Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 301/ШШ2026/00138

 

 

 

 

                                                                        

 

 

 

 

                                 301/ШШ2026/00138

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                            

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Бямбаахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: А аймгийн Ө сумын З баг, Ц гудамж ...... тоотод оршин суух Б овгийн Иийн Н /ИБД: ............./-ын хүсэлттэй,  

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч И.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ  нь:
 

1.  Хүсэлт гаргагч И.Н нь А аймгийн Ө сумын Т нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан.  

 

Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

И.Н миний бие 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд А аймгийн Ө сумын Т нэгдэлд малчнаар ажилласан. 1988 оны 10 сарын 16-ны өдрөөс Ардын цэргийн албанд татагдаж яваад 1989 оны 07 сарын 24-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн. Ажилласан байдлаа тогтоолгосон шүүхийн 2025 оны 12 сарын 08-ны өдрийн 675 тоот шийдвэр байгаа боловч ажилласан оноо 1988 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан гэж ажилласан жилээ дутуу хэлснээс болж шүүхийн шийдвэр 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ө сумын Т нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч үүнтэй холбоотойгоор ажилласан байдлаа нотолсон шүүхийн шийдвэрээ үзүүлэхэд 1 жил дутаж миний бие хохироход хүрсэн учир дахин шүүхэд хандаж байна. Иймд И.Н намайг 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд А аймгийн Ө сумын Т нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Өмнө нь шүүхээр ажилласан жилээ тогтоолгохдоо Өгийнуур суманд монтёроор ажиллаж байснаа тогтоолгохдоо гол анхаарлаа хандуулаад малчнаар ажиллаж байсан хугацаагаа дутуу орхигдуулсан байна лээ гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- И.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа

- Архангай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар “Тус архивын сан хөмрөгт Ө сумын Т нэгдлийн1988 оны баримтыг шүүн үзэхэд Иийн Нд холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн тодорхойлолт,  

- Ө сумын Т нэгдлийн даргын “Ажилд томилох тухай” 1986 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 39 дугаар “Ерөнхий боловсролын сургуулийн 8,10-р анги төгсөж МАА дээр илгээлтээр гарсан нэр бүхий 16 залуучуудыг дор дурьдсан ажилд 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай, 1. Игийн Ныг Дойт бригадад хоньчингоор...авч ажиллуулсугай...” гэсэн тушаал,

- Архангай аймгийн Ө сумын Т нэгдлийн даргын “Ээлжийн амралт олгох тухай” 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар “Хавсралтын 114-т И.Н, хоньчин, 15 хоног, 1 сарын 11” гэсэн тушаал,

- Батлан хамгаалах төв архивын Хугацаат цэргийн алба хаасан архивын “Игийн Н БХЯ-ын сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Архангай аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 238 /243/ дугаар ангид алба хааж байгаад Цэргийн госпиталийн эмч нарын комиссын 1989.07.13-ны өдрийн 30/711 дүгээр магадлагааг үндэслэн ЗХЖШ-ын 4 дүгээр газрын 1989.07.24-ний өдрийн 5/2101 дүгээр албан бичгээр өвчний учир цэргийн албанаас халагдсан” гэх лавлагаа,

- Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн .......... дугаартай шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

2.1.  Хүсэлт гаргагч И.Нын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

           - Гэрч Д.Аийн “Би А аймгийн Ө сумын 8 жилийн сургуульд 8 дугаар анги төгсөөд, 1977 онд Архангай аймгийн Техник мэргэжлийн сургуулийг сүү тосны зовудын мастер мэргэжлээр төгссөн. Тэгээд А аймгийн Ө сумын Т нэгдэлд 1979 оноос 1991 он хүртэл сүү тосны зовудын мастераар, 1991-1992 он хүртэл ногоочноор ажилласан. И.Н нь илгээлтээр 1986 оноос 1988 оны 10 сар хүртэл А аймгийн Ө сумын Т нэгдэлд хонь хариулдаг байсан. Манай гэрүүд ойролцоо айл саахалт байсан. ИНын аав И, ээж нь Л гэж хүмүүс байсан. И гуайнх олон хүүхэдтэй байсан. Намайг А аймгийн Ө сумын Т нэгдэлд ажиллаж байхад Туяа нэгдлийн даргаар Л гэж хүн байсан, туслах малчнаар Д, сүү тосны зовудод М гэж байсан. Тухайн үед ажиллаж байхдаа олон хүмүүстэй нэг дор ажиллаж, одоо нэр уснаасаа нэлээн мартсан байсан. И.Н нь 1986 онд илгээлт авч манай нэгдлийн малчнаар ажилд орж ирж байсан. Харин 1988 онд ажлаас гарахад нь хүмүүс Игийн хүү Н цэрэгт татагдах гээд гарч байгаа юм байна гэсэн яриа байсан. Тэгээд И.Н нь ажлаасаа гарсан байх, цэрэгт явсан эсэхийг нь би мэдэхгүй, тийм яриа хүмүүс яриад байсан. Түүнээс хойш И.Ныг хаана юу хийсэн талаар би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

 

           - Гэрч В.Тн “Би А аймгийн Ө сумын уугуул хүн байгаа юм.  И.Ныг бага наснаас нь эхлээд таниж мэднэ. И.Н нь А аймгийн Ө сумын Дойт багийн Хуваан үзүүр гэх газар, манайх А аймгийн Ө сумын Дойт багийн Ш гэх газарт амьдарч байсан. Би 1980-1983 онд хилийн цэрэгт 3 жилийн алба хаасан. Цэргийн албанаас халагдаад А аймгийн Ө сумын Т нэгдэлд 1983 оны 08 сараас эхлэн 1992 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. И.Н нь А аймгийн Ө сумын Т нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед сувай мал, хонь голцуу малласан. И.Н нь А аймгийн Ө сумын Т нэгдэлд 1988 оны 10 сар хүртэл ажиллаад дараа нь холбоочин болно гээд ажлаасаа гарсан санагдаж байна. Тухайн үед Архангай аймгийн Ө сумын Т нэгдлийн даргаар Б, малчнаар Ш, Б нар ажиллаж байсан. Бусад олон малчин байсан. А аймгийн Ө сумын Т нэгдэлд И.Наас өөр И.Н гэсэн нэртэй хүн байгаагүй. Намайг А аймгийн Ө сумын Т нэгдэлд малчнаар ажиллаж байхад ажилд орсон. И.Н нь цэргийн алба хаасан гэж сонссон, хэдэн онд цэргийн алба хаасан талаар би нарийн сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

 

3. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

 

- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/32 дугаар “Тус газрын архивт Игийн Н нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай хуулийн дагуу ажилласан жилээ тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байсан болно” гэсэн албан бичиг, түүнд хавсаргасан баримтуудын хуулбар хувь,

- Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дугаар албан бичиг,

- Архангай аймаг Районоос 1988 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетэд Игийн Н, 1970.05.23 өдөр төрсөн, халх, Ар:Өгийнуур сум, барилгачдын 9-1, гишүүн бус, цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө ажилгүй байсан, 8-р анги төгссөн, УБХТН-ийн авто жолоочийн ЦАШБ курс, ам бүл 2...” гэсэн хуулбар хувь,

Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/69 дугаар албан бичиг,

- Боржигон овгийн Игийн Нын биеийн давхцалгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31/А/,

- Игийн Нын хаягийн хуудас,

- Б овгийн Игийн Н, А аймгийн Ө сум, 1970.05.23-ны өдөр төрсөн, эрэгтэй, халх, малчин, гэрлэсэн, боловсрол бүрэн дунд, малчин, эцэг Очирбатын И, нас барсан, эх Дийн Л, , эхнэр Дын Н, , 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэсэн гэсэн Монгол Улсын хүн амын регистрийн карт ХААТР-1,

- А аймгийн Ө сум, нөхрийн РД:, Игийн Н, халх, монгол, гэрлээгүй, бүрэн бус дунд, сумын холбоонд монтёр, ажилчин, эхнэрийн РД:, Дын Н, А аймгийн Ө сум, халх, монгол, гэрлээгүй, тусгай дунд, сумын 8 жилийн сургуульд багш ажилтай, сэхээтэн, 1995 оны 09 дүгээ сарын 03-ны өдөр гэрлэсэн...” гэсэн гэрлэснийг бүртгэлийн анкет ХААТР-15,

- А аймгийн Ө сумын Б овгийн Игийн Н, 1970.05.23-ны өдөр төрсөн, 1995 онд гэрлэсэн, гэрчилгээний дугаар 11, олгосон үнэмлэхний дугаар ......., хүчинтэй хугацаа 2015, үнэмлэх олгосон шалтгаан сольсон, олгосон байгууллага Архангай аймгийн ЗДТГ, эхнэр Д Н, ....... регистрийн дугаартай гэсэн ХААТР-21 зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                              ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хүсэлт гаргагч И.Нын А аймгийн Ө сумын Т нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хангасан А аймгийн Ө сумын Т нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 39 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч Д.А, В.Т нарын мэдүүлэг зэрэг баримтаар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч И.Н нь А аймгийн Ө сумын Т нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.   

 

Иймд Б овгийн Игийн Ныг А аймгийн Ө сумын Т нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч И.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон         

                                                                        

     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн Игийн Нын А аймгийн Ө сумын Т нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч И.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

      

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.БЯМБААХҮҮ