Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/104

 

                               О.*******ад холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Г.Тунгалаг /цахим/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа /цахим/

Яллагдагч О.*******

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, шийдвэрлэн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЗ/196 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр О.*******ад холбогдох эрүүгийн 2532000090075 дугаартай, 149/2025/0078/Э/208/2025/0077 индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******гийн *******, Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-4, гурван хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, (РД:*******)

Яллагдагч О.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Бат хөтлийн өвөлжөө 3 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.*******ийг шалтгаангүйгээр толгой нүүрэн тус газарт нь цохих алдагдах зэргээр түүний биед зулайн хуйх, зүүн нүдний доод зовхи, хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: О.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О.*******ад холбогдох эрүүгийн 2532000090075 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,

Яллагдагч О.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хугацаанд өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг авч, ...шийдвэрийг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хишигсувд 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн эсэргүүцэлдээ:

...Шүүгчийн захирамжийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан гэж дүгнэж, дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ба шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүхээс “...дээрх насанд хүрээгүй гэрч Б.*******, гэрч Б. нарыг дахин гэрчээр асууж, хэн яаж хэрхэн гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн эсэхийг шалгаж тогтоох, тухайн худалд мэдүүлэг өгүүлсэн хүнийг олж тогтоон яллагдагчаар татах ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй болно...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.*******, Б. нараас гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд тухайн мэдүүлэгт эргэлзээ бүхий байдал үүсээгүй, хэн нэгэн этгээд нөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, хэрэв шүүх эргэлзээ бүхий байдал байгаа, нөлөөлсөн байж болзошгүй гэж үзвэл, насанд хүрээгүй гэрч нараас шүүхийн шатанд мэдүүлэг авах боломжтой ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шатанд мэдүүлэг авах боломжтой буюу шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тодорхойлон заасан, энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ байна.

Анхан шатны шүүх‘‘...Яллагдагч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг зөвтгөн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Ю., Ж., насанд хүрээгүй гэрч Б. нарын мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай дүгнэлт, МУ-н Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 503 дугаартай “дүгнэлт, шинжээч Д.Буяннэмэхийн мэдүүлэг, яллагдагч О.*******ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар яллагдагч О.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Бат хөтлийн өвөлжөө 3 тоотод эхнэр Ш.*******ийг толгой, нүүрэн тус газарт нь цохих, алгадах зэргээр түүний биед зулайн хуйх, зүүн нүдний доод зовхи, хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан болох нь хангалттай тогтоогдсон, мөн дээрх нотлох баримтуудаар хэргийн үйл явдлыг сэргээн дүрслэх бүрэн боломжтой байхад үндэслэлгүйгээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан” арга хэлбэрээр илэрдэг ба яллагдагч О.*******ын хувьд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн байх бөгөөд энэ нэг удаагийн үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, яллагдагч О.*******ад холбогдох гэмт хэргийн тухайд хохирогч Ш.*******ийг тасарсан байхад нь айлд “хамаг юмаа гаргачхаад” гээд уурлаж, цохисон үйлдэл нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас үүссэн болох нь гэрч Ю. мэдүүлгээр нотлогддог. Мөн яллагдагч О.*******ын хувьд өмнө нь эхнэр Ш.*******, бусад этгээдэд халдаж хүч хэрэглэж, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан тохиолдол байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин хүмүүс хоорондын харилцаа, нийгэмд тогтсон зан заншил, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг зөрчсөн, нэг удаагийн уур бухимдлын улмаас хохирогчийн биед халдаж, гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримтад яллагдагчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Тодруулбал, гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулах нь учир дутагдалтай. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай байдаг.

Хэргийн материалд, яллагдагч О.******* нь гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг далимдуулан эхнэр Ш.*******ийг байнга зодож, эрх чөлөөнд нь халдсан гэх үйл баримт тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт цуглараагүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульчлахдаа “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зохицуулсан бөгөөд хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудыг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд харьцуулан шинжлэн судалснаар хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэж байна.

3.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа бөгөөд тухайн шатанд яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлд захирагдаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдах журамтай.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг болон мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь хэсгийн заалтуудыг ноцтой зөрчсөн.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх 17 асуудлыг хуульчилсан ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлж, дүгнэх эрхийг олгоогүй байна.

Гэтэл анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдэх 17 асуудлаас холбогдох ямар заалтыг зөрчсөн эсэх, мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль заалтыг, хэрхэн зөрчсөн эсэхийг огт дурдахгүйгээр нотлох баримтуудын агуулгыг үнэлж, яллагдагч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 д үгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэж, хэргийг хүндрүүлэн зүйлчлүүлэхээр прокурорт буцаасан нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлыг хөндөж хэлэлцсэн байна.

Мөн насанд хүрээгүй гэрч Б.*******, Б. нарын мэдүүлгийн нотлох баримтуудыг үнэлж, яллагдагч, түүний ар гэрийнхнээс худал мэдүүлэг өгөхөд зориуд нөлөөлсөн байж болзошгүй гэж дүгнэлт хийж захирамждаа “...насанд хүрээгүй гэрч Б.*******, гэрч Б. нарыг дахин гэрчээр асууж, хэн яаж хэрхэн гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн хүнийг олж тогтоох” гэж дурдсан нь тэдний мэдүүлгийн нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан агуулгад нийцээгүй байна.

4.Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал:

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйл, 15.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон...” гэж бичигдсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь яллагдагч О.*******ад 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч О.*******ад авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох эсэх, нэмэлтээр хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах талаар оролцогчдоос шүүхэд санал тавиагүй, шүүх санаачилгаараа хэлэлцүүлээгүй. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдээгүй асуудлыг хэлэлцсэн мэтээр яллагдагч О.*******ад хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж холбогдох хуулийн зүйл хэсгийг удирдлага болгосон нь үндэслэлгүй байна.

Мөн захирамжлах хэсгийн 2 заалтад “...яллагдагч О.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хугацаанд өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай”, 3 дахь заалтад “...таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотойгоор ажлын гурав хоногт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай...” гэж тус тус захирамжилсан нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байх хуулийн шаардлагад нийцэхгүй буюу хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хуулийн зорилтыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад дээрх заалтыг зөрчин хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2025/1113/196 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Тус сум дундын прокурорын газрын прокурорын эсэргүүцлийг сонслоо. Эсэргүүцэл үндсэн 4 заалттай бичигдсэн байсан. Өмгөөлөгчийн зүгээс сум дундын шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэсэн байр суурьтай байна. Тус шүүхээс яллагдагч О.*******ыг гэмт хэрэг үйлдэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар хүндрүүлж шалгах хэрэгтэй гэх шалтгаанаар шүүх хэргийн прокурорт буцаасан. Энэ дээр тайлбар хэлэхэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гээд 2017 онд хэрэгжсэн. Энэ хуулийн 3 дугаар зүйлд хуулийг өөрчлөх этгээд нь хэн байдаг вэ гэвэл эхнэр, нөхөр, хамтран амьдарч байгаа этгээдүүд, хамтран амьдрагч нарыг хэлж байгаа. О.******* амь хохирогч нар гэр бүлийн харилцаатай байсан. Дундаасаа үр хүүхэд төрүүлсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн мөн. Мөн уг хуулинд гэр бүлийн хүчирхийлэл ямар хэлбэрээр илэрдэг вэ гэхээр 4 хэлбэрээр илэрч байгаа. Үүний нэг болох зодсон гэх хэлбэр энэ хуулиар хуульчилсан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар хүндрүүлж зүйлчилж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлээд тохиолдлын шинжтэй зодсон гэсэн зүйлийг ярьж байна. Гэр бүлийн хамааралтай хүмүүсийн дунд  болж байгаа асуудал шүү гэдгийг хэлье гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэгдүгээрт шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэх ёстой. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан хавтаст хэрэгт байхгүй, тогтоогдоогүй үйл баримтыг үндэслэж хавтаст хэрэгт байхгүй тогтоогдоогүй үйл баримтыг үндэслэж хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хоёрдугаарт гэрчүүдийн мэдүүлэг хэзээнээс өөрчлөгдөж ирсэн бэ гэдэг дээр шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. ...Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаар тэр хүмүүс мэдэхгүй. Тухайн цаг хугацаанд байсан хүмүүс тухайн цаг хугацаанд болсон зүйлийг л ярьж байгаа. Харин ч эсрэгээрээ нөгөө гэрчүүд нь анх ямар нэгэн байдлаар цохисон, цохиогүй гэх үйл баримтыг ярьж байгаад сүүлдээ нойр булчирхайн цочимог хүндрэлийн улмаас нас барсан хүүхэд нь хэвлий рүү нь өшиглөж байсан гээд мэдүүлэг өгчихсөн. Эдгээр нөхцөл байдлууд дээр давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан захирамжийг хүчингүй болгож, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Прокурор Г.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-д зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр О.*******ад холбогдох эрүүгийн 2532000090075 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас О.*******ад  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

2.Яллагдагч О.*******ад холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр  урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2025/ШЗ/196 тоот захирамжийг гарган хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан шийдвэр гаргажээ. 

Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.   

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

4.Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ.

Тухайлбал: Шүүгч захирамждаа яллагдагч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг зөвтгөн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна. Яллагдагч О.******* нь Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхдээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  хүн буюу эхнэрээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан “энэ  гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” ... гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.”  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно гэсэн дүгнэлт хийжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

5. Гэтэл шүүх урьдчилан хэлэлцүүлгээрээ яллагдагчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хууль  ноцтой зөрчсөн гэж прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/196 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/196 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2.Яллагдагч О.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                           

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                   ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН