Б.Дашзэвэгийн баруун гуян тус газар хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.

  - Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Дашзэвэгийн мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,

  - Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №407 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

- Шүүгдэгч Д.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/,

- Хохирогч Б.Дашзэвэгийн хохирол нэхэмжилсэн баримт /хх-ийн 44-63-р хуудас/,

- Шүүгдэгч Д.Бийн хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 66-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Д.Бөд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

  Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн хатуу хучилттай авто замын уурхай талаасаа 164 дэх км-т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам таглаж зогссон гэх шалтгаанаас иргэн Б.Дашзэвэгийн баруун гуян тус газар хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Дашзэвэгийн: “...2018 оны 08 сарын 22-ны өдрийн үдээс хойш 15 цагийн үед би нүүрс ачсан Норд бенц маркийн 25-72 УНЗ улсын дугаартай автомашинтай Жавхлант баг өнгөрөөд 164 дэх км-ийн ойролцоо оочерын сүүлд очоод зогсоход миний машины ард явсан нүүрсний машинууд урсгал сөрж явах гээд байхаар нь би машинаасаа буугаад тэр жолооч нарыг ингэж болохгүй гэж хэлээд явуулаагүй юм. Тэгээд би машиныхаа хажууд сууж байхад Б гэх залуу над дээр хүрч ирээд үгийн зөрүүгүй миний баруун хөлийн гуяруу нэг удаа хутгалчихаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №407 дугаартай шинжээчийн: Б.Дашзэвэгийн биед баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/,

            - Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирогч Б.Дашзэвэгийн “Санал, гомдол, хүсэлт байхгүй” гэх тэмдэглэл /хх-ийн 67-р хуудас/, шүүгдэгч Д.Б хохиролд 1 500 000 төгрөг төлсөн, одоо төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Д.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

  Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзаад прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4, 17.5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хар сэмүүн овогт Доржийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Бийг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бөд оногдуулсан  800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1 500 000 төгрөг төлсөн, цаашид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.37 дугаар зүйлийн 37.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА