Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/108

 

йй

 

 

                           Ч.*******, Г.*******, Г.******* нарт

                                 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.Содномиший,

Шүүгдэгч Ч.*******,

Шүүгдэгч Ч.*******ий өмгөөлөгч Ч.Ганзориг /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ч.*******, Г.*******, Г.******* нарт холбогдох эрүүгийн 2531000000184 дугаартай, 316/2025/0171/Э/208/2025/0087 индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* ******* ******* овогт *******гийн *******, Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг, ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум 2 дугаар баг ******* **** тоотод оршин суух хаягтай, урьд

-Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан, хэрэг хариуцах чадвартай (РД: )

2. овогт *******, Монгол улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг, ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум 2 дугаар баг ******* **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай (РД:)

3. овогт ын *******, Монгол улсын иргэн, 2004 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эмээ, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 02 дугаар баг, Буурагчин, Бурхан толгойн 2-09 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай (РД: )

Шүүгдэгч Ч.*******, Г.*******, Г.******* нар нь бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын “гана хүн чулуу” гэх нэртэй газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор эрэл, хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 873,019 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Прокурорын газраас: Ч.*******, Г.*******, Г.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* ******* ******* овогт *******гийн *******, овогт *******, овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, Г.******* нарт 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус бүр оногдуулж, шүүгдэгч Ч.*******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, Г.******* нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор солихыг шүүгдэгч Г.*******, Г.******* нарт тооцож, хорих ялаар анхааруулан,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.4, 2.5, 2.6, 3, 4, 4.5 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч нарын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газрын хэвлийд учирсан хохирол 191,882 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 2,331,234 төгрөг, нийт 2,523,116 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 310,390 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Ч.*******, Г.*******, Г.******* нар нөхөн төлснийг дурьдан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai 2900 LC-3” маркийн экскаватор 1 ширхэг, “Daewoo 2800” маркийн экскаватор 1 ширхгийг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын төсөвт орлогод оруулж, алт угаах төхөөрөмж 1 ширхэг, ус татах насос 2 ширхэг, холбох хоолой 2 ширхгийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалган,

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан техник, хэрэгслийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын орлого болгох, устгахтай холбогдон гарах зардлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******, Г.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Ч.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган, ...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

...Юуны өмнө миний үйлчлүүлэгч Ч.******* нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг бүрэн хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаан байхгүй, үүнийгээ ч анхнаасаа мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд илэрхийлсэн бөгөөд түүнд оногдуулсан ял шийтгэлтэй холбоотойгоор хөнгөрүүлэн зүйлчлэх боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс энэхүү гомдол гаргаж байгаа болохыг энд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.2-т шүүхээс ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор хохирлын шинж чанар нөхөн төлсөн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял, эсхүл тэнсэж үүрэг хүлээлгэж болохоор зохицуулсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлсөн бол хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно.

Дээрх хуулийн зохицуулалтад заасан хорихоос өөр төрлийн ял /торгох, тэнсэх/ оногдуулах урьдчилсан нөхцөл Ч.*******гийн хувьд хангагдсан гэж өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаж байгаа юм. Тухайлбал,

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дахь хэсгийн 1-т заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна.

2. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч нь анхнаасаа мэдүүлэг өгөхдөө гэм буруу дээрээ маргаагүй, мэдүүлэг тогтвортой байсан нь хэргийг шуурхай илрүүлж 3 сарын дотор хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн гэж үзэж байна.

3. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал: Гэмт хэргийг үйлдэхээр Г.*******, Г.******* нартай анхнаасаа үгсэн хуйвалдаж техник, тоног төхөөрөмж авч очоогүй бөгөөд алт 3 хөтөлбөр дэмжигдэх сургаар бэлтгэл хангахаар очоод Г.*******, Г.******* нартай тааралдаж тэдний гуйлтын дагуу ажиллаад уг гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Энэ ч утгаараа анхан шатны шүүгч Г.*******, Г.******* нарт торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлийн 1.2 дах хэсэгт заасан тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн талаарх хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн байна.

4. Гэмт хэргийн улмаас учирсан нөхөн төлбөрийг төлсөн эсэх тухайд: Улсын яллагчийн яллах дүгнэлт болон Улсын байцаагчийн дүгнэлтэд тусгагдсан Байгаль орчинд учирсан нөхөн төлбөр 873,019 төгрөгийг бүрэн төлж дуусгасан. Нийтдээ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,523,116 төлсөн байна. Гэмт хэргийн улмаас хураан авсан Хьюндай LC загварын экскаватор, Daewoo 2800 загварын экскаваторыг улсын орлого болгож, тоног төхөөрөмжүүдийг устгахыг хүлээн зөвшөөрч байгаа.

5.Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал: Миний үйлчлүүлэгч Ч.*******г 2021 онд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан гэх ганцхан шалтгаанаар түүнд хорих ял оногдуулсан нь өрөөсгөл гэж үзэж байна. Учир нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар давтан гэмт хэрэг гэх ойлголт байхгүйгээс гадна өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь түүнд оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлэх эсхүл хөнгөрүүлэх талаар хуулийн заалтыг хэрэглэхгүй байх шууд үндэслэл болохгүй юм. Гагцхүү шүүхээс тухайн хүний хувийн байдал Үүнд: ар гэрийн нөхцөл байдал, эрүүл мэндийн байдал/ зэргийг нөгөө талаас анхаарч үзэх байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тухайлбал,

-Ар гэрийн нөхцөл байдлын тухайд:

Шүүхийн шийтгэх тогтоолд Ч.*******г 81 настай ээжтэйгээ /астамтай, даралт ихэсдэг/ хамт Сэлэнгэ аймгийн ******* суманд амьдардаг гэжээ. Гэтэл бодит байдал дээр ам бүлийн байдал гурав буюу 81 настай ээж болон төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй ах Ч. нарын хамт амьдардаг.

Түүний ах Ч. нь дутуу төрсөн тул төрөлхийн хатангиршилтай /жижигхэн/, сэтгэцийн өөрчлөлтэй учир гэрээсээ гарч алга болох, заримдаа ухаанаа бүрэн алдаж өндөр настай ээжийгээ танихгүй зодох зэрэг аюултай үйлдлийг гаргадаг.

Шүүгдэгч Ч.******* нь өндөр настай ээж, сэтгэцийн өөрчлөлттэй ахаа асран халамжилдаг бөгөөд гадагшаа гарсан үедээ сэтгэцийн өөрчлөлтэй ах Ч.ийг байнга хажууд авч явдаг. Ар гэрээ тэжээдэг энэ нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарахыг хүсэж байна. Одоо шүүгдэгч хоригдсоноор ар гэрийн нөхцөл маш хүндэрсэн.

-Эрүүл мэндийн нөхцөл байдлын тухайд:

Шүүгдэгч Ч.******* нь бага насандаа өндрөөс унасны улмаас байнга унаж татдаг, тархины өвчтэй, зүрхний архаг хомсдолтой, хоолойн ангинтай зэрэг нөхцөл байдалтай холбоотойгоор тогтмол эмчилгээнд байдаг. Цагдан хоригдсоноос хойш түүний хоолойн ангин хүндэрч хорих ангийн эмнэлгийн хяналтад орж тариа, эмчилгээнд орж биеийн байдал муудсан.

Түүний 81 настай ээж Т. нь биеийн байдал хүнд, тогтмол эмчийн хяналтад байдаг. Өвчнөөс дурдвал, өвдөгний үе солиулах шаардлагатай тул алхаж чадахгүй, бамбайтай, астамтай, даралттай, нойр булчирхай, ходоодны үрэвсэлтэй зэрэг. Ах Ч.ийн тухайд дээр дурдсанаар төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй, дутуу төрсөнтэй холбоотой хатангиршсан.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж илрүүлэн ял оногдуулах боловч нөгөө талаас нийгэмшүүлэхэд оршдог тул энэрэнгүй ёсны зарчмын хүрээнд дээрх ар гэрийн нөхцөл байдал, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг эрхэм шүүгчдийн бүрэлдэхүүнээс хүсэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.2 дах заалт, 7.1-р зүйлийн 1.1 дэх заалтаас хэрэглэн шүүгдэгч Ч.*******д хорихоос өөр төрлийн ял /торгох, тэнсэх гэх мэт/ оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.*******гийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Гомдол гаргаж байгаа шалтгаан нь гэмт хэрэг үйлдсэн хүн ял шийтгэл, эрүүгийн хариуцлага хүлээх нь зүйтэй. Оногдуулж байгаа ял, шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөнгөрүүлэх нөхцөл байдал нь миний үйлчлүүлэгч Г.*******д байгаад байгаа юм. Тиймээс хохирохоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргаж байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн өмгөөлөгчийн зүгээс харж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Улсын байцаагчийн дүгнэлтээр улсад 873,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн бол нийтдээ 2,523,016 төгрөгийг давуулан төлж барагдуулсан байгаа.

...Ч.******* нь 81 настай ээжтэйгээ, сэтгэцийн өвчтэй ах гэх хүмүүстэй 3-лаа амьдардаг. Ах нь төрөхдөө дутуу төрөөд сэтгэцийн өөрчлөлттэй ба байнга Г.******* хажуудаа дагуулж явж байдаг. Хэрэв Ч.******* байхгүй бол ээжийгээ танихгүйгээр зодож нүдээд янз бүрийн асуудал үүсгэдэг. Г.*******г хоригдсоноос хойш ээжийгээ зодож, эмчилгээ хийлгээд явж байгаа хүнд нөхцөл байдалтай байна. ...Торгуулийн ялын тухайд шүүгдэгч хэдэн төгрөгийн торгууль оногдуулсан ч төлөх бүрэн боломжтой талаарх баримтыг гаргаад өгчихсөн. Дархан-Уул аймгийн 14 дүгээр багт байрлах 2 өрөө өөрийн өмчлөлийн байр байдаг. Уг байрыг түрээслүүлж сар болгон 1,200,000 төгрөгийн төлбөр авдаг. Адуу 6, үхэр 32, хонь 60, ямаа 45 гээд 143 тооны мал тооллогын баримт гаргаж өгсөн. Дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзээд ялангуяа ар гэрийн нөхцөл байдал, өөрийн хувийн байдлыг харгалзаж үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсэж байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Эрүүгийн хариуцлагын зорилго нь бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх, учирсан хохирол хор уршгийг нөхөн төлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилготой байдаг. 2021 оны анхан шатны шүүхээс шүүгдэгчийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд торгох ял оногдуулсан боловч шүүгдэгч хууль бус үйлдэлдээ дүгнэлт хийхгүй, байгаль экологид хохирол учруулж, тэр нь ямар үр дагавартай болохыг мэдсээр байж дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж газрын хэвлийд халдсан болох нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Эрүүгийн хариуцлагын зорилго нь нийгэмших зорилгодоо хүрээгүй байна гэж дүгнэсэн. Тийм учраас шүүгдэгчид дахин торгох ялыг оногдуулах боломжгүй учраас хорих ялын санал гаргаж шүүхээс хорих ял оногдуулсан гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ч.*******, Г.*******, Г.******* нарт холбогдох эрүүгийн 253100000184 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүгдэгч Ч.*******, Г.*******, Г.******* нар нь бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын "гана хүн чулуу" гэх нэртэй газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор эрэл, хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 873,019 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь  шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.ын зүгээс: “... Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, Буурагчины нутаг дэвсгэр буюу ******* суман төвөөс ертөнцийн зүгээр зүүн урд зүгт уг "гана хүн чулуу" гэх газар хамаардаг. ...2025 онд нөхөрлөл, иргэдтэй байгуулаагүй болно” гэх мэдүүлэг  /хх-ийн 15-19-р тал/

-Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Миний ухаж байсан газраас ертөнцийн зүгээр урд талд 50-100 метр орчим зайд манай нутгийн дүү нар болох *******, *******, ******* нар 2 экскаватор ажиллуулан дуу нь сонсогдож байсан миний экскаватор эвдрээд нөгөө 3 дээр яваад очиход ухсан талбайгаасаа гаргаад экскаватороо засаж янзлаад зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/;

-“Нуман-Алтай” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №13/047 дугаартай дүгнэлтэд: “1. Нэр бүхий иргэдийн Сэлэнгэ аймгийн ******* сумын Буурагчин 2 дугаар багийн нутаг, "гана Хүн чулуу" нэртэй газар нь ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон ойн сан бүхий газарт давхцалтай байна. 2. Тухайн талбайн хүрээлэн буй орчинд 873,019 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 310,390 төгрөг болж байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-57-р тал/,

-“Ашид билгүүн” хөрөнгө үнэлгээний компаний 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №ТХҮ-925-912433 дугаартай дүгнэлтэд: 1.Hyundai2900LC маркийн экскаватор /хуучин/ 5,500,000 төгрөг, 2. Daewoo2800 маркийн экскаватор /хуучин/ 4,500,000 төгрөг, 3. Алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 500,000 төгрөг, 4.  Ус татах төхөөрөмж помп 240,000 төгрөг, 5. Шланк хуванцар 34,100 төгрөг, 6. Шланк резин 4,500 төгрөг, нийт 11,211,600 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-70-р тал/,  зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлон тогтоогдсон байна.

3.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг тус хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

4.Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.*******, Г.*******, Ч.******* нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон байх ба шүүгдэгч Ч.*******г урд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсныг харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэж, шүүгдэгч Г.*******, Г.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Ч.*******г 01 жилийн хорих ялаар тус тус шийтгэсэн байна.

5.Дээрхи шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.******* ба түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан ба гомдлын үндэслэлээ “... Эрүүгийн хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж илрүүлэн ял оногдуулах боловч нөгөө талаас нийгэмшүүлэхэд оршдог тул энэрэнгүй ёсны зарчмын хүрээнд дээрх ар гэрийн нөхцөл байдал, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг эрхэм шүүгчдийн бүрэлдэхүүнээс хүсэж байна...” гэж тайлбарлажээ.

6.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч нарын хамтын оролцоо, хохирлоо төлсөн эсэх зэргийг харгалзан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасантай нийцсэн тул анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.******* болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаангүй мэтгэлцэхгүй шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэний улмаас байгаль экологид учирсан гэм хорын хохирлоо бүрэн төлсөн, түүний эрүүл мэндийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэн нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарласан.

7.Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ч.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн болон эрүүл мэндийн байдал, ар гэрийн нөхцөл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан нэг жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж дүгнэв.

Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 

2 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******, Г.******* нарт 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан ******* ******* ******* овогт *******гийн *******д мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

3 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.*******г тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, хуульд  заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж, уг хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ч.******* 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 27 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3.Шүүгдэгч Ч.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж магадлал хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                            

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН                  

                            ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

                         ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ