| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2531000000176 |
| Дугаар | 2025/ДШМ/107 |
| Огноо | 2025-11-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/107
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Д.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч Ө.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ө.*******т холбогдох эрүүгийн 2531000000176 дугаартай, 316/2025/0151/Э/208/2025/0082 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* ургийн овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгон, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, (РД: *******), урьд
Шүүгдэгч Ө.******* нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус аймгийн ******* сумын ******* тосгоны нутаг дэвсгэрт 4,50 хувийн согтолттой үедээ ‘Тоёота приус” загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг дахин жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ө.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
Шүүгдэгч Ө.*******ийн тээврийн хэрэгслийн дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийн 1310739 дугаартай “В” ангиллын жолоодох эрх 3 жилийн хугацаагаар хассан талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Ө.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ...шийдвэрийг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025-оны 8-сарын 8-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч *******ийн хүсэлтийн дагуу өмгөөлөгчөөр оролцож буй өмгөөлөгч Д.Даваасүрэн би доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.
Үүнд: 1. Сум дундын шийтгэх тогтоолыг 2025-оны 8-р сарын 25-нд гардан авч хуулийн хугацаанд гомдол гаргаж буй болно.
2.Шүүгдэгч Ө.******* нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийн 27. 10-р зүйлийн 5т заасан хэрэгт холбогдож анхан шатны шүүхээс 6 сарын хорих ял оногдуулж ирсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх учруулсан хохирол хор уршиг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсвэл хориг ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх хуулийн заалтыг хэрэглэх үндэслэлтэй байсан. (ЭХ 6.7-дугаар зүйл мөн ЭХ 7.1)
3.Шүүгдэгч Ө.******* өөрийн гэм бурууг шударгаар хүлээж хойшид хуулийг чанд сахиж мөрдөнө гэдгээ илэрхийлж байгаа болно. Энэ эхийн хувьд 4-7 насны 2 хүүхэд одоогоор Баянхонгор аймгийн Богд сумд ганц биеэр амьдрах өндөр настан У. гэх эмээгийнхээ асрамжид түр байгаа ба 2 охины хувьд ******* сумын ******* тосгоны сургууль, цэцэрлэгт сурч байсан. Одоогоор сурах эрх нь хязгаарлагдмал орчинд амьдарч байна. Энэ талаарх эмэг эх У.гийн хүсэлт, багийн засаг даргын тодорхойлолт зэргийг давхар уламжилж харгалзан үзэхийн хүсэж байна.
4.Эрхэм хүндэт шүүх бүрэлдэхүүн та бүхэн энэхүү шүүгдэгч эмэгтэйн ар гэрийн байдал гэм буруугаа гүнээ ухамсарлаж ирж байгаа мөн аав ээжээс холдоод олон сар болж байгаа 2 хүүхдийн амьдрах орчин сурч боловсрох эрх зөрчигдөж байгааг хүндэтгэн төрийн хуулийн энэрэнгүй байх зарчим болон ЭХХШТ хуулийн 59.1-р зүйлийн 4д заасан эрх хэмжээ бүхнээ иш үндэс болгон Ө.*******т оногдуулсан 6 сарын хорих ялыг өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* овогтой ******* би 6 сарын хорих ял шийтгэл авсан болно. Энэ дагуу гомдол гаргах нь
1.Өөрийн гэм бурууг шударгаар хүлээж байгаа тул оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлийг харгалзан үзэж
2.энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор хохирол байхгүй болно.
3. Өрх толгойлсон эмэгтэй хэрэгт холбогдсоноос хойш одоогийн байдлаар 4-7 насны 2 охин минь харгалзах ямар ч хүнгүй өндөр настай эмээ дээрээ Баянхонгор аймгийн Богд суманд байгаа ба сурдаг сургууль цэцэрлэг нь Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* тосгонд суралцдаг. Гэтэл миний энэ байдлаас болж 2 охин минь сургууль цэцэрлэгт суралцах боломжгүй нөхцөлд байгааг харгалзан надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ялаар сольж 2 хүүхдээ асран хамгаалах эрхийг олгож 2 охины минь сурч боловсрох эрхийг нь нээж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ө.*******ийн хувийн байдлын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь 3 дахь нь. 2024 оны 10 дугаар сараас эхэлдэг. 2024 оны 10 дугаар сард шийтгэврээр 1 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Үүний дараа 2025 оны 5 сард мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. 5 дугаар сарын 07-ны өдөр шүүхээс шийтгэх тогтоол гараад 1 жилийн хугацаанд эрхээ хасуулаад 2700 нэгжээр торгох ял шийтгүүлсэн. Мөн тээврийн хэрэгсэл жолоодсон. Үүнээс 20 хоногийн дараа 5 дугаар сарын 27-ны өдөр дахин тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон. Тээврийн хэрэгсэл жолоодох үеийн согтолтын хувь хэмжээ нь дандаа өндөр гардаг. Эхнийх 4.68 байсан бол сүүлийн согтолтын зэрэг нь 4.50 хувь гэж гарсан. Үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт нь 6 сарын хорих ял тохирсон гэж үзээд улсын яллагчийн зүгээс ямар нэгэн эсэргүүцэл гаргаагүй. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх 3 жилийн хугацаагаар хасагдсан.
Өнөөдрийн байдлаар 90 хоногийн хугацаанд цагдан хоригдсон байна. Анхан шатны шүүх нь шүүгдэгчийн үйлдэлд нь, гэмт хэрэгт нь нэмэгдэл ялын хэмжээ тохирсон гэж үзэж байна. Харин 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор буюу өмнө нь 2700 нэгжийн торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан шийтгэх тогтоолын эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан үлдэгдэл ялыг одоогийн шийтгэх тогтоол дээр нэмж нэгтгээгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж харагдаж байна. 5 дугаар сарын 07-ны өдрөөс 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 20 хоногийн хугацаанд эрх хасах нэмэгдэл ял нь хэрэгжсэн. Дахин гэмт хэрэг үйлдсэнээс нэмэгдэл ялын тоологдох хугацаа зогссон гэж үзнэ. 1 жилийн эрх хасах ялаас 20 хоног л эдлэгдсэн гэж үзэхээр байна. Уг шийтгэл тогтоол дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх эсэх асуудлыг огт шийдвэрлээгүй орхигдуулсан. Үүнтэй холбогдуулаад 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 62 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолоор эрх хасах нэмэгдэл ялыг адил хэмжээнд байгаа тохиолдолд хэрхэн нэмэх болон хэрхэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх талаар тайлбарласан тайлбарыг иш татаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ө.*******т холбогдох эрүүгийн 2531000000176 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Хэргийг хянахад шүүгдэгч Ө.******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус аймгийн ******* сумын ******* тосгоны нутаг дэвсгэрт 4,50 хувийн согтолттой үедээ ‘Тоёота приус” загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг дахин жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага ногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан байна.
Шүүгдэгч Ө.******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар эрх хассан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох атал орхигдуулж шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.
Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хууль буруу хэрэглэсэн байдалд өөрчлөлт оруулах боломжгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул шүүгдэгч Ө.*******ийн бага насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эх зэрэг байдлыг нь харгалзан анхан шатны шүүхээс түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Шүүгдэгч Ө.*******т анхан шатны шүүхээс түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН