Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 717

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,     

          улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Б.Д нарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-ийн Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808026300867 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө иргэн С.Б-ийн толгойн тус газар нь хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө иргэн С.Б-ийн толгойн тус газар нь хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч С.Б-ийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдолд: “...2018 оны 05 дугаар сарын 22-ны орой 22 цагийн орчимд “Номин агуулах”-ын үүдэнд машин эвдчихлээ гэх шалтгаанаар Б.Д гэх залууд зодуулсан. Гомдолтой байна .. гэх /хх-6/

- хохирогч С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Номин агуулах”-ын орчимд байгууллагын 62-10 улсын дугаартай “Маяти” загварын тээврийн хэрэгсэлтэй явж байгаад улаан өнгийн “Приус” загварын тээврийн хэрэгсэл намайг шахаж орж ирэхээр нь урсгал сөрж зам тавьж өгчихөөд буцаж эгнээндээ ортол урд гараад огцом тормоз гишгэтэл  би араас нь очиж мөргөсөн. Тэгтэл жолооч нь бууж ирээд машин эвдчихлээ гээд намайг зодсон. ... гэх мэдүүлэг /хх-8-14/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6681 дугаартай: ...С.Б-ийн биед нь тархи доргилт гэмтэл тогтоогдолоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-24/

            - шүүгдэгч Б.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 05 дугаар сарын 22-ны орой  22 цагийн орчим “5 шар”-ын гэрлэн дохионоос “Толгойт” орох замд “Залуус хороолол” өнгөрөөд явж байтал намайг шахаад машины толь хумчихсан...би буугаад яаж байгаан гэтэл хэл амаар доромжлоод дайраад байхаар нь би нэг удаа толгой руу нь цохисон... гэх мэдүүлэг /хх-28-30/ болон шүүхийн хэлэлцүүлэг мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Д-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол төлбөрт 400.000 төгрөг төлсөн, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-57-58/ гэжээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:      

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч Б.Д нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримт зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Бусад асуудал

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-овогт Б-ийн Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.           

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.