Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 301/ШШ2026/00071

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 301/ШШ2026/00071

Архангай аймаг

 

 

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: А аймаг, Ө сум, Донгой баг, Могойт гэх газарт оршин суух Б овогт С-ын Б /РД:../ хүсэлттэй,

            ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учралзяаяа нар оролцов.     

                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч С.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

           

1.1 Хүсэлт гаргагч С.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: С.Б миний бие нь 1966 онд төрсөн, одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1982 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс  1985 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 26-аас 1990 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд А аймгийн Ө сумын Б  нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийг дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архивын тасгаас ажилд орсон гарсан тушаал тухай лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир Нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Архивын лавлагаа, өмч хувьчлалын материал зэргийг үндэслэн миний А аймгийн Ө сумын Б нэгдэлд 1982 оны 02 дугаар сарын 18-ны  өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 26-аас 1990 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд малчинаар ажиллаж байсан байдлыг оож өгнө үү гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б нэгдэл тартал ажилласан, 1985 онд цэрэгт явсан, цэргээс ирээд нэгдэл тарах хүртэл үхэр малласан, 1983 онд 8-р ангиа төгсөж, илгээлтээр мал дээр гарч байсан, цэргийн алба хааж ирснээс хойш ажиллаж байсан байдлаа тогтоолгомоор байна гэсэн тайлбарыг гаргасан.

 

            2. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

            - С.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

            - А аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 706 дугаар “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ө сумын "Б" нэгдлийн 1982-1985, 1988-1990 онуудын баримтыг шүүн үзэхэд С-ын Б-д холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй гэсэн тодорхойлолт,

            - А аймгийн Ө сумын Б нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын “Найдваргүй болсон өр төлбөр хөнгөлөх тухай” тогтоолд: Тогтоолын        хавсралтын 24 дээр Санжид Баярмагнай үхэрчин гэсэн лавлагаа,

            - А аймгийн Ө сумын Б нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаар “Зарим тэргүүний малчдыг шагнах тухай” тогтоолын 86 дугаарт Б  гэсэн лавлагаа,

            - А аймгийн Ө сумын өмч хувьчлалын  материалын 138 дугаарт С.Б гэсэн баримтууд авагджээ.

             

            2.2.  Хүсэлт гаргагч С.Б-гийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

           - Гэрч Д.Д-ийн шүүхэд өгсөн “...Би 1977 оноос А аймгийн Ө сумын Б нэгдэлд  М-ын фермид үхэрчнээр ажиллаж байсан. Би нэгдэлд 1977 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан. С.Б нь А аймгийн Ө сумын Б нэгдэлд 1988 оноос эхлэн үхэр малладаг байсан. С.Б-ы аав болох  С-д гэх хүн нь тухайн үед фермийн эрхлэгчээр ажиллаж байсан. С.Б нь аавынхаа фермд үхэрчнээр ажиллаж байсан. Нэгдэл тартал С.Б  нь нэгдэлд  ажиллаж байсан....” гэсэн мэдүүлэг,

           -Гэрч С.Д-ийн шүүхэд өгсөн “....Би 1982 онд цэргийн албанд татагдаад 1985 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргээс ирээд А аймаг, Ө сумын Б нэгдлийн Д багийн фермд сувай үхэр маллаж байсан. Би 1985 оноос 1990 он хүртэл нэгдлийн мал маллаж байсан. Дүү С.Бн 1985 онд цэргийн албанд татагдаж 1987 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргээс ирээд 1990 он хүртэл А аймгийн Ө сумын Б нэгдлийн Д багийн фермд үхэрчээр ажиллаж байсан. Тухайн үед фермийн эрхлэгчээр манай аав С-д ажиллаж байсан. С.Б нь миний төрсөн дүү бөгөөд хамт ажиллаж байсан учраас би түүний ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ....” гэсэн мэдүүлэг,

 

            2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

            - А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 549 дугаар албан бичигт: Тус газрын архивт С-ын Б  нь 1990-2000 оныг дуустал “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу ажилласан жилээ тооцуулсан бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй болно гэжээ.

            - Үндэсний төв архивын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03/1244 дугаар албан бичигт: Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын А аймгийн Ө сумын бүртгэлийг шүүж үзэхэд С-ын Б-д холбогдох хүн амын тооллогын баримт байхгүй байх тул лавлагаа гаргах боломжгүй байна, харин С-ын Б-д холбогдох 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагааг хүргүүлэв гэжээ.

            - А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 маягтад С-ын Б эрхэлсэн ажил-Б нэгдэлд, үхэрчин гэжээ.

            - Хаягийн хуудас 7 маягтад Санжидын Б  оршин суух хаяг-А аймаг, Ө сум, Д баг гэжээ.

            - ХААТР-15 маягтад С.Б оршин суух хаяг А аймаг, Ө сум, Донгой баг, эрхэлсэн ажил-Малчин гэжээ.

            - ХААТР-21 маягтад С-ын Б  А аймаг, Ө сум, Донгой баг гэжээ.

            - Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 620 дугаар албан бичгээр ирүүлсэн С.Б-н Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад “Цэргийн албанд татагдахаас өмнө-Авто курсийн сонсогч” гэсэн баримтууд авагдсан болно.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Хүсэлт гаргагч С.Б-н хүсэлтээс 1983 оны 06 дугаар сараас 1985 он хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сар хүртэл  А аймгийн Ө сумын Б нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангаж,

          Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагаас 1982 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сар хүртэл, 1985 оны 01 дүгээр сараас 1985 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл А аймгийн Ө сумын Б нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

           

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

            С.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

          - А аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 706 дугаар тодорхойлолт

          - А аймгийн Ө сумын Б нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын “Найдваргүй болсон өр төлбөр хөнгөлөх тухай” тогтоол

          - А аймгийн Ө сумын Б нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаар “Зарим тэргүүний малчдыг шагнах тухай” тогтоол

          - А аймгийн Ө сумын өмч хувьчлалын  материал,     

           - Гэрч Д.Д-гийн шүүхэд өгсөн мэдүүлэг,

           -Гэрч С.Д-ийн шүүхэд өгсөн мэдүүлэг,

            - А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 549 дугаар албан бичиг 

          - Үндэсний төв архивын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03/1244 дугаар албан бичиг,

          - А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 маягт,

          - Хаягийн хуудас 7 маягт,

          - ХААТР-15 маягт,

          - ХААТР-21 маягт,

          - Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 620 дугаар албан бичиг  зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч С.Б нь 1983 оны 06 дугаар сараас 1985 оныг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сар хүртэл  А аймгийн Ө сумын Б нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

 

          Харин Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 620 дугаар албан бичгээр ирүүлсэн Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан тушаалын ажил хийж байсан гэсэн бичилтэд авто курсийн сонсогч гэж бүртгэгдсэн байдлаас хүсэлт гаргагч С.Б-г 1982 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сар хүртэл, 1985 оны 01 дүгээр сараас 1985 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл А аймгийн Ө сумын Б нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдохгүй гэж үзэж, энэ хэсэгт ажиллаж байсныг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч С.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.        

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б  ургийн овогт С-ын Б /РД00/-г 1983 оны 06 дугаар сараас 1985 он хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сар хүртэл А аймгийн Ө сумын Б нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагаас 1982 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сар хүртэл, 1985 оны 01 дүгээр сараас 1985 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл А аймгийн Ө сумын Б нэгдэлд малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч С.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОРХОНТАМИР