Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/1318

 

2025             11          20                                                                              2025/ДШМ/1318

 

Р.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Болормаа,

хохирогч Г.Б-ийн өмгөөлөгч Б.Дагиймаа,

шүүгдэгч Р.Г-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2185 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2511002300241 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Е- овгийн Р-гийн Г-, ............../.

Холбогдсон хэргийн талаар:

Р.Г- нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Улсын их дэлгүүр орчим хохирогч Г.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний Айфоне 14 промакс маркийн гар утсыг газар шидэж гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Р.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Естай овогт Р-гийн Г-ийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Р.Г- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Р.Г- гаргасан давж заалдах гомдолдоо: “...Тус хэргийн хохирогч Г.Б-тэй миний бие 2013 оны 06 дугаар сараас гэр бүлийн харилцаатай болж Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд хадам аав, ээжтэй цуг амьдарч эхэлсэн байдаг. 2014 онд охин Б.Х-, 2020 онд хүү Б.Б-, 2022 онд хүү Б.У- нарыг төрүүлсэн. Г.Б- нь 2021 оны 07 дугаар сараас буюу бага хүүхдээ гэдсэнд 5 сартай байхаас өөрөөсөө 12 насаар дүү оюутан хүүхэнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, үүнээс үүдэн гэр бүлийн таарамжгүй харилцаа эхэлж, гэр бүлдээ анхаарал тавих нь багасаж гэртээ ч ирэхээ байсан. Энэ цагаас би хүүхдүүдээ ганцаараа өсгөсөн. Энэ хугацаанд хааяа гэртээ ирэхдээ агсам согтуу тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж удаа дараа цагдаад хандаж гомдол гаргадаг байсан боловч уучлал гуйдаг байсан учир гомдлоо татаж авдаг байсан. Тухайн үед зохих газар нь мэдэгдэж арга хэмжээ авхуулж байгаагүйдээ харамсаж байна. Эдгээр зүйлээс болж Иргэний анхан шатны шүүхэд хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэмж гаргуулахаар 2 ч удаа өргөдөл өгсөн боловч яг хэрэг шүүхээр орох шатанд өргөдлөө авчих, одоо л хүүхдүүдээ бодъё гэх зэргээр уучлал гуйж, тэр үгэнд нь итгэж өргөдлөө өөрийн хүсэлтээр буцааж байсан. Ингэж амьдарсаар 2024 оны 10 дугаар сард оюутан хүүхэнтэйгээ хамт амьдарч хүүхдүүдийн минь хажууд гаж зүйлүүд хийдэг байсныг мэдэн хүүхдүүдээ өөр дээрээ аван амьдарч эхэлсэн. Тухайн хэрэг гардаг өдөр 11 настай охин маань аавтайгаа уулзана гээд олон цаг хүлээсний эцэст хэдхэн минут уулзаад мөнгөөр аргалаад явуулсан байсан тул түүнд нь маш их гомдож, сэтгэл хөдлөлд автаж барьж явсан утсыг нь шидэж хохирол учруулсандаа харамсаж байна. Г.Б- нь өөрөөсөө 12 насаар дүү оюутан хүүхэнтэй суухын тулд 3 хүүхдийнхээ элэг бүтэн амьдралыг хугасалж, хайртай, дуртай гэж оюутан ахуй цагаас минь нэг гэрт орж, 3 хүүхэд тээж төрүүлж, өсгөж оймсыг нь ч угаалгаж үзээгүй 10 жилийн амьдралаа зориулсныхаа хариуд өнөөдөр утсыг нь шидсэн эрүүгийн хэрэгтэн болоод явж байна. Хохирогчийн өмгөөлөгч Даариймаагийн хэлснээр “иргэний эрх зүйн харилцаа, гэр бүлийн таарамжгүй харилцааг эрүүгийн хэрэгтээ холбож тайлбарлах нь үндэслэлгүй байна.” гэдэгтээ санал нийлэхгүй байна. Энэ эрүүгийн гэмт хэргийг яагаад, ямар шалтгааны улмаас үйлдэх болсныг хамгийн их авч үзэх ёстой гэж бодож байна. Тухайн өдөр би маш их сэтгэл хөдлөлд автаж байсан учир ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Хохирогч хохирлоо нэхэмжлэхгүй, бусдад төлөх төлбөргүй учир дээрх байдлыг харгалзан үзэж ялаас чөлөөлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Хэрэг болсон нөхцөл байдлын хувьд хохирогч Г.Б- нь хүүхэдтэйгээ уулзах гэж 3, 4 цаг хүлээлгэсний эцэст хэдхэн минут уулзаад мөнгө өгөөд явуулсанд нь сэтгэл хөдлөлдөө автаж, өмнөх гэр бүлээс гадуурх харилцаа нь тухайн үйлдлийг хийхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Иймд бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, ялаас чөлөөлж өгнө үү гэх саналыг гаргаж байна.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Дагиймаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Г-т холбогдох хэргийг хэлэлцэхдээ гэм буруу болон эрүүгийн хариуцлагын хувьд хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан гэж үзэж байгаа. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь хохирогчийн удаа дараагийн буруутай үйлдэл, урьдын таарамжгүй харилцаатай холбоотой, тухайн өдөр сэтгэл хөдлөлд автсан, өмнө нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэх агуулгатай зүйлийг бичсэн байсан. Үүнтэй санал нийлэхгүй байгаа. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд миний үйлчлүүлэгч урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан талаарх баримт байдаггүй. Үүнийг зөвхөн шүүгдэгч давж заалдах гомдолдоо бичсэн. Шүүгдэгч, хохирогчийн хувьд гэр бүлийн харилцаатай хүмүүс байсан. Гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрлэлт цуцлах асуудал үүссэн. Улмаар гурван хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлаар Иргэний хэргийн шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Тухайн үед гарсан гэмт хэргийн нөхцөл байдлын хувьд миний үйлчлүүлэгч нь өөрийн том охинтойгоо Улсын Их дэлгүүр дээр уулзаад сууж байсан. Шүүгдэгчийн зүгээс уулзуулахгүй, хурдал гэж удаа дараа утасдаад байсан тул шаардлагатай хэрэгцээтэй зүйлүүдээ аваарай гээд 200.000 төгрөг өгсөн байдаг. Улмаар салаад явсны дараа шүүгдэгч Р.Г-ийн хувьд араас нь зорьж очиж, утсыг нь шидэж, үсийг нь зулгааж, хөлийг нь өшиглөх гэх зэрэг үйлдлүүдийг гаргасан. Хэдий эд хөрөнгө устгах буюу гар утсыг гэмтээсэн гэх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгээд шүүхээр орж байгаа боловч цаад агуулгаараа нөхцөл байдлын хувьд үс зулгаасан, өшиглөсөн гэх нөхцөл байдал байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, үйлдэлд нь тохирсон ял оногдуулах, дараа дараагийн гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой. Тухайн 2 хүний хувьд үйлдсэн үйлдлүүдийнх нь хувьд шүүхээс тодорхой хэмжээний ял шийтгэл оногдуулахгүй тохиолдолд уг үйлдэл удаа дараа давтагдах, дараа дараагийн өөр гэмт хэрэг гарах нөхцөл, эрсдэл байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Р.Г-ийн үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөл шаардлагыг хангаагүй. Учир нь тохиолдлын шинжтэй, болгоомжгүй, санамсаргүй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг биш. Санаатайгаар очиж, олон нийтийн газар утсыг эвдэлж буй үйлдэлд ялаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Б- болон шүүгдэгч Р.Г-ийн тухайд хоорондоо таарамжгүй харилцаатай байсан. Тухайн хугацаанд шүүгдэгч Р.Г- нь хохирогчийн гар утсыг шидэж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нөхцөл байдлыг прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд оролцох үедээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ялын санал гаргахдаа хамгийн бага хэмжээгээр буюу 600.000 төгрөгийн торгох ялын санал гаргасан. Тухайн саналыг гаргахад гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзаж үзсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Шүүхээс шүүгдэгч Р.Г-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, прокурорын саналын дагуу шүүгдэгч Р.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч Р.Г-ийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлага оногдуулахгүйгээр хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх саналыг гаргаж байна. Үүнийг хүлээж авах үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Р.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогч Г.Б-д учруулсан 730.000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хохирогчид учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Г-ийн тухайд хохирол, төлбөрийг төлөөгүй гэдгээ илэрхийлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Б-ийн зүгээс өөрт учирсан 730.000 төгрөгийг нэхэмжилнэ гэх байр суурьтай байсан. Улмаар шүүх хуралдаанд хохирогч Г.Б- өөрийн биеэр оролцох үедээ шүүгдэгч Р.Г-ээс хохирлыг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Шүүх хуралдааны үед хохирогч Г.Б-ийн зүгээс одоо хүртэл утас гэмтсэн хэвээр байгаа, засагдаагүй гэдгээ биетээр үзүүлсэн. Иймд хохирогчид учирсан хохирол барагдсан гэж үзэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

2. Шүүгдэгч Р.Г- нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Улсын их дэлгүүр орчим хохирогч Г.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний Айфоне 14 промакс маркийн гар утсыг шидэж гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 730.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 28/,

хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ЧД1 -24-1227 дугаартай үнэлгээ нийт 730.000 төгрөг гэх дүгнэлт /хх 37-39/,

шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /хх 28/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11420 дугаар шийтгэвэр /хх 51/,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт гаргасан тайлбар, гэрэл зураг /хх 99-104/,

хохирогч Г.Б-ийн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн төрсөн охин Б.Х-тай Улсын их дэлгүүрт уулзахаар болсон. Тэгээд уулзаад 1 давхарт нь хоол идэхээр цуг байж байхад охины ээж болох Р.Г- элдвээр мессеж бичээд, залгаад хэрүүл өдөөд охинтой маань тайван уулзуулахгүй байсан. Манай охин Х- нь надаар эд зүйл, тоглоом гэх мэт юм авхуулах гэсэн юм. Ээж Г- нь харин охин бид хоёрыг тайван уулзуулахгүй байхаар нь би охиндоо бэлэн мөнгө 200.000 төгрөг өгөөд салсан.Тэгээд удалгүй Ц.Г- нь миний араас ирээд үснээс зулгаагаад, “намайг гуйлгачин гэж бодоо юу” гээд охинд өгсөн мөнгийг маань машин зам руу шидээд, харааж зүхээд, нүүр рүү цохиж өшиглөөд, миний гарт байсан Айфоне 14 промакс утсыг маань газар шидээд эвдсэн. ...би утсаа аваад харахад арын таг хагарсан байсан. Мөн урд талын шил хагарсан байсан. ...Тухайн үед Р.Г- нь намайг хэл амаар доромжилж гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохисон, миний хөл рүү өшиглөсөн бас үснээс зулгаасан хэдэн удаа гэдгийг нь би санахгүй байна. Тухайн үед надад бэртэл гэмтэл учраагүй би эмнэлэгт үзүүлээгүй, цагдаагаас надад “эмнэлэгт үзүүлэх үү” гэхэд би “үзүүлэх шаардлагагүй” гэж хэлсэн. ...” /хх 9-10, 21-22/ гэх мэдүүлэгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.Г-ийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

3. Шүүгдэгч Р.Г-ийн гаргасан “...Тухайн өдөр би маш их сэтгэл хөдлөлд автаж байсан учир ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Ялаас чөлөөлж өгнө үү... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайлбал, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд халдсан идэвхтэй хууль бус үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байдаг.  

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Р.Г-ийн дээрх үйлдэл нь тухайн үеийн илрэх зан төрх, ухамсар дээр үүссэн үйл хөдлөлтэй хамааралтай байх тул болгоомжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.  

Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн чухал эрх ашигт халдаж хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар хамгаалж, хариуцлага хүлээлгэдэг. 

Шүүгдэгч Р.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Р.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2185 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2185 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

  2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР

                       ШҮҮГЧ                                                             Б.БАТЗОРИГ

           ШҮҮГЧ                                                             Б.АРИУНХИШИГ