Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 402

 

 

                                   

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,

           шүүгдэгч Э.О-, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н- овогт Э-ын О-д холбогдох эрүүгийн 1810015990497 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо Нүхтийн 7-128 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Н- овогт Э-ын О- /РД: ………../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Э.О- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хийморь” зочид буудлын гадна 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр О.Ч-тэй “архи зарсангүй” гэх шалтгааны улмаас маргалдан зодож, түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2018 оны 06 дугаар сарын 20-ны шөнө 02 цагт Чингисийн ажил дээр очсон, гэхдээ архи нэхээгүй. Чингис өмнө нь манай найзыг хэл амаар доромжилж байсан. Бид хоёр тэр талаар ярьж байгаад маргалдсан. Би Чингисийн цээж рүү цохиход тэрээр намайг мөргөсөн. Би зөрүүлээд түүний хамар руу нь мөргөсөн гэв.

Хохирогч О.Ч-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “… Намайг 2018 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 02 цагийн үед ажил дээрээ байж байхад О- согтуу ирээд “пабаасаа нэг шил архи аваад өгчих, дэлгүүрийн үнээр архи худалдаж авъя, маргааш дэлгүүр онгойхоор архи авчихгүй юу” гэхээр нь “манайх 00 цагаас хойш архи зардаггүй” гэхэд “манай 2 найз бол өгчихдөг юм, чи гараад ир” гэхээр нь гарсан. О- “чи яасан том болсон юм бэ” гэснээ намайг элэгдээд хамар руу толгойгоороо мөргөтөл миний хамарнаас цус гарсан. Би хамараа дараад тонгойход О-ийн найз Батболд нь машинаасаа бууж ирээд үснээс зулгаах үед О- хажуунаас “танай ах нар чинь надад юм хэлдэггүй шүү” гэсэн. Батболд намайг өшиглөх гэхээр нь би гараараа хаахад тэрээр өшиглөж чадаагүй. … Миний хамар хугарч, нүүр тэгширч хавдаад, дээд уруулын дотор тал язарсан. … О- эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн “… 2018 оны 06 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн үед найз О-, Ганаа нарын хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 6 дугаар гудамжны 106 тоот гэртээ 750 граммын савлагаатай “Соёрхол” архи нэг шилийг, 2 литрийн савлагаатай “Нийслэл” пиво нэг савыг хувааж уусан. Ингээд О-, Ганаа бид гурав О-ийн 51-12 /серийг нь мэдэхгүй/ улсын дугаартай машиныг найз Бэрхээгээр жолоодуулаад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Хийморь” зочид буудал руу очиж найз Чинболдтой уулзахаар явсан. “Хийморь” зочид буудлын гадаа ирээд О- буудал руу орчихоод удалгүй Чингисийн хамт гарч ирсэн. Тухайн үед Чингис, О- хоёр хоорондоо маргалдаад, О- нь Чингисийн нүүр орчимд мөргөхөөр нь  би тэднийг салгахаар машинаас буугаад очиход Чингисийн хамарнаас цус гарчихсан тэрээр доошоо тонгойгоод суучихсан байсан. Тэгэхээр нь би О-ийг хойш нь татаж холдуулаад, Чингисийн үснээс нь татаж дээш нь босгосон…гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Гэрч Э.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн “… 2018 оны 06 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн үед О- над руу залгаад “Батболдын гэрт хүрээд ир, миний машиныг жолоодоод өг, хэдүүлээ Чинбатын ажил дээр очиж түүнтэй уулзая” гэхээр нь би Батболдын гэрт очиход Батболд, О-, Ганаа нар архи уусан бололтой байсан. Би О-ийн 51-12 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Toyota Sai” маркийн машиныг жолоодоод Батболд, О-, Ганаа нарын хамт “Хийморь” зочид буудлын гадаа ирсэн. О-, Чинболдтой уулзах гээд дотогшоо орсон. Би О-ийг машинаас буунгуут унтчихсан. Гэтэл гадаа хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь хартал Чингис, О- хоёр маргалдаж байсан. Тэр үед Ганаа, Батболд нар тэдний маргалдааныг болиулахаар эхлээд Ганаа машинаас буугаад удалгүй ирээд суусан. Түүний дараа Батболд машинаас буугаад буцаж ирж машинд сууснаа “энэ хоёр жаахан маргалдаад байна, одоо гайгүй болж байх шиг байна” гэхээр нь би буцаад унтчихсан. Нэг сэртэл О- машинд орж ирээд сууж байсан. О-ийн цамцны баруун ханцуй нь цус болсон байхаар нь юу болсон талаар асуухад “Чингистэй маргалдаад, түүнийг ганц хоёр цохичихлоо” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7877 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. О.Ч-ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 21-р хуудас/,

Шүүгдэгч Э.О-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/,

Яллагдагчаар Э.О- мөрдөн байцаалтанд өгсөн: … Би 2018 оны 06 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн үед найз Батболд, Ганаа нартай уулзаад Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 6 дугаар гудамжинд байх Батболдын гэрт 750 граммын савлагаатай “Соёрхол” архи нэг шилийг, 2 литрийн савлагаатай “Нийслэл” пиво нэгийг хувааж уусан. Ингээд Батболд, Ганаа бид гурав Бэрхээгээр миний машиныг бариулаад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хийморь” зочид буудал руу явсан. Тус зочид буудалд манай найз Чинбат хамгаалагчаар ажилладаг юм. Зочид буудлын гадна очоод би ганцаараа Чинбаттай уулзахаар ороход Чингис хамгаалагчаар ажиллаж байсан. Намайг ороход Чингис “юу байна” гээд мэндлэхээр нь би ч бас түүнтэй мэндэлсэн. Би Чингист “гараад ир, ярилцах хэрэг байна” гээд дагуулж гарсан. Чингис “Мягмарсүрэн янхан, би тэрийг чинь нэг удаа шаасан” гэж муулж ярьсан талаар ярилцаж байгаад маргалдаж түүний цээж орчимд гараараа нэг удаа цохиход Чингис зөрүүлээд миний дух руу толгойгоороо нэг удаа зөөлөн мөргөсөн. Тэгэхээр нь би Чингисийн хамар, ам орчим руу духаараа нэг удаа хүчтэй мөргөхөд түүний хамарнаас цус гарсан. Чингис нүүрээ дараад суухаар нь түүнийг босгож ирээд цээж рүү нь гараараа нэг удаа цохиод зүүн хөлийн шилбэ рүү нь нэг удаа өшиглөсөн. Чингис “орлоо” гэхээр нь “чи байж бай” гээд цээж рүү нь түлхсэн. Тэр үед найз Ганаа машинаас бууж ирээд “юу болоод байгаа юм бэ, болиоч” гээд намайг Чингисээс холдуулсан…гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

            Хохирогчийн өргөдөл /хх-ийн 6-р хуудас/, хохирлын баримт /хх-ийн 35-р хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 30-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо Нүхтийн 7 дугаар гудамжны 128 тоотод оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 27-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28-р хуудас/, гэрч Э.Орхоны мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/, Э.О-ийн урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

            Шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.О- нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хийморь” зочид буудлын гадна хохирогч О.Ч-тэй хувийн таарамжгүй харьцааны маргалдан улмаар нүүрэн тус газар нь мөргөж , эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Ч-ийн ...О- согтуу ирээд “пабаасаа нэг шил архи аваад өгчих, дэлгүүрийн үнээр архи худалдаж авъя, маргааш дэлгүүр онгойхоор архи авчихгүй юу” гэхээр нь “манайх 00 цагаас хойш архи зардаггүй” гэхэд “манай 2 найз бол өгчихдөг юм, чи гараад ир” гэхээр нь гарсан. О- “чи яасан том болсон юм бэ” гэснээ намайг элэгдээд хамар руу толгойгоороо мөргөтөл миний хамарнаас цус гарсан. Миний хамар хугарч, нүүр тэгширч хавдаад, дээд уруулын дотор тал язарсан…гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

 

Гэрч Г.Б-ын “ …Тухайн үед Чингис, О- хоёр хоорондоо маргалдаад, О- нь Чингисийн нүүр орчимд мөргөхөөр нь би тэднийг салгахаар машинаас буугаад очиход Чингисийн хамарнаас цус гарчихсан тэрээр доошоо тонгойгоод суучихсан байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

 

Гэрч Э.Б-гийн “ …Гэтэл гадаа хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь хартал Чингис, О- хоёр маргалдаж байсан. …Нэг сэртэл О- машинд орж ирээд сууж байсан. О-ийн цамцны баруун ханцуй нь цус болсон байхаар нь юу болсон талаар асуухад “Чингистэй маргалдаад, түүнийг ганц хоёр цохичихлоо” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7877 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: О.Ч-ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой /хх-ийн 21-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Э.О- нь хохирогч О.Ч-ийн нүүрэн тус газар мөргөж хөнгөн хохирол учруулсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгч Э.О-ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

 Шүүгдэгч Э.О- болон түүний өмгөөлөгч Н.Энхбаяр нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

   Хохирогч О.Ч-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсны улмаас толгойн компьютер томографи шинжилгээ хийлгэсэн /хх-ийн 35-р хуудас/ 120.000 төгрөгийн баримт хэрэгт авагджээ. Шүүгдэгч Э.О- нь хохирогч О.Ч-т эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг төлсөн. Хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ /хх-ийн 30-р хуудас/ бичгээр гаргасан тул шүүдэгч Э.О-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Э.О- нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутай болох нь нотлогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.О- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.О-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхбаяр нь шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлбөр бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж улсын яллагчийн зүгээс гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон “Буянт капитал” ХХК-нд засварчинаар ажилладаг, сарын 350.000 төгрөгийн цалинтай зэрэг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Э.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.