| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0640/Э |
| Дугаар | 708 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 708
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Б.Энэрэл,
шүүгдэгч Ж.Б, Г.Б, тэдгээрийн өмгөөлөгч С.Чулуунбаатар, Т.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-ийн Б, Т овогт Г-н Б нарт холбогдох 1708029140498 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б, Г.Б нар нь 2017 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө хохирогч Б.Б-гийн эд хөрөнгийг нь авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэн довтолж, улмаар түүний хоолойг ороолтоор нь боож унаган хүрэн улаан өнгийн дэлгэгдэж нээгдэх хэтэвч, хаан банкны болон хас банкны виза карт, номингийн хөнгөлөлтийн карт зэрэг эд зүйлсийг дээрэмдэж бусдад нийт 100.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ж.Б, Г.Б нар 2017 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 1-58 дугаар байрны хажуу талын 92 дугаар цэцэрлэгийн зүүн талд хохирогч Б.Б-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-нд шилжих 00 цаг 40 минутын үед буусан. Би зам хөндлөн гараад 1/58 дугаартай байрны урдуур гараад гэртээ харих бодолтой алхаж явтал...миний араас 2 эрэгтэй гүйж ирэх шиг болсон...эргэж хараад та нар яах гэж байгаа юм бэ гэж асуухад надад хандаж “ пизда минь чи гартаа байгаа эд зүйлээ өг “ гэхээр нь өгөхгүй гэж хэлэхэд “чамайг хутгалаад алчихна шүү” гэж хэлэхээр нь би 2/58 дугаар байрны гадна гэрэлтэй байхаар нь зугтаасан. Тэгсэн уг 2 залуугийн нэг нь миний араас гүйж ирээд миний урд ирээд ноцолдсон энэ зуурт миний хүзүүнд байсан ноолууран хар ороолтоор хоолой боож эхлэхээр нь би хүзүүндээ байсан ороолттойгоо зууралдаж байтал ард үлдсэн залуу нь миний араас ирээд гарт байсан хар өнгийн гар цүнхийг мөн цаасан торонд хийсэн байсан ажлын хувцсыг гараас аваад сэгсэрч үзээд газарт тараагаад дараа нь гар цүнхийг аваад хоёулаа 92 дугаар цэцэрлэгийн урд талаар гараад зугтаж байгаа харагдсан...би гэртээ ороод өөрийн хүү Санжаад болсон хэргийн талаар хэлэхэд хүү гэрээс гараад явсан хэсэг хугацааны дараа намайг дээрэмдсэн хоёр залууг цагдаагийн хэлтэст бариад ирсэн байсан...Хар өнгийн ноосон малгайтай, гадуураа хар өнгийн куртик өмссөн хар өнгийн даавуун үүргэвч үүрсэн туранхайвтар, дунд зэргийн нуруутай 2 залуу хүүхдүүд байсан...Миний гар цүнхэнд хүрэн улаан өнгийн дэлгэгдэж нээгдэх хэтэвч байсан хэтэвчинд Хаан, Хас банкны бэлэн мөнгөний виза карт, номингийн хөнгөлөлтийн карт байсан...цаасан уутанд миний ажлын хослол өмд цамц хормогч байсан уг хувцасаа газар тараасан байхад буцааж авсан...Манай хүүхэд Санжаа гэрээс гараад намайг дээрэмдсэн хүний араас гараад хайж яваад хуучнаар Чехийн байрны хашаанд миний цүнхийг ухаж байхад манай хүүхэд араас нь очсон юм байна лээ, цүнх ухаж байсан залуучууд цүнхийг хаяад зугтаахаар нь араас нь хөөгөөд барьсан юм байна лээ. Ингэж явахдаа манай хүүхэд миний цүнхийг олоод ирсэн байсан...Миний биед тухайн үед ноцолдсоны улмаас хөндүүр болсон байсан 2-3 хоногийн дараа бие зүгээр болсон тухайн үед би эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй. Одоо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...гэх мэдүүлэг /хх-20-22/...миний хоолойг миний зүүж явсан ноолууран ороолтоор боох үед би гараараа боолтыг нь тавиулсан...Хэрэг гарснаас хойш он гараад байх нэг залуу нь миний 9977-9965 утасны дугаарлуу 90... дугаараас мессеж бичсэн байсан уг мессежинд “уучлаарай эгчээ бид нар буруугаа ойлгож байна аа” гэсэн мессеж ирсэн би уг дугаар луу эргэж мессеж бичээгүй...гэх мэдүүлэг /хх-20-22, 23-24/
- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-15/,
- гэрч Б.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 19 цаг 00 минутаас Сэлбэ-118 чиглэл болох Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол орчимд дэслэгч М-ын хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн...00 цаг 55 минутанд "үл таних хоёр залууд гар цүнхээ дээрэмдүүллээ" гэсэн дуудлага ирсний дагуу 10-58 дугаар байрны үүдэнд очиход хохирогч 50 орчим насны биерхүү махлаг шар эмэгтэй дуудлага өгсөн байсан. Уг эмэгтэй "хоёр залуугийн нэг нь намайг боож унагаагаад нэг залуу нь миний гар цүнхийг аваад явчихлаа, манай хүн араас нь хөөгөөд явсан гэсэн. Баруун урд талаас нь 25 орчим насны эрэгтэй хүн 20 орчим насны 2 залууг дагуулаад гараад ирсэн, тэр 25 орчим насны залуу энэ хоёр залуу манай ээжийг дээрэмдсэн хоёр залуу шүү гээд хүлээлгэж өгсөн...Тэр залуу “манай ээжийг дээрэмдсэн гэх хоёр залууг би араас нь хөөж очиход харанхуй мухарт ээжийн цүнхийг уудлаад сууж байхад нь барьж ирсэн” гэсэн. Тэгээд ч тэр ээжийнх нь гэх гар цүнх нөгөө хоёр залууд нь байсан. Бид нар хэлтсийн жижүүрт дээрх хоёр залууг хохирогч гэх эмэгтэйн хамт жижүүрт авчирч өгсөн...гэх мэдүүлэг /хх-106-107/,
- 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн цагдаагийн дэслэгч Н.М, ахлагч Б.М нарын илтгэх хуудас....Г.Б, Ж.Б нар бусдыг дээрэмдснийг шуурхай эрэн сурвалжилж, СХД, 18-р хороо, “Тесо” компаний хойд талын жалганд байсныг олж, жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгөв /хх-7/,
- шүүгдэгч Г.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:...ална шүү, хутгална шүү пизда минь цүнхээ өг гээд ороолтоос нь татаж унагасан нь үнэн...бид 2 зугтаж байхад араас нэг залуу ирж бид хоёрыг барьж цагдаад авчирч өгсөн...гэх мэдүүлэг /хх-83/,
- шүүгдэгч Ж.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн:...намайг очиход Б тэр эмэгтэйн цүнхийг шидсэн, бид зугтаасан...Тэр эмэгтэй хар хувцастай л байх шиг байсан, харанхуй байсан болохоор сайн ажиглаагүй...гэх мэдүүлэг /хх-77/,
- “Тэнцвэр-Эстимейт” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-90-91/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Б, Г.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг нотолж буй нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эргэлзээ, зөрүүтэй байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч, гэрч нарт хууль сануулан мэдүүлэг авсан байх ба тэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүйгээс гадна 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн цагдаагийн ажилтан нарын илтгэх хуудас /хх-7/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргээр эх сурвалж нь давхар баталгаажсан байх тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн эд зүйлийг буцааж өгсөн, мөн хохирогчид 2.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн тухай шүүгдэгч нарын өмгөөлөгч тайлбарласан, мөн хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн /хх-101/ байх тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Б-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлий 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байх боловч уг асуудлыг дараах үндэслэлээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэсэн болно. Үүнд:
1. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тухайн оногдуулсан хорих ялыг хойшлуулж, хянан харгалзсан хугацаа нь нэгэн зэрэг ялтай байдлыг тооцох хугацаа болж байсан буюу Ж.Б-ын тухайн гэмт хэргийнх нь ялтай байдлын хугацаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тоологдож байсан.
Гэвч 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ба тус 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн ялтай байдлын талаарх 78 дугаар зүйлийг бүхэлд нь хассан, тийнхүү хассан нь өмнөх Эрүүгийн хуулийн ялтай байдлын зохицуулалт насан туршид нь хугацаагүй үргэлжлэх биш харин түүний эрх зүйн байдлыг дордуулан хэрэглэхгүй байх үндэслэл болох тул шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан тухайн гэмт хэрэгт ялтай байдалгүй болсонд тооцох үндэслэлтэй.
2. Мөн Ж.Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хойшлуулсан буюу ялтай байдал тоологдож эхэлсэн өдрөөс хойш 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдсөн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн дагуу шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ялтай байдалгүй болсонд тооцох үндэслэлийн шалгуурт нэгэн адил хамаарна гэж үзнэ.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхэд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийг хэрэглэх, тайлбарлахад эргэлзээ гарвал тухайн асуудлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр заасан.
Иймд 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ялтай байдалгүй болсонд тооцох үндэслэлтэй буюу өмнөх тухайн гэмт хэрэгт оногдуулсан эрүүгийн хариуцлагыг сэргээх үндэслэлгүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Ж.Б, Г.Б нарт хорих ялыг ялгамжтайгаар оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нар бие, сэтгэцийн хөгжлийн хоцрогдолтой гэж үзэх үндэслэл, баримтгүй байх тул Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй, мөн шүүгдэгч Г.Б гэмтлийн шалтгааны улмаас хөдөлмөрийн чадвар алдалт сул гэх боловч тухайн гэмтэл нь хорих ял эдлүүлэхэд харшлах үндэслэл болох эсэхийг тус шүүх хуралдаанаар шийдвэрлэх үндэслэлгүйг тус тус тэмдэглэв.
Уг хэрэгт бимтүүлжлэгдсэн, хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Б, Г.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 2 жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 01 жил 01 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б-т оногдуулсан 2 жил хорих, Г.Б-ид оногдуулсан 01 жил 01 сар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Ж.Б, Г.Б нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, Г.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.