Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2019/01102

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            Д.Цгийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01080 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ц хариуцагч А.Лд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, гуравдагч этгээд Н.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Анх 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Н.Болортуяа эгч над руу утасдаж Эгч нь Солонгосын визэнд орох болоод байна. А.Л гэдэг хүүхнээс 1.000.000 төгрөг авах ёстой юм. Мөнгөө нэхсэн чинь мөнгө байхгүй гээд байна. Чи зээлэх үү, энэ хүн найдвартай гэсэн. Тэгээд бид хоёр А.Лтэй яриад нотариат орсон. А.Л Н.Болортуяагийн мөнгийг удаасан чамаас аваад өгчихье. Чиний мөнгийг удлаа гэхэд 2 сарын дотор хуваагаад өгчихнө. Хүүхдүүд мөнгө явуулна гэж хэлсэн. Би А.Лтэй зээлийн гэрээ байгуулан 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Да хүрээ захын Хаан банк руу явсан боловч А.Л банк их хүнтэй байна. Та хоёр шилжүүлчих гээд машинаас буусан. Би А.Лгийн зээлсэн 1 000 000 төгрөгийг Н.Болортуяагийн дансанд шилжүүлсэн болно. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч А.Л төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу зээл 1 000 000 төгрөг, зээлийн хүү 250 000 төгрөг, алданги 50 000 төгрөг, нийт 1 300 000 төгрөгийг хариуцагч А.Лгээс гаргуулж өгнө үү гэжээ. 

             Хариуцагчийн тайлбарт: 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаа хийж байхад Н.Болортуяа над руу залгаж Би Солонгосын визэнд орох гээд хүнээс хүүтэй мөнгө зээлэх гэсэн юм. Чи 1.000.000 төгрөгийг нь зээлэх үү гэж асуусан. Би эхлээд мөнгө хэрэггүй гэсэн боловч удаагүй ажлын гадаа ирээд утасдсан. Би гарч уулзахад Д.Ц гэгч үл таних эмэгтэйтэй ирж мөнгө зээлэх тухай ярилцаж би Д.Цтой 1.000.000 төгрөг зээлэх гэрээ хийсэн. Тухайн үед Н.Болортуяа бид хоёрын хооронд 1.000.000 төгрөгийн тооцоо байсан. Тэр мөнгөө Д.Цгоос зээлж авч Н.Болортуяад өгөхөөр зээлийн гэрээ байгуулсан нь үнэн юм. Уг мөнгийг би данс руугаа авах гэтэл ойр хавьд АТМ байхгүй гэсэн шалтгаанаар Н.Болортуяад өгье гэсэн. Надад бэлэн болон дансаар мөнгө өгөөгүй, энэ мөнгийг Н.Болортуяа авсан учир энэ мөнгийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Н.Болортуяа болон манай гэр бүлийн хооронд маргаантай асуудал үүссэн учир төлөх шаардлагагүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Болортуяагийн тайлбарт: А.Л надад 1 300 000 төгрөгийн өртэй байсан. Тэр үед би Солонгосын визэнд орох гээд 5 000 000 төгрөг банкинд байршуулах хэрэгтэй байсан. Тэгээд би А.Лгээс өрөө авах гэсэн боловч мөнгөгүй гэсэн, ингээд Д.Ц бид 3 ярилцаж тохиролцоод А.Л нь Д.Цтой зээлийн гэрээ байгуулж надад 1.000.000 төгрөг өгсөн. Би А.Лгээс авах ёстой 1 000 000 төгрөгөө авсан гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Лгээс 1 250 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3 250 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, мөн 34 550 төгрөгийг хариуцагч А.Лгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Лгийн давж заалдах гомдолд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 101\ШШ2019\01080 тоот шийдвэрийг эс зөвшөөрч байна. А. Л миний бие Д.Цтой 2018 оны 11 сарын 14-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан уг зээлийн гэрээний дагуу 1 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги төлөхөөр заасан бөгөөд зээлийн гэрээний 4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч Д.Ц нь зээлдэгч буюу миний биед мөнгийг бодитоор гардуулсанаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан.

Гэтэл Зээлийн гэрээг би байгуулсан байдаг боловч зээлийн гэрээнд заагдсан 1 000 000 төгрөгийг миний бие биш харин гуравдагч этгээд болох Н.Болортуяагийн дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, болон нэхэмжлэгч Д.Ц, гуравдагч этгээд Н.Болортуяа нарын тайлбараар нотлогддог юм. Миний бие Д.Цтой танилцахаас өмнө нь Н.Болортуяагаас мөнгө зээлж авч байсан боловч би зээлж авсан мөнгөө хугацаандаа хүү болон үндсэн мөнгө алдагитай нь төлж дуусгасан байсан билээ. Гэтэл Н.Болортуяа нь надаас өмнө зээлдүүлж байсан мөнгөө үндэслэлгүй нэмж нэхэмжилж улмаар өөрөө нэхэмжпэгч Д.Цгоос мөнгө зээлж авахдаа намайг хүчээр гэрээ хийлгэж гарын үсэг зуруулж, мөнгийг нь өөрийнхөө дансруу шилжүүлж авсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар “мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно “ гэсэн заалтын дагуу энэхүү гэрээний дагуу миний бие мөнгийг өөрөө хүлээн аваагүй тул зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн авч үзэлгүй миний бодитоор хүлээж аваагүй мөнгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211. 1 дэх хэсэг, 211.2 дах хэсэгт зааснаар Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэсний дагуу миний биеийг өрөө төлөх зорилгоор Болортуяад зээл шилжүүлэхийг зөвшөөрсөн байна гэж дүгнэсэн. Гэтэл хуулийн энэ зохицуулалт нь бидний байгуулсан зээлийн гэрээнд огт хамааралгүй зохицуулалт бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх гэсэн зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл би Н.Болортуяа, Д.Ц нарын хэн алиных нь өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байсан, Н.Болортуяад төлөх ёстой мөнгөө дууссан байтал надаас үндэслэлгүй мөнгө нэмж нэхэмжилж байсан билээ. Энэ талаар шүүх хуралдаан дээр миний бие маш тодорхой шүүхэд тайлбарласан боловч миний тайлбарыг хүлээн авалгүй дан ганц нэхэмжпэгчийн тайлбар нэхэмжпэлийг үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Н.Болортуяа нь надаас 1 000 000 төгрөг авах дутуу гэж нэхдэг боловч энэ талаараа шүүхэд нэхэмжлэлээ албан ёсоор гаргаагүй, өөрийн дүү гэх Цолмонгоор дамжуулан гэрээ хийлгэж нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

Нэхэмжлэгч Д.Ц хариуцагч А.Лд холбогдуулан зээл 1 000 000 төгрөг, хүү 250 000 төгрөг, алданги 50 000 төгрөг, нийт 1 300 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1 000 000 төгрөг, 2 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх тухай гэрээ бичгээр байгуулагдсан байх ба гэрээний зүйлийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид зээлдүүлэгч нь шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэргийн 4 дүгээр талд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөгийг “Лд зээлдүүлсэн 1 сая төгрөгийг Болортуяад шилжүүлэв” гэх утгаар Ш.Болортуяагийн Хаан банкны 5037156697 тоот дансанд шилжүүлсэн орлогын мэдүүлэг байдаг бөгөөд нэхэмжлэгч “ Н.Болортуяа А.Лгээс 1 000 000 төгрөг авах ёстой, чи мөнгө зээлээч гэхэд нь би зөвшөөрсөн. А.Л нь Н.Болортуяагийн мөнгийг их удаасан чамаас аваад өгье гээд надаас 1 000 000 төгрөг зээлж, би Н.Болортуяагийн данс руу шилжүүлсэн” гэж, шүүх хуралдаанд Н.Болортуяа гуравдагч этгээдээр оролцож “ ...  А.Л надад 1 300 000 төгрөгийн өртэй байсан, өрөө авъя гэхэд мөнгөгүй гэсэн тул бид тохиролцоод А.Л Д.Цтой зээлийн гэрээ байгуулж надад 1 000 000 төгрөг өгсөн ..,” гэж тайлбарлажээ.

 

Шүүх талуудын тайлбар болоод хэрэгт авагдсан зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн банкны баримт зэргийг харьцуулан дүгнэж хариуцагчаас зээлд 1 000 000 төгрөг, хүүд 200 000 төгрөг, алданги 50 000 төгрөг, нийт 1 250 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай нийцжээ.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчийн хувьд гүйцэтгэвэл зохих үүргээ биелүүлсэн байх тул үндсэн зээл, хүү, алдангийг гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр хариуцагчаас шаардах эрхтэй.  

 

Түүнчлэн хариуцагч “... өмнө нь Н.Болортуяагаас зээлж авсан мөнгөө төлж дуусгасан, Н.Болортуяа намайг хүчээр гэрээ хийлгэж гарын үсэг зуруулж мөнгийг өөрийнхөө данс руу шилжүүлсэн” гэх боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг баримтаар няцаагаагүй болно.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Т.ТУЯА

   ШҮҮГЧИД                               Э.ЗОЛЗАЯА

                              А.МӨНХЗУЛ