| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0694/Э |
| Дугаар | 713 |
| Огноо | 2018-08-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 713
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Э.Энхбат,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт А-н Б холбогдох 1808026120886 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.Б өөрийн гэртээ 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед хамтран амьдрагч Ч.А-ийг үснээс нь зулгаах, түлхэх, унагаах зэргээр эрүүл мэндэд гэм хор учруулан бие махбодийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч А.Б нь өөрийн гэртээ 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед хамтран амьдрагч Ч.А-ийг үснээс нь зулгаах, түлхэх, унагаах зэргээр эрүүл мэндэд гэм хор учруулан бие махбодийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Ч.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би Б-тэй 2010 оноос амьдарч байгаа ба дундаасаа 1 охинтой, одоо 6 настай, гэрлэлтийн баталгаагүй. Манай нөхөр Б 3 хоног архи уусан ба 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр охиноо цэцэрлэгт өгчихөөд ирэхэд дахиад архи уугаад тасарчихсан унтаж байсан. Ингээд сэргэж босч ирээд “гарч архи уулаа” гээд надаас мөнгө мөн автомашины түлхүүр нэхээд байхаар нь “би өгөхгүй” гээд маргасан. Бүүр нэхээд байхаар нь “машинаас чинь мөнгө аваад өгье” гээд гарахад араас үгийн зөрүүгүй үснээс зулгаагаад намайг хойш нь дарчихсан байхад хаанаас ч юм нэг нохой ирээд нуруунаас хазаад дараа нь 2 хөлнөөс ээлжлээд хазаад байсан. Би 2 хөлөөрөө ээлжилж тийчилж байгаад Б үснээс тавихгүй байхаар нь гуйж байгаад тавиулсан. Тэр хооронд машиныг түгжчихсэн “худлаа ярьлаа” гээд үсдэж аваад дахарад туслаарай гэж орилоход хажуу айлын эгч ирээд Б-гээс салгасан. Надад учирсан духны хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцралт, зулгаралт гэмтлийг Б хашаанд болон гадаа байхад үснээс зулгаах үед миний үс унасан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-25-27/
- гэрч Б.С-ын мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15-16 цагийн үед манай хүүхэд “Б эхнэрээ зодоод байна” гэхээр нь гараад хартал эсрэг талын хашааны Б эхнэрийнхээ үснээс зулгаагаад доош нь дарж хэвтүүлчихсэн, хашаанд байсан нохой нь эхнэрийнх нь хөлнөөс зулгаагаад байсан ба Б нохойг салгаад машины багаж хийчихсэн. Би цагдаад дуудлага өгчихөөд байж байхад Б дахиад эхнэрийнхээ үснээс зулгаагаад доош нь дарахад би гүйж очиж болиулсан...гэх мэдүүлэг /хх-34-35/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6575 дугаартай:...Ч.А-ийн биед духны хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцралт, зулгаралт, цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, зүүн дал, зүүн өвдөг, шилбэ, шагай орчмын зулгаралт, шарх, цус хуралт, баруун тохой, нурууны зулгаралт, цус хуралт, зүүн бугалганы зулгаралтууд, хазагдсан шарх, цус хуралт, баруун бугалга, шууны цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, шарх, баруун шилбэний зулгаралтууд бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ба мохоо ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-37/
- шүүгдэгч А.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн:... Тухайн үед би эхнэр А-тэй хамт барилгын ажил хийж байсан ба өөрийнхөө түрүүвчтэй мөнгийг машиндаа үлдээчихсэн байсан ба машины түлхүүр А-т байсан. 2018 оны 05 дугаар сарын 21-нд хэрэг болсон гэх өдрөөс өмнө би хэд хоног архи уучихсан, ажилдаа яваагүй машин граж дотор байсан. Тухайн өдрийн өглөө би сэрээд архи авч шараа тайлах гээд машинаасаа түрүүвчээ авах гэтэл түлхүүр Ат байсан болохоор асуухад өгөхгүй байснаас болж бид 2 маргалдсан. А гэрээс гараад явчихаар нь би араас нь гарахад А машины ард зогсож байхаар нь үснээс нь зулгаасан. Зүүн бугалганаас нь барьж базсан...гэх мэдүүлэг /хх-53-56/ гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэг өгөхгүй, гэм буруутайгаа маргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч А.Б нь хохирогчийн биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдож байна.
Хохирогч Ч.А нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-85/ гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч А.Б нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримт зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудал
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт А-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.